Хөөрхөн Галадисыг ордонд нэвтрүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хөөрхөн Галадисыг ордонд нэвтрүүлсэнгүй

Өнгөрөгч долоо хоногийн нэг өдөр, их үдэд. Төрийн ордны гол хаалгаар
ортол хөөрхөн шаргал нохойг эзэн бүсгүйтэй нь харуулууд хориод
зогсоочихож. Төрийн ордны хашаан дотор нохой харсан анхны тохиолдол энэ.
Өвгөд, эмгэд голдуухан тойргоос сонгогдсон гишүүнтэйгээ уулзахаар ордон зүглэдэг болохоос биш дөрвөн хөлтөн тэр өндөр хашаанд нэвтрээд ордны хойт голын дипломатууд голдуу морилдог ёслолын  хаалгаар орж нэгдүгээр давхарт зогсч байх юм гэж санасангүй.  Нохой хүзүүвчтэй, хошуувчтай, цээживчин бэхэлгээ нь нуруун дээрээ бариултай. Эзэн бүсгүйгээс гадна бас нэг гадаад эрхэм хамт иржээ. Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хэдэн хамгаалагчтай гараад ирчихсэн, ширээн дээр нохойн паспорт, эрүүл мэндийн гэрчилгээ, өнгөт гэрэл зураг сэлт өрөөстэй. Хэрийн хүнээс илүү бичиг баримттай амьтан аж. Бүр олон улсын хэмжээний, хүнээр бол гадаад паспорттай юм гээч. АНУ-аас Монголд суугаа ЭСЯ-наас уг нохой албан ажлын шугамаар Төрийн ордонд зочлох гэж буйг танилцуулсан бичиг дагалдуулжээ. Мал эмнэлгүүдээс нохойг элдэв халдваргүй цоо эрүүлийг гэрчилсэн бичгүүд хавсаргажээ. Ордонд нэвтрэх үнэмлэх авах зуур бичгийг гүйлгэж харвал “Нэр Галадис, 3,5 настай, эм. Лаборадор үүлдрийн” гэсэн танилцуулга үзэгдэв.
Галадис эзэнтэйгээ тун тэвчээртэй хүлээж зогсоно. Харваас хорхойд хоргүй, хүлцэнгүй тэр амьтны гэм гэвэл эзнийхээ хувцсанд хэдэн ширхэг хялгас нааж орхиж. “Та нохойгоо машиндаа оруулаад хүлээж бай” хэмээн бүсгүйд харуулууд хэллээ. Төрийн ордны тухай хуульд нохой нэвтрүүлнэ гэсэн зүйл байдаггүй байлгүй дээ. Тэгж бодосхийгээд дотогшоо орж хэдэн минутын дараа эргэж ирвэл Галадисыг эзэнтэй нь хаалганы гадна гаргажээ.

Зүгээр ч үгүй УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин гадаа гараад ирчихсэн эзэдтэй нь уулзаж зогсоно. Эзэд нь нохойгоо орхиж дотогш орохгүй гэсэн тул Байнгын хорооны дарга өөрийн биеэр гадагш гарч ирж тэдэнтэй уулзжээ. Галадис хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөтөлдөг тусгай сургуультай хөтөч нохой юм байна. АНУ-д нохойн төгсч болох бүх сургуулийг дүүргэсэн “эрдэмтэй” амьтан. Өөрийг нь гадуурхаад байна гэдгийг зөнгөөрөө мэдсэн ч юм уу уруу царайлан бишүүрхэнгүйгээр  эзэндээ наалдана.

Түүний эзнийг Э.Уянга гэдэг, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан. Оюутан байхдаа Галадисыг АНУ-аас авчээ. Хамт ирсэн хүн нь АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн  Эндрю Импарато хэмээх эрхэм бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтоны зөвлөх байсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар тусгайлан мэргэшсэн олон улсын хуульч хүн гэнэ. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга хатагтай Марисса Маурер ч хамт иржээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төдийлөн тоодоггүй Монголын төрд цочрол өгөх гэж,  ялангуяа хөтөч ноход Монголын тийм иргэдэд хэрэг болох талаар байнгын хорооны дарга Д.Арвинтай санал солилцох гэж ирээд Галадисыг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй болохоор ордны хаалганы гадна уулзалтаа хийсэн нь тэр аж. Гадаад орнуудад бол сонгосон парламентын гишүүдтэйгээ уулзахаар ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар ч саадгүйгээр хөтөч ноходтойгоо ордонд нэвтэрч болдог журамтай, зөрчвөөс бурууддаг гэнэ. Манайд бол адгуус бүү хэл ажил хэрэгч хувцаслаагүй гэх мэт аар саар шалтгаанаар хүн ч дотогш алхаж болохгүй хуультай ордон хойно, хөтөч хөөрхөн Галадис ордонд орж чадсангүй.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж