Сурвалжлага: 207 дугаар байрыг 7 давхар хүртэл гар аргаар нураана

Сурвалжлага: 207 дугаар байрыг 7 давхар хүртэл гар аргаар нураана

Сурвалжлага: 207 дугаар байрыг 7 давхар хүртэл гар аргаар нураана

"Дээрээс юм унах эрсдэлтэй", "Барилга нураах ажил явагдаж байна" гэх бичигтэй төмөр хашаан дотроос том оврын машинууд барилгын хог зөөнө. Хүмүүс барилгын дэргэдүүр болгоомжлонгуй өнгөрч, зарим нь холуур тойрч явахыг хичээнэ. Нийт 13 давхар орон сууцны гадуур хамгаалалтын тор татаж, техник тоног төхөөрөмж түчигнэх аж.

Энэ бол одоогоос хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байр.

Энэ барилгыг 2025 оны есдүгээр сараас нурааж эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд нураах ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гэвч биднийг очиход дээрээсээ хоёр давхрыг гар аргаар нураагаад дуусч байлаа.

ОРШИН СУУГЧИД: БАЙРАНДАА 2027 ОНЫ ХАВРААС ОРНО ГЭЖ НАЙДАЖ СУУНА

“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр нэг жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлсэн.

Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолжээ.

Энэ оны есдүгээр сард газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгахаар хашаа татаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн удаа тендер зарлаад газ дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг нураах компани олдохгүй, эцэстээ нийслэлийн харьяа Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨҮГ хийхээр болсон гэдгийг оршин суугчид мэдээлсэн юм. Энэ хугацаанд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, 30 хоногийн хугацаанд буулгах даалгавар авсан ч одоогийн байдлаар барилгын 12 давхар хүртэл нураасан байдалтай байлаа.

Орон сууцны барилгыг нураах ажилд 60 гаруй инженер, техникийн ажилчид ажиллана гэдгийг тус үйлдвэрийн дарга Ц.Болд өмнө нь мэдээлж байв.

Оршин суугчдын зүгээс "Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ямар нэгэн осол аваар гаргахгүйгээр ажил урагшилж байвал сайн байна" гэдгийг хэлж байв. Оршин суугч Ч.Энхтуяа "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугчдын зүгээс барилгаа нураах ажилд хяналт тавиад ажиллаж байна. Хэдийгээр нэг сарын хугацаанд барилгыг нураахаар төлөвлөж байсан боловч бодит байдал дээр энэ ажил амаргүй юм байна. Бидэнд хугацаанаас илүү аюулгүй байдлаа хангаж ажиллах нь чухал байна. Орон сууцны дээд давхрыг гар аргаар нурааж, долоон давхраас нь тусгай кран ашиглаж нураана гэсэн. Бидний зүгээс ирэх 2027 оны хавраас шинэ байрандаа орно гэж итгэж, найдаж сууна" гэдгийг хэлсэн юм.

ОРОН СУУЦТАЙ ЗАЛГАА СУРГУУЛЬ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байртай залгаа ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургуульд 542 сурагч, цэцэрлэгт 80 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд 100 гаруй багш ажилтан ажилладаг байна. Сургуулийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажлыг эхлүүлсэн. Төлөвлөгөөний дагуу шахуу ажиллах ёстой байсан ч ажлын явцад хүндрэлтэй асуудлууд тулгарч, хугацаа нь хойшилж байх шиг байна. Манай сургуулийн ахлах ангийнхан хичээлээ хийхэд тоног төхөөрөмжийн дуу чимээ гарах асуудал гарч байгаа ч бас энэ ажлыг хурдан явуулах талаас нь дэмжин, ойлголцоод ажиллаж байна.

Ажил гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудад хамгаалалтын тор, хашлагаа сайжруулах асуудлыг хэлж, анхааруулсан.

Манай сургуулийг 133 дугаар сургууль руу түр хугацаанд шилжүүлэх боломжгүй. Учир нь тухайн сургууль ачаалал ихтэй сургууль байдаг. Газ дэлбэрэлтэд манай сургуулийн нүүрний хэсэг өртсөн учраас 207 дугаар байрыг нураасны дараа гадна фасадны ажлаа хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа" гэдэг хариултыг өглөө.

 11  АЙЛ ДААТГАЛААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГУУЛЖЭЭ

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 66 айлын 11 нь даатгалаас 2025 оны эхээр 1.4 тэрбум төгрөг гаргаж өгчээ. Одоо даатгалын гэрээ дууссан 10 гаруй айл байна гэдгийг хуульч О.Батхүү өмнө нь мэдээлсэн юм. Тэрбээр "207 дугаар байрны 11 айлын даатгалын гэрээ нь хүчинтэй, ипотекийн зээлээ төлж байсан. Дахин 10 гаруй айл нь зээлээ төлөөгүй байхад нь гэрээнийх нь хугацаа дууссан. Энэ байрны оршин суугчид маш хүнд байдал байна. Арилжааны банкнаас сар бүр ипотекийн зээлийг нь аваад байдаг.

Гэтэл байр нь галд шатаж, амьдрах боломжгүй болсон. Огт байхгүй байшингийн төлөө төлбөр төлөх нь утгагүй асуудал. Энэ асуудлыг сайн хөөцөлдвөл барьцааны болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох ёстой.

Шинэ барилга барьсан ч цоо шинэ дугаартай үл хөдлөх хөрөнгө үүснэ. Энийг хөөцөлдөөд явах гэхээр 13 айлын 10 нь нэг арилжааны банкин дээр буюу "Хаан" банкнаас зээлтэй учраас санхүүгийн хүндрэл учруулах эрсдэл үүсэх гээд байгаа юм. Тэрнээс биш 5-6 арилжааны банкинд зээлтэй бол эрсдэлийн сангаас барагдуулах боломжтой" гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүү 2025-10-01 64.119.29.63

МОНГОЛ ХҮМҮҮС ЯААСАН ТЭНЭГРЭЛТЭЙ ВЭ? ГЭЖ БУСАД УЛС БОДОГДМООР Л БАЙХ ЮМ ДАА… ТЭНД НЬ НЭГ ШАЛААР АГААРТ УУРШДАГ ШАТДАГ ХИЙ ШАТАЖ ТҮҮНЭЭС БОЛЖ БАГАХАН ДЭЛБЭРЭЛТ, ТЭГЭЭД БАЙШИНГИЙН ГАДАР ХЭСЭГ ШАТСАН ТӨДИЙД БҮХЭЛ БҮТЭН БАЙШИНГ ШУУД ДОТОР НЬ ХҮН АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ, НУРЖ УНАХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ ТОГТООЖ БАЙНА ГЭХЭЭР БИД ЕР НЬ ЯМАР ШИНЖЭЭЧ АЖИЛЛУУЛЖ ТЭДНИЙ ҮГЭЭР ЯМАР ИХ ХОХИРЧ БАЙГААГАА ДҮГНЭЖ ЦЭГНЭЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО ТЭНЭГРЭЛД ОРСОН МЭТ БАЙНА. ЭНЭ ХООРОНД СЭТГЭЛ САНАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ МОНГОЛД БОЛОВ

Avatar

Т4 2025-10-01 202.9.46.146

Хай, бүү мэд ээ..

Avatar

з 2025-10-01 202.126.91.244

яг тийм дэндүү цамаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж