Марокког донсолгосон "GenZ" үеийнхэн

Марокког донсолгосон "GenZ" үеийнхэн

Марокког донсолгосон "GenZ" үеийнхэн

Марокко даяар долоо хоног дараалан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. "GenZ" үеийнхэн гол төлөв жагсах бөгөөд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэн, засгийн газрыг шүүмжилж буй зураг, бичлэгийг үл тоомсорлож болдоггүйг эрх баригчдад харууллаа. Учир нь цахим хэрэглэгчдийн үзэл бодол нэгдэж, эцэстээ бодит хөдөлгөөн болж хувирсан юм. Гэхдээ зөвхөн Хойд Африкийн Марокко бус Мадагаскар, Кени, Перу болон Балбад авлига, боломж бололцоо хомс нийгэм, жижиг, дунд бизнест ирэх дарамтын эсрэг хөдөлгөөн, жагсаал үргэлжилж байна. Эдгээр улс гарал үүслийн хувьд ялгаатай ч улс төрийн нам, эвлэл зэрэг төрийн эрх мэдэлтнүүдийн даварсан байдлыг эсэргүүцэж буй. Харин Мароккогийн залуус хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зарцуулж буй засгийн газрын зардлыг буруутгаж байгаа. Боловсрол, эрүүл мэндийн доройтол дээд цэгтээ тулахад ойрхон байхад засгийн газар цэнгэлдэх хүрээлэн барихад их хэмжээний төсөв баталсан нь "GenZ" үеийнхнийг бухимдуулсан.

"GENZ 212"

Марокко улсын дугаарын кодоор нэрлэгдсэн "GenZ 212" нэртэй удирдагчгүй нэгдэл бол эсэргүүцлийн хөдөлгөөний гол хөдөлгүүр юм. Нэгдлийн гишүүд цахим тоглоом тоглогч болон өсвөр насныхны дунд түгээмэл хэрэглэгддэг чат программ болох "Discord" дээр эсэргүүцлийн хөдөлгөөний стратегиа хэлэлцдэг. Үндсэн бүлэг нь 180 мянга орчим гишүүнтэй ч Марокко даяарх хот, тосгоны залуус өөрсдийн дураар хөдөлгөөнд ирж, нэгддэг. "GenZ" үеийнхний жагсаал болсон бусад орны адил Мароккогийн 35-аас доош насныхан нийт хүн амын талаас илүү хувийг эзэлдэг. Хэдийгээр тус улс дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийж байгаа ч 15-24 насны мароккочуудын ажилгүйдлийн түвшин 36 хувь хүртэл өссөн. Ажиллаж, амьдралаа залгуулах боломж хомс байгаа тул 35-аас доош насны мароккочуудын талаас илүү хувь нь цагаачлах бодолтой байдаг гэж Афробарометрийн зургадугаар сард хийсэн судалгаанд онцолсон байна. Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр хоёр насан хүрээгүй хүүхэд амиа алджээ. Мөн баривчлагдсан жагсагчдын олонх нь 18-аас доош насныхан байсан гэж эрх баригчид мэдэгдэв.

ТЭД ЮУГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ВЭ?

Дундад зууны үеийн орд, харш, хөл хөдөлгөөн тасрахгүй худалдааны олон зах болон сүрлэг уул, цөлийн үзэсгэлэнт газруудаараа Марокко дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг. Гэхдээ жуулчдын хөл хүрээгүй газарт 37 сая иргэн нь тогтмол бус цалингаар өдрөөс өдөрт нэмэгдэх амьжиргааны өртөгтөө дарлуулж байна. Хойд Африкийн вант улс гэгдэх Марокко амьжиргааны түвшнийг дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан. Гэсэн хэдий ч хөгжлийн шат жигд бус байсан байгаа нь тэгш бус байдлыг улам нэмэгдүүлсэн аж. Африк тивдээ өндөр хурдны галт тэрэгтэй цор ганц улс гэдгээрээ Марокко сайрхах бөгөөд 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэхийн тулд долоон цэнгэлдэх хүрээлэн барихаас гадна долоон цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж байна. Тус арга хэмжээнд зориулан дэд бүтцэд 5 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд заримыг нь хувийн хэвшилд зарцуулна. Гэсэн хэдий ч сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 300 орчим ам.доллар бөгөөд зам нь шороон, эмнэлгүүд эмчгүй, анги танхим нь санхүүжилт дутмаг, ачаалал ихтэй тул ядууралд нэрвэгдсээр байна.

Мароккогийн 10 мянган оршин суугч тутамд ердөө 7.7 эмнэлгийн мэргэжилтэн ногддог бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн ихээр ширүүсэж буй өмнөд болон зүүн хэсэгт хамаагүй цөөн байна. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо нь тусламж үйлчилгээний 80 гаруй хувийг хангадаг боловч засгийн газрын зардал нь 40 хувь. Энэ нь иргэд өөрсдийн мөнгөөр өндөр дүнтэй эрүүл мэндийн тусламж авдаг болохыг илэрхийлж байна. "GenZ 212" хөдөлгөөн гарахаас өмнө иргэд тэгш бус байдал, засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн эсрэг жагссан. Тухайлбал, 2023 онд болсон газар хөдлөлтөөс хойш хоёр жилийн хугацаанд засгийн газраас иргэддээ тусламж, үйлчилгээ төдийлөн хүргээгүй тул одоог хүртэл майханд амьдарч буй хүн олон аж. Есдүгээр сард далайн эргийн Агадир хотын улсын эмнэлэгт амаржсан найман эмэгтэй нас барсны дараа уур хилэн буцалсан. Тус хот нь нисэх онгоцны буудлаа шинэчилж, жуулчдын заавал очих ёстой газар гэж тодорхойлогдох болсон ч Мароккогийн хамгийн ядуу мужуудын нэг болох Сус-Масса мужийн нийслэл. Оршин суугчид нь удаан хугацаанд эмчийн орон тоо бага, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ дутагдалтай байгааг шүүмжилж иржээ.

