ХҮМҮҮС

Макроны бамбай

Макроны бамбай

Францын улс төр хөл толгойгоо олохгүй үймж бужигнаж буй энэ өдрүүдэд ерөнхийлөгч Эммануэль Макроны таалалд хоёр ч удаа нийцсэн хүн бол Себастьян Лекорню. Ерөнхий сайдаар сонгогдоод ердөө 26-хан хоногийн дараа огцорсон ч үүнээсээ долоон өдрийн дараа дахин хуучин суудалдаа томилогдсон хүн түүхэнд түүнээс өөр үгүй болов уу. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Макроны бамбай, улс төрийн гайхамшиг гэх зэргээр нэрлэгддэг Себастьян Лекорнюг онцолж байна.


Эммануэль Макрон 39 насандаа ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Францын улс төрд шинэ цагийн салхи сэвэлзэж эхэлсэн. Тус улсын засгийн газрын гишүүдийн дундаж нас 40-45-ын хооронд хэлбэлздэг. Энэ жишигээс ерөнхий сайд нар нь ч хол зөрөөгүй. Ерөнхий сайд асан Габриэль Атталь л гэхэд ердөө 35 насандаа албан тушаалд томилогдож, түүх бүтээж байсан бол өдгөө Себастьян Лекорню 39 настай.

ХАМГИЙН ЗАЛУУ УЛСТӨРЧ

Хамгийн залуу ерөнхий сайд нарын нэг Себастьян Лекорню 1986 оны зургадугаар сарын 11-нд Парисын хойд захын Обонн дүүрэгт мэндэлжээ. Түүний эцэг Жан Пьер Лекорню нисэх онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрт нисэхийн текникч байсан бол ээж Мартин Руссо нь эмнэлгийн нарийн бичгийн дарга байв.

Кальвадос дахь Худалдааны танхимын дэд ерөнхийлөгч асан бөгөөд тэмцэгч өвөөтэйгөө ойр дотно өссөн учир Себастьян Лекорню багаасаа арми, улс төрд сонирхолтой байжээ. Тиймдээ ч том болоод цэрэг болно гэж боддог байв.

Тэрбээр католик шашинтай "Saint-Adjutor de Vernon" гэх дунд сургуулийг дүүргэжээ. Эдийн засаг, нийгмийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Лекорню Пантеон-Ассасын их сургуульд иргэний эрх зүй чиглэлээр мастерт сурсан боловч дүүргэж чадалгүй, дундаас нь орхисон. Гэхдээ түүний намтар дээр иргэний эрх зүйн чиглэлээр мастер зэрэгтэй гэж бичсэн байдаг.

2002 оноос тэр янз бүрийн залуучуудын хөдөлгөөн, холбоо зэрэгт элссэнээр улс төрд хөл тавих эхлэх нь тавигджээ.

Улмаар 2005 онд Үндэсний ассамблейн гишүүн Франк Жилардын зөвлөх болсон байна. Тухайн үед Лекорню Үндэсний ассамблей дахь хамгийн залуу парламентын зөвлөх байв. Дараа нь 2008 онд буюу 22 настайдаа Европын хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Бруно Ле Майрын зөвлөх болжээ. Ингэснээр тухайн үедээ мөн л засгийн газрын хамгийн залуу зөвлөх болж байлаа.

УЛС ТӨРИЙН АМЬТАН

Лекорню хэдий 39-хөн настай ч түүнд 20 жилийн улс төрийн туршлага бий. Гэхдээ Макрон 2017 онд засгийн эрхэнд гарснаас хойш Лекорню Францын улс төрд жинхэнэ тогтвортой байр сууриа олсон. Тэрбээр Макроны анхны засгийн газарт Экологийн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж эхэлсэн юм. Үүнээс үргэлжлээд орон нутгийн эрх баригчид, хилийн чанад дахь газар нутаг, батлан хамгаалах гэсэн салбарыг хамааран хариуцжээ.

Түүний ийм удаан хугацаанд Францын улс төрд тогтвортой байсныг нь бусадтай холбоо харилцаа тогтоох тактиктай нь холбон авч үздэг. Батлан хамгаалахын сэтгүүлч Франк Александр түүнийг нэгэнтээ улс төрийн амьтан гэж нэрлэсэн байдаг.

Өөр нэг өндөр албан тушаалтан түүнийг хэлэлцээрийн бурхан тэнгэр гэж магтжээ.

Франц улсад 2019 онд шар хантаазтангуудын жагсаал болж, нөхцөл байдал хяналтаас гарах үед Макронд хамгийн их тус болсон хүмүүсийн нэг бол Лекорню. Энэ үйл явдал түүний байр суурийг бэхжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Тухайн үед Макрон жагсагчдын уур хилэнг намжаах зорилгоор Франц даяар хэд хэдэн мэтгэлцээн зохион байгуулж байжээ. Макрон чухам энэ үед л Лекорнюгийн практикт нийцсэн арга барилыг магтан сайшааж байсан гэдэг.

Лекорню Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа цэргийн төсвийг их хэмжээгээр нэмэгдүүлэх үйл явцыг эхлүүлжээ. Орос, Украины дайн эхлээд удаагүй байхад тэр энэ албан тушаалд томилогдсон аж. Тиймээс Францын Украинд үзүүлэх дэмжлэгийг зохицуулж байсан гол хүн бол Лекорню.

Гэсэн ч Макроны залгамжлагч болох магадлалтай хүмүүсийн нэрсийн дунд Лекорню байдаггүй. Яагаад гэвэл нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтны хэлснээр Лекорнюд тийм их харизма байхгүй, тэр зүгээр л ерөнхийлөгчийн үнэнч цэрэг аж. Үнэндээ түүний хувийн амьдрал ч нийтэд төдийлөн ил бус. Мөн олон нийтийн сүлжээнд шуугиан тарих нь ч ховор.

Өөрөөр хэлбэл, Лекорню бол Макроны хувьд элдэв амбицгүй, аюулгүй сонголт.

Өдгөө Лекорнюг Францын улс төрийг тогтворжуулна гэдэгт Макрон хамгийн ихээр найдаж байгаа болов уу. Ерөнхийлөгч түүнд 2026 оны төсвийг зөвшилцөхийн тулд янз бүрийн фракцуудтай яриа хэлэлцээ хийх даалгавар өгчээ. Түүнийг дахин томилсон нь баруун болон зүүн төвийн үзэлтнүүдийн дунд элдэв хэл ам ч дэгдээсэн.

Ихэнх улстөрч энэ томилгоог буруушааж, эрх мэдэлтэйгээ зууралдаж үлдэх гэсэн Макроны оролдлого гэж шүүмжилжээ.

Лекорню ерөнхий сайдаар томилогдсон эхний 26 хоногийнхоо хугацаанд олон нийтийн өмнө гарч үг хэлээгүй, ярилцлага ч бараг өгөөгүй. Албан тушаалаа хүлээж авсныхаа дараа үг хэлэхдээ тэрбээр өмнөх өөрийгөө эвдэж, бүтээлчээр ажиллана гэж амласан билээ. Үндсэндээ тэр тайзны ард ажиллах хүсэл эрмэлзэлтэй нэгэн.

Гагцхүү аравдугаар сарын 5-ны Ням гаригт засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа л урт хугацаагаар олны өмнө гарсан аж. Гэвч энэ танилцуулга маргаан, шуугиан дагуулж, эцэст нь ердөө маргааш нь тэр огцрохоо мэдэгдсэн билээ.

Улс төрийн сэтгүүлч Валери Гасын хэлснээр Лекорню энэ цаг үед Макроны бамбай болж ажиллаж байна. Парламент болон олон нийтийн дарамт шахалт хавсарснаар ерөнхийлөгч татан буугдах эрсдэлтэй. Гэвч 1958 онд Францад тав дахь бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойш хамгийн богино хугацаанд ерөнхий сайдаар ажилласан хүн гэсэн "амжилтын эзэн" болоод буй Лекорню үүнээс урьдчилан сэргийлэх үнэнч цэргийн үүргээ гүйцэтгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: RFI, NEW INDIAN EXPRESS, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж