Тайландын Вант улсын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнын нэрэмжит шагналыг Монгол Улсын “Энэрэл” сургуулийн багш хатагтай Адъяасүрэнгийн Уянга хүртлээ. Шагнал гардуулах ёслол 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр Бангкок хотноо боллоо.
Нийгэмд бодит нөлөө үзүүлж, сурагч, оюутнуудын амьдралыг өөрчилсөн багш нарыг алдаршуулж, багшийн мэргэжлийг дэмжих зорилгоор гүнж Маха Чакри 60 насны ойгоороо 2015 онд энэхүү шагналыг бий болгосон.
Шагналыг хоёр жил тутамд нэг удаа олгодог бөгөөд шагнал хүртэгчид нь бусад багш, сурагчдад туслан, тэднийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тайландын гүнжийн хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүдтэй холбоотой 14 орны багш нарыг сонгон шалгаруулж байна. Энэ 14 оронд Монгол Улс багтдаг. Монголоос гадна Бангладеш, Бутан, Бруней Даруссалам, Кампуч, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тимор-Лесте, Вьетнам болон Тайланд багтдаг.
Маха Чакри гүнжийн шагнал дараах зүйлсээс бүрдэнэ:
- Маха Чакри гүнжийн шагналын медаль
- Алтан хүндэт тэмдэг
- Маха Чакри гүнжийн өргөмжлөл
- 10,000 ам.долларын мөнгөн шагнал
- Хүндэт өргөмжлөл
ХАТАГТАЙ АДЬЯСҮРЭНГИЙН УЯНГА

Хатагтай Адьяасүрэнгийн Уянга нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай ажилладаг. Тэрбээр 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Энэрэл” сургуульд нягтлан бодогчоор ажиллаж эхэлжээ.
“Энэрэл” сургууль нь элсэлтийн шалгалт, эсвэл үнэлгээний үр дүнгээс үл хамааран сурах хүсэлтэй бүх оюуны хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг хүлээн авдаг. Тус сургуулийн зорилго нь сурагчдыг мэргэжлийн ур чадвартай болгож, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд оршдог бөгөөд жил бүрийн элсэлтийн тоог бүрэн хангахыг зорьдог.
Сургуулийн олон төгсөгч ажилтай болж амьдралд хөлөө олтлоо сургуультайгаа болон багш нартайгаа нягт холбоотой байсаар байдаг, албан ёсоор суралцаж дууссан ч гэсэн харилцаагаа үргэлжлүүлдэг.
А.Уянга сургуульд ажиллаж байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хараад олон удаа сэтгэлээр унаж, гуниглаж байсан гэдгээ дурсдаг. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэрбээр эдгээр хүүхдийн онцлог, тулгамдсан асуудлыг илүү гүнзгий ойлгож, сургууль зөвхөн хичээл заахаас гадна сурагчдыг бие даан амьдрах, нийгэмд дасан зохицох, бусадтай харилцах, харилцаа холбооны ур чадвартай болгох бэлтгэл хангах ёстой гэдгийг ухаарсан байна.

Хөгжлийн ялгаатай хүүхдүүд өөрийн бие даасан амьдралтай болж, хөдөлмөр эрхэлж чаддаг гэдгийг А.Уянга нийгэмд ойлгуулахыг зорьж байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй олон хүн гадаад төрхөөрөө эрүүл саруул харагддаг тул тэдний тулгардаг бэрхшээл бусдын нүдэнд ил харагддаггүй. Иймээс олон нийтэд мэдээлэл түгээж, оюуны хөгжлийн онцлогтой хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд сургаж, ажиллуулах боломжтой гэдгийг харуулах нь чухал гэж үзжээ.
Тиймээс нийгэмд эдгээр хүүхэд бусадтай ижил гэдгийг ойлгуулахын тулд илүү идэвхтэй ажиллахаар шийдэж, багш болохоор суралцсан байна. Одоо тэрбээр сургалтын менежерээр ажиллаж байна.
2023–2025 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 70 сурагч суралцаж байгаа бөгөөд тэдний 70 хувь нь суурь боловсрол эзэмшээгүй, оюуны болон хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан гэр бүлийн асрамж дор гэртээ амьдардаг байна. Хоёр жил сургалтад хамрагдсаны дараа ч төгсөгчдийн олонх нь өөрийн онцлогоос шалтгаалан тохирох ажил олоход хүндрэлтэй тулгардаг.
Хатагтай А.Уянга эдгээр залуусыг ажлын байртай болгох, бие даан амьдрах чадварыг нь хөгжүүлэхийг өөрийн эрхэм зорилго болгон ажиллаж ирсэн. Оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тууштай ажиллаж, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, амьдралд бие даан оролцох чадварыг нь дэмжихэд анхаарч байна.
Мөн төгсөгчдийнхөө гэр бүлд “тэд ажил хийж чадна, орлого олж чадна, мөн амьдралын зорилготой байж чадна” гэсэн итгэлийг төрүүлэхийг хүсдэг. Мөн тэрээр хөгжлийн ялгаатай хүүхдүүд бие даан амьдарч, хөдөлмөр эрхэлж чаддаг гэдгийг нийгэмд таниулахын төлөө ажилладаг.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй олон хүн гадаад төрхөөрөө эрүүл, хэвийн харагддаг тул тэдний тулгардаг хүндрэл, бэрхшээл бусдын нүдэнд төдийлөн ажиглагддаггүй. Иймээс олон нийтэд мэдээлэл өгч, оюуны онцлогтой хүмүүсийг сургаж, хөдөлмөрийн зах зээлд ажиллах бүрэн боломжтой гэдгийг харуулах нь нэн чухал гэж тэр үздэг.
Тэрбээр “Глобал лидершип” их Ссргуулийг төгсч, удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мөн Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, орчуулагчийн бакалаврын зэрэг авсан байна.
Тайландын Вант улсын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн

Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн бол боловсролд чин сэтгэлээсээ зүтгэдэг багш, эрдэмтэн, хүний хөгжлийн төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ үндлэгддэг. Хаан Бумибол Адульядеж болон хатан Сирикит нарыг дагалдан Тайландын хөдөө орон нутгийн хөгжлийн ажлуудад оролцож байхдаа тэрбээр хөдөө орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хүндрэл бэрхшээлийг биеэрээ харж мэдэрсэн нь түүний амьдралын туршийн боловсрол болон ядуурлыг бууруулах үйлст үнэнч байх итгэл үнэмшлийг төлөвшүүлжээ.
1980 оноос хойш Эрхэмсэг гүнж боловсролын боломжийг өргөжүүлэхийн төлөө уйгагүй ажиллаж ирсэн бөгөөд жинхэнэ хөгжил гэдэг нь зөвхөн сургууль, анги танхимд хязгаарлагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний санаачлагууд эрүүл мэндийн үйлчилгээ, мэргэжлийн сургалт болон хүнсний аюулгүй байдлын төлөөх хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлдэг бөгөөд боловсрол нь тогтвортой амьжиргаа, нийгмийн дэвшлийн үндэс гэдэгт итгэдэг билээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Гүнжийн хэрэгжүүлсэн төслүүд Тайландын олон нийтийг хамарснаас гадна олон улсын хэмжээнд үр нөлөөгөө хүргэсэн юм.
Гүнж багшийн ажилд гүн дурласан нэгэн бөгөөд 40 гаруй жилийн турш Тайландын Чулачомклау Цэргийн академид түүх, нийгмийн ухааныг зааж иржээ. Тэрбээр оюутны амжилтын үндэс багш нар байдаг гэж үздэг бөгөөд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах олон хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ.
Түүний алсын хараа, манлайллыг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. 2005 онд ЮНЕСКО-оос гүнжийг “Цөөнхийн хүүхдүүдийг боловсролоор чадавхжуулах, биет бус соёлын өвийг хамгаалах” үйлст Элч төлөөлөгчөөр томилсон бол 2018 онд ЮНИСЕФ-ээс Тайландын хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэхэд оруулсан гавьяагаар “Насны гавьяаны шагнал”-аар шагнасан юм.
Гүнжийн тууштай зүтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд Маха Чакри Сириндхорн гүнж нь багш, сурагчдын үлгэр жишээ болсон бөгөөд боловсролын тэгш байдлыг хангах, уламжлал ба шинэлэг санааг хослуулах чадвараараа олон үеийнхэнд урам зориг өгсөөр байна.
Ёслолын бичлэгийг энд дарж бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.
3,593.62






















































Холбоотой мэдээ