Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей нэгэн цагт зоригтой шинэчлэгч гэж нэрлэгдэж байсан бол одоо улс орны тогтворгүй байдал, эдийн засгийн асуудлыг хөгжмийн тоглолтоор намжаах гэсэн "рок од" болж хувирчээ. Тэрбээр Даваа гаригийн орой (2025.10.05) улс орон тулгамдаж буй асуудлыг түр хойш тавьж, дэмжигчдийн тоогоо нэмэх зорилгоор рок тоглолт хийсэн байна. Гэхдээ Милейг "Rolling Stones" хамтлагт хүндэтгэл үзүүлэн ижил стиль, имижээр дууг нь дуулдаг байсан хамтлагийн гишүүн байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тэрбээр Буэнос-Айресын "Movistar Arena"-д хэдэн мянган "Rolling Stones" хамтлагийн фенүүдийн өмнө арьсан савхитай гарч, 1980-аад оны рок дууны тоглолт хийжээ.
Милей мөн тоглолтын үеэр үзэгчдэд хандаж, "Би энгийн нэгэн хүн. Тийм санагдахгүй байж болох ч би зүгээр л хүн" гэж хэлсэн байна. Харин тоглолтын төгсгөлд улс орны өнөөгийн нөхцөл байдлын тухай хэлэлцүүлэг болжээ.
Милей 2023 оны сүүлд ерөнхийлөгч болсон бөгөөд Аргентины нуран унах дөхсөн эдийн засгийг аварч, эрх баригчдын зах хязгааргүй тансаглалыг тасална гэж амлаж байв. Эхэндээ түүний бодлого хэрэгжиж, Аргентины инфляци бууран, олон улсын удирдагчид түүнээс үлгэр жишээ авч байсан. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл Милейг магтан сайшааж, "Аргентиныг дахин агуу болго" гэж хэлж байжээ. Гэхдээ сүүлийн үед нөхцөл байдал орвонгоороо эргэж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Аргентины песо үнээ огцом алдаж, засгийн газар хөрөнгө мөнгөгүй болсон. Түүний нам Буэнос-Айресын томоохон сонгуульд ялагдал хүлээсэн бөгөөд ойрын холбоотон Хосе Луис Эсперт хар тамхины наймаачнаас мөнгө авсан нь илчлэгдсэн.
Үүгээр ч дутахгүй Милейгийн дүү охин бөгөөд түүний штабын дарга Карина авлигын хэрэгт нэр холбогдсон байна.
Эдгээр хэрэг явдлаас болж Милейгийн нам болон түүнд зарим эрх баригч, иргэд итгэл алдрах болсон гэж улстөрийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Түүнчлэн, эхэндээ үр өгөөжөө өгч байсан засгийн газрын зардлыг танах Милейгийн бодлого хэрэгжиж байсан ч яваандаа энэ нь тэтгэвэр, тэтгэмж, эмнэлэг, их, дээд сургууль болон нийтийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Зарим ажиглагчид Милейгийн цэвэр, шударга удирдагчийн дүр төрх маш их гэмтсэн гэж мэдэгджээ. "Ёс суртахууны итгэл алдарсан. Хүлээлт унасан. Хүмүүс түүнд итгэхээ больсон" гэж зарим иргэдийн төлөөлөл орон нутгийн хэвлэлд ярьсан байв. Аргентины нөхцөл байдал хүнд, улс нь дампуурах магадлалтай болсон тул АНУ-ын ерөнхийлөгч Трамп тус улсад 20 тэрбум ам.долларын зээл олгох болжээ.
Трамп энэ шийдвэрийн талаар хэлэхдээ, "Би Милейд итгэж байна. Дэмжих болно" гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн, рок тоглолтод оролцсон зарим үзэгчид Милейг дэмжсээр байх болно гэдгээ илэрхийлжээ. Жижиг дэлгүүр ажиллуулдаг Оскар Осарио арслангийн баг өмссөн байх бөгөөд телевизэд яагаад тоглолтод ирсэн талаар ярихдаа, "Энэ улс эмх замбараагүй байгаа. Гэхдээ бид түүнд дахиад хугацаа өгөх хэрэгтэй" гэжээ. Мөн 27 настай, их сургуулийн оюутан Эмануэль Лакуадра тоглолтод ирсэн бөгөөд Милейд үнэнч хэвээр байна. Тэрбээр "Энэ бол түүхэн мөч. Зөвхөн Аргентин гэлтгүй дэлхийн түүхэн мөч" гэсэн юм. Иргэдийн Милейг гэх байр суурь эсрэг, тэсрэг байгаа ч зарим мэргэжилтнүүд төдийлөн түүний засгийн газрыг сайшаахгүй хэвээр байна. Улс төрийн зөвлөх Факундо Нежамкис "Түүний засгийн газар гайхамшгуудын тухай ярьдаг ч ихэнх аргентинчууд өдөр тутмын амьдралдаа гайхамшгуудыг хардаггүй. Энэ тоглолт бол иргэдийн сэтгэлийг татах гэсэн энгийн жүжиг" гэжээ.
3,593.62






















































Холбоотой мэдээ