Шинэ Төв цэвэрлэх байгууламж албан ёсны нээлтээ хийгээгүй ч эхнээсээ ашиглалтад орсон гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ талаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Г.Чулуунбатаас тодруулахад, “Шинээр барьж байгуулсан Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын нийт шугам сүлжээний хаягдал усны 15 хувийг цэвэрлэж эхэлсэн. Ойрын хугацаанд хуучин Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усны 50 хувийг хүлээн авч, туршилтынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Байгаль орчинд стандартад нийцсэн ус нийлүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Харин хий үйлдвэрлэж эрчим хүч гаргаж авах ажил нь 2026 оны зургадугаар сар хүртэл хойшилсон” гэв.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Энэ том бүтээн байгуулалтын зургадугаар сарын сүүлчээр Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээлж байсан юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай.

Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас өмнө нь мэдээлэл өгөхдөө шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98 хувьд хүрсэн бол тоног төхөөрөмж суурилуулах ажил 85 хувьтай үргэлжилж байна. Одоо гүйцэтгэгчид үлдсэн тоног төхөөрөмжийг суурилуулах, мөн дотор заслын ажлыг гүйцэтгэж байгаа гэж байв.
Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн.
Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ. Мөн Мянганы сорилын сангийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөөд буй.
3,595.72






















































Холбоотой мэдээ