Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хэ Кён нар “Манай хөргөгчийг авраач” гэх телевизийн шоуны тусгай дугаарт оролцсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ нь мэргэжлийн тогооч хүн оролцогчдын гэрийн хөргөгчийг уудалж, дотор нь байгаа хүнсээр хоол хийдэг шоу юм.
Ерөнхийлөгч энэ нэвтрүүлэгт оролцсон нь солонгос хоолны соёлыг дэмжих зорилготой гэж Ли Жэ Мёны ажлын албанаас мэдэгдсэн.
Гэсэн ч сөрөг хүчний Ардын хүч нам болон бусад шүүмжлэгч үүнийг өөрөөр харж байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын Үндэсний мэдээллийн нөөцийн албаны байранд гал гарсны улмаас улс орон даяар интернет сүлжээ тасалдаад буй үед улсын ерөнхийлөгч нь ийм нэвтрүүлэгт оролцох нь зохимжгүй гэж шүүмжлэгчид үзжээ.
Дэжон дахь Үндэсний мэдээллийн нөөцийн албаны байранд есдүгээр сарын 26-ны өдөр гал гарсан. Үүний улмаас засгийн газрын 647 цахим үйлчилгээ тасалджээ. Мөн системийг сэргээх ажилд оролцож байсан 50 гаруй насны ажилтан өнгөрсөн Баасан гаригт Сэжон засгийн газрын цогцолбор дотор амиа хорлосон харамсалтай хэрэг гараад буй.
Ийм хүнд цаг үед ерөнхийлөгч ард иргэдийн аюулгүй байдал, галын дараах нөхөн сэргээлтийг анхаарахынхаа оронд энтертайнмент нэвтрүүлэгт оролцох нь зохимжгүй гэж Ардын хүч намын төлөөлөгчид үзжээ. “Иргэд ерөнхийлөгчийн хөргөгч дотор юу байна гэдэгт төдийлөн санаа зовохгүй, харин үндэсний хямралын үед ерөнхийлөгч хаана, юу хийж байна гэдэгт л анхаарал хандуулна. Ерөнхийлөгч шударгаар уучлал гуйх хэрэгтэй” гэж Ардын хүч намын төлөөлөгч Пак Сун-Хун хэлжээ.
Тэгвэл эрх баригч Солонгосын ардчилсан намынхан энэ шүүмжлэлийг улс төрийн зорилготой дайралт гэж үзэж байна.
Ерөнхийлөгч яг одоо хуваарийн дагуу нөхцөл байдлыг зохицуулаад явж байгаа гэж ажлын албанаас нь мэдэгджээ. Гал гарах үетэй зэрэгцэн Ли Жэ Мён АНУ дахь айлчлалаасаа эргэн ирсэн аж. Тэрбээр ирсэн даруйдаа холбогдох арга хэмжээнүүдийг авч, зааварчилгаа өгч эхэлсэн гэдгийг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна.
Хоолны нэвтрүүлгийн зураг авалтыг есдүгээр сарын 28-нд хийжээ. Гэсэн ч ерөнхийлөгч Ли Жэ Мён зураг авалтын өмнө болон хойно гал түймэртэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, яаралтай уулзалт зэрэгт оролцсон байна. Улс орон даяар хямралтай байгаа учир нэвтрүүлгийг цацах хугацааг хойшлуулж өгөхийг ерөнхийлөгчийн ажлын албаны зүгээс хүсчээ. Нэвтрүүлгийн баг уг хүсэлтийг хүлээн авсан тул өнөөдөр орой орон нутгийн цагаар 22:00 цагт “Манай хөргөгчийг авраач” шоу гарах юм байна.
3,593.62






















































Холбоотой мэдээ