Оросын алдарт ютубер "ВПИСКА" өнгөрсөн Ням гаригт "Spirit" багийнхантайгаа хийсэн ярилцлагаа цацжээ. Түүний ярилцлагад "Spirit" багийн дасгалжуулагч "hally", спортын сэтгэл зүйч "Nokeepeesh", скаут "OverDrive", маркетинг, хамтын ажиллагааны дарга "tvd" болон одоогийн болон хуучны тоглогчид нь оролцсон аж.
Та бүхэндээ тус ярилцлагын онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.
ЯАГААД SPIRIT БАГ KYOUSUKE-Г ЗАРСАН БЭ?
"Spirit" багийн академид "kyousuke" гэж гоц авьяастан мэндэлсэн. Түүнийг үндсэн баг руугаа дуудагдаж, "donk"-той хамт шилдэг хослол бий болно гэж хүлээсэн хүн олон. Гэвч тэд залуу авьяастнаа Саудын Арабын "Falcons" баг руу багагүй өндөр үнээр зарчихсан.
Тэгвэл энэ талаар дасгалжуулагч "hally" ярихдаа "Намайг Шанхай руу нисэж байхад захирал Чеширээс дуудлага ирж, Falcons-ийг kyousuke-ийн араас хөөцөлдөж байгааг хэлсэн. Тэдний нэг тамирчин ч kyousuke-тай холбогдож, урвуулах гэж оролдож байна гэсэн. Би Белградад буцаж ирмэгцээ түүний тоглолт, тоглолтын яриаг нь үзсэн. Тэр үедээ л түүнийг алдаж болохгүйг ойлгосон. Дуудаж уулзаад гар барьсан. Тэр уг нь өнгөрсөн зун үндсэн багт нэгдэх байсан юм.

Алдаа нь юу байсан гээч? Багагүй хугацаанд би түүнийг үл тоочихсон юм. Түүнийг юу хийж, яаж байгаа талаар ганцаарчилсан уулзалт хийгээгүй. Тэр л надад том сургамж болсон доо. Одоо минний харж байгаагаар түүнтэй нэг тоглогч маш ойрхон байсан. Би түүнийг m0NESY байсан гэдэгт итгэдэг. Анхандаа NiKo байсан юм. Тэдний юу ярьсныг ч би гадарлаж байна. ‘Тэд зөв тоглохгүй байна, чи donk-ийн сүүдэрт дарагдана, бид яаж хожихыг мэднэ, бидэнтэй нэгд’ гэх зүйлсийг л ярьсан байх. Тэдний ийм нөлөөллийн дараа түүнтэй ярих шаардлага байгаагүй" гэв.
Залуу "kyousuke" өнгөрсөн зун Falcons багт "m0NESY", "NiKo" нартай нэгдсэн билээ.
Угтаа "hally" залуу хүүд зориулан бүхнийг төлөвлөчихсөн байжээ. Түүнээс "kyousuke" хэзээ нэгэн өдөр "donk"-ийг гүйцэх үү гэж асуухад "Үгүй" гэж хариулсан аж.
Харин энэ талаар "tvd" ярихдаа "Тэр сонголтоо хийсэн. Бидний ажил бол багийн ашиг сонирхлыг хамгаалах. Энэ бүхэн болсны дараа бид хэлэлцээ хийсэн. Түүний төлөө их мөнгө авна гэдэгтээ итгэлтэй байсан. Түүний наймаа 2 сая орчим евро болсон шүү" гэжээ.
SH1RO БУУРЬ СЭЛГЭЖ, "SPIRIT"-Д НЭГДСЭН НЬ
Дмитри Соколов буюу "sh1ro" 2023 оны арванхоёрдугаар сард "Spirit" багтай нэгдэж, өдийг хүртэл олон гайхалтай амжилтыг үзүүлжээ. Өнөө цагийн шилдэг мэргэн буучдын нэг тэрбээр өмнө нь "Cloud9" багт тоглож байсан билээ.
Анх багт нэгдсэн талаараа "sh1ro" эргэн дурсахдаа "Би chopper-ийг ямархуу ахлагч болох, дасгалжуулагч hally-г ямархуу хүн болохыг мэддэггүй байсан. Гадуур hally-г маш хатуу дасгалжуулагч гэдгийг сонсож байсан. Тэр чөлөөтэй тоглуулдаггүй гэдгийг сонссон. Анх би энэ багт ороод л бүх зүйл дээр оролцох ёстой юм байна гэдгээ ойлгосон. Тактик, хоорондын харилцаа гэх мэт. Дасгалжуулагч ч хэлсэн амандаа хүрч, миний санал, санаануудыг сонссон" гэв.
Харин дасгалжуулагч hally түүний талаар ярихдаа "Shiro бол маньяк. Бэлтгэлийн дараа бид завсарлага авдаг л даа. Энэ үеэр shiro бид хоёр демо бичлэгүүдийн талаар ярьдаг. Хоолны дараа би амрахыг хүсдэг ч тэр намайг бэлтгэлийн өрөөнд дахиад л дууддаг. Тэр дахиад л демо үзээд надтай засч сайжруулах зүйлсийн талаар ярьдаг. Шөнийн 11:30 цагт болоход би засах ёстой зүйлсийн маш урт жагсаалт авдаг. Түүний багт үзүүлж буй нөлөө асар их" гэжээ.
DONK-ИЙН АРААС БАГУУД ХӨӨЦӨЛДДӨГ
Багийн арын албаны дарга "tvd"-ийн хэлснээр "donk"-ийн төлөө таваас илүү санал иржээ. Өдгөө 18 настай гоц хүүг өөрийн болгохын тулд багууд цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийг төлөх ёстой. Гэхдээ "Spirit" түүнийг тийм ч амар явуулахгүй бололтой.

"Tvd" ярихдаа "Байгууллагын хувьд өөрсдийн гол хөрөнгөө зарах сонирхолгүй байгаа. Мэдээж түүний үнэ 10 сая ам.доллараас илүү байх. Гэхдээ бид иймэрхүү хэмжээний саналыг тоохгүй гэж бодож байна. Бид бол фарм баг биш. Бид оролцсон тэмцээн бүртээ түрүүлэхийг зорьдог. Бид donk-ийг явуулсан ч өнөөгийнх шигээ амжилттай байх уу гэж үү? Онолын хувьд тийм. Бид donk-гүй амжилт үзүүлэхийг хүсч байгаа юу гэвэл үгүй. Тэр бол бидний Майкл Жордан, Коби Брайант. Нэг багтаа заяагдсан тамирчин. Бид түүнийг Spirit-д үүрд хармаар байна" гэлээ.
"Spirit"-ийн академид гайхалтай байсан "donk" 2023 оны долдугаар сард "ArtFr0st", "zont1x" нарын хамтаар үндсэн баг руугаа дэвшсэн. Тухайн жилдээ "donk" Францын "Vitality" багт нэгдэх боломжтой байжээ.
Энэ талаар donk хэлэхдээ "Би Оросоор ярьдаг багт байвал илүү тухтай тоглоно гэж шийдсэн. Би сохор нүүдэл хийхийг хүсээгүй. Тухайн үед би нэгдүгээр зэрэглэлийн тоглогч байгаагүй. Надад хугацаа хэрэгтэй байсан. Хэрэв би сайн байж, зөв чиглэлд хөгжиж чадвал ийм боломж дахин гарч ирнэ" гэв.
Анх "donk" "Spirit"-ийн бус "NaVi"-ийн академид элсэх талаар бодож байсан ч эцэст нь Оросын багийг сонгожээ.
SPIRIT-ИЙН ШИНЭ ЦЭРГҮҮД БОЛОХ ZWEIH БОЛОН TN1R
Spirit багт богино хугацаанд бүрэлдэхүүндээ хоёр ч томоохон өөрчлөлтийг хийв. Эхлээд тэд "magixx"-ийг явуулж, түүний оронд "zweih"-г авчирсан. Дараа нь "zont1x"-ийг "tN1R"-ээр сольсон билээ.
Энэ талаар tvd "Нэг өөрчлөлт хийх байсан ч хоёр өөрчлөлт нь биднийг тоглолтоо дахин өөрчлөх, шинэ тоглогчид дасан зохицох шаардлагатай болгосон. Энэ бүхэн хэрхэн ажиллахыг хамтдаа харцгаая. Угтаа бид энэ хоёр шилжилтийг нэгэн зэрэг хийх байсан ч бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Тамирчдын гэрээ, баг, тамирчдын хүсэл зорилго гээд олон хүчин зүйлүүд энэ солилцоог хийх хугацаанд нөлөөлсөн" гэжээ.
3,593.62




















































Холбоотой мэдээ