"Төр нууц болон оффтейк гэрээгээ зогсоох ёстой"

"Төр нууц болон оффтейк гэрээгээ зогсоох ёстой"

"Төр нууц болон оффтейк гэрээгээ зогсоох ёстой"

Эдийн засагч доктор (PhD). проф. А.Энхбаттай 2026 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.


 -УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн төсвийн хэлэлцүүлгүүд хэр үр дүнтэй өрнөж байна гэж Та дүгнэж байна?

-Энэ оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шатыг дөрөв байсныг нэг үе шатаар нэмж тав болгосон. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын чуулган улсын төсвийн төслийг аравдугаар сарын эхний долоо хоногт хэлэлцэж эхлэх гэсэн зохицуулалтыг өөрчлөн УИХ-ын намрын чуулган нээгдэж эхэлсэн өдрөөс эхлэн улсын төсвийн төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. Энэ хуулийн шинэ зохицуулалт нь хэд хэдэн давуу талтай байгаа.

Нэгдүгээрт, өмнөх жилүүдэд УИХ дараа жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхлэх хугацааг нэг сараар наашилж татсан нь төсвийн төсөлтэй танилцах, олон нийтийн оролцоотойгоор хамтран хэлэлцэх боломжийг бий болгосон. Нэг талаас ил тод, нөгөө талаас хууль тогтоох байгууллага ба иргэний нийгмийнхний үр дүнтэй оролцоог хангасан төсвийн үйл явцын эхлэл бий болж байна.

Хоёрдугаарт, аливаа үр нөлөөтэй, тогтвортой төсвийн тогтолцооны нэг чухал элемент бол хууль эрх зүйн ойлгомжтой хүрээ гэж үздэг. Төсвийн тогтолцоонд гүйцэтгэх засаглал дангаар ноёрхож, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахаас сэргийлж хууль тогтоох болон хараат бус байгууллагууд (Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудит)-ын үүргийг оруулж өгөх нөхцлийг тухайн хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгсөн.

Гуравдугаарт, Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үед Төсвийн ерөнхийлөн захирагчид буюу төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрийн хариуцдаг салбар, байгууллагын төсвийн төслийг УИХ-ын чуулган болон байнгын хороодын өмнө шууд хариуцаж тайлбарлан танилцуулах үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд 691.4.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.” гэж тусгасан.

Дөрөвдүгээрт, Шинээр бүрэлдсэн УИХ-ын гишүүдийн зарим хэсэг нь Төсвийн зарлагын удирдлагын үндсэн зарчмуудыг ойлгож эхлэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн нийт зарлага нь дан ганц нөлөө бүхий оролцогчдын (Засгийн газар, Сангийн яам, Төсвийн ерөнхий захирагчид буюу яамдын сайд нар) төсвийн зарцуулалтуын хүсэлтүүдийн  тусгал бус, тогтвортой өсөлтөд чиглэсэн эдийн засгийн ба төсвийн бодлогуудад нийцсэн тодорхой шийдвэрүүдийн тусгал байх ёстой. Бидэнд төсөв, санхүүгийн сахилга бат үгүйлэгдэж байгааг мэдэрсэн гэсэн үг. Нөгөө талаар хөрөнгийн, улмаар төсвийн зарлагын хуваарилалт нь тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой чиглэлд болон хөтөлбөрийн үр нөлөөтэй байдалд тулгуурласан байх хуваарилалтын үр ашиг байх ёстой. Мөн түүнчлэн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг нийтэд хүргэхдээ зардлын хэмнэлттэй, өндөр чанартай байх үйл ажиллагааны үр ашгийн тухай юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц зэрэг гишүүдийн төсвийн хөрөнгийн талаархи үр ашиг, шалгуур үзүүлэлтийн тухай ярьж байгаа нь зөв зүйтэй юм. Гэхдээ үндсэн асуудлууд олж харж байгаа хэдий боловч, хэрхэн өөрчлөх талаар зарчмын санал, гаргалгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн төлөвлөлт тал дээр.

-Цаашид төсвийн хоёр болон гуравдугаар хэлэлцүүлгүүд маш чухал. Гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж төсвийн зарцуулалтад өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байна. Тэгэхээр төсвийн бүтцэд түлхүү ямар өөрчлөлтүүд хийгдэх дүр зурагтай байна вэ?

-Энэ онд Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөл нь өмнөх жилүүд шигээ дараа жилүүдийн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтатган оруулж ирж байгаа. Тийм учраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдийн төсөл болон төсвийн төсөл хамтдаа УИХ-аар хэлэлцэгдэж байна. Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээс харахад Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2026 оны жилийн төсвийн төсөл нь орлого, зарлагыг зэрэг бууруулж тусгасан нь сайшаалтай хэдий боловч тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 6 хувиар нэмэхээс өөрөөр төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүйгээр орж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа. Нөгөө талаар зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв хангалттай бус байгааг тухайн салбарын харьяа төсвийн байгууллагуудын төлөөлөл танилцуулж байна.Нөгөө талаар Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр байнгын хороодоор төсвийн төслийг хэлэлцүүлсэн байдлыг нэгтгэн Төсвийн байнгын хороо УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, жилийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн талаархи санал хураалт явуулах хуулийн заалттай байдаг.

Хэрвээ дээрхи хууль болон төсвийн тусгай шаардлагыг хангаагүй гэж хураалтад оролцсон гишүүдийн дийлэнхи олонхи үзэж дэмжээгүй бол ажлын 3 хоногт багтаан Засгийн газарт буцаахаар хуулинд тусгасан байгаа. Тэгэхээр  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар чуулганаар төсвийн хоёрдугаар хэгэлцүүлгийг хийх нь нэлээд чухал ач холбогдолтой гэж харж байна.

Төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгээр Нам, эвслийн бүлэг, гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах тухай хуулийн заалтууд байдаг. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн шатанд төсвийн орлого, зарлагын бүтцэд тусгагдсан тоонууд өөрчлөгдөх үндэслэл гарч ирнэ гэж ойлгож болно.

-Төсвийн төслийн алдагдлыг бууруулах ёстой гэж зарим гишүүд үзэж байгаагаа хэлсэн. Гэтэл нөгөө талд эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж төв талбайд жагсаж байна. Тэдний шаардлагыг биелүүлэх төсвийн нөөц бололцоо юу байна гэж харж байна вэ?

-Эдийн засгийн өнөөгийн дотоод болон гадаад нөхцөл байдал төсөвт ихээхэн эрсдлийг бий болгож байгааг бүгд ойлгож байгаа. Манай улсын эдийн засаг үндсэндээ Хятадын түүхий эдийг бэлтгэгч эдийн засаг болчихсон гэдгийг хүн бүр ялангуяа бодлогын шийдвэр гаргагч нар ойлгох ёстой. Эдийн засгийн тааламжтай үед хуримтлал хийдэггүй, эдийн засгийн хүндрэлийн үед зарлагаа нэмэгдүүлдэг байдал нь Монгол Улсын төсвийн хүндрэлийн гол асуудал болсоор ирсэн. Ийм нөхцөл байдалд УИХ, Засгийн газар өөрсдөө хүргэсэн. Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд төсвийн бүтэц улам бүр өөрчлөгдөн уян хатан бус болж, зөвхөн нүүрсний орлогоос хэт хамааралтай буюу эрдэс баялгийн татварын орлого дийлэнхи хувийг эзлэх болж, улмаар төсвийн хөрөнгийг хуваарилах үед эдийн засагт нэн шаардлагатай тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд чиглүүлэх боломж хязгаарлагдаж, эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгийн зохицуулалт хийхэд улам хүндрэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл төсвийн бодлогыг явуулах орон зай байхгүй болж байна гэж ойлгож болно. Энэ оны буюу 2025 оны төсвийг төслийг УИХ өнгөрсөн жилийн өдийд хэлэлцэж батлахдаа алдагдалгүй байхаар баталсан. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөн долдугаар сард төсвийн тодотголоор алдагдалтай баталж өөрчилсөн. Төсвийг алдагдалтай, алдагдалгүй батлахдаа гол нь биш хамгийн гол нь төсвийг төлөвлөхдөө бодитой, үнэн зөв, тооцооллын алдаа багатай боловсруулах нь чухал гэдгийг харуулж байна. Төсөв алдагдалтай байх нь хэмжээ нь ДНБ -ний хоёр хувьтай ойролцоо байхад хэвийн гэж олон улсын түвшинд бас хардаг.

Нийтийн үйлчилгээг хүргэдэг байгууллагуудад ажиллагсад болох эмч, багш нар, тэдгээр салбарын байгууллагуудын ажиллагсадын цалинг нэмэгдүүлэх асуудал УИХ-ын чуулган болон байнгын хороодоор төсвийн төслийг хэлэлцүүлэх үед байнга анхаарлын төвд байсан асуудал.

Засгийн газар, Сангийн яамны хувьд Төсвийн хязгаарлагдмал нөөц хөрөнгө болох ирэх онд орж ирэх орлогын төлөвлөгөөний төсөл дээр үндэслэн зарлагын хуваарилалтыг хийсэн төсөл нь энэ. Энэ бол зөв зүйтэй. Үнэнтэйгээ нүүр туллаа гэсэн үг. Засгийн газар, Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулж оруулж ирэхдээ цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг ирэх оны инфляцийн түвшинтэй уялдуулан оруулж ирэх боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ үүнийг хийхдээ төсвийн зардлын зарим урсгал зардлуудыг хасах, мөн шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлуудыг багасгах бололцоог хайж, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх эх үүсвэр олох хэрэгтэй  байсан болов уу.

Хэрвээ ирэх 2026 он сонгуулийн жил байсан бол ийм зүйлийг дор нь хийж оруулж ирэх байсан байх. Гэхдээ өнөөдрийн байдлаар ирэх жил сонгуулийн жил биш. Нөгөө талаар эдийн засгийн нөхцөл байдал хүнд, тодорхойгүй байдал ихтэй байна.

Гол нь төлөвлөлтөнд алдаа байгаад байна нөгөө талаар Засгийн газар, Сангийн яам мэргэжлийн бус байна.

Сүүлийн үед УИХ болоод Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал төрийн ордонд нэлээд идэвхитэй яригдаж байна. Төсвийг хэлэлцүүлж байгаа байнгын хорооны хуралдаанд тухайн салбарыг хариуцсан сайд нар нь тогтож суухгүй байна гэх шүүмжлэл өрнөж байна. Үүний сөрөг талыг та юу гэж харж байна?

-Энд илүү эдийн засагч хүний хувийн бодлоо хэлэх нь зүйтэй байх. Өнөөдрийн Монголын улс төрийн орчин хүнд байна. Анх удаа бараг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудал зэрэг яригдаж байгаа цаг хугацаатай давхцан ирэх оны төсвийн төсөл хэлэлцэж байгаа нь онцлогтой бөгөөд Монгол Улсын ирээдүйд бий болох эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Монгол Улс түүхэндээ 15-16 Ерөнхий сайдыг огцруулж байсан улс төрийн туршлагатай бөгөөд түүхэн явцдаа огцрох болсон шалтгаан, үндэслэл болон үлдээсэн хор уршиг нь сүүлд нь илэрч гардаг. Товчхондоо би улс төрийн хүн биш учраас сайн мууг мэдэхгүй. Гэхдээ ирээдүйд монголын хөгжилд эерэг болон сөрөг талуудыг бий болгоно гэж харж байгаа.Үүнийг цаг хугацаа харуулах байх.

Төсвийн бүх шатны хэлэлцүүлэгт Төсвийн ерөнхийлөн захирагчид тэр тусмаа Засгийн газрын гишүүд суух ёстойг хуульчилсан байгаа. Мэдээж тэдгээр хүмүүст улс төрийн өнөөгийн нөхцөл байдал нөлөөлж байгааг та бүгд харж байна.

-Монгол Улсын Их Хурал ирэх оны төсвөө арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх хуулийн заалттай. Гэтэл өнөөдөр УИХ-аар Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх тов гарсан. Хэрэв Засгийн газрын тэргүүнийг огцруулах шийдвэр гарвал Засгийн газраас төсвийн төслөө дахин шинээр оруулж ирэх нөхцөл байдал үүсэх үү?

 –Би түрүүн хэлсэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үед Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь холбогдох хуулийн заалттай нийцээгүй бол гишүүдийн олонхийн саналаар буцаах хуулийн заалттай.

Харин УИХ-аас Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотой, Ерөнхий сайдтай холбоотой ямарч шийдвэр гарсан ч гэсэн тухайн Засгийн газрын өргөн мэдүүлсэн дараа жилийн төсвийн төслийг буцаахтай холбоотой хуулийн ямар нэгэн заалт байхгүй.

Нөгөө талаар УИХ дараа жилийн төсвийн төслийг хуулинд заасан хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлахгүй бол УИХ тарах тухай хуулийн заалт байхгүй. Харин Үндсэн хуулийн 22.2 дэх хэсэгт заасан заалтын дагуу УИХ өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй…. гэж үзсэн тохиолдолд гэсэн утга бүхий заалт байгаа. Үүнийг ялган салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Цаашид манай мэргэжлийн Үндсэн хуулийн судлаач, хуульч нар үгээ хэлэх болон Дээд шүүх үүн дээр албан ёсоор тайлбар гаргах хэрэгтэй.

-Засгийн газрын тогтворгүй байдал улсын эдийн засгийн гадаад дотоод орчинд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Засгийн газар огцрох нь улс төрийн хувьд ч, эдийн засаг нийгмийн хувьд ч олон талын сөрөг үр дагавартай байдаг. Үүнийг дараах байдлаар ангилж авч үзэж болно.

Нэгдүгээрт, Улс төрийн тогтворгүй байдал: Засгийн газар огцрох нь улс төрийн системд тогтворгүй байдал үүсгэдэг. Шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хугацаанд төлөвлөгөө, бодлого, шийдвэрүүд саатдаг. Улс төрийн намуудын хоорондын зөрчил, талцал нэмэгдэж, төрийн байгууллагуудын хооронд итгэл буурдаг. Иргэдийн дунд төрд итгэх итгэл суларч, нийгмийн уур амьсгал хүйтэрдэг.

Хоёрдугаарт, Эдийн засгийн сөрөг нөлөө: Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид итгэл алдрах магадлалтай. Санхүүгийн зах зээл савлаж, төгрөгийн ханш болон хөрөнгийн биржийн индекс унах эрсдэлтэй. Төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын төслүүд, шинэчлэлүүд түр хугацаанд зогсох эсвэл хойшлох болно. Эдийн засгийн өсөлт удаашрах, ажилгүйдэл, инфляц өсөх эрсдэл бий.

Гуравдугаарт, Төрийн үйл ажиллагааны саатал: Шинэ сайд, удирдлагууд томилогдох хүртэл яам, агентлагуудын шийдвэр гаргах чадвар сулрана. Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, өмнөх эхэлсэн ажлууд гацах, зогсох магадлалтай. Төрийн албан хаагчид эргэлзээтэй байдалд орж, ажлын бүтээмж буурна,

Дөрөвдүгээрт, Гадаад харилцааны эрсдэл: Гадаад орнууд болон олон улсын байгууллагууд Монголын тогтвортой байдлын талаар болгоомжилж, хамтын ажиллагааны зарим хэлэлцээ хойшлогдож магадгүй. Зээл, тусламж, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилт саарна. Улс орны имидж, найдвартай байдалд сөргөөр нөлөөлнө.

Тавдугаарт, Нийгмийн нөлөө: Иргэдийн дунд улс төрийн ядаргаа, итгэлгүй байдал, сэтгэл дундуур байдал нэмэгддэг. Эсэргүүцэл, жагсаал цуглаан нэмэгдэх эрсдэлтэй. Хүмүүсийн анхаарал улс төр рүү хэт төвлөрч, нийгмийн хөгжлийн бусад асуудал орхигдоно.  Эндээс харахад  Засгийн газар огцрох нь богино хугацаанд улс төрийн хямрал үүсгэж, эдийн засгийн итгэлцэл, төрийн үйл ажиллагаа, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг.

Гэвч зөв менежмент, ил тод, шударга улс төрийн орчныг бүрдүүлж чадвал урт хугацаандаа шинэчлэл хийх боломж ч болж чадна.Нөгөө талаар Засгийн газар огцрох нь богино хугацаанд хямрал мэт харагдавч, урт хугацаандаа хариуцлагыг тогтоож, шинэчлэл, ил тод байдлыг дэмжих, ардчиллыг бэхжүүлэх чухал боломж болж чаддаг.

-Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалт татах асуудал нэн чухал байгаа гэдгийг үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд хэлсээр ирсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт бодитоор нэмэгдэхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

Товчхон хэлье. Хамгийн эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй. Сайн засаглалыг бий болгох хэрэгтэй. Ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Төрийн аль ч түвшинд Нууц гэрээ, оффтейк гэрээ гэх мэт зүйлүүдээ зогсоох хэрэгтэй. Авилгалтай эрс тэмцэж бодитоор харуулах хэрэгтэй. Төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах, хариуцлагыг хуулиар чангатгах хэрэгтэй. Татварын ойлгомжтой орчин бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Олон улсын Зээлжих зэрэглэлээ одоогийн байгаа түвшнээс дээшлүүлэх хэрэгтэй.

-Төв банкнаас төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төв банк “уян хатан ханшийн бодлогоо” олон жил хэрэгжүүлж байгаа. Төв банкны бодлого зах зээлийн хүлээлтийг удирдаж, валютын нөөцөө бэхжүүлж чадахаар байна уу?

-Төв банкны гол зорилго бол үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах гэж хуулинд заасан байдаг. Инфляци, гадаад валютын нөөц, зээлжих зэрэглэл зэрэг гол асуудлууд дээр Ковид цар тахлын дараахь сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гаргасан. Гэхдээ банк, санхүүгийн салбарын шинэчлэл, эрсдэл даах чадвар, зээлийн хүү гэх мэт асуудлууд байсаар байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь төлбөрийн тэнцэл болон урсгал тэнцлийг алдагдалгүй байлгах нөхцлийг бүрдүүлэх боломжийг үгүйсгэж байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаан дахь Засгийн газраас хэрэгжүүлж байсан төсвийн бодлого нь мөнгөний бодлогыг уян хатан байлгах нөхцлийг олгохгүй байсан. Өнөөдөр хүртэл мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байгаа нь мөнгөний нийт зах зээлийн байдал болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдалд тохируулж авч байгаа зайлшгүй бодлого хэвээр байсаар байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлого гэхээс илүүтэй төсвийн бодлогыг дагасан, мөнгөний бодлогын үйл явц үргэлжилж байна гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hog 2025-10-13 122.201.31.184

tom tom erdmiin tsol zeregtei, bodit ajil. business medehgui hereggui hog

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.94.171

Офф тек гэрээнүүдийг Баттулга хэнд хэлэлгүй өөрөө нууцаар хийгээд , ҮАБЗ-ийн нэр дээр тохчихсон !!!
Хүүк нтр аөрсдөө өдий төдий но-той учраас юу ч дуугарч чадахгүй байгаа юмаа !
ҮАБЗ-ийн гишүүдийн хэн нь ч мэдээгүй, ангайгаад л хоцор сон, одоо юм ярьвал Женок баахан хар баримтар нам црх иноо гээд сүрдүүлж бгаа…. ердөө л ийм юм !!!

Avatar

hutsdag haltar gulug uu chi kkkk 2025-10-13 202.55.188.104

Nam Zasag yugaa nuutslahaa cham shig ulnii guilgachingaar zalgahgui shuu !!!

Avatar

зочин 2025-10-13 192.82.64.153

төсөвт ямар өөрчлөлт оруулах талаарх санал дүгнэлтээ ЗГХЭГ нэгтгэн оруулж ирж гишүүд хэлэлцэж шийдвэр гаргадаг биш билүү, гишүүдээр ажлаа хийлгэх нь ээ

Avatar

Нэргүй 2025-10-13 103.212.162.25

юу вэ УИХ чинь мэргэжлийн бус, бөөн боловсролгүй хүмүүс л байна ш дээ бүгдийн зайлуулах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.113

Юу ч засрахгүй, засагдахаасаа өнгөрсөн. Энэ 1985 оноос өмнөх үеийнхэн бхгүй болтол энэ МАН байж амьдрал хордуулж хулгай хийсээр л байна. Ахмад үе гэж нэг аймаар засаршгүй үе байхад эд нар буухгүй.

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.40.11

Хулгайч нарт хариуцлага тооцож чадахгүй болтлоо дампуурсан Монгол улсын АТГ, Шүүх, Хууль эрх зүйн салбарт үнэхээр шинэчлэлт хэрэгтэй байна. Тэд Улс төрчдийн бөгсийг дэндүү долоож, юу ч хийж чадахаа өнгөрчээ. Улс төрчид тэдний болон тэдний хүүхдүүдийн ирээдүйг идэж, устгаж байна шүү дээ.

Avatar

Венесуэль-2 2025-10-13 202.70.43.34

ТӨР өөрөө тоймгүй олон ТӨХК-иудтай, ТӨР өөрөө тоймгүй олон Улсын Төслүүдтэй, ТӨР Өөрөө тоймгүй олон уул уурхайтай, ТӨР өөрөө Хувь Хүний байр орон сууц барих, ТӨР өөрөө хамаг газруудад БЭТ-*ээ суулгадаг ,ТӨР өөрөө лиценз, тусгай зөвшөөрөл тараада билет таслагч, ТӨР өөрөө Хүүхэд бүрт сар бүр 100к-аар торлож авч өгдөг….ТӨР өөрөө Аж ахуйн ажил бүхэнд Гар Бие Сэтгэл нь Хутгалдан Орж байгаа цагт ЭНЭ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ эээ …..

Avatar

Зочин 2025-10-13 202.55.188.91

Хувийн хэвшлийг дэмжихээ зогсоох хэрэгтэй. Яг үнэндээ хувийн компанигүй улс төрчид бхйхгүй учраас улсын хөрөнгийг хулгайлаад байгаа юм. Төрийн өмч гэж байх ёсгүй , улсын өмч л гэж байх ёстой. Төр нь улсын өмчийг зөв зарцуулж хувьд шилжүүлэхгүй байх нь зөв. Ер нь хувийн өмч гэж байхгүй зөвхөн амьны өмчтэй байхыг хуульчлаад луйварчдаас улсын үйлдвэрүүдээ буцааж авах нь шударга ёсонд нийцнэ.

Avatar

ТӨР ӨӨРӨӨ..... since 1990 2025-10-13 202.70.43.34

ТӨР өөрөө тоймгүй олон ТӨХК-иудтай, ТӨР өөрөө тоймгүй олон Улсын Төслүүдтэй, ТӨР Өөрөө тоймгүй олон уул уурхайтай, ТӨР өөрөө Хувь Хүний байр орон сууц барих, ТӨР өөрөө хамаг газруудад БЭТ-*ээ суулгадаг ,ТӨР өөрөө Хүүхэд бүрт сар бүр 100к-аар торлож авч өгч байгаа цагт ЭНЭ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ эээ …..

Avatar

зхц 2025-10-13 103.168.34.229

математикийн багш Ууганбаатарын дэргэд мэргэжлийн хүн шүү

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.178.189

Энэ нөхөр ганцаараа л мэргэжлийн юм бнлда

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.176.37

Сангийн сайд Жавхлан бол эх орноо огтхон ч бодох хүн биш, зөвхөн улс төрийн популизмаа л хичээнэ!! Занданшатар бол Ерөнхий сайд байтугай аль нэг сайд ч хийх зиндааны хүн биш шүү дээ!!! Маанаг амьтан, ухаан дутна!!

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.40.165

Огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж