М.Борбаатар: Генерал цол бол албан тушаал, ажлын туршлагын илэрхийлэл

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

М.Борбаатар: Генерал цол бол албан тушаал, ажлын туршлагын илэрхийлэл

 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатартай уулзаж ярилцлаа.

-Цэргийн баяр сайхан болж өнгөрөв үү?

-Тиймээ.
Монгол улсад орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны баярыг
манай ард түмэн цэргийн баяр, тэр бүү хэл эрчүүдийн баяр хэмээн албан
бусаар нэрлэж өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг болсонд би баяртай
байдаг.

-Зэвсэгт хүчний 89 жилийн ой гэхээр
зарим хүмүүс түүнээс олон жилийн өмнө манайд зэвсэгт хүчин үүссэн
байтал яагаад ингэж тоолж байгаа юм бол гэж гайхдаг. Та энэ талаар
тайлбарлаж өгнө үү?

-Үнэхээр Монголын зэвсэгт
хүчин цэрэг армийн түүх бол бараг монголчуудын үүсэл гарал эхэлсэн тэр
үеэс эхтэй байж болох юм. Тэр тусмаа 13 дугаар зуунд дэлхийг донсолгож
байсан баатарлаг цэргүүд, өвөг дээдсээрээ бид бахархаж түүхээ мэдэж
байх нь зүйн хэрэг. Гэхдээ орчин цагийн зэвсэгт хүчин хэмээх ойлголт
манайд 1921 оноос эхэлсэн гэж үздэг. Бүр тодруулбал, ардын журамт цэрэг
байгуулагдан Хиагт хотыг гамингаас чөлөөлж анхны түүхэн ялалтаа
байгуулан харийн түрэмгийлэгчдийг улс орноосоо хөөн гаргаж, тусгаар
тогтнолоо олж авсан тэр өдрөөс манай шинэ үеийн зэвсэгт хүчний түүх
эхэлдэг гэж үздэг.

Баярын үеэр танай салбараас олон хүн төрийн дээд шагнал хүртлээ?

Тиймээ,
манай төр засаг цэргийн алба хаагчдынхаа хөдөлмөр, зүтгэлийг үнэлж
төрийн дээд одон медаль, цолоор шагнаж байгаад батлан хамгаалах
салбарынхан, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн туйлын баяртай байна.
Үүний дотроос шинэхэн гурван генерал, нэг гавъяатаа онцлон дурдахыг
хүсч байна.

Шинэ генералуудаа та товчхон танилцуулж болно шүү дээ. Ямар хүмүүс генерал болж байна вэ гэдэг нь сонирхолтой байх?

-Монгол
Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар
Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага төлөвлөлтийн газрын дарга
Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч бөгөөд ЗХЖШ-ийн
Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Д.Энхбаатар, Агаарын
довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Т.Дашдэлэг нар “Бригадын
генерал” гэдэг офицерийн дээд цол хүртлээ. Таны асуултын хариу болгож
товчхон танилцуулахад Д.Баярсайхан бол Иракийн дайнаас төрсөн генерал
гэхэд болно. Түүний удирдлага, зохион байгуулалтан дор манай хоёрдугаар
ээлжийн цэргийн баг “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ
эвслийн хүчний олон мянган цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийн
амь насыг аварч байсныг та бүхэн сайн мэднэ.  Д.Баярсайханы команданд
байсан ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг
таслан зогсоож дэлхий даяар монгол цэргийн ид хавыг гайхуулж байсан
даа. Энэ генерал 1999 онд шинээр байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны
албанд байхдаа манай зэвсэгт хүчний олон улсын ажиллагаанд оролцох
онол, практикийн асуудлыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн.
Түүний мэдлэг чадварыг цөөн үгээр илэрхийлэхийн тулд төгссөн
сургуулиудынх нь нэрийг дурьдахад болох байх. ЗХУ-ын Артиллерийн
инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын
коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд түвшний сургуулиудыг
дүүргэсэн хүн л дээ. Нэмж хэлэхэд Д.Баярсайханы АНУ-ын төвийн
командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байхдаа бичсэн
“Амиа золиослогч террорист ажиллагаа” судалгааны бүтээлийн дүгнэлтийг
Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлагад тусган
ашигладаг байсан юм. Энэ ажлаас гадна тэрээр АНУ-ын төвийн командлалд
шинжээч, тус улс дахь Монгол улсаас суугаа Батлан хамгаалахын атташе,
ЗХЖШ-ийн газрын дарга зэрэг хариуцлагатай ажлуудыг хашиж ирсэний дээр
цэргийн хуранад өсөж хүмүүжсэн удам дамжсан цэргийн дарга гэдэгийг
хэлэхэд сайхан байна.  

-Тэгвэл нөгөө хоёр генералын тухайд?

-Д.Энхбаатар
бол ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж, зэвсэгт хүчнийг шинэчлэх ажилд
УБХ-ын гишүүн байхаасаа анхааран  ажиллаж ирсэн гэдгийг та бүхэн мэднэ.
Зарим хүн зөвхөн улс төрийн үйл ажиллагааны талаас нь хардаг бол бид
манай цэргийн тагнуулын газрын мэргэжилтнээс эхлээд батлан хамгаалах
яаманд газын дарга, зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч хүртэлх
хариуцлагатай ажилд амжилттай ажиллаж ирсэн офицер-цэргийн дарга
гэдгээр нь үнэлдэг. Орчин цагийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс,
Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай, Дайны байдлын
тухай, Тэсэрч дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд
хяналт тавих тухай зэрэг хуулиудыг шинэчлэн боловсруулахад чухал үүрэг
гүйцэтгэсэн. Албан тушаалынх нь хувьд нэг зүйлийг тодруулж хэлмээр
байна. Ерөнхий хянан шалгагч гэдэг бол цэргийн мөрдэстэй бүх албан
хаагч, цэргийн нэртэй бүх байгууллагыг хянаж, шалгаж, зааварлаж зөвлөж,
чиглүүлэх онцгой үүрэгтэй албан тушаал байгаа юм.

Харин
Т.Дашдэлэг бол агаарын довтолгооноос хамгаалах цэргээс төрсөн гарын
таван хуруунд багтах цөөхөн генералын нэг нь боллоо. Өнөөдөр улсыг
агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл, техникийг орчин
үеийн жишигт нийцүүлэн шинэчилж цэргийн нисэхийг цоо шинээр эрчимтэй
хөгжүүлэх ажлын эхлэл тавигдаж нисэхийн шинэ зэвсэг техник хүлээн авч
байгаа хариуцлагатай цаг үед Т.Дашдэлэг энэ ажлыг удирдаж байна.
Мэдлэг, туршлагын хувьд ч энэ хэмжээнд бэлтгэгдснийг хэлэх хэрэгтэй.
Одессын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн команд-инженерийн дээд
сургууль, Москвагийн  Ю.А.Гагарины нэрэмжит Агаарын цэргийн академийг
дүүргэж зенит пуужингийн техникч, батарейн захирагч, инженер, штабын
дарга, ангийн захирагч гээд бүх шатанд ажиллаж ирсэн шилдэг дарга нарын
нэг.

Өнөөдөр улс орныг агаарын довтолгооноос
хамгаалах тэр дундаа нийслэлийг агаараас халхлах асуудал онцгой чухлаар
тавигдаж байгаа энэ үед  ЗХЖШ-ийн шинэ бүтэцдээ Агаарын довтолгооноос
хамгаалах цэргийн командлагч гэдэг албан тушаалыг бий болсон юм.

