Хууль, шүүхийн байгуулагын хараат бус байдлыг эрх мэдэлтэй, албан тушаалтан, улс төрийн нам, эвсэлээс хэрхэн хамгаалах болоод улс төрийн бүлэглэлүүдийн хамтран үйлдэж буй гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж, ямар аргаар тэмцэх нь зүйтэй талаар тус салбарын ахмад ажилтнуудын байр суурийг тодруулан хүргэж байна.
ТӨРД ШУРГАЛСАН БҮЛЭГ МАФИЙН ЭСРЭГ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АСАН Л.ЦОГ:

-Нийгэмд гарч байгаа авлига хулгай, албаг тушаалаа урвуулан ашиглаж байгаа хэрэгтэй хайр найргүй тэмцэх ёстой. Энэ тэмцлээ тууштай бөгөөд хатуу үргэлжлүүлэх ёстой. Эрх мэдэл, мөнгөнд дулдуйдаж монголын нийгмийг бохирдуулж байгаа бүх хүчийг таслан зогсоож хаах ёстой. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 35 жил боллоо. Гэтэл улс төрийн намын хоёр том бүлэглэл гэмт хэргийн бүлэглэл болтлоо өргөжсөн байна. Улс төрийн бүлэглэлүүдтэй хатуу тэмцэх ёстой. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг хянадаг, хянах ёстой байгууллагууд Монголд бий. Хэтийдсэн эрхийг нь хасах, хаах ёстой шүүх засаглал нь ажлаа хиймээр байна. Өнөөдөр ард түмний амьдрал туйлдаа хүрч, үгээ барж, цөхрөнгөө барж байна. Сүүлдээ жагсаал цуглаан хийж үзэл бодол, үгээ хэлээд ч тэдний үгийг тоож сонсдоггүй дүлий төртэй болсон байна. Монголын төрийг мөхөөж, сүйрүүлэх ийм алхам руу явж байна гэж харж байна. Үүнд санаа их чилээж байна. Төр нь хэдхэн мөнгөтэй компанийн мэдэлд орчихсон байна. Төрийн хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг хэдхэн том компанийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө ажилладаг гээд хэвлэл мэдээллийн байгууллагаар олон нийтэд ил зарлаж байна. Ийм зүйл огт байх ёсгүй. Тиймээс монголын төрийг сүүлийн 35 жил бусниулсан хоёр том улс төрийн хүчин байна. Энэ хоёр нам аль нь ч ялгаагүй ёс зүйгүй болсон байна. Тэдэнд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллах нь чухал болохоос улс орны, ард түмний амьдрал хамаагүй болж. Ард түмэн энэ нөхцөл байдлыг ойлгож шударга ёсны төлөө тэмцэж, шүүлтүүртэй хандах цаг ирсэн байна. Монголын төрийг монголын төрд гарсан хүмүүс үгүй хийж тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын халдашгүй дархан эрхэнд ноцтой халдаж байна. Ахмад үеийнхэн, өвөг дээдсүүдийн халуун амь, бүлээн цус, оюун ухааныхаа хүчээр бидэнд үлдээсэн газар шорооны бүрэн бүтэн байдал, байгалийн баялгийг үгүй хийх зүйл рүү явж байна. Ард түмэн ийм бусармаг үйлдлүүдийг ухаарч, сэхээрэхгүй бол болохгүй. Төрийн дээр сандайлсан хүмүүст хэн эрх мэдэл өгсөн. Ард түмэн өгсөн. Харин ард түмний саналыг мөнгөөр худалдаж авдаг тогтолцоо байсаар байвал шударга ёс нийгэмд тогтохгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэж чадахгүй төр төрийн үндсэн зарчмаараа хэзээ ч ажиллаж чадахгүй. Төрийн эрх мэдэлтнүүд өөрийн өчүүхэн эрх ашгаа хамгаалуулахын тулд өөрийн төлөөний утсан хүүхэлдэйнүүдийг хууль шүүхийн байгууллага руу шургуулах нь гэмт хэрэг. Гэмт хэрэг дотроо эрүүгийн гэмт хэрэг. Энэ зүгээр нэг зөрчил төдий асуудал биш. Үүнтэй тэмцэх хууль Монголд байгаа. Арга хэмжээ авах ёстой. Хамгийн гол нь үүнийг хэн хүсэж, хэн хүсэхгүй байна гэдэг л сонин. Хамгийн гол нь дээр сууж байгаа нөхдүүд хуулийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаад хамаг учир нь бий. Тэд ноёрхолоо тогтоож, дураараа дургихыг л хүсдэг ийм хачин сонин зүйл рүү орчихлоо. Үүнийг улс төрийн мафи гэж нэрлэмээр байна. Монгол Улсад хэрэгжүүлж чадвал, хэрэгжилтийг нь шударгаар хангаж чадвал хуулиас их зүйл байхгүй. Харин хуулийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Төрийн шударга албан хаагчийг олох хэцүү болчихлоо. Хавтгайгаараа ийм болчихож. Цөмийг нь цэвэрлэж, арчих алхам хийж болно. Манай хоёр хөрш улс авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан, өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан албан тушаалтнуудтай ямар хатуу тэмцэж байгааг бид бүгдээрээ харж байна. Хууль сахиулах байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд заасан эрх, үүргээ чин шударгаар биелүүлж, ёс зүйтэй ажиллахыг уриалж байна. Эс тэгвээс нийгмээ бузарлах нь байна. Хойч үеэ бузарлах нь байна. Би энэ салбарт насаараа зүтгэсэн хүний хувьд үнэхээр санаа зовж, сэтгэл эмзэглэж байна. Өнөөдөр сайн сайхан байгаа мэтээр бие биенээ хуурсан, аргацаасан энэ байдал Монголын ирээдүйг мөхөл рүү түлхэж байна. Хүний хоол болоход ойрхон байна. Энэ байдалд гадны нөлөө ч хүчтэй орж ирж байгаа гэдгийг бид бүгдээрээ мэдэрч байна.
ДЭЭР ГАРСАН ТОМ БҮЛЭГЛЭЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ШИНЭ АРГА БАРИЛААР ЗОРИГТОЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА АСАН Ж.НЯМДАВАА:
-Сүүлийн үед анхаарал татаж байгаа нэг асуудал бол гэмт хэрэг бүлэглэл, мафийн зохион байгуулалттай болсон байна.Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа ажлын арга барилаа зайлшгүй өөрчлөх шаардлагатай болсон байна. Хуучин арга барилаараа нэг хэвийн үйл ажиллагаа явуулаад байх боломгүй болж. Ард түмний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, суртал ухуулга явуулах нь нэг талаас харахад болж байгаа мэт боловч энэ төрлийн гэмт хэрэг төрийн томчууд, дээдсийн хүрээлэл дунд нарийн зохион байгуулалттай болчихсон нь харагдаж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагаар том том бүлэглэлүүдийн гишүүдийн хулгай, авлига, албан тушаалын хэргүүдийн талаар л ярьдаг боллоо. Улс төрийн хэмжээнд, улс төрийн намуудын байгууллагууд оролцсон том хэмжээний гэмт хэрэгтэй ямар арга барилаар тэмцэх вэ гэдгээ бодохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрчихсэн байна. Авлигатай тэмцэх байгууллага, хууль, шүүх, прокурорын байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгтэй хүч хаяж тэмцэх цаг нь болсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг бодитоор судалж, түүндээ дүгнэлт хийх учиртай. Том том бүлэглүүдийн оролцсон гэмт хэргүүд олон байгаа гэдгийг бид харж байна, сонсож байна, ярьж байна. Үүнээсээ үүдээд төрийн томчууд хоорондоо янз бүрийн зүйл болоод байх шиг байна. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй шинэ арга барилаар тэмцэхээс өөр арга байхгүй. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт нийгэмд шударга ёсыг тогтоох учиртай хууль шүүхийн байгууллагын алба хаагчид, дарга удирдлагууд өргөн хүрээтэй нэр холбогдож байна. Энэ асуудалд ямар байдлаар холбоо хамааралтай байгааг хууль, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагууд олж тогтоох ёстой. Олж тогтоосныхоо дараа тэмцлээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Тэгэхгүйгээр холбогдсон байна, холбогдсон байх магадлалтай гэх мэтээр сураг таамаг төдий зүйл ярьсаар байвал нийгэмд асар их урхагтай зүйл болно. Идээ бээр байгаа бол түүнийгээ зоригтой гаргаж, идээ бээрийг нь шахах ёстой. Холбогдсон хүмүүст нь тохирох хэмжээний ял, шийтгэлийг нь өгөх ёстой. Ял шийтгэл өгнө гэдэг чинь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын нэг хэлбэр. Үр дүн гаргахгүй ярьсаар байх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил биш.
3,595.72






















































Холбоотой мэдээ