"Монголын төр намжсан төрийн тогтолцоо болж хувирсан байна"

"Монголын төр намжсан төрийн тогтолцоо болж хувирсан байна"

"Монголын төр намжсан төрийн тогтолцоо болж хувирсан байна"

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцааны Нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн дэд профессор Г. Туяагэрэлтэй ярилцлаа. 


-МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн намын дотоод асуудал мэт харагдаж байгаа ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хэмжээнд төрийн ажил гацаж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Та улс төр судлаачийнхаа хувьд энэ улс төрийн процессыг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн намгүйгээр аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж үздэг тэр ойлголтыг няцааж байгаа нэг хэлбэр энэ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого тодорхойлох буюу төрийг нэг систем гэж үзвэл оролт, гаралт хоёр дээр улс төрийн нам байдаг. Тийм учраас улс төрийн намаас төрийн бодлого шийдвэрийн томъёолол шалтгаалдаг болох нь нэвт харагдаж байна. Хоёрт, улс төрийн нам нь энгийн байгууллага биш. Мэргэжлийн хэллэгээр улс төрийн тогтолцооны үндсэн нэг бүрэлдэхүүн болох нь харагдаж байна. Тэгэхээр улс төрийн үндсэн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал нь өөрөө төрийн асуудал болж хувирч байна. Ер нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг зөвхөн нэг улс төрийн намд хамаатуулж ойлгохоос илүүтэйгээр аливаа институци оршин тогтоно гэдэг тодорхой дүрэм журамтай байх бөгөөд дүрэм журам нь тэр институцийг ажиллуулдаг гол механизм байх ёстой.

Үүнийг л ойлгохгүй буюу улс төрийн шинжлэх ухааны хэлээр улс төрийн аливаа үзэгдэл, үйл явц өөрийн жам ёсны дагуу өрнөхгүй байгаа тохиолдолд үүсч болох том эрсдэл нь юу вэ гэдгийг харуулж байгаа үйл явц гэж ойлгох ёстой.

Улс төрийн намын асуудлаас гадна энэ нь төрийн асуудал болж хувирлаа. Тэгэхээр тогтвортой төр гэж ямар төрийг хэлдэг вэ гэхээр дүрэм үйлчилдэг, тодорхой соёл үйлчилдэг төрийг хэлдэг болохоос биш удирдах албан тушаалтан өөрчлөгдөхөд түүнийг дагаж бодлого өөрчлөгддөг төр тогтвортой байдаггүй. Нам дээр ч төр дээр ч хүн бус дүрэм үйлчлэх ёстой. Үүний цаана юу яригдаж байна гэхээр бид өнгөрсөн цаг үед тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж ярьж ирсэн. Тэгэхээр тогтолцоо, институцийг байгуулснаар асуудлыг ерөөсөө шийддэггүй. Үүний цаана хүний асуудал байдаг учраас хүнээс үл хамаарч асуудлыг шийддэг тогтолцоо байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагаа зогслоо гэдэг нь төрийг бүрдүүлж байгаа үндсэн институци маань чиг үүргийнхээ хүрээнд ажиллахгүй буюу удирдах албан тушаалтан өөрчлөгдвөл тэр институцийн үйл ажиллагаа зогсох юм шигээр төсөөлж байгаа нь дүрэм журам үйлчлэхгүй байгаагийн нэг тод илрэл. Тэгэхээр төр тогтвортой байж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой гэж байгаа бол төрийн үйлчилгээг хүргэж байгаа бүх байгууллага, албан тушаалтанд дүрэм журам үйлчлэх ёстой. Одоо дүрэм журам, Үндсэн хууль, дагалдах баримт бичгүүдэд төрийн институцийн үйл ажиллагаа тасрахгүй үргэлжилж байх ёстой гэж заасан хуулийн заалт нь хэрэгжиж байгаа л бол тэдгээр хүмүүс ажлаа хийх ёстой. Төрийн асуудал намын асуудлыг хольж байгаа нь өнөөгийн Монголын төр намжсан төрийн тогтолцоо болж хувирсан байна гэсэн үг. Намын асуудал нь төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Энийг салгахын тулд улс төрийн хүчин УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн бодлогыг тодорхойлж байгаа бол энэ төрийн бодлогын эрх ашиг нь улс төрийн намын эрх ашгаас тусдаа байх ёстой. Тэгэхгүй энэ хоёроо нэгтгэчихээр дүрэм журам үйлчлэхгүй, дүрэм журмаас үл хамаарсан албан бус тогтолцоо үйлчилнэ.

-Төрийн ажил нэг цаг, минутаар доголдож, тасрах ёсгүй. Тэгвэл үүнд хэн ямар хариуцлага хүлээлгэх вэ. Сүүлийн үед энэ улс төрийн нөхцөл байдалд Монгол Улсын Ерөнхийлөгч цэг тавина гэх хүлээлт үүсч байна?

-Хэн нэгэн энэ асуудалд цэг тавих гэхээс илүүтэйгээр бид ардчилсан засаглалтай, төрийн бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд өрнөх ёстой гэж үзвэл хуульд юу гэж тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой. Хоёрт, Үндсэн хууль гэдэг бол улс төрийн шинжлэх ухааны хувьд ямар улс төр хийхээ тунхаглан бичсэн баримт бичиг байна. Энэ тунхагласан баримт бичигтээ төрийн үйл ажиллагаа тасралтгүй байх талаар дурдаж, Ерөнхийлөгчийн институци ямар чиг үүрэгтэй ажиллах вэ, хууль тогтоох институци болон гүйцэтгэх засаглал яаж ажиллахыг дурдсан байгаа. Тэгэхээр бидэнд бодлогын баримт бичиг нь байна уу байна. Яаж ажиллахыг нь тусгасан хууль эрх зүйн тогтолцоо нь байгаа бол тэр тогтолцооныхоо хүрээнд бүх механизм ажиллах ёстой. Тэрнээс биш хуулиас гажсан байдлаар асуудлыг тавьж, түүнийг хууль бус арга механизмаар шийдүүлэх гэж оролдох нь өөрөө институцийнхаа үйл ажиллагааг зогсоож байна. Тэрнээс огт хууль байхгүй, асуудлыг шийдвэрлэх дүрэм журам байхгүй байна гэж харах боломжгүй. Тэгэхээр Үндсэн хуульд тухайн институциудын үйл ажиллагаа хэрхэн бие биедээ хяналттай ажиллах, хуулиар олгосон үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тухайн институци ямар асуудлыг хэрхэн шийдвэр талаар тусгасан дүрэм журам, хуулиа барьж ажиллах ёстой.

Тэрнээс биш энэ асуудалд заавал нэг хүн гарч ирээд тохоон томилсон нэг институци асуудлыг шийднэ гэж харах нь өөрөө хүлээлтийн байдалд оруулж байна.

Тэр л өөрөө төрийн үйл ажиллагааны гацааг өнөөдөр үүсгэж байна гэсэн үг. Ийм нөхцөл байдал хэт их цаг хугацаа шаардаж, газар авбал төрийн институцийн хүлээн зөвшөөрөгдсөн байдал алдагдаж эхэлнэ. Эцсийн дүндээ юунд хүргэх вэ гэхээр төрийн үйл ажиллагааг гацаахын зэрэгцээ эрх баригч намын хувьд дараагийн УИХ-ын сонгуульд үнэлэх үнэлгээнд буюу сонгогчдын зүгээс үзүүлэх хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх аюултай учраас улс төрийн нам дотоод асуудлаа шийдвэр дүрэм журмаараа асуудлаа шийдэх ёстой.

-Эрх баригч намын асуудал улсын зовлон болох вий гэх болгоомжлол байна. Ийм тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл улс төрийн тогтолцоонд ямар эрсдэл, хямрал нүүрлэх вэ?

-Улс төрд ийм үйл явц дахин тохиолдож байна гэж харахаас илүү тухайн улс төрийн нам дээр өнөөдөр ямар үйл явц өрнөж байна вэ, яагаад ийм зүйл тохиолдов гэдгийг улс төрийн шинжлэх ухааны онолын хувьд авч үзвэл эхний ээлжинд намын түвшинд үе хоорондын шилжилт гэдэг юм явагдаж байгаа гэж ойлгож болно. Элитийн онолын хүрээнд авч үзвэл тухайн намын удирдлага, эцсийн шийдвэр гаргах хүмүүс нь ямагт цөөнх байдаг. Тэр цөөнхийн хооронд тодорхой хэмжээний зөрчил үүсч эхэлж байна. Тэр зөрчлийг өргөн утгаар нь авч үзвэл фракцын зөрчил. Фракцын зөрчил байхгүй байх нь намын хувьд тогтвортой хөгжлийг илтгэнэ гэж үзэж болохгүй.

Онолынхоо хувьд намын хөгжлийн нэг үзүүлэлт нь фракц байдаг. Намын фракцын асуудлыг ямар хэмжээнд барьж, ямар дүрэм журмаар шийдэх нь улс төрийн намын дүрэм журамд тодорхой байх ёстой.

Өөрөөр хэлбэл, фракцыг хүлээн зөвшөөрч, хуульчилж өгөх ёстой. Тухайн фракцууд нь намын дотоод журамдаа захирагдах ёстой. Гэтэл өнөөдөр намын үе хоорондын шилжилт, фракцын бүлэглэлийн эрх мэдлийн зөрчил ажиглагдаж байна. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн нам дээр дүрэм журмын хэрэгжилт, асуудлыг шийдвэрлэх улс төрийн соёлын түвшин, намын дотоод асуудлыг олон нийтэд мэдээлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын чиг үүрэг энэ асуудалд чухал. Улс төрийн намын дотоод асуудлыг олон нийтэд мэдээлэхдээ тодорхой хэмжээний зохицуулалт байх ёстой. Гэхдээ намын дотоод асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлэх тухай асуудлыг хорих тухай асуудал биш. Баримтыг илүү нягталж, хяналт тавьж, иргэдийг төөрөгдөлд оруулахаас зайлсхийх шаардлагатай.

Мөн өргөн утгаар нь авч үзвэл, аль ч улс төрийн намд тохиолдож болох асуудал. Улс төрийн нам гэдэг чинь өөрөө институци. Институци тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой цаг хугацааны явцад тулгамдсан асуудлуудыг үүсгэж байдаг.

Энэ бэрхшээлээ давж гарах нь намын үйл ажиллагааны хүнээс үл хамааран ажилладаг дүрэм журмын тогтолцоо байх ёстой гэдгийг харуулж байна. Энэ зөвхөн нэг намын асуудал биш. Улс төрийн институци болгонд тохиолдох учраас дараа дараагийн улс төрийн намууд, шинэ намуудын дүрэм журам тодорхой байх нь ямар чухал асуудал вэ гэдэг нь харагдаж байна. Энийг зохицуулахаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-08 66.181.185.113

Онол-практикийн анхаарууштай асуудлыг ярьжээ. Намын дотоод үйл ажиллагаанд янз бүрийн асуудал гарч болно. Үүнийг холбогдох хуульд харшлахгүйгээр дотоод дүрэм, журмаараа зохицуулаад явах учиртай. Одоо яаж байна, дотроо асуудлаа зохицуулах дүрэм журам тодорхой биш, гаднаас нөгөө нам нь хөндлөнгөөс гал өрдөж улс төр хийсэн шиг, манай улс төр нэг иймэрхүү явдаг

Avatar

Зочин 2025-10-08 202.131.251.130

Мэргэжлийн өндөр түвшиний ярилцлага байна.

Avatar

Нэргүй 2025-10-08 66.181.164.23

Эцсийн зогсооол нь Непалдуулааад л дуусах тавилан…цус урсах л байх даа

Avatar

Ахмад 2025-10-08 202.9.40.82

Энэ сэтгүүлчид маань эхлээд асуудал хөндөх, дэвшүүлэхдээ бичих гэж бгаа агуулгынхаа гарчгийг зөв бичиж сурмаарр юм. НАМЖИНА гэж ярихгүй НАМЧИРХАНА гэмээр юм.

Avatar

Иргэн 2025-10-08 43.228.129.178

Чи хулгайч, үгүй чи хулгайч гэсээр бүгд хулгайч болж дууслаа. Энэ улсын хуулийн байгууллага нь төрийн алба хашдаг том хулгайч нарт үйлчлэхгүй байна.

Avatar

сонгогч 2025-10-08 202.9.46.61

нам бол маф мөн

Avatar

Зочин 2025-10-08 202.9.40.7

Монголчууд дүрэм журам хуулийг ардчилал хүний эрхийн дайсан гэж ойлгож үзэн ядаж уландаа гишгэдэг болсон тул Туяагэрэл таны энэ дүрэм журам гэсэн яриа бол хий хоосон мөрөөдөл юм.

Avatar

ХУУЛЬЧ 2025-10-08 202.9.47.38

,,,ХУУЧИХ НИЙГМИЙН НАМЫН ТӨВ ХОРОО ,ШИГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГААС ХАМААРАЛТАЙ 65 ГИШҮҮД ,монголын төрийн толгойд гарч жижиг намуудыг базаж ЗАСГИЙН ГАЗРАА ХУРУУНЫ ҮЗҮҮРЭЭР ХӨДӨЛГӨЖ ..,,, МАНын ДАРГА ТӨР УДИРДАДАГ /улсын их хурлын гишүүдээ /ДАЙЧИЛЖ МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРАА УНАГААД ,,,,, ЧАДВАРГҮЙ ӨӨРИЙН ТАЛДЫН БОЛОВСОН ХҮЧНЭЭР ДҮҮРГЭЖ НАМЫНХАА СОНГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ АМЬДРАЛД НЭР ТӨДИЙ БОЛГОЖ ,,,,,МАНАЙ НАМ 104 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ГЭЭД САГНА ШҮҮ ДЭЭ . ТИЙМ БОЛОХООР ТАНЫ ЗӨВ .,,,

Avatar

Нэргүй 2025-10-08 202.126.90.181

гоё ойлгомжтой тайлбарлаж өгөх ёстой шдээ нийт 80 хувь нь лав ойлгоон галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

Нэргүй 2025-10-08 66.181.176.37

МАН-ын 2 дарга (Амарбаясгалан, Занданшатар) хэн нь ч олигтой удирдагч биш атлаа "дур эзнээ голохгүй" гэгчээр улайран тэмцсээр өвөл хаяанд ирсэн цаг үед улс орноо сүйдлэх нь ээ!!! Яг л хогийн цэг дээр яс булаацалдан буй золбин ноход шиг юмаа!!! Та нар ингэж шившгээ хутгаж байхын оронд нэр цэвэр, орчин үеийн боловсролтой шинэ залуу хүнээ зоригтой дэвшүүлэн гаргаж Ерөнхий сайдаар тавибал намын чинь нэр хүнд суга өснө дөө!!! Гэвч тийм зориг, сэтгэл энэ 2-т байхгүй л дээ!?

Avatar

Зочин 2025-10-08 202.9.40.7

Залуу хүн арав дахин их шуналтай тул улам их идэж хулгайлна. Хулгайчийн хүүхэд хулгайч байдаг жамтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж