Хятадын засгийн газар шинжлэх ухаан, технологийн залуу мэргэжилтнүүдийг татах шинэ виз танилцуулжээ. Үүний тусламжтай олон улсын мэргэжилтнүүд Хятадад ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэж байгаа ч дотоодын ажиллах хүч нь тийм ч эергээр хүлээж авахгүй байна. Тухайлбал, Хятад улс аравдугаар сарын 1-нд "К" виз гэх шинэ визийг танилцуулсан. Энэ нь улс орны хөгжил, дэвшилд сайнаар нөлөөлнө гэж эрх баригчид үзэж буй. Мөн АНУ-ын эсрэг технологийн чадвараа сайжруулж, бүр илүү болгох таатай боломж юм. Гэхдээ тус улсын ажилгүй боловсон хүчний хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй. Шинэ виз танилцуулагдсанаас хойш цахим сүлжээнд үүний талаар мэдээлэл авах гэсэн хүний тоо 500 мянга давжээ.
Гэсэн хэдий ч нийт залуу боловсон хүчний 19 хувь нь ажилгүй байгаа улсын хувьд энэ нь зөв шийдвэр эсэх нь тодорхойгүй. Мөн энэ жил их, дээд сургуулиа төгссөн 12.2 сая хүн одоог хүртэл ажилд ороогүй байна.
Цахим хэрэглэгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, "Магистрын зэрэгтэй маш олон ажилгүй хүн байхад гадаадаас мэргэжилтэн авчрах тийм зөв зүйл үү?" гэжээ. Мөн зарим хүмүүс цагаачдын хөдөлгөөн олширвол ямар үр дагавар гарч болохыг ярилцаж эхэлжээ. Гэхдээ одоогийн байдлаар Бээжин "К" визийн талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байна. Хэдийгээр аравдугаар сарын 1-нээс эхлэн уг виз хэрэгжиж эхлэх ёстой байсан ч Хятадын аль элчин сайдын яамд мэдээлэлгүй байгаа юм.
Гэхдээ зарим албан тушаалтны мэдээлснээр, "К" визийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй хүнд олгоно. Мэргэжлийн зэргээ заавал Хятад болон гадаадын алдартай их сургууль, судалгааны байгууллагаас авсан байх ёстой.
"K-VISA" VS "H1-B"
АНУ-ын чадварлаг гадаад ажилчдад зориулсан "H1-B"-ээс ялгаатай нь Хятадын "К" визийг авахын тулд Хятадын компани, байгууллагаас урилга авах шаардлагагүй байдаг. Мөн өнгөрсөн сард Трампын засгийн газар "H1-B" визний хураамжийг 100 мянган ам.доллар болгосноос хойш Хятадад илүү их боломж олгосон гэж ажигдагчид үзэж байна. Тухайлбал, АНУ цаашид цагаач ажилчдад "хаалгаа хааж" байгаа бол Хятад улс илүү олон жуулчин, боловсон хүчнийг татах сурталчилгаагаа эхлүүлсэн. Коммунист намын харьяа "People’s Daily" сонин олон нийтийн шүүмжлэлийг намдаахын тулд "Зарим улс орнууд хилээ чангатгаж, олон улсын авьяас чадвараа алдаж байгаа энэ үед Хятад улс энэ чухал боломжийг ухаалаг ашиглаж, бидний ирээдүйн хөгжилд нөлөөлөхүйц бодлогоо нэн даруй гаргалаа" гэжээ.
Мөн "Гэвч зарим хүмүүс энэхүү шийдвэрийн талаар буруу ойлголт тарааж, бодлогыг үл ойлгож, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх, шаардлагагүй түгшүүр төрүүлэх хачирхалтай онолыг гаргасан" гэж шүүмжилсэн байна.
Хятадын удирдагчид удаан хугацааны турш улс орноо технологи, инновацын төв болгох зорилгоор олон улсын мэргэжилтнүүдийг татах ажлыг хэрэгжүүлж ирсэн. Өдгөө АНУ-ын хөгжил, цэцэглэлтийн төв гэгдэх тодорхойлолт ганхаж эхэлсэн тул Хятад улс энэхүү боломжийг алдахгүй хичээж, өргөн цар хүрээтэйгээр чадварлаг хүчин татах гэж хичээж байгаа юм. "К" виз хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй ч Хятад улсад өндөр авьяаслаг гадаадын иргэн эсвэл төрд нэн яаралтай шаардлагатай мэргэжилтэнд зориулсан "R" ангиллын виз байдгийг мартаж болохгүй.
ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНИЙ ДУНДАХ ТҮГШҮҮР
"H1-B" виз өндөр хураамжтай байх эсэх асуудал Хятадын хүний нөөцөд тийм ч чухал биш. Учир нь Хятадын боловсон хүчин дотоодын ажлын байрны дутагдалд хамгийн их санаа зовж байна. Улмаар сүүлийн үед цахим сүлжээнд цагаач ажилчдыг Хятад олноор нь урих тийм ч зөв алхам биш гэх сэтгэгдэл олширчээ. Энэтхэг ажилчдын дийлэнх нь АНУ-ын "H1-B" визэнд өргөдөл гаргадаг бол Хятадад аль улсаас ажиллах хүчин ирэх нь таавар хэвээр байгаа.
“People’s Daily” сонины мэдээлснээр, "K" визийг цагаачлалын визтэй адилтгаж болохгүй, харин Хятад дахь гадаадын залуу авьяастнуудын ажил, амьдралыг хөнгөвчлөх зорилготой гэжээ.
Хятадын залуу үеийн ажилгүйдлийн түвшин наймдугаар сард 18.9 хувьд хүрсэн нь 2023 оны 12-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Хятадын судлаачдын ёсны мэдээллээр 2012-2022 оны хооронд тус улсын бүх шатны дээд боловсролтой төгсөгчдийн тал орчим хувь нь "STEM" зэрэгтэй. Энэ нь нийт 24 сая орчим дээд боловсролтой хүн гэсэн үг. Хятадын шинжээч, төрийн мэдлийн "Global Times" сонины ерөнхий редактор асан Ху Ши Жинь К-визний өргөдөл гаргасан хүмүүсээс сонгохдоо Хятадын цаашдын хөгжилд хэрхэн нөлөө үзүүлэхийг шалгуур болгоно гэж хэлжээ. Гэсэн хэдий ч гадаадын ажиллах хүчин нэмэгдэх бол үүнтэй адил ажлын байр нэмэгдэх шаардлагатай гэж онцолж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "К-визийн маргааны гол асуудал бол дотоодын хөдөлмөрийн зах зээл дэх хурцадмал байдал, залуучууд ажил олоход тулгардаг саад бэрхшээл юм. Дотоодын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, ялангуяа өндөр чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх нь өнөөгийн засаглалын хувьд маш чухал" гэжээ.
3,595.72

















































Холбоотой мэдээ