СХД-ийн 34 дүгээр хороо буюу хотын баруун захад Орбитын тойргийн цаана, Найрамдал зуслангийн наахна хотын төвөөс 20 орчим километрийн зайд Ерөнхий боловсролын 123 дугаар сургууль байдаг. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд зургаан сургууль түрээсийн байранд хичээллэж байгаагийн нэг нь ЕБ-ын 123 дугаар сургууль юм. Тус сургууль хүүхдийн суудал хэтэрсэн тул гурав болон дөрөвдүгээр ангийнхныг түрээсийн байранд хичээллүүлж байгаа аж. Түрээсийн хичээлийн байрын хувьд үндсэн сургуулиас холгүй бөгөөд 200 орчим метр зайд тухтай, хүүхдүүд хичээллэж болохуйц байрыг сонгож энэ хичээлийн жилээ эхлүүлжээ. Түрээсийн хичээлийн байр руу ороход жижүүр эмэгтэй биднийг угтаж, зорьж очиж буй ангийг зааж, улавч өмсөхийг анхааруулав.

Хоёр давхрын шатны урдхан талд бидний зорьж очсон анги байх бөгөөд ангийн хаалга дээр "3а анги, Ангийн багш П.Гэрэлтсайхан” гэх хаяг хаджээ. Ангийн үүд нээлттэй хүүхдүүд хичээлээ хийж, багш сурагчид харилцан ярилцах нь сонсогдоно. Самбар дээр “Аравдугаар сарын 1” "Шошгыг танин мэдэх" гэсэн гарчиг тавьсан байв. Сурагчид бүгд цагаан цамц, дүрэмт хувцсаар жигдэрч охид үсээ хоёр боож, ягаан тууз зүүжээ. Тэд ширээндээ хоёр, хоёроороо тохой нийлүүлэн суух бөгөөд гаднаас хүн орж ирэхэд бүгд босч “Та сайн байна уу, өглөөний мэнд” гэж нэгэн зэрэг мэндлэх нь өхөөрдөм. Эдний анги 43 сурагчтай. Биднийг очиход Монгол хэлний хичээл орж байсан бөгөөд хүүхэд бүр багшийн зааж буй хичээлийг анхааралтай сонсоно. Багшийн асуултад гараа өргөж хариулах ажээ.
-Энэ зургийн тайлбарыг хэлэх хүүхэд байна уу,“өө маш сайн” “өнөөдрийн хичээлийг бүгд ойлгосон уу” гэж сурагч бүрээс асууж, хүүхэд бүрийн хийсэн хичээлийг шалгаж, дутуу ойлгосон хүүхэд байвал дахин тайлбарлаж, үнэлгээ өгч амсхийх завгүй хичээлийн таван цагийг өнгөрөөх аж.
"ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮСТ НЬ МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭХ НЬ ЗӨВ ЮМ БАЙНА ГЭСЭН ХҮСЭЛДЭЭ ХӨТЛӨГДСӨН"
Ингэхдээ мэргэжилдээ түүртсэн шинжгүй нүүрэндээ инээмсэглэл цацруулсан шавилхан энэ эмэгтэй бол нийслэлийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн 3А ангийн багш П.Гэрэлтсайхан. Тэрбээр, гурав дахь хүүхдээ төрүүлээд зургаан сар болж байгаа ч энэ хичээлийн жилээс ажилдаа оржээ. Учир нь түүнийг амаржсаны дараа ангийг нь даах багш байхгүй учир ажилдаа орох саналыг сургуулийн удирдлагаас нь тавьсан мөн нэг багш давхар хариуцаж байсан учир тэрбээр сурагчдынхаа сурлага, хичээл номд санаа нь зовж ийнхүү ажлаа хийж байгаа нь энэ. Одоогийн анги нь түүний хоёр дахь бие дааж авч байгаа анги нь.

П.Гэрэлтсайхан Монгол Улсын Боловсролын их сургуульд Бага ангийн багш мэргэжлээр суралцаж, 2012 онд төгссөн. Түүнийг багш болгох нь аав, ээжийнх нь хүсэл байсан бөгөөд тэрбээр бага ангийн багш мэргэжлийг ийнхүү эзэмшжээ. Их сургуулиа төгссөн жил нь багшийн цалин 450 мянган төгрөг байсан учир хувийн сургуулиас ажлын гараагаа эхэлж, дунд нь өөр компанид хоёр орчим жил ажиллаж 2017 оноос эхлэн 123 дугаар сургуульд багшаар орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өдгөө мэргэжлээрээ ажиллаад арван жил болж буй.
Тэрбээр“бага ангийн багшийн мэргэжил илүү үнэ цэнтэй юм болов уу, учир нь хүүхэд цаашид дунд болон ахлах ангидаа хэрхэн суралцах, цаашлаад амьдралд ямар хүн төлөвших үндэс суурь нь бага ангид тавигддаг гэж би боддог. Тиймдээ ч өөр салбарт ажиллаж байхад, багш мэргэжлээр дөрвөн жил сурчхаад мэргэжлийнхээ үнэ цэнийг гаргая, хэрэгтэй хүмүүст нь мэдлэгээ түгээх нь зөв юм байна гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж байна даа. Багшийн цалингаар амьдрах үнэхээр боломжгүй. Харин гэр бүлийн хүн маань миний ажил мэргэжлийг ойлгодог, маш их дэмждэг.
Нөхөр маань хувиараа бизнес эрхэлж гэр бүлийнхээ хэрэглээ, санхүүг зохицуулдаг тулдаа би өнөөдөр мэргэжлээрээ арваад жил ажиллаж байна.
Магадгүй нөхөр маань санхүүгээ зохицуулдаггүй байсан бол миний хувьд мэргэжлээрээ тууштай ажиллахгүй байсан байх гэж боддог”-оо хуучилсан юм.

Алслагдсан сургууль гэхээр иргэд их хэцүү гэж төсөөлдөг аж. 123 дугаар сургуулийн хувьд тав тухтай орчинтой бөгөөд хүүхдүүд сургуулийн автобусаараа хичээлдээ ирдэг байна. Багш нарын хувьд мөн олон жилийн туршлагатай багш нар ажилладаг гэнэ.
Гэрэлтсайхан багшийн ажил өглөө 7:30 цагаас хүүхдүүдээ хүлээж авахаас эхэлнэ. Бүх хүүхэд ангид орж ирсний дараа тэрбээр хичээлээ эхэлж өдөр 12:00 цагт тардаг аж. Ингээд сургууль дээр ямар нэг үйл ажиллагаа байвал оролцож, сургууль дээрх ажлуудаа амжуулчхаад 18:00 цаг гэртээ харьдаг байна. Түүнд хотын төвийн улсын болон хувийн том, том сургуулиудаас өндөр цалин амлаж ажлын санал багагүй ирдэг ч тэрбээр ижил дасал болон хамт олон, ангийн хүүхдүүддээ хоргодохоос гадна түгжрэл, утаа бага учир эндээ ажиллахад амар байдаг гэдгийг хэлж байсан юм.

“Багш нараа талбай дээр гараад жагстал нь битгий туйлдуулаач ээ. Улсын хөгжил дэвшил, ёс суртахууны үндэс нь мэдлэг, боловсрол гэж би боддог. Мэдлэг боловсролыг олгох нь багшийн үүрэг. Гэтэл эдгээр хүмүүс маань ажлаа хийх боломжгүй болж олон, олон багш нар маань салбараа орхиж энэ орон тоо хомсдохын хэрээр Монголын хөгжил уруудна. Тэгэхээр багшийн хангамж, цалин хөлс дээр анхаарах нь зүйтэй.
Боловсролын сайд саяхан нэг ярилцлагадаа багш нар 2.9 сая төгрөгийн цалин авдаг гэж ярьсан байна лээ. Миний хувьд бүх шимтгэлээ төлөөд гар дээр 1.5 сая төгрөг авдаг.
Гүйцэтгэлийн үнэлгээний нэмэгдэл гэж олгодог. Гэтэл өнгөрсөн жил жирэмсний амралтдаа суух үед гүйцэтгэлийн үнэлгээний нэмэгдэл надад өгөөгүй. Уг нь бол ажиллаж байсан хугацааг маань үнэлсэн гэж би ойлгодог. Яахав, хөдөө орон нутгийн багш нар бол 40 хувийн нэмэгдэл авдаг байх. Энэ мэт бидэнд олон асуудал бий. Энэ болгоныг ярихаар өөрийн эрхгүй бухимдаад байдаг юм. Монгол хүүхэд ямар хүн болж төлөвшихөөс монголын хөгжил эхэлнэ шүү дээ” хэмээн инээмсэглэнэ.
МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ОЛГОХООС ГАДНА АЖЛЫН ДӨРТЭЙ БОЛГОХ НЬ ТҮҮНИЙ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Өөрийн хүүхдийг орхигдуулж, өрөөлийн хүүхдэд мэдлэг боловсрол олгох их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хүмүүс бол багш нар.
П.Гэрэлтсайхан багшийн хувьд хүүхдүүдэд дан ганц мэдлэг, боловсрол олгохоос гадна амьдрах ур чадварыг багаас нь эзэмшүүлж ажлын дөртэй болгож төлөвшүүлэх нь түүний баримталдаг зарчим.
"Бага ангийн багшийн мэргэжил их онцлогтой. Дан хичээл заахгүй шүү дээ. Зарим үед ээж нь, найз нь, туслах нь болно. Тэдэнд хэрэгтэй дүрд хувирдаг гэх юм уу. Хүүхдүүдээ хараад л сэтгэл санаа нь ямар байгааг нь ажигладаг. Ангид янз, янзын амьдралтай хүүхдүүд бий тиймээс хүүхэд бүрийн дутуу орон зайг нөхөх гэж хичээдэг. Хүүхдүүд цагаан мөртэй байдаг гэж би боддог. Тиймээс ажил мэргэжлийн маань буян эргээд миний хүүхдүүдэд ирэх байх гэж итгэдэг. Бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Шантрах үе гардаг ч хүүхдийн дуу цангинасан энэ өргөөндөө байхад надад сайхан байдаг" гэж хэлэхдээ тэрбээр итгэл дүүрэн, нүүрэнд нь инээмсэглэл нь тодрох нь мэргэжилдээ хайртайг илтгэнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,593.62




















































Холбоотой мэдээ