Ер
нь генерал гэдэг бол ажил үйлс, мэргэжил боловсрол, мэдлэг чадвар, хамт
олны үнэлгээгээр арга байхгүй энэ албан тушаалд гарцаагүй томилогдох
ёстой гэж үнэлэгдэн нийт бие бүрэлдэхүүн, хамт олонд хүлээн
зөвшөөрөгдсөн, зохих сургуулиудыг дүүргэж, албан тушаалыг шат дамжин
хашсан хүнд очдог цол. Өнөөдөр манайд үйлчилж байгаа хуулиар цол бол
албан тушаалын илэрхийлэл. Тухайн хүн ямар албан тушаал дээр томилогдож
ажиллана, тэр албан тушаалынхаа зэрэглэлийн цолыг хүртэх ёстой. Мэдээж
энэ бол тухайн хүний олон жил армид алба хаасны үр дүн, туршлагын
илэрхийлэл байдаг. Монголын ард түмний бахархалт болсон манай сайхан
бөхчүүдийн “цол дагаж бяр нэмнэ” гэдгийн адилаар шинэ генералууд маань
зэвсэгт хүчний хөгжлийн төлөө улам эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллана
гэж найдаж байна. Ер нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд генерал
болох хэмжээний боловсол, мэдлэгтэй, шат шатны албан тушаалыг дамжсан
туршлагатай олон залуучууд бий.

-Үнэхээр сонирхолтой намтартай хүмүүс генерал болжээ. Харин гавъяатын тухайд?

-Манай
цэргийн нисэхийн шонхрууд дундаас дэд хурандаа А.Цогнэмэх Монгол улсын
Гавъяат нисгэгч болсонд бид бүгдээрээ бахархаж байна. А.Цогнэмэх  бол
Зэвсэгт хүчний зэвсэглэлд ашиглагдаж байсан болон одоо ашиглажМи-24Д,
Ми-8Т, Ми-8П, Ми-8МТВ, Ми-171Е маягийн агаарын хөлгүүдээр онцгой болон
тусгай үүргийн нислэгүүдийг 30 гаруй жил осол, зөрчилгүй гүйцэтгэсэн,
мэргэжлийн өндөр дадлага, туршлагатай, багшлах, шалгах зэрэглэлтэй
шилдэг нисгэгч төдийгүй олон нисгэгчдийг сургаж дадлагажуулсан мастер
хүн юм. Тоогоор хэлэх юм бол А.Цогнэмэх 5300 гаруй цаг агаарт нисэхдээ
батлан хамгаалах, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн
гамшиг, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай
түргэн тусламж үзүүлэх, эрэн хайх зэрэг тусгай үүргүүдийг гүйцэтгэж
байсан. Ганц нэг жишээ хэлэх хэрэгтэй гэж бодож байна.

1996
онд Заамар, Хөтөл тосгонд гарсан гоц халдварт өвчин холерын голомтод
хүн амыг тусгаарлах, цэвэр ундны ус, хүнс, эмнэлгийн материал хэрэгсэл
тээвэрлэх, 1993 онд Марз ууланд сүйрэлд орсон МИАТ компаний АН-26
онгоцыг эрэн хайх, авран туслах, Шаазгай нуурт мөс цөмөрч автомашинтай
хүмүүс осолд ороход нислэгийн цаг агаарын хүндэрсэн нөхцөлд нисч 3
хүний амь насыг аврах, Сэлэнгэ мөрөнд мөн мөс цөмөрч 11 хүн осолд
ороход 5 хүний амь насыг аврах, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар Монгол Улсын дархан хилийн 8220 километр уртын дагуух хилийн
түүхэн овоо, багана, тэмдэгтүүдийн зураг авалтын нислэгийг гүйцэтгэж
улсын дархан хилийн халдашгүй, хөдлөшгүй баримтыг бий болгосон гэх мэт
олон чухал нислэгийг гүйцэтгэсэн хүн гавъяат нисгэгч болж байна.

  
 Бүхэлд нь дүгнээд хэлэхэд манай салбараас нэг зоригт шонхор гавъяат
болж албан тушаалынхаа зэрэглэлээрээ гурван хүн генерал болж байна. Өөр
бусад хүмүүс ч төрийн дээд одон медалиар шагнуулан Зэвсэгт хүчний 89
жилийн ойгоо амжилт бүтээл ихтэй тэмдэглэн өнгөрүүллээ.

  
 Ирэх жил манай зэвсэгт хүчний 90 жил, орчин цагийн батлан хамгаалах
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 100
жилийн ойгоороо амжилт ялалтаа улам бататгаад уулзахын ерөөл дэвшүүлье!

А.БАТПҮРЭВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж