Сурвалжлага: Хагас коксон нүүрсийг Лхагва гаригаас борлуулж эхэлнэ

Сурвалжлага: Хагас коксон нүүрсийг Лхагва гаригаас борлуулж эхэлнэ

Сурвалжлага: Хагас коксон нүүрсийг Лхагва гаригаас борлуулж эхэлнэ

Нийслэлийн зүгээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон түлшийг иргэдийн ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Улмаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл аравдугаар сарын 3-ны өдөр хуралдаж, тус түлшийг албан ёсоор борлуулалтын цэгүүдээр түгээх шийдвэрийг гаргасан бөгөөд өчигдрөөс буюу аравдугаар сарын 6-наас нийслэлийн хэмжээнд 500 цэгээр дамжуулан борлуулж эхлэх талаар албаныхан мэдээлсэн. Гэвч газар дээрх нөхцөл байдал, албаныхны зүгээс өгч буй мэдээлэл зөрүүтэй байв.

Тухайлбал, зарим түлш борлуулах цэгийн ажилтнуудын хэлж буйгаар хагас коксон түлш хараахан нийлүүлэгдээгүй байгаа бөгөөд нийслэлээс тэдэнд “Лхагва гаригаас нийлүүлэлт эхэлнэ” гэх чиглэл хүргүүлсэн байна. Тиймээс цэгүүд агуулах, талбайн зохион байгуулалтаа хангаж, бэлтгэл ажлаа хийж эхэлжээ. Харин өчигдрөөс борлуулалт эхэлсэн гэх мэдээлэлд үндэслэн түлш асууж ирсэн иргэдийг буцаах, ойлгомжгүй байдал үүсэх зэрэг хүндрэл гарч байгаа талаар дурдаж байлаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 400 цэг идэвхтэй ажиллаж байгаа бол үлдсэн 100 цэгийг нэмэлтээр байгуулахаар гэрээ байгуулсан тухай албаныхан мэдээлж буй.

Шинээр борлуулалтанд гарах хагас коксон түлш нь өмнө хэрэглэж байсан мидлингтэй сайжруулсан шахмал түлшнээс илүү боловсруулсан, технологийн хувьд дэвшилттэй бүтээгдэхүүн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон холбогдох лабораториудын хийсэн шинжилгээгээр хагас коксон түлш нь сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол, 25 хувиар бага угаарын хий ялгаруулдаг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор буюу хүний уушгинд шүүгддэггүй PM2.5 хэмжээтэй тоосонцрын ялгаралтыг 80 хүртэл хувиар бууруулах чадвартай гэжээ. Энэ нь гэр хорооллын яндангаас агаарт дэгдэх бохирдлыг ихээхэн бууруулна гэсэн үг юм. Ингэснээр нийт Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 45-50 хувиар буурах боломжтой гэж албаныхан тооцож байна.

Шинэ түлшний техникийн үзүүлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан бөгөөд MNS5679:2025 шинэ стандарт батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Уг стандартад зааснаар хагас коксон шахмал түлш нь 5500 ккалл/кг-аас багагүй илчлэгтэй, 0.5 хувиас ихгүй хүхэртэй, 12 хувиас ихгүй дэгдэмхий бодис, 6 хувиас ихгүй чийглэг, 20 хувиас ихгүй үнслэгтэй байх шаардлагыг хангасан байх ёстой. Мөн 25 кг шуудай түлшний хувьд үйрмэгийн хэмжээ нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байх нөхцөлийг тусгасан байна.

Иргэдийн түлш худалдан авалтыг хялбарчлах, хяналттай болгох зорилгоор энэ жил “HOTULA” гар утасны аппликейшн болон “Сайн” картыг ашиглан борлуулалт хийхээр шийдвэрлэсэн ч, аппликейшнтэй холбоотой асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.

Иргэд “HOTULA” аппликейшнийг гар утсандаа суулгаж, бүртгэл үүсгэн, Дан системээр баталгаажуулах оролдлого хийж байгаа ч алдаа заан, нэвтрэх боломжгүй байгаа талаар хэлж байлаа.

Одоогийн байдлаар түлшний үнэ ханшийн тухайд сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол хагас коксон шахмал түлш нэг шуудай нь 5000 төгрөгөөр борлуулагдах юм. Түлшний цэг бүрт хоёр төрлийн түлш тус бүр 2.5 тонн буюу нийт 5 тонн нүүрс нийлүүлж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Гэвч зарим борлуулалтын цэгүүд нь гудамжны нүүрэн хэсэгт бус, хоёр, гуравдугаар эгнээнд байрлаж байгаа тул иргэдийн хувьд түлшний цэгийг олох, хүрч очиход хүндрэл үүсч байгаа тухай гомдол мөн гарч байна.

Нийслэлийн зүгээс нийт 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг энэ галлагааны улиралд борлуулахаар төлөвлөсөн. Энэ нь зөвхөн шинэ технологийн түлш нэвтрүүлсэн шийдвэр бус, агаарын бохирдлыг дорвитой бууруулах, нийслэлчүүдийг утаагүй, эрүүл өвөлжүүлэх үндсэн зорилтын нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа. Гэвч бодит нөхцөл байдал дээр энэ бодлого хэрэгжих эсэх нь түлшний нийлүүлэлт, хүртээмж, мэдээллийн ил тод байдал, технологийн дэмжлэг, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Иргэдийн зүгээс түлшний чанар, хүртээмжийг сайшааж байгаа ч нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, аппликейшний ажиллагаа муу байгаа нь бодлого хэрэгжих явцад саад учруулж болзошгүй нөхцөл үүсгэж байна.

Өвлийн улирал хаяанд ирж, галлагаа хэдийнэ эхэлсэн энэ үед түлшний хүрэлцээ, борлуулалт, түгээлт цаг хугацаатай уралдах нь тодорхой. Тиймээс албаныхан амласан хугацаандаа түлшээ хүргэж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-10-07 66.181.181.98

Нүүрсний цэгээ нэмэх хэрэгтэй байна бүхэл бүтэн хороонд 2-хон цэг тавьчихаад нүүрс олдохгүй байхад нүүрсээр хангаж байна гээд худлаа бичээд байх юм.Түүнээс гадна 1 айлд 7 хоногт 7 шуудай нүүрс бага бна хүйтрээд ирэхээр хүрэхгүй шдээ 7 шуудай нүүрс авахын тулд 15000 төгрөгөөр машин хөлслөөд байх нь иргэдэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй бна.

Avatar

Нэргүй 2025-10-07 103.229.120.56

байшингаа дулаалахгүй дутцу хагас барьсан нээх том блокон байшинтай айл ойр орчноо өдөр шөнөгүй утаж байгаа яасан ч их нал түлдэг юм ёстой балай бн хүйтрэхээр яах юм бол .а бүсийн ийм айлуудыг хийн халаагуурт шилжүүлэх юу болсон бэ Бгд ийн 34 р хороо

Avatar

Нэргүй 2025-10-07 103.229.122.130

Дараа нь зуухны төмөр хайлуулж байна гээд гомдол гарна тэгэхээр нь өлгөж аваад хагас коксжсон нүүрсэнд зориулсан зуух хийнэ гээд шинэ шахаа гарна. Луыварчдын мөнгө хийх арга нээрээ гайхмаар. Алаг толгойн нүүрс зуух цоо түлдэг гээд айлууд авахдаа дургүй байв. Байгальдаа хагас кокжсон нүүрс байсан юм

Avatar

Монгол хүү 2025-10-07 64.119.29.63

ЭНЭ ДЭЛХИЙН 200 ГАРУЙ УЛС ТҮМЭНЭЭС МОНГОЛЫН УДИРДАГЧИД ШИГ ИЙМ УХААНГҮЙ ТЭНЭГ МАЛ АЖ АХУЙНУУД Л ЛАВ БАЙХГҮЙ БАЙХАА…!!!
МАНАЙ УЛС, БАЙГАЛИЙН ЦЭВЭР ХОЛЬЦГҮЙ НҮҮРС АРАЙ ГЭЖ ЭКСПОРТОЛЖ БАЙГАА УЛСААСАА БУЦААГААД НҮҮРСНИЙ ХОГИЙГ ХИМИЙН БОДИСООР БАРЬЦАЛДУУЛСАН ХИЙМЭЛ ШАТАМХАЙ ЗҮЙЛИЙГ ИЛҮҮ ҮНЭЭР ӨӨРСДИЙНХӨӨ ЭРҮҮЛ АХУЙД ШУУД ХЭРЭГЛЭХЭЭР ИМПОРТОЛЖ ВАЛЬЮТААР ХУДАЛДАЖ АВЧ ТАРААДАГ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН ХҮНИЙ ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж