Би цас байсан ч болоосой…

Би цас байсан ч болоосой…

Би цас байсан ч болоосой…

Улаанбаатарт цас орж байна. Хот яг ийм үед л дуугаа хураадаг. Хэн нэгэн инээмсэглэн, гартаа халуун кофе атган алхана. Магадгүй энэ мөчид тэр аз жаргалын амт мэдэрч яваа биз.


***

ЯРУУ НАЙРАГЧ Г.ХАШБААТАР

Цас ороод дуусчихсан уу

“Цас” романаа уншаад дуусгачихсан уу

Би цас байсан ч болоосой

Ном байсан ч болоосой.

Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад

Биедээ баймгүй хүчээр

Чи минь сүх өргөнө үү

Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд

Энэ л холд би биеэ зүхэн сууна

Зун цагийн сүр бардам халгайнд

Зорьж очих шувуу ч үгүй үзэгддэг

Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ

Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй

Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар

Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар

Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд

Дүүжин ор ганцаар салхинд савлах

Өвлөөр

Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,

Эгнэт хайртай бүхнээ

Санах нь хатуу, нулимс зөөлөн, цас шиг будрах би

Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?

Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?

Би сүх байсан ч болоосой

Гал байсан ч болоосой.

Цонхны цаана нэг эмэгтэй сууна. Гадаах цасыг ажиглаж, хааяа шилэн дээр урсах усны мөрийг дагана. Тэр өөрийгөө юу бодож байгаагаа сайн мэдэхгүй. Зүгээр л нэг л танил гуниг, нэг л танил нам гүм.

***

О.ДАШБАЛБАР- НАМРЫН БОРОО, ӨВЛИЙН ЦАС

Хүн бүхний сэтгэлд гуниг байдаг
Гуниггүй сэтгэл хөлдөөгүй мөс юм

Цас орж байна, сэтгэл рүү минь орж байна.

Халуун зүрхэнд минь хайлан урсаж байна

Зарим өдөр амьдрал цас мэт зөөлөн Зарим өдөр амьдрал бороо мэт гүн…

***

Гудамжинд нэг эр алхана. Малгайных нь доороос уур савсаж, цасан дунд ууршина. Тэр бодлоо таслах гэж хөгжим сонсох ч, дотроос нь нэг л зүйл хатгана.

***

Л.ӨЛЗИЙТӨГС

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод…

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.

***

Ц.ХУЛАН- ЧИ МИНЬ ЦАС ОРСОН ӨГЛӨӨ ШИГ

Цонхны цаана цас орно, чи минь санаанд орно
Хурууны үзүүрт даарсан гуниг ирж хүрнэ

Амьдрал бол зүгээр л алхах явдал мэт
Гэхдээ зарим мөчид инээмсэглэл л бүхнийг дулаацуулдаг

Өвлийн өглөө шиг нам гүм, гэхдээ халуун
Цас шиг цагаан, гэхдээ дотроо өнгөтэй

***

Хүмүүсийн царайд олон өнгө харагдана. Нэг нь инээмсэглэж, амьдралдаа сэтгэл хангалуун алхана. Нөгөө нь зүгээр л алхах ёстой болохоор алхаж байна. Амьдрал, цас хоёр ер нь төстэй. Гаднаасаа бүгд адилхан цагаан, гэхдээ ойртох тусам ширхэг бүр нь өөр хэлбэртэй. Зарим нь газар хүрэлгүй хайлна, зарим нь хөлдөөд хэзээ ч арилахгүй мөр үлдээнэ…

***

Д.ЭРДЭНЭЗУЛАЙ

Ягаарсан хацар минь чимчигнэн даарахад

Яагаад ч юм зүрх халуунаараа байдаг

Өөрөөр минь дүүрэн гуниг байхад

Өвөл яагаад ч юм дулаахан байдаг

Өдөржин шөнөжин би цасыг догдлон мөрөөддөг

Өврийн дэвтрээ нээхдээ хүйтнийг бүр мартчихдаг

Өрөөсөн бээлийгээ зориуд гээж

Гараа чичрэхийг хүлээдэг

Өвдтөлөө даарсан гараараа

Шүлэг бичих гэж оролддог

Шүлэг минь бүхэлдээ гуниглаж байхад

Цас яагаад ч юм дулаахан байдаг

Хүйтэн шүүгээнээс хувцаснуудаа гаргаж

Дулаахан болтол нь өмсдөг

Хувцаснууд биеийг биш

Би хувцсаа дулаацуулдаг

Хананд өлгөөтэй зургууд

Хөмсгөө зангидсан мэт санагдахад

Би л тэдний өөдөөс

Бүтэн инээмсэглэж чаддаг

Өрөөгөөр дүүрэн гуниг байхад

Өр зүрх минь яагаад ч юм дулаахан байдаг

Хачин тунгалаг ширхгүүд сормуус онон газардаж

Харанхуй байсан ертөнц гэнэт цавцайн цайж

Хүйтэн мэдрэмж үгүйрч догдлол төрөхүйд

Өвөлд би хэчнээн хайртайгаа мэдэрдэг

Атган авах гэж алгаа тосон гүйж

Хацар минь чинэрэн даарахыг ч үл ажран

Харанхуйд цасан дунд зогсоод л баймиаар санагддаг

Хахир өвлийн шөнөөр өөр хаанаас би

Ийм их үзэсгэлэнг олох вэ

Өвөл өө, би чамд ухаангүй хайртай

Өч төчнөөн шүлэг зориулмаар тийм хайртай

Үсийг минь гэрэлтүүлэгч цагаан цас аа

Би чамд ч хайртай

Үймэрсэн сэтгэлийг минь арилган будрах

Үй олон ширхгүүдэд чинь дуртай

Гэрэлтэгч биеийн чинь эд эс бүхэнд

Гэгээн тунгалаг бүхэн оршдог

Яг энд чамайг газардах бүрийд

Яг хуучнаараа дурлан догдолдог би

Хамгийн гэгээн дууг энэ орой л аялмаар

Хамгийн сайхан дурсамжуудаа нэхэн санамаар

Жаргал гэдэг ийм өчүүхэн зүйлээс эхэлдгийг

Хүн бүхэнд мэдрүүлмээр

Цас аа би чамд ийм их хайртай

Цагаан тунгалаг гэрэлтэгч ширхгүүдэд чинь дуртай

Цаг хугацааг яг ийм л үед зогсоохыг хүсдэг

Цагаахан догдлол тээж мөнхөд гэрэлтэхийг мөрөөддөг…

***

Т.АМАР-АМГАЛАН

Цас орж байна

Чи бид хоёр зөрөх шиг

Чи өөрөөсөө намайг нуух шиг

Ичих шиг, хүсэх шиг

Иргүй хутгаар бугуйгаа зүсэх шиг

Цас орж байна

Цас орж байна.

Нэг хаалгаар бид хоёр өглөө бүр гарах шиг

Нэвсийтэл энд цас орж байна.

-Цас орж байна

Тэнгэр дээрх хүмүүс

Гуталаа арчаад

Гэр рүүгээ орж байна.

Чи бидэн хоёр

Ирээдүй цаг руу сая дөнгөж үсэрсэн

Чи ингээд миний урд нас

Би чиний хойд нас боллоо.

Уйлах гэхээр хацар дулаацах гээд

Уйлж чадахгүй, инээж зүрхлэхгүй ээ

Урдаас тосоогүй,

Тэнгэрээс угтах олон салаа

Харгуй л үргэлжлэнэ.

Тэнгэрээс над руу зурайсан

-тэмдэггүй гудамжны аль нэг рүү

Өгсөөд, эсвэл уруудаад очвол

Энэ цастай тэнгэрийн цаад үзүүрт

Энүүхэн хоёр өвлийн өмнөх

Чи бидэн хоёрын доглолууд

Хэвээрээ болов уу?

Өглөө эртлэн босоод

Хүмүүсээс урьтаж үүдээ шүүрдэх дээ

Хүнийрэхүү зан гаргаж

Чинийхээ мөрийг шүүрдэж л таараа даа

Цас орж байна

Цас орж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 43.242.242.59

Сэтгэл хөдөлж амтархан уншлаа. Цас орох нь хүн бүрийн сэтгэлд өэгөрсөн дуртгалыг сэргээж нэгийг санагдуулна.

Avatar

Нэргүй 2025-10-16 202.70.43.34

Live in the present and ENJOY !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж