VS: Эрүүл мэндийн салбарынхны цалинг гүйцэтгэлээр нэмэх боломжтой, боломжгүй

Хуучирсан мэдээ: 2025.10.08-нд нийтлэгдсэн

VS

VS: Эрүүл мэндийн салбарынхны цалинг гүйцэтгэлээр нэмэх боломжтой, боломжгүй

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж өчигдөр /2025.10.7/ Сүхбаатарын талбайд жагссан. "Ньюс" агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын  байр суурийг хүргэж байна.

 

 

"Гүйцэтгэлээр дамжуулаад өндөр цалин авах боломжтой"
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын систем даатгалын гүйцэтгэл рүү шилжсэн. Тусдаа төсвийн ажилчдын цалин гэж байхгүй. Харин ямар эмчилгээ хийж санхүүжилт яаж авна түүгээрээ дэмжигдэх л боломжтой ажил. Үүний тод жишээ, Covid-19 цар тахлын үе байна.

Өөрөөр хэлбэл, өвчтөнүүдтэйгээ 14 хоног ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид 5-14 сая төгрөгийн цалин авч байсан.

Гэтэл цар тахлын дараа даатгалын мөнгө нэмэгдээд байдаг тэгсэн хэрнээ Covid-19 цар тахлын үед үүссэн өрнөөсөө гарч чадаагүй. Хэн, хэдэн хүн яаж идэж уусан нь тодорхойгүй байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын бүх ажилчдын цалинг 10 хувиар нэмье гэвэл 120 тэрбум төгрөг шаардлагатай. Хэрвээ 2024 онд эрүүл мэндийн даатгалын сангаас өрөнд 316 тэрбум төгрөг төлөөгүй байсан бол өнөөдөр салбарын ажилчдынхаа цалинг бараг 30 хувь нэмэх боломжтой байлаа. 

Хэрвээ санхүүгийн сахилга баттай байж чадвал гүйцэтгэлээр дамжуулаад өндөр цалин авах боломжтой. 

"Шөнийн цагийн нэмэгдлийг цагийн 1000 төгрөгөөр тооцож байгаа"
Эмч, эмнэлгийн ажилтны төлөөлөл:

-Бидний шөнийн цагийн нэмэгдлийг цагийн 1000 төгрөгөөр тооцож байгаа учир бид ажил хаяхад бэлэн байгаа. Мөн үндсэн цалингаа 3.5 сая хүргэх шаардлага тавьж байна. Дээрээс нь тогтолцооны гажуудлаа засаач ээ гэж байгаа юм. Ээлжийн сувилагч нарын хувьд 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Тэгэхээр нэг сард ажил дээрээ 10 цаашлаад нэг жилийн хугацаанд ажил дээрээ 120 хонож байна гэсэн үг. Хүнд нэг шөнийн нойр гэдэг маш чухал. Гэтэл энэ хууль баталдаг хүмүүст бидний нойр чухал эсэх нь хамаагүй байна шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 2,4 дэх заалтыг эргэж харахыг шаардаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, биднийг 24 цаг гараад 48 цаг амарсан гээд нэмэгдэл цалингуудыг өгөхгүй байгаа юм.

Уг нь бол Хөдөлмөрийн тухай хуульдаа илүү цагийн нэмэгдэл мэргэжлээс үл хамаараад 1.5 дахин их авна гэж заасан байдаг.

Өнөөдрийн байдлаар, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт олгохгүй байгаатай холбогдуулан эмнэлгүүд дотоод бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн. Товчхондоо, эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цаг гаргахгүй байхаар зохицуулж байгаа. Нөгөө талаас иргэд эрүүл мэндийн даатгал төлж байгаа хэрнээ эргээд эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн нэг эмч, сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэдийн хэтэрсэн. 

Эмч, эмнэлгийн ажилтнуудын авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүйн дээр асуудал гарвал маш өндөр хариуцлага хүлээдэг. Гэтэл ЭМДС-ын асуудлаас болоод эмнэлгүүд нэмэгдэл цалин битгий хэл үндсэн цалин, хангамжаа тавьж чадахгүй болоод байна. Хэрвээ иргэдийн эрүүл мэндэд хохирол учрах юм бол эмнэлгийн ажилтнууд биш авдаг цалинг нь нэмж өгч чадахгүй байгаа төр засаг хариуцлага үүрэх ёстой.

Өнгөрсөн онд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 6 хувиар нэмсэн. Харин 2026 оны төсөвт эрүүл мэндийн салбарын цалингийн санд нэг ч төгрөг нэмэхээргүй байгаа.

Сайд болохоор гүйцэтгэлийн санхүүжилтээр зохицуулна гээд байгаа. Энэ бол боломжгүй зүйл.

Хэрвээ дорвитой хариу өгөхгүй бол ажилт хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж