Амьдралын утга учрын тухай асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Зарим хүн амьдралын бэрхшээл, уналт босолт, уучлал, ухаарал дунд тэрхүү хариултаа олж авдаг бол зарим нь урлаг, уран бүтээлээр дамжуулж амьдарлыг танин мэддэг. Тэдний нэг бол залуу жүжигчин Б.Должинсүрэн. Тэрбээр 2024 онд “Орфей” театрт тавигдсан “Амьдрахуй” жүжгийн гол дүрийг бүтээсэн юм. Монгол уншигчдад хэдийнээ танил болсон энэ зохиол жүжгийн хэлбэрээр амь орж, тайзнаа тавигдахдаа амьдралын тухай гүн сэдвийг хөндөж, хүн бүрийн дотор эргэцүүлэл төрүүлсэн бүтээл болсон билээ.
"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор залуу жүжигчин Б.Должинсүрэнг урьж, ярилцлаа.

БЯМБАДОРЖ ДОЛЖИНСҮРЭН
Төгссөн сургууль:
СУИС, Театрын урлагын их сургууль
Мэргэжил:
Театр, кино жүжигчин
Одоо эрхэлж буй ажил:
Театрын жүжигчин
Сошиал хуудас:
Suren Byambadorj /фэйсбүүк/
-ТАНЫГ ЯМАР НЭГЭН “ШИНЭ НЭР” ГЭЖ ТОДОРХОЙЛБОЛ, ТЭР НЭР ЮУ БАЙХ ВЭ?
-Өөрийгөө ямар нэгэн шинэ нэр гэж тодорхойлбол хамгийн түрүүнд "түгээгч" гэдэг үг орж ирж байна. Яагаад гэвэл би өөрт мэдрэгдсэн мэдрэмжийг бусдад бие махбод, сэтгэл зүрхээрээ дамжуулан түгээхийг хүсдэг. Зөвхөн мэргэжлээрээ биш хайр сэтгэл, сайхан энерги бүх зүйлийг түгээхийг хүсдэг.
-ТАНЫ ХУВЬД “АМЬДРАХУЙ” ГЭДЭГ ОЙЛГОЛТ ЯГ ЮУ ГЭСЭН УТГАТАЙ ВЭ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТОДОРХОЙЛБОЛ?
-Амьдрахуй гэдэг үгийг сонсохоор О.Дашбалбар гуайн "Тэнгэр шиг бай" шүлэг санаанд ордог. Миний хувьд амьдрахуй гэх ойлголт нэгдүгээрт амьд, түүн дээр нэмэх нь амьтай байна гэх утгыг илэрхийлж байгаа юм шиг санагддаг. Амьтай байгаа учраас амьдрах л ёстой. Хэчнээн хүнд мэдрэмжтэй, шантармаар, бууж өгмөөр санагдсан ч гэсэн шүдээ зуугаад ч болтугай тэсэж үлдсэний дараа эргээд харахад тэр хэцүү бүх цаг үе намайг бүтээдэг учраас тэрхэн зуурыг л даваад гарчих юм бол амьдралд өөр зөндөө сайн зүйл тохиолдоно гэдэгт итгэдэг. Тиймээс чи амьд байгаа л бол амьдар гэдэг үгийг өөртөө байнга сануулдаг.
Магадгүй хүн бүрт өөртөө болон бусдад сэтгэл дундуур, өөрийнхөө амьдралд, амьдарч буй орчиндоо, мэргэжилдээ сэтгэл дундуур үе тохиодог байх. Гэхдээ хамгийн гол нь чиний харах өнцөг ямар байна чиний амьдрал тийм л байна.
Хэн нэгэнтэй өөрийгөө жиших нь чиний амьдралыг улам хэцүү болгодог. Тиймээс ямар ч тохиолдолд урт амьсгаа аваад урагшаа алхах хэрэгтэй гэж боддог.
-"АМЬДРАХУЙ" РОМАНААС СЭДЭВЛЭСЭН ДРАМЫН ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРД ХЭН ТОГЛОХ, РОМАНЫГ ХЭРХЭН ҮЗЭГЧДЭД ХҮРГЭХ НЬ ҮЗЭЧДИЙН ДУНД ӨНДӨР ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН. ФЭН ШЯГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХ БОЛСОН ҮЕИЙН СЭТГЭГДЭЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
-Анх 2024 оны наймдугаар сард Фэн Шягийн дүрд шалгуулаач гэдэг саналыг аваад, шалгаруулалтад орж тэнцэж байсан. Тэр үед "Фэн Шягаа олчихлоо, чи яг бидний хайж байсан Фэн Шя байна" гэж надад хэлж байсан. Үүнийг сонсоод яг үнэндээ итгэж ч чадахгүй байсан. Яагаад гэвэл тухайн үед би ээж болоод мэргэжлээсээ завсарлаад хоёр жил орчим болчихсон байсан. Тиймээс энэ том жүжгийн гол дүрд шалгарна гэдэг надад гайхалтай мөртлөө маш том айдсыг дагуулж байсан. Одоо эргээд харахад үүний ард гарч чадсандаа өөрийгөө, мэргэжлээ маш их хайрладаг.

-ТУХАЙН ДҮРИЙН ДОТООД СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, ЗАН ЧАНАРЫГ ХЭРХЭН СУДАЛСАН БЭ? ФЭН ШЯГИЙН ДҮРИЙН ДОТООД ЕРТӨНЦӨД ОРЖ, СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ӨӨРИЙГӨӨ СОРЬСОН ХАМГИЙН ХЭЦҮҮ ХЭСЭГ ЮУ БАЙСАН БЭ?
–Фэн Шягийн дүрийг бүтээхийн тулд сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдэх нь чухал байсан. Яг үнэдээ сэтгэлзүйн хувьд үргэлж асар дээд эсвэл доор түвшинд байсан. Дунд түвшинд байж үзээгүй. Дүр дээрээ ажиллахын тулд эхлээд романаа маш сайн уншсан. Дараа нь жүжгийн зохиолоо уншаад найруулагчтайгаа, нөхөртэйгөө, өөртэйгөө ярилцдаг байсан. Мэдээлэл авч болох эх сурвалжуудаас сонсголын бэрхшээлтэй иргэдийн талаар судалж, энгийн амьдрал дээр хүртэл тэдгээр хүмүүстэй.уулзаж, ярилцах байдлаар дүрээ судалсан. Тухайн үед өдөр болгон чихэвчээ зүүгээд гудамжаар алхахдаа дүрээ бодож уйлдаг байсан. Энэ дүрийг бүтээхдээ амьдралдаа хэзээ ч авч байгаагүй олон төрлийн мэдрэмжийг авсан.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүний дүрийг бүтээнэ гэдэг жүжигчин хүнээс маш их мэдрэмж шаарддаг юм билээ. Зөвхөн бие болон сэтгэл хөдлөлөөрөө үзэгчдэд тухайн дүрийг хүргэж байгаа учраас жижигхэн үйл хөдлөл, нүдний харц бүртээ тогтож ажилладаг байсан.
Энгийн амьдрал дээр бодоход хүртэл ярихгүйгээр хүнд өөрийгөө ойлгуулна гэдэг хэцүү шүү дээ. Миний хувьд хамгийн хэцүү үзэгдэл гэвэл Фэн Шя айлд зарцлагдах гээд явдаг хэсэг, мөн төрөхийн хүндрэлээс болоод амиа алдахын өмнөх тэр эмэгтэйн дүрийг гаргах хамгийн хэцүү байсан. Тэр эмэгтэйд хайртай хүмүүстээ, эргэн тойрны хүмүүстээ хэлэх хэчнээн олон зүйл байсан бол гэж бодохоор сэтгэл хэцүү байдаг. Тиймээс өөрийгөө оронд нь тавьж үзэх байдлаар дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргахыг хичээсэн. Миний хувьд маш хэцүү дүр байсан.
-ДҮР БҮТЭЭХ ЯВЦАД ХАМГИЙН ИХ УХААРЧ, ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТАЛААС ОЛСОН ЗҮЙЛС ЮУ БАЙВ?
-Бүх зүйл харагдаж байгаа шигээ биш гэдгийг ойлгосон. Фэн Шя хэчнээн гаднаасаа халтар, ядуу зүдүү харагддаг ч гэсэн түүний дотоод сэтгэлд ямар агуу итгэл найдвар, хүнийг хайрлах юм сан гэсэн ухаан байдаг гэдгийг харсан. Жүжгийн тектэн дээр хэлдэг үг байдаг юм. "Тэр эмэгтэй өвдөлт ямар байдгийг мэддэг учраас, бусдыг өвтгөхгүйгээр хайрлахаа мэддэг байсан" гэх үг. Энэ үг намайг ч гэсэн илэрхийлж чадах юм шиг санагддаг.

-ТАЙЗНАА ГАРЧ БАЙХАД ТАНЫ ХАМГИЙН ТОМ АЙДАС ЮУ БАЙДАГ ВЭ? ТҮҮНИЙГ ХЭРХЭН ДАВДАГ ВЭ?
-Тайз болон дэлгэцийн урлаг хооронд нэг том ялгаа байдаг. Кинонд тоглоход түүнийг олон дахин давтаад үзэгчдэд хүргэх боломжтой. Харин тайз гэдэг үзэгчдийн өмнө шууд явдаг учраас алдаа гаргах, худлаа байх эрхгүй байдаг. Мэдрэмжээс мэдрэмжийг дамжуулж байгаа процесст би худлаа жүжиглээд, зовоод байвал хүнд худлаа л мэдрэмж өгнө. Тэгэхээр тайзан дээр гарах болгондоо айдаг. Би энэ зүг рүү алхах гэж байгаад, өөр зүг рүү алхчихвал яана аа гэх мэт.
Заримдаа тайз, гэрэл, уур амьсгал гээд дүрдээ бүр авчихсан үе байдаг. Тэр үедээ би харин юу ч боддоггүй. Яг л би тэр дүр юм шиг мэдэрдэг. Тиймээс би хамгийн гол нь үзэгчдэд худлаа мэдрэмж өгөх вий гэдгээс л айдаг.
Үзэгчид биднийг хүлээж байгааг хараад тайзны ард нэг гүнзгий амьсгаа аваад алхаад гарах мэдрэмж үнэхээр гоё. Тухайн жүжигчин сайн байсан муу байсан гэдгийг жүжиг дуусахад үзэгчид алга ташилтаар хэлээд өгдөг. Тиймээс өнөөдөр би сайн байлаа маргааш ч гэсэн чадна гэж өөртөө хэлдэг.
-УРАН БҮТЭЭЛД ЧИНЬ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН НЭГ МӨЧ, ЭСВЭЛ ҮЙЛ ЯВДАЛ ЮУ БАЙВ?
-Миний амьдралын бүхий л мөчүүд гэж хэлнэ. Миний амьдралд учирсан, ярилцсан хүн бүрээс суралцах зүйлээ сурсан гэж боддог. Ялангуяа МУГЖ Д.Ганцэцэг эгчээсээ жүжигчин хүн ямар байх ёстой, дүр дээрээ яаж ажиллах ёстой гэх мэт маш үнэтэй зүйлсийг сурсандаа баярлаж явдаг.
-ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?
-Би Баянхонгор аймагт төрсөн. 2011 онд, намайг 11 настай байхад эгч маань нас барсан. Энэ явдал манай гэр бүлийн хувьд маш хүнд үе байсан. Эгчийг өнгөрснөөс хойш гурав дахь хоног дээр манай аймагт Д.Сосорбарам гуайн нэрэмжит тэмцээн болж байлаа.
Тэр үед би гэрийнхээ хаяанд зүгээр л тэнгэр ширтээд сууж байсан. Тэгтэл аав ирээд “Миний охин, үхсэний араас үхдэггүй юм. Шүлгээ цээжил, хоёулаа тэмцээндээ орно” гэж хэлсэн. Аавынхаа үгэнд ороод шүлгээ цээжилж, тэр тэмцээнд оролцсон. Тэгээд Гран-при шагнал авч, түрүүлж байсан. Тайзан дээр зогсож байхад Д.Сосорбарам гуай надад “чи намайг тоовол миний шавь болоод жүжигчин бол” гэж хэлсэн. Тэр үг надад их тод санагддаг. Тэр мөчөөс хойш л “Би жүжигчин болно” гэж бодсон.
Амьдралын минь хамгийн хүнд үед аав, ээж хоёр минь намайг дэмжиж, урам өгч, ирээдүйн замд минь хөтөлсөн гэж боддог.
–ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
-Манай аавыг Бямбадорж, ээжийг маань Тунгалаг гэдэг. Энэ завшааныг ашиглаад, та хоёртоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Та хоёрын минь өгсөн сэтгэлийн хат, урам зориг, дэмжлэгийн ачаар өнөөдрийн би бий болсон шүү гэж хэлмээр байна. Аав, ээж хоёр минь одоо Баянхонгор аймагтаа оршин суудаг эгэл жирийн хүмүүс байдаг.
-АНХНЫ АМЖИЛТ
-Анхны амжилт гэвэл би анх 2006 онд Баянхонгор аймагтаа "Бяцхан Мисс" тэмцээнд түрүүлж байсан.

-АМЬДРАЛД ТАНЬ ХАМГИЙН ИХ УРАМ ЗОРИГ ӨГДӨГ ЗҮЙЛС ЮУ ВЭ?
-Байгаль, миний охин, миний гэр бүл, миний мэргэжил гэж хэлнэ. Мөн шүлгийн ном уншиж, шүлэг бичих дуртай.
-ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Миний хувьд аливаа зүйлийг төлөвлөх гэхээс илүү өнөөдөртөө амьдардаг. Хамгийн гол нь бие, сэтгэл эрүүл байхыг л зорьдог. Тэгж чадвал бүх зүйл аяндаа болно. Мундаг жүжигчин болно гэж зорихоос илүү өөрийнхөө хүссэн дүрд тоглоод, чимээгүй гэхдээ хамгийн сайнаараа хийх нь надад тухтай байдаг.
-ТАЙЗ, КИНО, УРЛАГИЙН ТӨРЛҮҮДЭЭС ГАДНА ХОББИ, ДУРТАЙ ЗҮЙЛ ЧИНЬ ЮУ ВЭ?
-Иог хийх дуртай. Одоогоор энэ чиглэлээ илүү хөгжүүлж, цаашдаа иогийн багш болохоор бэлтгэж байгаа. Спортоос гэвэл сагсан бөмбөг тоглодог. Амьд хөгжим сонсох, байгальд гарах, ууланд алхах дуртай.
-ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ
-Амар тайван, эрүүл, жаргалтай амьдрах.
-ҮЕ ТЭНГИЙН ЗАЛУУСТАА ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ, ЗӨВЛӨГӨӨ
-Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал улам л баялаг болдог юм байна. Тиймээс өөрийгөө хайрлаарай, бусдыг хайрлаарай, байгалиа хайрлаарай гэж л хэлмээр байна. Би тийм мундаг хүн биш болохоор яг юу гэж зөвлөхөө мэдэхгүй ч… Болно доо. Яваад байхад, болдог юм билээ.
3,593.62













Нэргүй 2025-10-10 202.126.91.69
мундаг авьяастай нээх хөөрхөн инээдэг охин шүү 10жилдээ манай а бүлэгт байдаг байсан хараад бахархдаг 🫶🫂 амжилт хүсье даа
Нэргүй 2025-10-10 103.57.94.171
Хэдэн онд, хэнийд төрсөн хүн ийм домбоорсон төвд нэр тэй бөйдаг бнаа, кх км кх
Нэргүй 2025-10-10 66.181.188.200
hehe unen.