Авлигад хилэгнэсэн жагсагчид засгийн газраа мафитай зүйрлэж, ерөнхий сайд Азиз Аханнуч, эрүүл мэндийн сайд Амине Тахрауи, түүний бизнесийн хамтрагч асан нарыг буруутгаж байна. Мароккогийн хамгийн баян хүмүүсийн нэг Аханнуч тус улсын ихэнх шатахуун түгээх станцуудыг эзэмшдэг бөгөөд түүний нэг компани саяхан давсгүйжүүлэх шинэ төслийн гэрээг засгийн газартай байгуулжээ. Үүнийг иргэд буруутгаж, засгийн газрыг хахуулдсан гэж үздэг. Түүнчлэн Jeune Afrique сэтгүүлд бичсэнээр, Мароккогийн эрх баригчдын бизнесийн ашиг сонирхол хэрээс хэтэрч байна. Ялангуяа хааны гэр бүлийн хөрөнгө оруулалтын сан Аль Мада нь шинэ цэнгэлдэх хүрээлэн, галт тэрэгний шугам, зочид буудал зэрэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой бүтээн байгуулалтаас их хэмжээний ашиг олж байна гэж онцлон тэмдэглэсэн байв.  Улмаар жагсагчид "Цэнгэлдэх хүрээлэн энд байна, гэхдээ эмнэлгүүд хаана байна?", “Эрх чөлөө, нэр төр, нийгмийн шударга ёс” гэх уриа лоозон барьж, засгийн газрын харалган байдал, хязгаарлагдмал эрх чөлөө, эдийн засгийн гадуурхалтын эсрэг нэгдэж байна.

ЖАГСАГЧДЫН ШААРДЛАГА

Засгийн газраас "GenZ 212"-оос юу шаардаж байгааг тодруулсны дараа Пүрэв гаригт (2025.09.30) тус нэгдэл хаан Мохаммед VI-д хандсан захидал нийтэлжээ. Үүнд засгийн газар болон авлигад идэгдсэн улс төрийн намуудыг огцруулж, баривчлагдсан жагсагчдыг суллаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцох засгийн газрын форумыг зарлан хуралдуулахыг хүссэн байна. Энэхүү шаардлага нь өмнөх жилүүдэд болж байсан жагсаалын шаардлагаас нь тодорхой байгааг ажиглагчид онцолсон юм. Хэдийгээр хаан Мохаммед VI 2017 оны эсэргүүцлийн үеэр болсон ижил төстэй жагсаалыг намжаахын тулд хөгжлийн үр өгөөж бүх хүнд тэгш хүртээгүйг дурдан, үүнийг сайжруулахыг амлаж байсан билээ. Гэсэн хэдий ч мароккочуудын хувьд улс орон нь иргэдийн амьдралыг сайжруулахад хангалттай ахиц дэвшил гаргаагүй гэсэн ойлголтыг "GenZ 212" илэрхийлсэн юм. Мароккогийн хамгийн дээд эрх мэдэлтэй хүн нь хаан хэдий ч “GenZ 212” гол төлөв төрийн албан тушаалтнуудыг буруутгаж, хааныг өөрийн биеэр шинэчлэлд хяналт тавихыг уриалсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-06 66.181.186.136

Монголын залуус дэндүү нонж дорой!!! Хэдэн халтар төгрөгөнд худалдагдаж жагсаж байгаа нь гутамшигтай

Avatar

Нэргүй 2025-10-06 103.168.34.231

GEN Z энэ тэр гэсэн үе угаасаа байдаггүй зохиомол зүйл.залуу үеийг өөр мэтээр сумлаж ахмад үе өнгөрсөнийг нь үзэн ядуулах нийгмийн хагарал бүр цаашлаад турхирч байгаад өнгөт хувьсгал хийлгэж өөрсдийн төр гаргах технологи.ялангуяа хөгжил буурай боловсрол бага ядуу залуу үетэй улсад туршигдаж байгаа жүүдийн технологи.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.131.225.197

мундаг байна

Avatar

Нэргүй 2025-10-06 202.21.102.2

Манай Gen-Z дэндүү арчаагүй. Зугаа цэнгэл, архидалт гэхээр гараад ирнэ. Хулгай хийнэ, худлаа ярина. Бас болоогүй бие биенээ үгээр дарамталж зоддог гэж байгаа хаха. Ичдэггүй шасс.

Avatar

Өвгөн Балдан 2025-10-06 103.212.119.169

Тэгэж сургаагүй шдэ. Язгуурын өв соёлоосоо татгалзсаны хор, гай.

Avatar

иргэн 2025-10-06 103.229.122.204

Монголын *GenZ* Үеийнхэн хэдэн Хөгшчүүлээ үзэн ядаж Харааж настангуудтайгаа л Тэмцээд байхаас биш гадны орны Залуус шиг Өөрсөдийнхөө ирээдүйн төлөө нэгдэж нийлээд энэ Авилгачи,, Нүүрсний хулгайчуудтай тэмцэж чаддаггүй, арчаагүй, Монгол залуус,

Avatar

эээ 2025-10-06 202.126.92.75

үнэн шүү манай залуус арчаагүй, гоншигносон бэлэнчлэх үзэлтэй хэлэх үг алга

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.86.156

сошиалаар амьдрагсад …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж