Жижиг бизнесүүдэд тулгарсан АЙМШИГ

Жижиг бизнесүүдэд тулгарсан АЙМШИГ

Жижиг бизнесүүдэд тулгарсан АЙМШИГ

Барууны улс оронд, ялангуяа АНУ-д Хэллоуины баярыг өргөнөөр тэмдэглэдэг. Уг баяр нь аймшигт үлгэр, чимэглэлүүдээр дүүрэн бөгөөд ямар нэгэн дүрд орж хувцаслах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын сүүлийн өдөр болдог ч бүтэн сарын турш зөвхөн Хэллоуинд зориулж хүмүүс бэлтгэлээ базаадаг байна. Энэ нь мөн бизнесүүдийн хувьд хэрэглэгчдийг татах онцгой үе юм. Энэхүү баяр нь АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотод байрладаг "Trick or Treat Studios" нэртэй компанийн хамгийн их ашиг олох чухал үе аж. Гэхдээ зөвхөн тус компани гэлтгүй, Хэллоуины чимэглэл, баг зардаг бүх л компанийн чухал үе. Гэхдээ эдгээр компанид тулгараад буй хамгийн том асуудал бол ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй шинэ тариф юм.

"Trick or Treat Studios"  компанийн захирал Крис Зефро АНУ-ын Хятадад ногдуулж буй өндөр тарифаас болж энэ жил 800 мянган ам.доллараас дээш зардал гаргасан аж. Хэллоуины бараа бүтээгдэхүүний ихэнх нь Хятадад үйлдвэрлэгддэг учраас түүний компани хүнд нөхцөлд оржээ. Үүний улмаас тэрбээр 15 ажилтнаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах болсон бөгөөд энэ шийдвэрийг гаргасан өдөр нь амьдралынх нь хамгийн хүнд өдөр байв. Крис Зефро хэлэхдээ, "Жинхэнэ айдас бол бизнесээ авч явах зардал" гэж орон нутгийн хэвлэлд дурдсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах тарифыг 20 хувиас 145 хувь хүртэл өсгөсөн ч дараа нь 30 хувь болгож бууруулсан. Тарифын хэмжээ өөрчлөгдөх хооронд олон компани алдагдалд орсон эсвэл нөөцөө захиалах боломжгүй болгосон аж. Учир нь АНУ-д оруулж ирэх зардал хэт өндөр байсан юм. Ажиглагчдын хэлснээр энэ жилийн Хэллоуины баярын барааны сонголт багассан бөгөөд үнэ нэмэгдсэн байна.

Тухайлбал, нэг хүн баярын үеэр өмсөх костюмд дунджаар 114.45 ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 11 ам.доллараар илүү аж. Цагаан ордноос мэдэгдэхдээ, тариф нь АНУ-ын ажлын байрыг хамгаалж, дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилготой гэсэн. Гэвч Зефро эсрэг байр суурьтай байна. Тэрбээр “Тарифыг Хятад биш, бараа оруулж ирж буй бид төлдөг. Энэ бол энгийн эдийн засгийн ойлголт” гэжээ.

ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ

Рейна Эрнандес зургаан настай хүүдээ зориулж, “The Walking Dead” цувралын Карлын костюмыг өөрийн гараар оёж буй. Хүүгийнхээ хүсэлтийг гүйцэлдүүлэхэд малгай дутаж байсан тул Рейна хайж явсны эцэст Калифорниа мужийн Нортридж дахь "Phantom Halloween" дэлгүүрээс хайсан зүйлээ олжээ. Гэвч 30 ам.долларын үнэтэй байв. Рейна хэлэхдээ, "Зүгээр л утгагүй юм. Бид үүнийг огт төлж чадахгүй. Энэ жил олон хүн хувцас авч чадахгүй байх шиг байна" гэв.

"NRF"-ийн судалгаагаар, Хэллоуины үеэр худалдан авагчдын 79 хувь нь тарифын улмаас энэ жил илүү өндөр үнэ төлөх төлөвтэй байгааг тогтоожээ.

Зефро шиг импортлогчид тарифын нэмэлт зардлын 60–70 хувийг өөрсдөө төлдөг. Үлдсэн хэсгийг худалдаа эрхлэгчдэд, жишээ нь "Phantom Halloween"-ийн Райан Голдмэнд шилжүүлдэг. Дараа нь Голдмэн эцсийн хэрэглэгч болох Хернандез зэрэг хүмүүст хэдэн төгрөгөөр нэмэгдүүлж борлуулахаа өөрөө шийддэг. Голдмэн хэлэхдээ, “Бид боломжтой хэмжээгээрээ үнийг тогтвортой барихыг хичээж байна. Гэхдээ тарифын улмаас зарим зүйлсийн үнэ нэмэгдэх нь тодорхой. Гэсэн ч бүх барааны үнийг 100 хувь өсгөхийг хүсэхгүй байна. Энэ бол шударга биш" гэв. Тарифын нөлөөллөөс болж энэ жил ямар ч костюмын үнэ 5–10 ам.доллараар илүү үнэтэй болж магадгүй. Гол төлөв насанд хүрэгчдэд зориулсан Хэллоуины костюмын үнэ өсч магадгүй.

Зефро латекс багуудаа Мексикт үйлдвэрлүүлдэг тул уг барааны үнэ өсөөгүй аж.

Учир нь АНУ-ын Мексиктэй хийсэн худалдааны гэрээний дагуу тариф ногдуулаагүй юм. Үүнээс гадна, Вьетнам, Энэтхэг, Их Британид үйлдвэрлэсэн нүүр будалтын бүтээгдэхүүний үнэ мөн адил нэмэгдэхгүй, зөвхөн Хятадын импортын үнэ нэмэгдэж байгаа аж. Импортын зардал хэт өндөр байгаа тул Голдмэн энэ жил том хэмжээтэй, нарийн бүтэцтэй чимэглэлүүдийг захиалаагүй. Жишээ нь, “Cagey the Clown” хэмээх хоёр метр өндөр алиалагч захиалаагүй юм. Энэ нь өнгөрсөн жил 399.99 ам.доллар байсан бол энэ жил 600 орчим ам.доллар болох төлөвтэй байсан тул борлуулахаа больсон байна. Зефро ч мөн цуглуулгын зориулалттай жижиг хэмжээтэй тоглоомын дүрүүдийн үйлдвэрлэлээ зогсоосон байна. Учир нь үнэ нь хэт өндөр болж, худалдан авалт багассан байна. Тэрбээр одоогийн байдлаар тарифаас өмнө импортолсон үлдэгдэл бараанаа л хямд зарж байгаа аж. “Магадгүй ээлжит бус сонгуулийн дараа байдал өөрчлөгдөж магадгүй” гэж Зефро үзэж байна.

ЖИЖИГ БИЗНЕСҮҮДЭД ТОХИОЛДСОН АЙМШИГТ ЯВДАЛ

 Зарим барааны үнийг тогтвортой барьж байгаа ч тарифын нөлөөлөл Хэллоуины салбарыг бүхэлд нь ниргэж байна. Хэллоуин болон Костюмын холбооны мэдээлснээр, импортын тариф гол төлөв жижиг, дунд бизнесүүдэд хамгийн их дарамтыг учруулж, дотоодын эдийн засагт нөлөөлж байна. Зефро хэлэхдээ, өөрийнх нь адил жижиг, дунд бизнесүүд АНУ-д бараа үйлдвэрлэхэд маш хүндрэлтэй байдаг гэжээ. Үүний гол шалтгаанууд нь үйлдвэр барих өртөг маш өндөр, хэт олон дүрэм, татвар болон түүхий эд олоход хүндрэлтэй байдал юм. Тиймээс түүний компани гадаадын үйлдвэрүүдэд түшиглэж ажилладаг.

“Хэрвээ АНУ-д үнэхээр үйлдвэрлэлийг буцааж авчрахыг хүсэж байвал эхлээд яагаад энэ салбар гадагш гарсныг ойлгох хэрэгтэй. Дараа нь компаниудад энд үйлдвэрлэх урамшуулал өгдөг байх хэрэгтэй. Гадаадад байгаа үйлдвэр ашигласных нь төлөө шийтгэх нь зөв шийдэл биш" гэж Зефро онцолжээ.

Голдмэны хувьд 1980-аад онд эхэлсэн гэр бүлийн бизнес болох "Phantom Halloween"-ийг удирддаг. Тэрбээр өмнө нь эдийн засгийн уналт, байгалийн гамшиг болон "Covid-19″ зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байсан ч тарифын нөлөөг давж гарахад хэцүү байгаа аж. “Бараг бүх бараа бүтээгдэхүүн энэ жил үнэтэй болсон" гэж тэрбээр ярьсан. Тиймээс энэ жилийн Хэллоуины баяр Голдмэн худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ үнийг бага байлгахыг зорьж байна. “Би тийм ч улс төр сонирхдог хүн биш. Гэхдээ энэ бүхний үр дүн нь маш олон гэр бүл санхүүгийн дарамтад орно гэдгийг мэдэж байна. Энэ бол үнэхээр харамсалтай" гэж тэрбээр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж