"Аль аймгаас ирсэн малын мах вэ", "Мах нь гарал үүслийн бичигтэй юу", "Хүүхээ үхрийн тарган хавирга байна уу" гэх яриа энд тэнд сонсогдоно. Зарим иргэд хонины гулууз шуудайлж байгаа бол нөгөө хэсэг нь үхэр, адууны ястай мах сонирхож, худалдан авч байгаа харагдав. Энэ бол Баянхошууны Баруунсалаанд шинээр нээгдээд буй 21 аймгийн малчид махаа өөрсдөө зарах цэг юм. Энд малчид өглөөний 06:00 цагаас эхлэн дугаарлаж, ээлжлэн махаа худалдаалж эхэлдэг байна.
Ингэхдээ малчид малын махны тоогоор лангууны түрээсээ төлдөг гэдгийг хэлж байв. Тодруулбал, нэг бог малын мах 10 мянган төгрөг, нэг бод малын махнаас 50 мянган төгрөгийн түрээс авдаг байна.
Малчдын мах худалдаалах цэг дээр зарж буй махны үнэ бусад зах, худалдааны төвд зарагдаж буй үнээс 3-6 мянган төгрөгөөр хямд байгааг иргэд хэлж байлаа. "Хүчит шонхор" зах дээр хонины мах 14-15 мянган төгрөг, үхрийн мах 19-21 мянган төгрөгийн үнэтэй зарж байгаа юм.
МАЛЧИН: 35 БОГ МАЛЫН МАХ ЗАРАХААР ИРЖ, 350 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТҮРЭЭС ТӨЛСӨН

Архангай аймгийн Хашаат сумын нэгэн малчны хувьд хоёр бодын махаа зарж борлуулахаар хотод иржээ. Тэрбээр "Малчны мах худалдаалах цэг дээр анх удаа ирж, малынхаа махыг зарж байна. Үнийн хувьд их боломжийн санагдлаа. Худалдан авалт сайн байна. Би өглөө 06.00 цагт ирсэн өдрийн 12.00 цаг гэхэд махаа зараад дуусч байна.
Иргэд ч малчны гар дээрээс мах худалдаж авахдаа их ам сайтай байна. Өмнө нь малын махаа ченжүүдэд өгчихөөд л явчихдаг байсан.
Малынхаа ашиг шимийг хүртээд сайхан юм. Малчны мах худалдаалах цэгийн түрээс нь нэг бод малаас 50 мянган төгрөг, нэг бог малаас 10 мянган төгрөгийн түрээс авдаг юм байна. Миний хувьд хоёр бод малын мах зарахаар ирсэн болохоор 100 мянган төгрөг төлсөн" гэв.
Дундговь аймгийн Адаацаг сумын малчин С.Саруулбуяны хувьд хоёр дахь удаагаа малын махаа зарж байгаагаа хэлж байв. "Иргэд мах худалдан авахдаа ариун цэвэр талаас харж, гарал үүслийн бичгийг нь асууна. Би 35 бог малын махтай ирсэн. Түрээсийн үнэд нийт 350 мянган төгрөг төлж байна. Энэ махаа зарж дуусахгүй бол дараа өдөр нь үнэ төлбөргүй зогсч болно гэсэн" гэдгийг хэлсэн юм.
УЛААНБААТАР ХОТЫН 3 БАЙРШИЛД МАЛЧДЫН МАХ ХУДАЛДАХ ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 21 аймгийн малчид махаа зарж худалдаалах цэгийг байгуулаад буй. Малчдын гар дээрээс мах худалдаалах цэг дээр махны үнийн хувьд адилхан бөгөөд үхрийн мах 14 мянган төгрөг, хонины мах 11.500 төгрөг, адууны мах 10.500 төгрөгийн үнэтэйгээр зарж байна.
Хэнтий аймгаас ирсэн малчин үхрийн мах зарж байв. Үнийн хувьд 14 мянган төгрөг бөгөөд худалдан авалт сайн байгааг хэлж байлаа.
Харин Дундговь аймгийн малчин Г.Адилбиш "Миний хувьд энэ цэг дээр хоёр дахь удаагаа ирж, малынхаа махыг зарж байна. Малчид махаа зарах газаргүй энд тэнд хөөгдөж явснаас ийм нэгдсэн цэг гарч байгаа нь сайшаалтай. Би адуу, хонины махтай ирсэн. Худалдан авалт сайн байгааг хэлсэн юм. Одоо махаа худалдаад дуусч байна гэв.
Үхрийн мах худалдан авч буй иргэн З.Туяа "Малчны мах худалдаалах цэгийн талаарх мэдээллийг телевизээр харж, мэдсэн. Үхрийн мах худалдаж авахаар сонирхож явна. Үнийн хувьд арай хямд юм байна. Бусад зах худалдааны төвүүдээр нэг их явсангүй, шууд ирлээ. Гарал үүслийн бичгийг нь асууж лавласан гэдгийг хэлсэн юм.
"СҮҮЛИЙН ҮЕД МАХНЫ ЧЕНЖҮҮД ИХ ЗОГСЧ, МАХАА ЗАРЖ БАЙНА"

Баянхошууны Баруунсалаанд байрлах малчны мах худалдаалах цэг нээгдээд сар гаруй хугацаа өнгөрсөн. Анх энэ цэг дээр малчид ирдэг байсан бол сүүлийн өдрүүдэд махны ченжүүд олноор зогсох болсныг зарим малчид хэлж байв.
Төв аймгийн малчин Д.Ганхүлэг "Би гурав дахь удаагаа ирж байна. Сүүлийн үед энэ цэг дээр махны ченжүүд их зогсч байна. Малчид нь цөөн махтай ирэхээр олон мах ачиж ирсэн ченжүүдийнх нь мах илүү зарж борлуулж байна. Үнийн хувьд адилхан. Малчид ганц нэг бод малын мах авчирна.
Миний хувьд Төв аймгаас нэг л үхрийн махтай ирсэн. Би өглөө 06.00 цагаас эхлээд өдөржин зогсоод арайхийж дуусгаж байна. Ченжүүд их болсон байна" гэж ярьсан юм.
Иргэн А.Хишигдоржийн хувьд "Үхрийн мах 14 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төвийн зах худалдааны төвүүдэд зарж байгаа махны үнэтэй харьцуулахад хамаагүй хямд байна. Бараг үхрийн мах 19-25 мянган төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ. Малчид малынхаа махыг жижиглээд, бэлдээд зарахаар амар юм. Ченжийн гар дамжихгүй энэ их боломжийн юм" гэв.
Малчид махаа энэ цэгт худалдаалахын тулд холбогдох утсаар ярьж, бүртгэл хийлгэдэг. Дараа нь товлосон өдрөө мах худалдааны цэгт ирж, ээлжлэн худалдаагаа хийдэг байна. Хамгийн гол нь малчдаас малын гарал үүслийн бичиг болон малчин гэдгээ бичиг баримт шаарддаг гэдгийг малчдын төлөөлөл хэлж байсан юм.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,595.72






















































Холбоотой мэдээ