Засгийн газар "Оюутолгой" төслийн зээлийн хүүг бууруулахын тулд энэ асуудлаар “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй хэлэлцээрт орж, үр дүн гаргахыг чармайж байгаа ч ахиц гарах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм.
Учир нь, төсөл анх хэрэгжсэн 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 16 жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлсэн гэж үздэг.
Энэ зээлийн 6.1 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-гоос авсан бөгөөд хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж 12 тэрбум ам.долларт хүрсэн.
Нэг үгээр хэлбэл, төлөх ёстой зээлийн талаас илүү нь хүүгийн хүү болж хуримтлагдсан гэдэг асуудлыг нэр бүхий гишүүд хөндөх болсон. Иймээс зээлийн хүүг бууруулах ёстой гэж үздэг. Анх төслийг хэрэгжүүлж байх үед буюу 2009 онд зээлийн хүүг 11.1 хувиар тооцож тогтоосон. Түүнээс хойш төслийн эрсдэл буурсаар өнөөдрийн хувьд бараг 0 хувьтай болсон. Иймээс дээрх хүүг зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үздэг.
Өмнөх Засгийн газрын үед ч энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг ажиллаж байсан бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “Оюутолгой төсөл эхэн үедээ хамгийн эрсдэл өндөртэй төсөл байсан, одоо бол баталгаатай болсон учраас зээлийн хүүг бууруулах боломжтой” гэдэг тайлбар хэлж суусан удаатай.
Тэгвэл "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчэс олгосон зээлийн хүүг бууруулах эл асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн сарын сүүлээр мэдээлэл өгөх үеэрээ “Оюутолгой" төслийн зээлийн хүүгийн 11.1 хувийг бууруулна, 2018 оноос хойш долоон жил тутамд зээлийн хүүг эргэж харна гэж заасан байна лээ. Яагаад долоон жил гэж заасныг мэдэхгүй үүнийг багасгана. Мөн хүүгээс хүү боддог аргачлалын үр дүнд анх авсан 6 тэрбум нь 12 тэрбум болчхоод байна. Энэ мэт асуудлыг гэрээний хэлэлцээрийн үр дүнд засч сайжруулна” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Засгийн газар талаас байгуулагдсан дээрх ажлын хэсэг "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт “Рио Тинто” компанийн төлөөллийг оролцуулах шийдвэрийг өчигдрийн ажлын хэсгийн хуралдаанаас гаргав.
Гол нь “Рио Тинто” компани энэ асуудлаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээрт хэзээ орох вэ. Хэлэлцээр эхэлснээр хэр хугацаанд хоёр тал харилцан ойлголцолд хүрч, зээлийн хүүг бууруулах бололцоо бүрдэх вэ гэдэг анхаарлын халуун сэдэв болж буй.
Хэрэв энэхүү зээлийн хүүг бууруулж чадахгүй бол Монгол Улсын Оюутолгой төслөөс хүртэх өгөөж бууурах, хойшлох эрсдэлтэй гэж үздэг.
Учир нь, Хувь нийлүүлэгчийн гэрээнд 7 жил тутамд хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийн тодорхойлолтод буй хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх зохицуулалт туссан бөгөөд холбогдох талууд зөвшөөрснөөр хувийг өөрчлөх боломжтой. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх боломжит хугацаа энэ онд тохиосон. Гэвч одоо хэр нь “Рио Тинто”-гийн талтай эл асуудлаар хэлэлцээрт ороогүй сууж байгаа нь боломжит хугацааг ашиглаж чадахгүй өнгөрөх вий гэдэг болгоомжлол ч төрүүлэх болсон юм.
Хэрэв манай талаас санал болгох зээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулах хүсэлтийг айлын тал хүлээн авбал Монгол Улсын Засгийн газарт ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол гарсан байдаг.
Нөгөө талдаа УИХ-ын зарим гишүүд “Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувиа АМНАТ-өөр орлуулан тооцдог болох шаардлагатай. Мөн АМНАТ-ийг тогтоохдоо "Оюутолгой" төсөл дээр 5 хувиар тооцож тогтоосон, үүнийг өөрчилж “Эрдэнэт” үйлдвэрийн нэгэн адил төвшинд буюу 10 хувиар тооцож авах ёстой ” гэдэг асуудлыг ч хөндөх болсон. Гэхдээ ажлын хэсгийнхний хувьд эхний ээлжинд зээлийн хүүг бууруулахад гол анхаарлаа тавьж байна.
Зээлийн хүүг бууруулж чадвал Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд нэгэн том үйл хэргийг бүтээж чадна гэсэн үг.
Оюутолгой орд нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибденийн нөөцтэй гэж үздэг. “Эрдэнэт” –ийн зэсийн нөөцөөс долоо дахин их нөөцтэй ордод хамаардаг юм.
Г.ХОРОЛ
3,595.72






















































Холбоотой мэдээ