"Cool"-ээ алдаагүй Клаудиа Шейнбаумын нууц

"Cool"-ээ алдаагүй Клаудиа Шейнбаумын нууц

"Cool"-ээ алдаагүй Клаудиа Шейнбаумын нууц

Клаудиа Шейнбаум Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэр ард түмний дэмжлэгийг алдсангүй, итгэл хүлээсэн нэгэн хэвээрээ байна. Наймдугаар сард явуулсан санал асуулгыг харвал мексикчүүдийн 70 орчим хувь нь түүний гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаа аж. Хэдийгээр энэ нь хоёрдугаар сард 80 хувь байснаасаа буурсан үзүүлэлт боловч хоёр дахиа ерөнхийлөгчөөр сонгогдсон ч 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа Трамптай харьцуулашгүй.

Тэгвэл Шейнбаумын амжилтын нууц юу вэ?

Судалгаанаас харахад Шейнбаумын нэр хүндийг хамгийн ихээр өргөсөн зүйл нь ахмад настан, оюутнууд, өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүд зэрэг олон сая иргэнд зориулсан нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрийг өргөжүүлсэн явдал. "Бүх нийтийн сайн сайхны төлөө ядуусыг нэгдүгээрт тавьна" гэх уриатай энэ хөтөлбөр нь ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез Обрадорыг ч бас маш их нэр хүндтэй болгож байв.

Шейнбаум ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Лопез Обрадорын бодлогыг үргэлжлүүлнэ гэж амласан нь олны таашаалд хамгийн их нийцжээ. Эцэст нь засгийн эрхэнд гарсан хойноо Шейнбаум иргэдийн хүлээлтээс давсан гүйцэтгэлийг үзүүлсэн аж.

Шинжээчид түүний амжилтын нууцаар гурван онцгой зүйлийг нэрлэж байна:

АНУ болон Трамптай харилцах харилцаа

Клаудиа Шейнбаум АНУ-ын ерөнхийлөгчтэй харилцахдаа хэт сэтгэл хөдлөлгүйгээр сийрэг толгойтой байж чаддаг. Трамп Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэх, хар тамхины бүлэглэлүүдийг террорист байгууллага гэж зарлах зэргээр Шейнбаумд багагүй дарамт шахалт үзүүлсэн. Шейнбаум ч хар тамхины наймааг таслан зогсоохын тулд АНУ-ын хил дээрх цэргийн тоог нэмэгдүүлэх, АНУ-аас албадан гаргасан олон мянган цагаачийг хүлээн авах, Америкийн засгийн газраас эрэн сурвалжилж буй хууль бус бүлэглэлүүдийг шилжүүлэн өгөх зэргээр Трампын олон шаардлагыг биелүүлсэн.

Аюулгүй байдал, цагаачлал зэрэг асуудлаар Шейнбаум АНУ-тай хамтран ажилладаг ч гэлээ Мексикийн тусгаар тогтнол, шийдвэр гаргах эрхийг хүндэтгэхийг шаарддаг.

Тэрбээр өнгөрсөн Ням гаригт Мехико хотын алдарт Эль Зокало талбайд ард иргэдэд хандан үг хэлэхдээ ч энэ шаардлагаа бататгасан юм. Тэрбээр "Мексик бол хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрдөггүй, эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс" гэж онцлон тэмдэглэжээ.

Гэмт хэргийн эсрэг тэмцэл

Албан ёсны тоо баримтаас үзвэл, Шейнбаум бүрэн эрхийн эхний жилд хортой үр дагавартай гэмт хэргийн тоо огцом буурчээ. Тодруулбал, өнгөрсөн 11 сарын хугацаанд Мексикт санаатай хүн амины хэрэг 23,917 бүртгэгдсэн нь Лопез Обрадорын эхний 11 сарын хугацаанд 31,801 хэрэг бүртгэгдэж байснаас буурсан үзүүлэлт юм.

Гэхдээ гэмт хэргийн гаралт бүс нутаг бүрт харилцан адилгүй гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, баруун хойд Синалоа мужид хар тамхины наймаачин Исмаэль "Эль Майо" Замбадаг 2024 оны долдугаар сард баривчилснаас хойш санаатай хүн амины хэрэг 400 хувиар өсчээ. Түүнийг баривчилснаас хойш гэмт бүлэглэлүүд өөр хоорондоо мөргөлдөх болсонтой энэ нь холбоотой.

Үндэсний статистик, газарзүйн хүрээлэнгийн тайланд дурдсанаар, мексикчүүдийн ойролцоогоор 63.2 хувь нь оршин суугаа газраа аюулгүй гэдэгт итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх мексик хүний хувьд аюулгүй байдал хамгийн анхаарууштай асуудал хэвээр байна.

Шейнбаумын амжилтын бас нэгэн нууц нь авлигын эсрэг тэмцэл. Тэрбээр Мексикт томоохон асуудал болоод байгаа шатахууны хулгайн гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцэж байна. Мексикт гэмт хэргийн бүлэглэлүүд хууль бусаар ашиг олох зорилгоор бензин, дизель түлш хулгайлах нь элбэг. Энэ бизнес чөлөөтэй цэцэглэж буйн ард засгийн газрын албан тушаалтнууд байдаг.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн сард их хэмжээний шатахуун хууль бусаар хил нэвтрүүлдэг схемтэй холбоотой байж болзошгүй 14 хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд тэнгисийн явган цэрэг, гаалийн ажилтан асан, бизнес эрхлэгчид байсан аж. Энэ үйл явдал нь Шейнбаумын авлигын эсрэг тэмцлийн нэг амжилт болсон.

Хөлбөмбөгийн ДАШТ

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Мексик улс АНУ, Канадтай хамтран зохион байгуулахаар болсон. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг түүхэндээ анх удаа гурван улс хамтран зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед Шейнбаумын нэр хүнд дахин шинээр өсөв.

Харин Мексик улсын тухайд гурав дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж буй нь энэ. Өмнө нь 1970, 1986 онуудад зохион байгуулж байжээ.

Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн энэ үйл явдлыг жуулчин татах, орлого олох боломж гэж харж байна. Үүний зэрэгцээ Мехико, Гвадалахара, Монтеррей зэрэг гурван хотод дэд бүтцийн асуудал байгаа гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна.

Өнгөрсөн зун Мехико хотод түүхэнд байгаагүй их хэмжээний бороо хур орсон. Үер, борооны улмаас замууд эвдэрч, хотын нийтийн тээврийн гол сүлжээ болох метроны үйл ажиллагаа доголдсон. Энэ бүхний дараа Мехико хот дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж чадах уу гэдэг асуулт үүсээд буй.

Клаудиа Шейнбаумын хувьд энэ тэмцээнийг Мексикийг дэлхийд харуулах боломж гэж харж байна. Тиймээс энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ард амжилттай гарч чадвал түүний нэр хүнд улам өсөх болно.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батэр 2025-10-10 174.226.57.164

Cool ээ алдаагүй ч гэх юу гэхэв дээ

Avatar

Хи хи хи хи 2025-10-10 202.9.47.40

Цаг цөвүүн болоход эмс эзний ширээнд заларч, ямааны мах ямбатны царанд орно оо гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж