Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал тун сонирхолтой эхэлж, багууд зуны гэрийн даалгавраа шалгуулж байна. Зарим багууд эрс өөрчлөлтийг хийж, шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн бол зарим нь өмнөх бүрэлдэхүүнээ сайжруулж, туршлагажуулж өрсөлдөөнд орж иржээ. Энэ долоо хоногт нэгэн түүхэн үйл явдал болсон нь дээд лигт тоглосон аав, хүү нарын эгнээ нэгээр тэлэв. Тодруулбал, Дархан Юнайтедын багийн шинэ тамирчин И.Эрхэмбилэг талбайд гарснаар аавынхаа адилаар дээд лигийн тоглогч боллоо. Түүний аав нь Монголын сагсан бөмбөгийн амьд домог Г.Ихбаяр билээ.
Дээрх үйл явдалтай холбогдуулан та бүхэндээ дээд лигт тоглосон аав, хүү нарыг танилцуулъя.
Г.ИХБАЯР – ХҮҮ ЭРХЭМБИЛЭГ

Дарханы сагсан бөмбөгийн тод од, нүүр царай байсан Г.Ихбаяр их спортоосоо зодог тайлаад багагүй хугацааг үджээ. Гарьд багтайгаа дээд лигт ноёлж, Монголын шигшээ багийн холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж байсан түүний хувьд сүүлд Австралийг улсыг зорьсон. Харин түүний хүү И.Эрхэмбилэг тус улсад сагсан бөмбөгийн эрдэмд шамдаж, эцэст нь эх орондоо эргэн ирж, дээд лигийн тамирчин болов. Дарханы баг ч хотынхоо домог болсон тамирчны хүүг халуун дулаан угтжээ.
О.БАЯРЦОГТ – ХҮҮ ДАВААСАЙХАН

Монголын сагсан бөмбөгийн цөөн гавьяатуудын нэг О.Баярцогт тамирчин болон дасгалжуулагчийн хувиар дээд лигт түрүүлсэн амжилттай ховор амжилтын эзэн. Тэрбээр тамирчин ахуйдаа алдарт Бизнесийн Чөтгөрүүд багтайгаа дээд лигт түрүүлж, нэрээ цуурайтуулсан. Зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, Хасын Хүлэгүүдтэй дээд лигийн аварга болоод зогсохгүй Монголын шигшээ багийг удирдаж, тив дэлхийд гайхагдаж байлаа. Сүүлд эмэгтэй баг хүртэл дасгалжуулж, дээд лигийн аварга болсон гэхээр үнэхээр ховор амжилтыг үзүүлжээ. Өдгөө тэрбээр оюутны лигийн Этүгэн Ирвэсүүд багаа удирдаж, залуу авьяаслаг тамирчдыг мэргэжлийн тамирчин болох замд нь хөтөлж байна.
Харин түүний хүү Б.Даваасайхан багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, ахлах сургуульдаа Японыг зорьж, тэнд сагсан бөмбөгийн соёлд суралцсан тамирчин. Зуны лигүүдэд тоглож, багагүй туршлага хуримтлуулсан түүний хувьд Налайх Бизон багийн бүрэлдэхүүнд багтаж, плей-оффын шийдвэрлэх тоглолтуудад ч тоглож үзсэн.
О.БАЯРСҮХ – ХҮҮ МӨНХНАРАН

О.Баярцогт гавьяатын дүү О.Баярсүх агсан ч үедээ шилдгүүдийн нэгт тооцогдож явлаа. Алтайн Бүргэдүүд багт тоглож байсан тэрбээр 1995-1996 оны улиралд дээд лигийн "Тэргүүн тоглогч" болсон түүхтэй. Мөн дээд лигийн анхны 2000 онооны эзэн гэх алдар түүнийг дагадаг. Харамсалтай нь Алтайн Бүргэдүүд баг хоёр ч удаа аварга авах боломжтой байсан хэдий ч Бизнесийн Чөтгөрүүдийг дийлээгүй билээ.
О.Баярсүх агсны хүү Б.Мөнхнаран дээд лигт авга ахынхаа удирдаж байсан 23 Стормс багийн бүрэлдэхүүнд тоглож, аавынхаа үргэлжлэл болсон тамирчин.
Ц.ШАРАВЖАМЦ – ХҮҮ ЭНХИЙН-ОД

