Шивээс урлаач: Сүүдэрт цэцэглэсэн мэргэжил

FASHION

Шивээс урлаач: Сүүдэрт цэцэглэсэн мэргэжил

Шивээс урлаач: Сүүдэрт цэцэглэсэн мэргэжил

Ким Чан Хое ажилдаа очсон даруйдаа бүх хаалгыг сайтар түгжиж, хяналтын камер шалгадаг. Хэдийгээр тэрбээр бүтэн цагийн ажил хийдэг боловч банкны зээл ч авах боломжгүй. Мөн ажил хийснийхээ төлөө удаа дараа их хэмжээгээр торгуулж байснаас гадна оршин суугаа газрын нь бүх цагдаа түүнийг таньдаг. Учир нь Ким шивээс урлаач юм. Энэхүү мэргэжил Өмнөд Солонгост эрэлттэй байгаа ч хууль бус хэвээр байна. Сөүл хотод "Red Waikiki" студийг ажиллуулж, 17 жилийн турш шивээс хийж байгаа Ким хэлэхдээ, "Намайг цагдаагийн газар эсвэл төрийн байгууллагад орох үед мэргэжлийн шивээсчин гэж хардаггүй. Зөвхөн шивээс хийдэг гэмт хэрэгтэн шиг үздэг байсан" гэжээ.

Гэхдээ Өмнөд Солонгосын парламент шивээс хийлгэхийг хуульчлах шинэ төслийн санал нэгтэйгээр дэмжсэнээр шивээс урлаачдын хувьд нөхцөл байдал арай дээрдэж байна.

Ижил төстэй хуулийн төслүүд өмнө нь олон удаа батлагдаж чадаагүй. Гэхдээ энэ удаад шивээсчид илүү их итгэл найдварыг тээж байв. Учир Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Ли Жэ Мён өмнө нь ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шивээсний салбарыг хууль ёсны болгоно гэж амлаж байсан. Мөн шинэ хуулийг батлах эцсийн эрх нь түүний гарт байдаг. Гадаадын улс орнуудад шивээсийг хориглож байсан нь ойлгомжгүй санагдаж магадгүй. Өмнөд Солонгост шивээс хийх нь хууль бус байсан ч шивээсний салбар сүүдэрт хөгжиж байсан. Зарим Солонгосын шивээсчид олон улсын тэмцээнд шагнал авч, гадаадаас шивээс хийлгэхээр ирдэг фэнүүд ч бий.

Сонирхолтой нь, шивээстэй байх нь хууль зөрчсөн зүйл биш. Зөвхөн эмчийн зөвшөөрөлгүйгээр шивээс хийх нь хууль бус байсан. Сөүл хотын гудамжаар явахад, ялангуяа залуусын дунд, шивээсээ нээлттэй харуулсан хүмүүсийг олон харж болно. Шивээс улам их дэлгэрч байгаагаас шалтгаалж, энэ хориг шивээсчдэд улам хүнд тусаж байв. "Олон уран бүтээлчид Солонгосоос явж, виз мэдүүлэн гадаад руу нүүж байна. Учир нь тэднийг энд хууль ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байна," гэж Сулхон нэрээр ажилладаг Ким хэлэв. Жинхэнэ нэрээ нууцалдаг нь шивээсчдийн дунд түгээмэл юм. "Нөхцөл байдал хэцүү байсан ч бидний олонх нь эцсийн мөч ойртож байна гэдгийг мэдэрч байна" гэж тэрбээр онцолжээ.

ХӨГЖИЖ БУЙ САЛБАР

Өмнөд Солонгост 1992 онд шивээсийг хоригложээ. Тухайн үед шивээс нь эмнэлгийн үйл ажиллагаа гэж Үндсэн хуулийн дээд шүүх үзсэн. Улмаар зөвхөн лицензтэй эмч нар л хууль ёсоор шивээс хийх боломжтой. Үүнээс гадна тухайн үеийн солонгосчууд шивээсийг муу муухай, буруу зүйлийг илэрхийлдэг гэж үзэн, таатай хүлээн авдаггүй байжээ. Гэхдээ энэ сөрөг хандлага нь эртний уламжлалаас үүдэлтэй. Солонгосын Горёо гүрний үед гэмт хэрэгтнүүдийг шийтгэхдээ шивээс хийдэг байсан аж. Гэхдээ 2010-аад оноос эхлэн хүмүүсийн бодол өөрчлөгдөж эхэлсэн. Шивээс нь Ази болон дэлхий даяар улам бүр түгээмэл болж байв. G-Dragon, Ли Хёри, Америкт амьдардаг реппер Жэй Пак зэрэг алдартай солонгос одууд шивээсээ нээлттэй харуулдаг байсан нь олон шүтэн бишрэгчдэд нөлөөлсөн.

“Манай үйлчлүүлэгчид ‘Би энэ алдартай хүнийх шиг шивээс хийлгэмээр байна’ гэж их хэлдэг,” гэж шивээсчин Ким хэлжээ. Тэрбээр зөвхөн G-Dragon-оос санаа авсан ойролцоогоор мянга орчим шивээс хийсэн байх гэж тооцоолжээ.

Хүмүүсийн сонирхол өсөхийн хэрээр олон жилийн турш сүүдэрт нуугдаж байсан солонгос шивээсчид олны танил болж эхэлсэн байна. Тухайлбал, Doy нэртэй алдартай шивээсчин нь Брэд Питт, Лили Коллинз зэрэг одуудад шивээс хийж байсан гэдэг. Өнөөдөр Солонгосын шивээсний салбар олон төрлийн хэв маягтай болсон. Зарим нь тод дүрс, өнгө бүхий амьтдын зургийг уламжлалт хэв маягаар хийдэг болжээ. Харин Кимийн студид ажилладаг Сиси нэртэй шивээсчин нь ягаан, хөх өнгийн хөөрхөн муур, цэцэг зэрэг хөгжилтэй жижиг шивээсийг гол төлөв хийдэг аж. Үүнээс гадна гоо сайхны салбарт шивээс эрчээ аваад удаж байна. 2018 оны тооцоогоор 10 сая гаруй солонгос хүн хөмсөг, контур зэрэг гоо сайхны зориулалттай хагас байнгын шивээс хийлгэсэн байна. Солонгост 2019 он гэхэд 20 мянга орчим шивээсчин байнгын шивээс хийдэг болсон бөгөөд энэ салбар жил бүр ойролцоогоор 200 тэрбум вон буюу 144 сая ам.долларын орлого олдог гэж Солонгосын Шивээсний Холбоо мэдээлжээ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс, ялангуяа эмнэлгийн салбарынхан шинэ хуулийг хүчтэй эсэргүүцэж байна. 130 мянган эмчийг төлөөлдөг гэж үздэг Солонгосын Эмч нарын холбоо энэ хуулийг “маш аюултай” гэж тодорхойлж, олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулжээ.

Учир нь Эмч нарын холбоо шивээсийг эрсдэлтэй эмчилгээ гэж үзэж, уг хуулийг цуцлахыг шаардаж байна.

СҮҮДЭРТ УРГАСАН УРАН БҮТЭЭЛЧИД

Өмнөд Солонгост шивээс хууль бус байсан учраас шивээсчид өдөр бүр дарамт, эрсдэлтэй тулгарч ирсэн. Шивээсчин Ким “Жилийн жилд ажлаа болихыг хүсдэг байсан” гэж хэлжээ. Хуулиар бол, эмчийн лицензгүйгээр шивээс хийх нь таван жил хүртэлх хорих ял болон 50 сая вон буюу ойролцоогоор 35,860 ам.долларын торгуультай. Хэн нэгэн мэдээлэл өгвөл цагдаа заавал шалгах үүрэгтэй. Гэсэн ч бодит байдал дээр энэ хууль тийм ч чанга хэрэгждэггүй.

Кимийн хэлснээр, ихэнх шивээсчид 717–3,590 ам.долларын хооронд торгууль төлөөд ажлаа үргэлжлүүлдэг. Гэсэн хэдий ч шивээсчид өдөр тутамдаа хууль бус ажилбар хийж байгаа гэдэгтээ сэтгэл дундуур мэдрэмж мэдэрдэг. Ким жилдээ дунджаар хоёр удаа цагдаад дуудагддаг бөгөөд шалгалт сар сараар үргэлжилдэг байна. Заримдаа нэгэн зэрэг хэд хэдэн хүн Кимийг шивээс хийснийх нь төлөө цагдаад мэдэгддэг аж. Жишээ нь шивээс нь таалагдаагүй, гомдолтой байгаа үйлчлүүлэгч, өрсөлдөгч нь эсвэл шивээсийг эсэргүүцэгчид түүнийг цагдаад мэдүүлдэг байна.

Энэ талаар Ким хэлэхдээ, "Жишээ нь, нэг удаа дөрвөөс таван хүн хамтдаа цагдаад дуудагдаж, нийтдээ 10 сая воны торгууль төлсөн тохиолдол байсан" гэжээ.

Хэдэн жилийн өмнө болсон нэгэн нэгжлэгийн талаар Сиси дурссан юм. “Студи хэвийн ажиллаж байсан. Гэтэл нэг үйлчлүүлэгч болж жүжиглэсэн хүн орж ирсэн. Үнэндээ цагдаа байсан. Шивээс хийж байх үед орж ирээд, тухайн үед ажиллаж байсан хэд хэдэн хүнийг баривчилсан” гэсэн юм. Хууль бус байдлын улмаас шивээсчид ил тод студи нээж, сурталчилгаа хийж чаддаггүй. Ихэнх нь өндөр давхарт, нууцлаг байршилд ажилладаг. Хэрэглэгчдээсээ карт уншуулахгүй байх нь ч түгээмэл. Учир нь банкны системд шивээсний төлбөр авснаа нуухын тулд юм. Түүнчлэн албан ёсны бичиг баримт бөглөх эсвэл зээл авахдаа, шивээсчин гэдгээ бичихээс зайлсхийдэг.

“Ихэнх нь зүгээр л хувиараа бизнес эрхлэгч гэж бичдэг” гэж Сиси хэлэв. Учир нь шивээсчин гэвэл татгалзах нь тодорхой. Энэ мэт хязгаарлалт олон жилийн турш шивээсчдэд хүнд ачаа болсон. "Заримдаа би багийнхаа ажлыг удирдаж байхдаа хууль ёсоор хүлээн зөвшөөрөгддөггүй мэргэжлийн төлөө би юунд ингэж зүтгэж байна вэ? гэж боддог" гэж Ким хэлж байна. Гэсэн ч тэрбээр итгэл найдвараа алдаагүй. Хэрэв шинэ хууль батлагдвал өдөр тутмын асуудлууд шийдэгдэхээс гадна, хамгийн том өөрчлөлт нь шивээсчид мэргэжилдээ сэтгэл хангалуун, аюулгүй мэдрэмж авах юм.

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

Ерөнхийлөгч Ли хуулийн төслийг эцэслэн гарын үсэг зурсны дараа Засгийн газар хоёр жилийн хугацаанд шинэ хуульд зориулж журам боловсруулна. Тэр хүртэлх хугацаанд шивээсний салбар хууль ёсны болох ч тодорхой зохицуулалтгүй түр зуурын "саарал бүсэд" орших магадлалтай. Шинэ журамд ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага, шаардлагатай мэргэжлийн үнэмлэх эсвэл батламж, үйлчлүүлэгч ба шивээсчдийг хамгаалах бусад заалтууд орж магадгүй. Гэхдээ Ким шинэ хууль заавал батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Учир нь Солонгосын шивээсний салбарын уран бүтээлчид энэ мөчийг хэдхэн долоо хоног, сараар биш хэдэн арван жил хүлээсэн юм. “Би энэ ажлыг хийж эхлээд бараг 20 жил болсон. Тэгэхэд л бид энэ соёлыг авч үлдэж, хөгжүүлснийхээ төлөө эцэст нь хүлээн зөвшөөрөгдөж байна гэж мэдрэгдэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 103.141.250.2

бараа бүтээгдэхүүн биш мал шиг тамга тэмдэг өөр дээрээ наах ч дээ. эрүүл мэнд талаасаа ч. өөрийн сонголт бхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж