- Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл залуучуудын дунд зонхилон тохиолдож цаашлаад гэнэт зүрх хаагдах тохиолдол нэмэгдэж байна гэх яриа иргэдийн дунд бий болсон. Энэ удаагийнхаа ярилцлагаар зүрх судасны өвчлөл юунаас болж үүсч байна, үнэхээр Covid-19 цар тахлаас болж энэхүү өвчлөл нэмэгдэж байна уу, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм, нэгэнт энэ төрлийн өвчнөөр өвчилсөн бол яаж эмчлэх вэ зэрэг сэдвийн хүрээнд АШУҮИС-ын зүрх судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, зүрх судасны эмч Ц.Сумъяатай ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд зүрх судасны өвчин гэх ойлголтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Зүрх судасны өвчлөл олон шалтгааны улмаас бий болдог. Олон шалтгааны улмаас судас гэмтэж явсаар байгаад хатуурсан судсанд бүлэн /блю/ үүсээд бөглөрчихдөг. Ингээд нөгөө бидний хэлээд байгаа гэнэт нас барах зүрх нь хаагдах гэдэг үйл явц болж амиа алддаг. Зүрх судасны өвчлөл дотроо дийлэнх хувийг эзэлдэг гэнэт нас бардаг, хүндрэл их өгдөг эмгэг гэж бий. Энэ нь нэгдүгээрт, зүрхний судасны өвчин болох титэм судасны хатуурал буюу зүрхний шигдээс. Хоёрдугаарт, тархины судасны буюу тархинд цус харвах зэрэг өвчнүүд нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Тэгэхээр аливаа өвчин гэнэт үүсчихдэггүй өвчнийг бий болгодог хүчин зүйл гэж бий. Хүн байгалийнхаа жамаар 90, 100 хүртэл наслах ёстой байтал ямар нэг шалтгааны улмаас буюу осол гэмтэл, өвчин эмгэгээс болж гэнэт, эрт нас бардаг тийм үү.
Монгол Улсад жилд 18-20 мянган хүн нас бардаг. Үүний 7000 орчим нас баралт нь зүрх судасны өвчлөлийн шалтгаант нас баралт эзэлж байгаа юм. Ерөнхийдөө халдварт бус өвчлөлүүд ихэнхдээ тухайн хүний дадал зуршлаас үүсч байдаг. Зүрх, судасны өвчин ч ялгаагүй гадны хүчин зүйлээс болж бий болдог.
-Сүүлийн үед залуучуудын дунд зүрх судасны өвчлөл нэмэгдэж байна гэж хүмүүс их ярих болсон. Тухайлбал, унтаад сэрээгүй гэнэ, гэнэт нас барчихлаа, зүрх нь хаагдсан гэнэ ээ гэх яриа нэлээд сонсогдох боллоо. Зүрх судасны өвчлөл залуужаад, үхэлд хүргээд байгаа нь ямар шалтгаан байна вэ?
-Тухайлбал бидний сүүлийн үед маш их ярих болсон зүрхний шигдээс өвчин бол хотжилт, амьдралын хэв маягаас үүдэлтэй. Одоогоос арваад жилийн өмнө түгжрэл, агаарын бохирдол өнөөдрийнхөөс харьцангуй бага, хүмүүс идэвхтэй хөдөлгөөн их хийдэг дээрээс нь чихэрлэг зүйлсийг арай бага хэрэглэдэг байлаа шүү дээ. Товчхондоо, эрүүл амьдралын хэв маягтай байсан. Одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Болж өгвөл илчлэг ихтэй хоол, түргэн хоол хүнс их хэрэглэдэг, хөдөлгөөн хязгаарлагдсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээс гараад л машин, машинаас буугаад оффис дээр өдөржин сууж байгаа нь хөдөлгөөний дутагдалд оруулж байгаа юм. Дээрээс нь агаарын бохирдол, буруу зуршил /тамхи, архи/ зэрэг нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлж байна.
Тодруулбал, тамхи татах, агаарын бохирдол, өөх тостой тэр дундаа ханасан өөх тостой хоол их хэрэглэснээс үүдсэн таргалалт, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг нь зүрхний шигдээс өвчнөөр өвдөх цаашлаад нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг гэсэн үг. Харин удамшил бол тодорхой хэмжээнд нөлөөлнө.
Нэг жишээ дурдъя л даа. Ханыг байнга цохиод байвал эхлээд будаг нь ховхроод цаашлаад нурдаг шүү дээ. Үүнтэй яг ижил тамхи болон агаарын бохирдол нь хэрхэн зүрхний өвчлөл үүсгэдэг вэ гэвэл, эдгээрээс ялгарч байгаа химийн бодис нь цусанд нэвтэрч ороод судасны ханыг цочроож гэмтээж байдаг. Улмаар дасан зохицохын тулд хатуураад товруу үүснэ. Угтаа зүрхний булчинг цусан хангамж тэжээж байж зүрх сайн ажиллах ёстой. Гэтэл урсах цус нь багасаад ирэхээр булчин шимэгдэж зүрхний шигдээс үүснэ.
-Covid-19 цар тахлын дараа зүрх судасны өвчлөл нэмэгдчихсэн, улмаар гэнэт нас барах тохиолдол нэмэгдэж байна гэх яриа их гарах болсон шүү дээ. Үнэхээр энэ өвчлөл Covid-19, ковидын вакцинаас болсон уу. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд мэдээлэл өгөөч?
–Ихэнх хүмүүсийн дунд Covid-19 цар тахлаас сэргийлэх вакцин хийлгэсний дараа болон ковид туссаны дараа зүрх судасны өвчлөл нэмэгдэж энэ төрлийн өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдсэн гэж ярьж байна. Шууд тэгсэн гэж хэлж болохгүй. Яахав, ер нь бол ковид зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлсэн. Учир нь ковидоор өвдсөн хүмүүсийн уушгины цулцан гэмтэж хатгалгаа үүсч амьсгалын дутагдалд орж байгаа юм.
Ингэснээр гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал үүсгэснээр зүрх судасны өвчлөлийг хүндрүүлэх нэг эрсдэл болж болно.
Хоёрдугаарт, вирус цусанд нэвчиж ороод судас, зүрхний ханыг гэмтээдэг. Энэ нь үрэвслийг нэмэгдүүлж зүрхний хэм алдах эрсдэлийг бас нэмэгдүүлдэг. Тодруулбал, та зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл 30 хувьтай байсан бол ковид туссанаар энэхүү өвчлөл нэмэгдэх эрсдэлийг 50 хувь болгож нэмэгдүүлсэн гэж хэлж болно.
-Ерөнхийдөө бидний амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдлоос үүсдэг юм байна. Тэгвэл ямар шинж тэмдэг илэрч эхэлбэл миний зүрх нэг л болохгүй байна даа гэж ойлгож мэргэжлийн хүнд хандах ёстой вэ?
-Аливаа өвчин хүний биед үүсээд шинж тэмдэг илрэх хүртэл өвчний үйл явц өрнөж л байдаг үүнийг далд үе гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрч эхэлж байна аа гэдэг чинь тухайн өвчин хэдийн таны биед бий болчихсон эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай болжээ гэсэн дохио өгч байна гэж ойлгож болно. Товчхондоо, өвдөлт үүсч эхэлсэн л бол мэргэжлийн эмчид хандах ёстой. Хүнд чухал биш эрхтэн гэж байхгүй тэр дундаа зүрх хүний гол эрхтний нэг. Зүрхний өвчлөлийн хувьд шинж тэмдэг ингэж илэрдэг юм.
Нэгдүгээрт, хоолой дээр юм тээглэчихсэн юм шиг амьсгал давчдаж, амьсгал авахад хүндрэлтэй болж бачууруулдаг. Хоёрдугаарт, зүүн гар хүнд оргиж даагдахгүй болж, чинэрч өвддөг.
Гуравдугаарт, цээжний зүүн хэсгээр өвдөж эхэлдэг. Эдгээрээс гадна цусан хангамж дутагдаад тогтворгүй байгаа учир хэм алдагдаж зүрх дэлсдэг. Ингэснээр даралт тогтворгүй болдог. Ийм шинж тэмдэг илрээд байхад л манайхан хэнэггүй, зарим нь эрүүл мэндийн боловсрол дутмагаас болж эмийн сангаас эм авч уугаад нэг удаад намдаадаг. Дахин зовуурь илрэхгүй бол тоохгүй орхиж хугацаа алддаг. Ингэснээр эмчлэгдэх боломжоо алдаж амь насаа алдаж байгаа юм.
Таны хэлснээр, гэнэт нас барсан, зүрх нь хаагдсан гэдэг чинь гэнэтхэн л тухайн мөчид үүсэж байгаа үйл явц биш шүү дээ.
Энгийнээр тайлбарлавал, тухайн хүнийг хэн нэгэн очоод буудаад унагаачхаагүй. Хэрвээ тэгсэн бол хүн газар дээрээ үхнэ. Гэтэл зүрхний өвчлөлийн тухайд өмнө нь хэдийн зүрхний үйл ажиллагаа нь доголдоод өвчилчихсөн байсан гэсэн үг.
Ингээд нөгөө дээр хэлсэн олон шалтгааны улмаас судас гэмтэж явсаар байгаад хатуурсан судсанд бүлэн /блю/ үүсээд бөглөрчихдөг. Ингээд нөгөө бидний хэлээд байгаа гэнэт нас барах зүрх нь хаагдах гэдэг үйл явц болж амиа алддаг.
Тархины амьсгалын төвийг удирдаж байгаа зүрхний чухал үйл ажиллагааг удирддаг төв дээр түүнийг тэжээж байгаа судас бөглөрчихөөр шууд газар дээрээ нас бардаг.
Тэгээд манайхны дунд нэг тийм мухар сүсэг бас яваад байдаг. Энэ юу вэ гэхээр, насны тоо гүйцсэн гэж яриад байдаг. Энэ чинь тийм биш шүү дээ. Тухайн хүн өвдчихсөн түүнийгээ мэдэхгүй явснаас өвчин нь хүндрээд үхэлд хүргэж байгаа юм.
-Кофений хэрэглээ зүрхэнд яаж нөлөөлдөг вэ?
-Хүн болгонд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг. Зарим хүмүүсийг сэргээж эрч хүч өгч байхад зарим хүмүүст тохирохгүй зүрх дэлсүүлдэг. Нэг үгээр хэлбэл, кофе уухаар таарахгүй байгаа хүмүүст эргээд зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж болно. Тэгэхээр бүх хүнд зүгээр эсвэл бүх хүмүүст таардаг гэж хэлэх боломжгүй.
-Хот угаасаа л агаарын бохирдолтой байна. Гэтэл агаарын бохирдол зүрх судасны өвчлөлийн нэг шалтгаан болж байна гэж та хэллээ. Тэгвэл бид бүгдээрээ хотоос нүүх боломжгүй. Харин үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Ганц агаарын бохирдлоос үүсдэггүй учир ядаж хорт зуршлаа багасгаж, эрүүл хооллолтод анхаарч, хөдөлгөөн хийх хэрэгтэй л дээ. Тэртээ тэргүй өвөл агаарын бохирдол их байхад тамхи татахгүй байх сонголтыг хийж болно. Өөрийнхөө төлөө өөрийнхөө хийж чадах зүйлийг хийх хэрэгтэй. Цаашлаад агаарын бохирдолгүй бүс нутагт суурьших боломжгүй бол долоо хоногтоо цэвэр агаарт гарах гэх мэт арга хэмжээ авч болно. Дээрээс нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооог хийлгэх, оношлуулсан бол тууштай эмчилгээгээ хийлгэх шаардлагатай. Мөн амьдралдаа эрүүл хэв маягийг хэвшүүлж идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх тэр дундаа өдөрт 7000 алхамаас дээш алхах дадал хэвшүүлэх нь чухал. Энэ хэрээр ганц зүр судасны өвчлөл гэлтгүй бүхий л халдварт бус өвчлөлөөс сэргийлж болно.
Монголчуудын дунд эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байна гэж та харж байна. Зарим хүмүүс бор аргаар эмчилнэ ээ гээд гэрээр дур мэдэн эмчилгээ хийдэг. Энэ нь ер нь хэр үр дүнтэй юм бэ?
-Тийм. Аливаа өвчний шинж тэмдэг илрэхээр бор аргаар буюу ам дамжсан яриагаар эмчлэх гэж үздэг. Энэ бол маш буруу. Улмаар өвчнөө улам хүндрүүлэх эрсдэлтэй. Гэхдээ бүх хүн тийм гэж байгаа юм биш шүү. Дээрээс нь монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсрол дутмаг гэхээсээ илүү хэнэггүй гэж хэлбэл тохирох байх. Барууны орнуудад бол асуудал гарвал шууд мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авдаг. Ямар ч өвчнийг эрт илрүүлбэл эмчлэх эсвэл хянаад явах бүрэн боломжтой. Ингэснээр амь насаа алдахаас болон эдийн засгийн хүндрэлээс ч урьдчилан сэргийлнэ.
Бас нэг том алдаа бий. Эмчид үзүүлээд эмчилгээ бичүүлж аваад түүнийгээ хагас дутуу уугаад бүрэн эдгээгүй, шинж тэмдэг илрэхээ болих үед эмээ уухаа больчихдог.
-Тэгэхээр зүрхний өвчлөлийг дагаад артерийн даралт ихсэх өвчин бий болдог байх нь тийм үү?
-Артерийн даралт ихсэх хэдхэн шалтгаан бий. Тухайлбал, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг пиво, кофейн агуулсан зүйлсийг хэрэглэх, дээрээс уур бухимдал нэмэгдсэнээр зүрхний нэг минутад агших тоо нэмэгдэнэ. Ингэснээр даралт ихэсдэг. Хоёрдугаарт, захын судас буюу савны эзлэхүүн агших, багасах тусам даралт нэмэгддэг. Мөн сүүлийн үед хэрэглэж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байгаа бодисууд нь зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг, захын судас агшаадаг. Гэх мэт шалтгаанаас болж даралт ихсэх өвчин нэмэгдэж байна. Ихэнх хүмүүс шилэн хүзүү хөшиж, нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдэг төдийлөн илрэхгүй бол даралтаа ихэссэн байгааг мэддэггүй. Мэдээд үзүүлсэн ч дээр хэлсэн эмээ хэд хоног уугаад больчихдог. Уг нь бол даралтны эмээ тогтмол ууснаар судасны хананд үзүүлж байгаа даралтыг тогтмол байлгахад нөлөөлнө. Даралт байнга их байснаар цус харвах, нүдэнд цус харвах, судас хатуурах, бөөр зэрэг цусан хангамжаар хангагддаг эрхтнүүд гэмтэж эхэлдэг.
Монголчуудын дунд аливаа өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалт хангалтгүй байдаг. Мөн тухайн өвчнийг оношилсны дараах эмчилгээ, үйлчилгээг сайн хангалттай хийдэггүй. Дээрээс нь зүрх өвдөх шинж тэмдэг илрэхээр эмчид үзүүлээд зүрхний эхо хийлгээд бүх зүйл нь гарч ирнэ гэж боддог. Гэтэл зүрхний эхо зүрхний хэм алдагдалтыг мэдээлж чадахгүй. Энэ мэт буруу, зөрүү ойлголт байдаг. Тэгэхээр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж, эмчилгээгээ тууштай хийлгэдэг байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд өвчин эмгэгийн талаар илүү мэдээлэлтэй байх нь түүнийгээ мэргэжлийн хүнээс авах нь чухал. Зүрхний дутагдал, зүрх судасны өвчнийг цэцэг шиг арчлах хэрэгтэй байдаг шүү.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
3,593.62






















































Холбоотой мэдээ