126:1 “Мөнхийн үсэг”-ийн хатагтай

Хуучирсан мэдээ: 2025.10.07-нд нийтлэгдсэн

76:1

126:1 “Мөнхийн үсэг”-ийн хатагтай

126:1 “Мөнхийн үсэг”-ийн хатагтай

“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг танилцуулж байна.


УИХ-ын нэгдүгээр тойрогт болсон сонгууль нь Ардын намаас нэр дэвшигчдэд хатуу бууж, ердөө хоёр нь ялалт байгуулсны нэг нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм. УИХ-ын дарга асан Г.Занданшатар /Ерөнхий сайд/ хүртэл годройтсон тус тойргоос сайд Б.Батцэцэг 60 мянган сонгогчийн санал авснаар есөн мандатын нэгнийх нь эзэн болж, эдүгээ Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Нийт 192.239 сонгогчтой тойргоос 60 мянган санал авна гэдэг бол хэр баргийн улстөрчийн цуглуулах санал биш. Тэр тусмаа эмэгтэй нэр дэвшигчид бүр ч том даваа.

Гэсэн ч тэр тулааны ард гарч чадсанаараа эмэгтэйчүүд зөвхөн намын лист бараадсанаар парламентын гишүүн болох албагүй гэдгийг биеэрээ үлгэрлэж харуулсан улстөрч гэж тодорхойлж болно.

“Мөнхийн үсэг”-ийн хатагтай гэж дуудуулж явсан тэрбээр 2010 оноос МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болсон үеэс улс төрийн карьер нь эхэлдэг. Энэ үед Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар одоогийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх ажиллаж байсан бөгөөд сайд Б.Батцэцэгийг нэгдүгээр хүний хүн гэж нэрлэдэг нь ийм учиртай. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулахад Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Дөрвөн жил энэ албыг тогтвортой залгуулсан улстөрч юм.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2021 онд  төрөөд удаагүй эхийг нярайнх нь хамтаар хөхөө өвлийн хүйтэнд гэрийн шаахайтай нь эмнэлэг хооронд зөөвөрлөсөн асуудлаар огцорсны дараа тэрбээр шинээр байгуулагдсан Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар томилогдсон. Энэ үеэс хөөвөл дөрвөн жил Монгол Улсын гадаад бодлогыг зангидан ажиллаж байна гэж тодорхойлж болно. Дээрх хугацаанд Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийснээс эхлээд Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголио мөн Монгол Улсад айлчилсан нь 800 жилийн түүхэнд тохиосон том үйл явдал болсон. Энэ бүх томоохон айлчлалыг зангидаж ажилласан хүн нь яах аргагүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм.

Цаашдаа Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, сонирхлыг улс төр дипломтын аргаар олон улсад хэрхэн хангаж ажиллах нь хийх үйлдлээс нь ихээхэн хамаарна.

Тэр ч агуулгаараа Засгийн газрын сайд нараас хамгийн их олны анхаарлыг татаж, хэл амны бай болдог гишүүний нэг гэж тодорхойлж болно.

УИХ-д сонгогдсон гишүүдэд үндэсний тэргүүлэгч MCS компани хамгийн их хандив өгсөн дуулиан дэгдэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэр холбогдсон.  Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд нь түүнд тус компаниас 170 сая төгрөгийн хандив өгсөн байдаг. Харин тэрбээр “MCS компани хандив өгснийг мэдээгүй” гэж хариулснаараа буруутаж, олны хэл амны бай болсон удаатай.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нарт компани, иргэн хандив өргөх нь хууль зөрчсөн үйлдэл биш, гагцхүү хуульд заасан мөнгөн дүнг хэтрүүлэхгүй хандив авах ёстой. Гэвч хоёр өрөө байр авах хэмжээний мөнгөн хандивыг “MCS –ээс авч, сонгуульдаа зарцуулснаа “Мэдэхгүй” гэж мэлзсэнээрээ худраггүй улстөрчийн тоонд орж рейтингээ унагасан тохиолдол бий.

Түүнийг бизнест ч, улс төрд ч одтой яваа улстөрч гэж тодорхойлж болно.

Учир нь, үүсгэн байгуулсан “Мөнхийн үсэг”, “Аз хур” зэрэг компаниуд нь төрийн хамаг л тендерт ялалт байгуулж, тэрбум, тэрбумын ажил амжуулсан нь улстөрчид төрөөр дамжуулж ямар их бизнес хийж, ашиг орлого олж байгааг харуулсан үйл явдал болсон юм. Өөрөөр хэлбэл, улстөрчид тендерээр дамжуулж төрийн маш том үнийн дүнтэй тендер авч, хөлжин бизнесээ тэлж байгаа нь Монголд заавал нэг томоохон улстөрчтэй нэг бол хамааралтай байх, аль эсвэл улстөрч болж төрийн бүх ажлыг тендерээр дамжуулан хамж, бизнесээ тэлэх гэсэн сонголттой тулгаж буйг эндээс харж болно.

Сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс бизнес дэх төрийн оролцоо улам бүр нэмэгдэж байгааг шүүмжилдэг ч энэ мэт улстөрчдийн хамаарал бүхий компаниудыг төрийн тендерт оролцуулахгүй байх талаар ярьдаггүй нь бас анхаарал татдаг. Учир нь өөрсдийнх нь бизнес ч мөн энэ мэтчлэн төрөөс тендер “зулгааж” амьдарч байна уу гэх хардлага төрүүлдэг. Хэвлэлүүд түүний хамаарал бүхий компаниуд 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, 3.2 тэрбум төгрөг авсан бол 2021-2024 оны хооронд 41 тендерт ялж 3.2 тэрбумыг халаасалсан гэж мэдээлж байв. Харин сайд Б.Батцэцэг “төрийн ажил авснаас хойш хамаарал бүхий компаниуд дээрээ очилгүй есөн жил болж байна” гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан мэдэгдэл хийх үеэрээ “Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар хов зөөж ажил хийдэг хүмүүс, тэд Ардын намыг хагалган бутаргасан гэдгийг хэлье” гэж мэдэгдэж байв.

Намаа хагалган бутаргасан гишүүнээр зарлуулаад байгаа сайд Б.Батцэцэг нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 758 сая төгрөг, 76 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 107 сая төгрөгийн үнэт эдлэл, 166 сая төгрөгийн хадгаламж, 172 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Дархан-Уул аймаг 13 дугаар дунд сургууль
  • 1996 онд Монгол Улсын их сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль – Олон улсын харилцаа
  • 2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль – Бизнесийн удирдлага
  • 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль – Бизнесийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-2005 онд“Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2003 онд “Аз хур” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн, Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
  • 2016-2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд
  • 2021-2024 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж