Хэлмэгдэгсдийн 70 хувьд нь орон сууц өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн 70 хувьд нь орон сууц өгчээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах хуулийг 1998 онд баталснаас хойш  цагаатгах, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор, орон сууц олгох ажлыг  эхлүүлсэн билээ.  1930-1970 оны хооронд  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30 гаруй мянган хүн бий гэсэн судалгаа  байдаг. Үүнээс 18 мянга гаруй иргэнд буюу 70  орчим хувьд нь 17.3 тэрбум төгрөгийн  нөхөн олговор, орон сууц  олгосон байна. Тодруулбал,  2.5 тэрбум төгрөгийг 1930-1970 оны хооронд хэлмэгдэж байсан, өдгөө амьд сэрүүн байгаа 470 хүнийг цагаатгаж, орон сууц  олгоход зарцуулжээ. Харин 2010 он гарсаар 13 хүнд 71 сая төгрөгийн орон сууц, 40 гаруй хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нэг сая төгрөгийн нөхөн олговрыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс олгосон байна.

Улсын төсвөөс жилд хэлмэгдэгсдийн нөхөн олговорт 250 сая, орон сууц олгоход 150 сая төгрөг төсөвлөдөг аж. Одоогийн байдлаар орон сууц авахаар  бүртгүүлсэн 30 гаруй хүн байгаа гэнэ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан иргэд, түүний үр хүүхэд, хань ижил, ач зээ нар төрөөс олгож буй  нэг удаагийн мөнгөн тэтгэмж, орон сууцыг авахдаа хуулийн хүрээнд шаардлагатай  материаллыг бүрдүүлж, шүүхээр тогтоолгосон  тохиолдолд  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос тав хоногийн дотор нөхөн олговор олгох боломжтой байдаг юм. Мөн түүнчлэн орон нутгийн иргэд аймгийнхаа Цагаатгах ажлыг зохион байгуулах комисст хандан, нөхөн олговроо авч байгаа тул хүндрэл бэрхшээл бага байгаа талаар албаны хүмүүс хэлж байна. Өргөдөл хүлээн авах, цагаатгуулах, нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх хуулийн хугацааг өнгөрөгч онд 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан тул энэ хугацаанд хэлмэгдэгсэд, түүний ар гэрийнхэнд орон сууц, нөхөн олговор олгох ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж