Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал аравдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх улирал өрсөлдөх арван багийн талаарх мэдээллийг цувралаар хүргэе.
#7 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД
Хоёрхон жилийн өмнө Уурхайчид дээд лигийн аварга болж, "Уурхайчид эрсэн эрдэнэсээ олж, "эзэнт гүрнийхээ" шавыг тавив" гэх нийтлэлийг нийтэлж байжээ. Тухайн үеийн багийн бүрэлдэхүүн нь үнэхээр аюумшигтай байсан. Т.Санчир хүртэл сэлгээнээс босож, Г.Болор-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ хоёр хамтдаа тоглодог байв. Харамсалтай нь, аваргаа хамгаалах даалгавартай улиралд багийн дотоод асуудал, бэртэл гэмтэл "өвчин" болсон. Дасгалжуулагч Василис Фрагкиас, Т.Санчир хоёрын харилцаа муудаж, Т.Санчир багийг орхиж байсан бол Пендарвис плей-оффын үеэр бэртчихсэн. Үүний дараа багт шинэчлэл өрнөж, бүрэлдэхүүнээ ч өөрчилсөн.
- Шинээр ирсэн тамирчид: А.Энхбаясгалан, Т.Санчир, С.Мөнхбаатар, З.Нямцогт /драфтын сонголт/, Н.Билиг-Ундрах /драфтын сонголт/
- Багаас явуулсан тамирчид: Г.Насанжаргал, Г.Ган-Эрдэнэ, С.Төгөлдөр, Э.Дорж-Арилд, Н.Золжаргал
- Гадаад тоглогчид: Пендарвис Уиллиамс, Сахаиж Сехон, Чад Веннин
Тэгвэл энэ улирал бид хоёр жилийн өмнөх Уурхайчидыг яг тэр бүрэлдэхүүнээр нь харж байна гэхэд хилсдэхгүй. Г.Болор-Эрдэнэ багийн гол тоглогч болж, Пендарвис, Т.Санчир нар эргэн ирлээ. Тухайн үед багт байсан Г.Баттөр, А.Бямбадорж, О.Очирбат нар багтаа үлдсэн. Ингээд харахаар аварга аваад үзчихсэн, соёл суучихсан залуус багийн цөмийг бүрдүүлж байна.

Энэ бүрэлдэхүүнийг гавьяат дасгалжуулагч О.Баярцогт удирдаж буй. Түүний тоглоод сурчихсан хөзрүүд болох гарын шавь С.Мөнхбаатар, "23 Стормс" багт удирдаж байсан А.Энхбаясгалан нар нэмэгдсэн. Мэдээж Т.Санчир, О.Баярцогт хоёр хамтдаа Хасын Хүлэгүүд багт чамгүй олон жилийг өнгөрүүлсэн түүхтэй.
Цаасан дээрх Уурхайчидын бүрэлдэхүүнийг харахад тэнцвэртэй гэж хэлж болно. Юмны тунг нь тааруулна гэдэг нарийн ухаан. Үүнийг Уурхайчидын арын алба, дасгалжуулагчид гайхалтай хэрэгжүүлсэн гэлтэй. Өөлөх байрлалгүй, дутуу зүйлгүй баг бүрдчихжээ.
Сагсан бөмбөг сонирхогчид Хасын Хүлэгүүд, Сэлэнгэ Бодонс, Эйпсийг л аваргын өрсөлдөөнд голчлон нэрлэж, фаворит болгож байна. Гэтэл тэдний бодит аюул нь энд явна.
ХҮЛЭЭЛТ
Лигийн нээлтийн тоглолт дээрээ Уурхайчид ямар баг вэ гэдгээ Эйпсийн эсрэг хангалттай харуулчихсан байх. Аварга авна гэж сэрүүн зүүдэлж, фэнүүдээ хөөргөсөн тэднийг хөрсөнд буулгаж, хичээл заасан. Г.Болор-Эрдэнэ ч түвшин ахиж, өнөө цагийн Монголын сагсны номер нэг холбон тоглогч гэдгээ харуулав. Холбон тоглогч хүн багаа хэрхэн удирдаж, зохион байгуулдаг вэ гэдгийг утгаар нь толилуулсан. Сэтгэл зүй, гаргаж буй шийдвэр, тоглолтын хэмнэлийг удирдаж байгаа зэрэг нь Монголдоо тэргүүлэгч болгожээ.

Пендарвис Уиллиамс ч төөрсөөр төрөлдөө гэгчээр Найтс багт очиж, бүтэлгүй улирлыг өнгөрүүлсний эцэст Уурхайчид багтаа эргэн ирж, санаагаа амраав. Уурхайчидын Пенни яаж тоглодог вэ гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэднэ.
А.Энхбаясгалан шинэ багтаа сайхан байна. Энэ жил түүнийг фэнүүд нь "Үнэ цэнтэй тоглогч"-ийн төлөө дайраасай гэж хүсэж байгаа нь лавтай. Түүнд бүхий л нөөц бололцоо, ур чадвар, бие тэнхээ нь бий. Сэтгэл зүй нь бэлтгэгдсэн, "гол дүр" А.Энхбаясгалан энэ жил лигийн нүүр царай болоосой.
Уурхайчидын будагтай талбайгаас довтолгооны самбар, оноо авна гэдэг бусад багуудын хувьд толгойны өвчин болох шинжтэй. Г.Одбаяр бие бялдраа хөгжүүлж, түүнээс гадна Чад Веннин гэх 207 см өндөртэй, хүчний довтлогчийг авчиржээ. Дебют тоглолтдоо Чад ч Эйпсийн өндөр залууст өөрийгөө танилцуулсан. Коллежийн сагсан бөмбөгөөсөө холдоогүй, өлсгөлөн байгаа тэрбээр энэ улирал Уурхайчидын гол хүн байх шинжтэй.
Энэтхэг залуугийн урт гар Уурхайчидын урд шугамын хамгаалалтыг сайжруулж, эгзэгтэй мөчид хэрэгтэй зүйл хийж чадна гэдгээ харуулсан.

Т.Санчир, Г.Баттөр, А.Бямбадорж, О.Очирбат гээд энэ нэрсийг харахад л туршлага, түүх харагдана. Бүрэлдэхүүндээ ийм арвин туршлага хуримтлуулсан баг энэ лигт алга. "Швейцарь тонгорго" шиг хаана, хэзээ, юу хийхээ мэддэг, бүх талаараа багт тус болох ахмад дайчид тэдэнд байна.
Т.Санчирын асуудал шийдэгдэж, Уурхайчид багтаа нэгдвэл тэд улам л хүчирхэгжинэ. Налайх Бизон баг түүний гэрээг чөлөөлөх дүн 100 сая төгрөгийг нэхэж буй.
Энэ улирал Эрдэнэтийн Уурхайчид багийг аварга авахад гайхах зүйлгүй. Магадгүй хоёр жилийн өмнөх аварга авдаг бүрэлдэхүүнээсээ дутахгүй байх. Ийм л үзүүштэй, зузаан бүрэлдэхүүнтэй хамт олон бүрэлджээ. Гагцхүү О.Баярцогт дасгалжуулагч хэрхэн удирдахыг харцгаая. Монголын сагсан бөмбөгт монгол ахлах дасгалжуулагч нарын орон зай хумигдаж байгаа энэ үед гавьяат дасгалжуулагч хэрхэн ухаан сийлэхийг үзье.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 202.9.40.181
Эрдэнтд манж хужаагууд үүрлж зуурлдж 35 жил хулгай хийсн. Энрднтийг маэж хужаагууд-ч чөлөөл.