Гурван удаа дээд лигийн аварга болсон "1+11" багийн гол тоглогч Ц.Шаравжамцын талаар мэдэхгүй хүн байхгүй биз. Түүний хувьд нийт дөрвөн удаа дээд лигийн аварга болсон түүхтэй. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх түүний хувьд олон улсад эх орныхоо нэрийг тахалдаг байв.
Тэгвэл одоо түүний бага хүү Ш.Энхийн-Од АНУ-д түүх бүтээж яваа. Гэхдээ АНУ-д суурьшихаасаа өмнө Ш.Энхийн-Од тухайн үеийн Хан-Уул Хангарьд багаас дээд лигийн дебютээ хийж, хожим нь IHC Эйпс багт дахин тоглосон түүхтэй. 17 насандаа л дээд лигт цойлж явсан авьяастан.
Ж.ОТГОНДАРЬ ХҮҮ ТУЛГА

Лигийн гурван удаагийн аварга Ж.Отгондарь бол үедээ шидэлт сайтай, тэгш тоглогч гэдгээрээ алдартай байсан. Лидер, Монсоник багийн бүрэлдэхүүнд гангарч байсан тэрбээр шигшээ багт ч дуудагдсан түүхтэй. Түүний хүү О.Тулга сүүлийн жилүүдэд Монголын сагсан бөмбөгт үнэд орж буй. Архангай Алтан Дорнодын Дайчид багаас дээд лигийн дебютээ хийсэн тэрбээр өдгөө Сэлэнгэ Бодонсын салшгүй хэсэг болжээ. Сүүлийн хоёр улирал О.Тулгын өсөлт, хөгжил гайхмаар байгаа. Амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртэж, Демаркус Казинсын холбогч хүртэл болжээ. Удахгүй аавынхаа адилаар дээд лигийн аварга болох биз.
Ш.СЭДБАЗАР ХҮҮ ТӨГӨЛДӨР

ЛеБрон Жэймсээс өмнө хүүтэйгээ хамт мэргэжлийн лигийн талбайд гарсан хүн бол Ш.Сэдбазар. Зодог тайлсан ч удалгүй 41 насандаа дээд лигийн талбайдаа эргэн ирж, хүү С.Төгөлдөртэйгээ Эйпсийн өмсгөлтэй хамтдаа талбайд гарсан нь түүхэн үйл явдал байсан.
Ш.Сэдбазар 1998 онд дээд лигийн аварга болж, 2006 онд "Тэргүүн тоглогч" болсон нэгэн. Олон жил шигшээ багийн ачааны хүндийг үүрч, тэгш тоглолтоороо гайхагдаж байв. Түүний хүү С.Төгөлдөр ч сүүлийн үед цахиур хагалж буй. Өнгөрсөн жил Уурхайчид багаас дээд лигтээ эргэн тоглосон тэрбээр энэ улирал Сэлэнгэ Бодонс багийн бүрэлдэхүүнд нэгдсэн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ багт багтаж, 23 хүртэлх насны дэлхийн аваргад оролцсон билээ.
А.ЭНХБААТАР ХҮҮ МӨНХБАЯР

Эрдэнэдрийлинг Ригс гэж дээд лигийн чимэг болсон баг байлаа. Улирал бүр л аваргын төлөө өрсөлддөг байсан тус багийг А.Энхбаатар удирдаж байв. Түүний удирдлага дор өнөө цагийн дээд лигийн шилдгүүд, хуучны домгууд тоглож байсан. Өөрөө ч Монсоник, Цолмон багийн бүрэлдэхүүнд тоглож, дотоод, гадаадын тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн. Харин хүү Э.Мөнхбаяр нь Хасын Хүлэгүүдээс дээд лигийн дебютээ хийж, тухайн улиралдаа түрүүлж байсан бол дараа жил нь Эрдэнэтийн Уурхайчидын бүрэлдэхүүнд дахин дээд лигт түрүүлсэн. Өдгөө SG Эйпс багт тоглож байна.
Д.ГАНХУЯГ ХҮҮ ДӨЛГӨӨН

