Хүрээмарал, Баянбулагийнхан цахилгаантай болов

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хүрээмарал, Баянбулагийнхан цахилгаантай болов

Баянхонгор аймгийн Хүрээмарал, Баянбулаг сумынхан цахилгаан эрчим хүчтэй болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд төвөөс алслагдсан хоёр сумын иргэд цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болж, “Ильичийн гэрэл” гэрт нь ирсэнд ихэд баярлав. Баянхонгор аймаг нийт 21 сумтай, үүнээс эрчим хүчинд холбогдоогүй дөрвөн сум байсан юм. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Батж.Батбаяр нарын санаачилж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд Хүрээмарал, Баянбулаг сумын иргэд ийнхүү гэрэл цахилгаантай залгав.

Ингэснээр орон нутаг тэр дундаа сумдад цахилгаан эрчим хүч дагаж хөгжих боломжтой болж байгаа юм. Дээрх сумдын иргэдийн олонхи нь залуус байдаг, ажилгүйдэл их гэх мэт бэрхшээлтэй. Харин ийнхүү цахилгаан эрчим хүчтэй болсноор жижиг үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөгжих дэвших боломж нээгдэж байна хэмээн сум орон нутгийн удирдлагууд, иргэд талархан ярьж байв.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сум нь төвлөрсөн дизель станцтай байсан. Харин 1990 оноос хойш станц нь ажиллахаа больсон учраас цахилгаан эрчим хүчгүй байсан юм. Баянхонгор аймгийн төвөөс 220 км-ийн зайд орших Хүрээмарал суманд 15 кв-ын цахилгаан эрчим хүчний дэд станцыг барих ажлыг  “Эрчмийн ундраа” компанийнхан хийж гүйцэтгэж ийнхүү хүлээлгэн өгчээ.

Хүрээмарал сумаас 50 км зайд орших Баянбулаг сум руу уг станцаас эрчим хүч татсан байна. Баянбулаг сум нь аймгийн төвөөс 270 км-ийн зайд оршдог, 520 айл өрх 1500-аад иргэнтэй юм. Тус сумынхан олон жилийн турш эрчим хүчгүй учраас Японы цахилгаан мотор ашиглаж, өглөө 08 цагаас өдөр 16 цаг хүртэл л гэрэл цахилгаан хэрэглэдэг байжээ. Тийм учраас иргэд угаалгын машин, плитка, индүүгээ ч хүссэн үедээ хэрэглэж чадахгүй, төрийн байгууллага нь компьютер ашиглах боломж муутай, гар бичмэлээр ихэнх ажлаа амжуулдаг байсан юм. Харин одоо Баянбулаг сум  0,4-ийн шугам сүлжээтэй 280- квтын хүчин чадалд суурилагдсан 15 кв-тын эрчим хүчинд холбогдлоо. Эрчим хүчинд холбогдох ажлыг энэ салбартаа олонд танигдсан орон нутагт эрчим хүчний барилгын ажлыг олон удаа хийж гүйцэтгэж байсан туршлагатай “Элекромонсет” компанийнхан барьж, тогтоосон хугацаанаас 20 хоногийн өмнө ажлаа дуусгаж ийнхүү хүлээлгэн өгсөн байна.

Дээрх хоёр сумыг цахилгаан эрчим хүчтэй болгоход нэг тэрбум 500 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гишүүдэд тойрогтоо зарцуулахаар хуваарилсан нэг тэрбум төгрөгөөрөө,  УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 500 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийжээ.

Ийнхүү Баянбулаг, Хүрээмарал сум эрчим хүчтэй болж үндсэндээ Баянхонгор аймгийн хангай талын сумдын иргэд цахилгаан эрчим хүчээр бүрэн ханагдаад байна. Одоо тус аймгийн говь талын цөөн тооны сум эрчим хүчинд холбогдоогүй үлдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж