УИХ-ын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хотын захын хорооллын зарим
хороо, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөөр орж, ажил байдал,
амьдрал ахуйтай нь танилцаж, УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг
сурталчлан иргэд сонгогчдын санал бодлыг сонсохоор өчигдөр нийслэлийн
Чингэлтэй дүүрэгт ажиллав.

УИХ-ын дарга эхлээд тус дүүрэг
дэх хүнсний “Хүчит шонхор” захын худалдагч, үйлчлүүлэгчидтэй уулзаж,
мах, гурил, ногоо зэрэг хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ ханш,
хүрэлцээ хангамж, чанарын талаар асууж сонирхсоны дараа 11 дүгээр
хороогоор орж ажил байдалтай нь танилцав.

Тус дүүрэг нь
нийт 19 хороотой, бүх хороогоо хорооны байр, цагдаагийн хэсэг, өрхийн
эмнэлгийн байртай болгож цогцолбор байдлаар шинэчлэхийг хичээж байгаа.
Хотын агаарын бохирдлын гол хэсэг нь энд хамаардаг, хүн ам ихээхэн
төвлөрсөн учраас суурьшлын бүсийг зөв тогтоож дэд бүтцэд анхаарах,
ялангуяа шинээр сургууль, цэцэрлэгийн барилга барих зайлшгүй
шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд уулзалтын  үеэр
хэлж байлаа.

УИХ-ын дарга хорооны иргэдийн амьдралын
түвшин хэр байгаа, хууль хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж
байгаа талаар тус хорооны Засаг дарга Н.Даваадоржоос сонирхоход “Манай
хороо 6300 оршин суугчтай, иргэдийн ихэнх нь “Хүчит шонхор”,
“Нарантуул” захад худалдаа наймаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гэр бүлд
чиглэсэн бодлого явуулахад хорооны зүгээс анхаарч байгаа. Иргэдэд нэн
шаардлагатай хуулиудыг тусгай самбарт хэсэгчлэн тавьж сурталчлах, эрх
зүйн лавлагаа, тараах материалаар хангах, биечлэн ярилцаж лавлагаа,
зөвлөмж өгөх зэрэг янз бүрийн арга хэлбэрийг ашигладаг” гэлээ.

Харин
дүүргийн Засаг даргаас гишүүдийн тойрогт хуваарилсан хөрөнгө мөнгө хэр
үр ашигтай байгааг лавлахад “Бүс нутгийг хөгжүүлэх чиглэлээр
хуваарилсан хөрөнгийг иргэдийн саналыг харгалзан голдуу боловсрол,
эрүүл мэндийн салбарт зарцуулахад анхаарч байгаа. Цаашдаа энэ хөрөнгийг
эмчилгээ, оношлогооны томоохон төвтэй болох, хүүхдийн эмнэлэг байгуулах
зэрэг бодлогын хүрээнд төвлөрүүлж ашиглах нь зүйтэй юм” гэсэн байр
суурьтай байдгаа хэллээ.   

УИХ-ын дарга энд цугларсан
тус хорооны иргэдтэй уулзахдаа удахгүй эхлэх УИХ-ын 2010 оны хаврын
чуулганаар цаг үеийн шаардлага, бодлогын хэмжээний хүрээнд ямар, ямар
асуудал хэлэлцэхийг ойрын үед зарлах болно. Энэ удаагийн чуулганаар
юуны түрүүнд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, байгалийн
хүндрэлтэй холбоотой болон иргэдийн зүгээс удаа дараа тавьж байгаа
асуудлыг тусгахаар төлөвлөж байгаа, түүнчлэн сонгуулийн хуулийн асуудал
ч бас яригдана гэдгийг хэллээ. Энэ үеэр тус хорооны иргэд ашигт
малтмалын ордоо ашиглалтад хурдан оруулж өгөөжийг нь хүртэх, 
сонгуулийн үеэр намуудын амласан амлалтыг хэрэгжүүлэх, бүх шатанд
сахилга, хариуцлагыг бэхжүүлж шударга ёсыг тогтоох, төрийн үйлчилгээний
хүртээмж, чанарыг сайжруулах талаар санал бодлоо УИХ-ын даргад хэлж
хуваалцаж байв.

УИХ-ын дарга дараа нь монгол үндэсний
хөгжмийн зэмсэг үйлдвэрлэж засварладаг “Эгшиглэн магнай” ХХК, тус
дүүргийн 10 дугаар хороо, “Мөнхбаясгалан” өрхийн эмнэлэг, ерөнхий
боловсролын 37 дугаар сургуулиар орж ажил байдалтай нь танилцаж,
ажилтан, ажиллагсадтай нь санал бодлоо хуваалцав. “Эгшиглэн магнай” ХХК
нь монгол үндэсний морин хуур, ятга, ёочин, эвэр бүрээ, бишгүүр зэрэг
хөгжмийн зэмсгийг урлаж бүтээх, худалдан борлуулах, засварлах чиглэлээр
олон жил үйл ажиллагаа явуулж, 40 гаруй хүнийг ажлын байраар ханган,
дотоод гадаадын үзэсгэлэн яармагаас өндөр шагнал хүртсэн гэдгээ тус
компанийн захирал П.Байгальжав танилцуулав. Харин “Мөнхбаясгалан”
өрхийн эмнэлэг нь тус дүүргийн 10 дугаар хорооны 7030 гаруй иргэнд
эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг юм байна. Эхэндээ 4000 гаруй
иргэнд үйлчилдэг байсан бол одоо үйлчлүүлэгчдийн тоо 7000 давсан. Гэтэл
эмнэлгийн байрны өрөө тасалгаа хүрэлцээгүйгээс авсан тоног төхөөрөмж,
чийрэгжүүүлэх хэрэгслээ ашиглаж чадахгүй байгаа тухайгаа эмнэлгийн
ахлах эмч Б.Будсүрэн учирлахад эмнэлгийн цаашдын хөгжлийн тодорхой
төлөвлөгөө, бүтэц, орон тооны үндэслэлээ сайн боловсруулаад яамаараа
дамжуулж байрны асуудлаа тавихыг УИХ-ын дарга зөвлөлөө.

Тус
дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургууль нь хоёр ээлжээр
хичээллэдэг 2160 гаруй сурагчтай, анги дүүргэлтийн хувьд хотын захын
бусад сургуулиас харьцангуй бага, байр танхимын хувьд ч дулаан, тохитой
юм. УИХ-ын дарга тус сургуулийн зарим анги, танхимаар орж, зургаан
настай хүүхдүүдийн хичээл, амралтын байдалтай танилцсан. Эднийх зургаан
настай хүүхдийн зургаан бүлэгтэй, бага ангийн хүүхдүүд нь хэдэн жилийн
өмнө Япон улсын төслийн хөрөнгөөр баригдсан тохилог байранд хичээллэдэг
юм байна.

УИХ-ын дарга мөн дүүргийн 11 дүгээр хорооны иргэн
өндөр настан Д.Очирбат, 15 дугаар хорооны иргэн Ж.Галя, Б.Гэрэлдаваа,
17 дугаар хорооны иргэн Д.Сэргэлэн, Б.Нансалмаа нарын айлуудаар орж
амьдрал ахуйтай нь танилцаж, санал бодлоо хуваалцсан юм.

УИХ-ын
даргыг тус дүүрэгт ажиллахад УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Очирбат, УИХ-ын даргын
зөвлөх С.Банзрагч, Д.Батмөнх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсийн дарга Б.Золбаяр, дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон Засаг
даргын Тамгын газрын ажилтнууд, хэвлэл, мэдээллийн сурвалжлагчид
дагалдан ажилласан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтэс мэдээлэв. 

 
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж