Канадын ерөнхий сайд Марк Карни Мягмар гаригт Цагаан ордны Зууван танхимд айлчлахдаа иж бүрэн бэлтгэл хангаж очжээ. Урт удаан үргэлжилж буй худалдааны хэлэлцээ, улс орныг нь өөртөө нэгтгэнэ гэх заналхийллийг саармагжуулах түүний оролдлого тодорхой хэмжээнд үр дүн гаргаж магадгүй байна. Тэрбээр Бүгд найрамдах намыг илэрхийлэх улаан өнгийн зангиа зүүж очсоноор барахгүй, "Танд зориулж улааныг зүүлээ" гэж Трампад хэлсэн байна. Харин Трамп хөх зангиа зүүжээ.
Ган, хөнгөн цагаан, автомашин, мод зэрэг Канадын бүтээгдэхүүнүүдийн тарифыг бууруулах талаар Трамптай тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ Марк Карни төдийлөн итгэлгүй байсан болов уу. Гэсэн ч Карни тэргүүтэй төлөөлөгчдийг сайхан мэдээтэй буцаана гэж Трамп амласан аж. Чухам ямар сайхан мэдээ гэдгийг Трамп тодорхой хэлээгүй. Сэтгүүлчид түүнээс дэлгэрүүлж асуухад "Та нар удахгүй мэднэ ээ" гэж хариулжээ.
Канадууд одоогоор хоёр улсын харилцаанд сэтгэл дундуур байгааг Трамп хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ "Тэд удахгүй биднийг дахин хайрлах байх аа" гэжээ.
"Их-7"-ийн орнууд дундаас татвараас зайлсхийхийн тулд АНУ-тай гэрээ байгуулаагүй байгаа ганц улс нь Канад. Энэ нь өдгөө Канадын эдийн засаг болон ерөнхий сайд Марк Карнигийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй.
Марк Карни өнгөрсөн хавар албан тушаалаа хүлээж авснаасаа хойш нарийхан олсон дээгүүр алхаж эхэлсэн гэхэд болно. Ерөнхий сайд асан Жастин Трюдо багагүй балаг тариад, албан тушаалаасаа буусан тул Марк Карнид хурцадмал байдлыг намжаах томоохон үүрэг ногдсон. Жастин Трюдо албан тушаалд байхдаа АНУ-ын тарифыг "тэнэг" гэж нэрлээд, Трампыг Путинд зусардсан гэж буруушаажээ.
Карни тавдугаар сард Зууван танхимд анх зочлохдоо "Канадыг хэзээ ч худалдахгүй" гэж шийдэмгий хэлсэн билээ. Трамп хариуд нь "Хэзээ ч гэж хэзээ ч бүү хэл" гэсэн юм.
Энэ удаагийн айлчлалаараа Карни түүнийг хөрвөх чадвартай ерөнхийлөгч гэж сайшаажээ. Харин Трамп Канадыг АНУ-д нэгтгэх асуудлыг дахин хөндсөн. "Цаг дуусах нь байна. Гэхдээ олон талаасаа энэ бол хамгийн чухал асуудал. Канад, АНУ хоёрыг нэгтгэх үү?" гэж Трамп асуухад Карни хариуд нь "Үгүй. Би ийм зүйл ярих гээгүй" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн хариулжээ. Ямартай ч уулзалтын ихэнх хугацаанд Трамп голчлон ярьсан байна.
АНУ руу аялах канадуудын хөл эрс татарсан. Зарим дэлгүүр америк бараа бүтээгдэхүүнүүдийг лангуунаасаа эргүүлэн татсан. Сайн хөршүүдийн харилцаа муудсанд олон канад хүн сэтгэл дундуур байгаа. Трампын хэлж буйгаар энэ мэт хаалттай байдал нь хэлэлцээг улам хүндрүүлж байгаа аж.
3,593.62






















































Нэргүй 2025-10-08 209.53.30.81
энэ либералууд байсан цагт Канад хэзээ ч урагшлахгүй ээ