Бөхчүүд сагсан бөмбөгийн спортод авьяастай байдгийн тод төлөөлөл бол улсын арслан Д.Ганхуяг. Залуухан хүү МУБИС-ийн оюутан болоход гавьяат дасгалжуулагч Б.Дамба багш түүнийг сагсан бөмбөгт тоглохыг урьж байсан гэдэг. Ийнхүү бөхийн бэлтгэлийн хажуугаар сагсан бөмбөг тоглож эхэлсэн түүхтэй. Б.Дамба багшийн Генералууд баг ч тухайн үедээ дээд лигийн чанга багуудын тоонд орж явсан.
Хүчит арслангийн хүү Г.Дөлгөөн энэ улирал дээд лигийн дебютээ хийж, Эйпсийн өмсгөлтэй нээлтийн тоглолтдоо гангарсан. Энэ эрчээрээ байвал ч Эйпс энэ жил аварга авахыг үгүйсгэхгүй. АНУ-д сагсан бөмбөгийн эрдэмд гүнзгийрч, коллежийн өрсөлдөөнд бэлтгэгдсэн тэрбээр хэдийнэ шигшээ багийн тамирчин болсон.
Б.ДАВААДОРЖ ХҮҮ Д.ДӨЛГӨӨНМӨРӨН

1996 оны дээд лигийн "Шилдэг залуу тоглогч"-ийн шагналыг хүртсэн Б.Даваадоржийг хуучны сагсан бөмбөг сонирхогчид Алтайн Бүргэдүүд багт тоглож байсан гэдгээр нь сайн мэдэх биз. Бүх оддын тоглолтод хүртэл сонгогдож, авьяас чадвараа гайхуулсан тамирчин. Түүний хүү Д.Дөлгөөнмөрөн ч бүх оддын тоглолтод сонгогдож, аав хүү хоёр бүх одод болсон ховор амжилтын эзэд болжээ.
Өдгөө Д.Дөлгөөнмөрөн BCH Найтс багийн бүрэлдэхүүнд тоглож байна. Анх дээд лигт гайхагдаж, хүлээлт үүсгэсэн тэрбээр сүүлийн үед бэртлийн улмаас хүссэн тоглолтоо гаргаж чадахгүй л явна.
П.БАТЗАЯА – ХҮҮ ЭРХЭС

Монголын сагсан бөмбөгт Пиппен гэж дархлагдсан хүн бол П.Батзаяа. Уран гоёмсог тоглолттой, хамгаалалт сайтай, хүчтэй тохолтуудыг толилуулдаг гээд түүний талаар дурдаад дуусахгүй. П.Батзаяагийн тоглолтыг Спортын төв ордонд үзээд сагсан бөмбөгт дурласан хүүхэд, залуус ч олон биз. Үедээ шилдгүүдийн тоонд орж, шигшээ багийн өмсгөлтэй ч олон улсад цөөнгүй удаа хүч үзсэн. Мөн л тухайн үеийн домогт Алтайн Бүргэдүүд багт хүчин зүтгэж, дээд лигээс мөнгөн медаль дараалан хүртэж байлаа.
Харин түүний хүү Б.Эрхэс Хасын Хүлэгүүд багийн өмсгөлтэй дээд лигийн аварга болж байсан нэгэн. Сүүлд 23 Стормс багаас дээд лигт тоглосон билээ.
Ц.ЦЭВЭРБАЛ ХҮҮ ПҮРЭВДОРЖ

Монголын сагсан бөмбөгийг Ц.Цэвэрбал гэх хүнгүйгээр төсөөлж боломгүй. Амьдралынхаа 50 гаруй жилийг энэ спортод зориулж, олон гайхалтай тамирчдыг бэлтгэсэн. Түүний шавь нар өдгөө Монголын сагсан бөмбөгт хийдгээ хийж, хөдөлмөрөө үнэлүүлж байна. Өөрөө ч "Алдар" нийгэмлэгийн тамирчин болж, талбайд эд хаваа гайхуулж явсан удаатай. Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяатын хүү Ц.Пүрэвдорж ч цагтаа дээд лигийн талбайд шуугиулж байсан. "Бүүдээ" гэж үеийнхэн дундаа алдаршсан түүний бөмбөг эзэмших чадвар, дундын зайн үсрэлттэй шидэлт алдартай.
3,593.62






















































Нэргүй 2025-10-09 103.168.34.200
Балай юм. Ганц хоёроос бусад нь эцгийн нэрээр …