1.
Түүх давтагддаг гэдэг.
МАН-ын зодоон цагаан байрнаасаа нэгэнт хальж, Монгол төрийн зовлон болж хувирлаа. Есөн жил тогтвортойгоор засагласан МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэл Төрийн институци хоорондын зөрчилд хүргэв.
2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноос намын тамгыг нь З.Энхболд авч, засгийн тамга нь Ч.Сайханбилэгт ирсэн. Нүүрс тойрсон өнөөдрийн зодоон эндээс эхтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол МАН гэрээ, Монгол эдийн засгаа нураах дээрээ тулахгүй байсан нь бодит үнэн. Тавантолгой нэгэнтээ Монголын хараал болсныг МАН-ынхны дэлгэж буй баримт болоод МАН-д өрнөж буй зодоон нотлож байна. Тавантолгойн ордыг нээлттэйгээр, олон улсын хөрөнгийн зах зээлд зарахгүйгээр нүүрсний зодоон цаашид үргэлжилсээр л байна.
2016 оны сонгуулийн дараа М.Энхболд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн үндсэн дүрмээсээ гажиж Ерөнхий сайдын суудлыг Ж.Эрдэнэбатад өгөөд өөрөө УИХ-ын даргын суудалд заларсан. Энэ нь МАН-д анхны том хагарлыг авчирсан юм.
УИХ-ын дарга, намын дарга байх нь төрийн гацааг үүсгэж, улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг гашуун жишээ энэ мэт.
2.
Түүх давтагддаг гэдэг.
“УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. 60 тэрбумын гэх бичлэг ил болсон. Энэ бичлэгт М.Энхболд дарга байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоосон. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Ёс зүйн алдаа гаргасан учраас өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой гэж шаардсан. Харин М.Энхболд өөрөө өргөдлөө өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс 40 хоног чуулган бойкотолж, хоёр удаагийн жагсаал хийж байж оруулж ирсэн хуулийн дагуу чөлөөлөх гэж байна”. 2019 оны нэгдүгээр сарын 29-ны Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ ийм байр суурийг илэрхийлж байжээ.
Эргэн сануулахад, 2018 оны арванхоёрдугаар сард “60 тэрбум”-ын дуулианд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар Төрийн ордонд суулт зарлаж, түүнийг алхаа өгөх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж байв.
Улмаар “Ашиг сонирхлын зөрчилтэй даргаар удирдуулсан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурснаар Монголын парламентын үйл ажиллагаа 40 гаруй хоног гацсан байдаг.
УИХ-ын тухай хуульд“…нас барсан, өөр ажилд шилжсэнтэй холбогдуулж өөрөө хүсэлт гаргаж өргөдлөө өгсөн, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхийн байгууллагын шийдвэрээр нотлогдсон тохиолдолд чөлөөлнө” гэж зааж өгсөн байдаг.
Гэвчиг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэсэн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсныг УИХ-ын олонх дэмжиж, уг өөрчлөлтийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулсан билээ.
3.
Хуулиар хэн нэгний гэм буруутай эсэхийг шийддэг боловч хэн нэгний ёс суртахууныг шийтгэх боломжгүй. Тиймээс нийгмийн харилцааг хуулиас гадна ёс зүй, ёс суртахуун, зарчимаар зохицуулах ёстой. Ардчилсан улсад, хуулийн засаглалтай улсад хуулиас илүү ёс зүй, ёс суртахуун нэгд тавигддаг.
Жишээ нь, Японы Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Така Это цагаан будааны талаар зохисгүй зүйл ярьснаасаа болж өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаасаа огцорсон. Атал манай улстөрчид шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй гэх үгээр ёс суртахууны хариуцлагаас мултардаг. Гэм буруугүйн асуудал нь тусдаа, ёс суртахууны хариуцлага нь бүр тусдаа. Хоёр өөр асуудлыг ганц хуулиар шийдэх боломжгүй.
УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллага нь өөрөө ёс суртахуунгүй байвал ард түмний төрдөө итгэх итгэл хөсөрддөг. Тэндээс гаргаж байгаа хууль тогтоомжийг биелүүлэхээс зайлсхийдэг, төрийн аливаа бодлого, шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа больдог. Төрдөө итгэл алдарсан нийгэмд гэмт хэргийн тоо нэмэгддэг. Нийгмийн үймээн ч гарах эрсдэлтэй, нэг жишээ нь Непаль.
Үндсэндээ, монголчууд өнөөдөр энэ дэлхийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон. Монголын парламентад хамгийн том хулгай, дээрмийн гэмт хэрэгт нэр холбогдсон сэжигтнүүд суудаг болцгоосон. Төрийн индэр дээрээс, чуулганы танхимаас иргэдээ элдэв бусаар хараан зүхэх нь энийн үзэгдэл болсон. Хэн нэгний амь нас, эрүүл мэндэд заналхийлэх нь хэвийн зүйл болсон. Жирийн иргэн хэн нэгнийг доромжилбол хариулцлага хүлээдэг бол УИХ-ын гишүүд авлига хулгайн гэмт хэрэгт нэр холбогдсон ч халдашгүй дархан эрхтэйгээ үлддэг. Тиймээс парламентын танхимд тогтоогүй ёс суртахууныг нийгмээс нэхэж даанч болдоггүй юм!
3,595.72















































