Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байгаа нь юунаас болж байгаа, нийгмийн сэтгэлзүй тогтворгүй болсноор нийгэмд ямар өөрчлөлт гарах уу, үүнийг хэрхэн өөрчилж болох вэ зэрэг сэдвээр Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч А.Энхжавхлантай ярилцлаа.
– Нийгмийн сэтгэл зүй гэж яг юуг хэлээд байна вэ? Эндээс яриагаа эхэлье.
– Нийгмийн сэтгэл зүй гэдэг нь нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн нийтлэг сэтгэл хөдлөл, хандлага, үнэт зүйл, зан үйлийн хэв маяг юм. Өөрөөр хэлбэл, хүн дангаараа бус харин бусадтайгаа харилцаж, хамт амьдрахдаа тодорхой сэтгэл зүйн төлөв, итгэл үнэмшил, хандлагыг бий болгодог. Энэ нь нэг хүнээс илүү өргөн хүрээтэй, олон нийтийн дунд түгээмэл байдаг сэтгэл зүйн байдал гэсэн үг.
– Нийгмийн стресс, уур бухимдал нэмэгдэж байгааг юутай холбоотой гэж харж байна вэ?
– Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Эдгээрийг ерөнхийд нь макро болон микро хүчин зүйл гэж ангилж болно. Макро хүчин зүйлд төр засгийн бодлого шийдвэр, эдийн засгийн байдал, амьдрах орчны нөхцөл зэрэг нийгмийн хүчин зүйлс ордог. Харин микро хүчин зүйлд хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар, гэр бүлийн тогтвортой харилцаа зэрэг багтдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн уур бухимдлаа хэрхэн зохицуулж байгаа, гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь нийгэмд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Иймээс нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх макро ба микро хүчин зүйлийн огтлолцол дээр нийгмийн стресс үүсдэг гэж ойлгож болно.
– Нийгэм хэт бухимдалтай байхаар ямар сөрөг үр дагавар бий болдог вэ?
– Нийгмийг бүрдүүлэгч хамгийн чухал хэсэг нь хүн хоорондын харилцаа байдаг. Тэгэхээр нийгмийн уур бухимдал нь өдөр тутмын харилцаанд үл ойлголцол, зөрчил маргаан нэмэгдэх, иргэдийн бие биедээ итгэх итгэл, хамтын мэдрэмж буурах, улмаар нийгмийн институцийн тогтворгүй байдалд хүргэдэг. Ингэхээр нийгмийн сэтгэл зүйд олон хүчин зүйл нөлөөлдөг ч эргээд нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй, бухимдалтай төлөв нь эдийн засаг, нийгэмд олон сөрөг үр дагавартай. Тэр дундаа ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл “mental health epidemic” буюу сэтгэцийн эрүүл мэндийн тахалд хүргэх эрсдэлтэй. Энэ бол тухайн улсын иргэдийн нийтлэг сэтгэл зүйн хувьд томоохон тулгамдсан асуудал. Жишээ нь, ДЭМБ-ын мэдээллээр манай улсын 15–34 насны залуусын дундах амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна. Энэ нь манай улсын хувьд залуусын сэтгэцийн эрүүл мэнд тэр дундаа амиа хорлолтын талаарх асуудал бол үүний хамгийн тод жишээ гэж хэлж болно.
– Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байхын хэрээр гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг уу?
– Ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүй тогтворгүй үед хүмүүсийн хууль дүрэмд захирагдах, нийгмийн хэм хэмжээг дагах байдал буурдаг. Үүнийг нийгмийн сэтгэл судлалд “Аноми” гэж нэрлэдэг. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байдаг. Жишээ нь, 2020 онд COVID-19 цар тахлын үед дэлхий нийтээр эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хүнд сорилттой тулгарсан. Нийгэм сэтгэл зүйн тогтворгүй байдал дэлхий нийтийг хамарсан энэ үед гэмт хэргийн гаралт болоод үүнээс үүдэлтэй амиа алдсан иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр үзүүлэлттэй байсан талаарх мэдээллийг олон улсын судалгаанаас харж болно оо.
– Хэтэрхий хар бараан мэдээлэл хувь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
– Хүмүүсийн ихэвчлэн асуудаг нэг асуулт бий. Тэр нь “Яагаад хүмүүс эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээлэлд ач холбогдол өгдөг вэ?” гэсэн зүйл. Үүнийг сэтгэл судлалд “negativity bias” буюу сөрөг мэдээллийн давамгайлал гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс байгалиасаа аливаа аюул, эрсдэлтэй холбоотой сөрөг мэдээлэлд илүү мэдрэмтгий байдаг. Энэ нь тархины “зугт эсвэл тэмц” хариу үйлдэлтэй холбоотой. Судалгаагаар сөрөг мэдээлэл нь эерэг мэдээллээс гурван дахин хүчтэй нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Энэ нь хүмүүсийн түгшүүр, айдсыг нэмэгдүүлдэг. Сүүлийн үед гэмт хэрэг, нийгмийг цочроосон үйл явдлын талаарх мэдээлэл цахим орчинд маш их цацагдаж байгаа нь хүний сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлж байна.
Харилцааны сэтгэл зүйн чухал ойлголт бол “emotional contagion” буюу сэтгэл хөдлөлийн халдварлалт. Хамгийн энгийнээр бол өглөө ажилдаа явахдаа замд таарсан танихгүй хүний инээмсэглэл бидэнд эерэг мэдрэмж төрүүлдэг шиг, сөрөг сэтгэл хөдлөл ч мөн адил халдварладаг. Сүүлийн үед хүмүүсийн харилцааны хамгийн чухал хэсэг болсон цахим орчин дахь эерэг болон сөрөг мэдээ мэдээлэл нь эргээд хүмүүсийн сэтгэл хөдлөлд мөн нөлөөлдөг. Тухайлбал facebook-с эерэг таатай мэдээ, бичлэг үзсэний дараах болон нийгэмд гарч буй асуудал гэмт хэргийн талаарх мэдээ үзсэний дараах бидэнд төрдөг сэтгэл хөдлөл мэдрэмжээр үүнийг тайлбарлаж болно. Тиймээс цахим орчин дахь сөрөг мэдээллийн давамгайлал нь хувь хүний тогтвортой байдал, цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иргэдийн бухимдалтай байгаа нь төрийн бодлого, эдийн засгийн хүндрэл, эсвэл шударга бус байдал аль нь гэж та харж байна?
– Түрүүн дурдсанчлан эдгээр нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх макро хүчин зүйлс болно. Нийгэм, эдийн засгийн байдал нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн том хүчин зүйлсийн нэг. НҮБ-ын 2022 оны тайланд дурдсанаар эдийн засгийн хямралын үед гэр бүлийн болон ахуйн хүрээнд үйлдэгдэх сэтгэл зүйн, харилцааны болон бие махбодын хүчирхийлэл дунджаар 15–20% өсөх хандлагатай байдаг гэж мэдээлсэн. Гэсэн ч нийгмийн сэтгэл зүйд эдийн засгийн бэрхшээлээс илүү хүчтэй уур бухимдлыг бий болгодог гол хүчин зүйл бол шударга бус байдал болохыг судалгаанууд тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эсэргүүцэл, тайван жагсаал, улмаар үймээн гарах жишээ манай улсад ч саяхан тохиосон.
“Нийгэм уур бухимдалтай байна” гэдэг хэллэг ямар шинж тэмдгээр илэрч байна вэ? -Тэгэхээр хүмүүс нийгмийн талаарх мэдээллийг хаанаас авч байна гэдэг нь чухал. Өмнө нь хүмүүс нийгмийн талаарх мэдээ мэдээллийг ТВ мэдээ, сонин сэтгүүлээс авдаг байсан бол одоо үед хүмүүс нийгэмд болж буй олон үйл явдлын талаарх мэдээллийг цахим орчноос авах болсон. Иймд иргэд олон нийт нийгмийн талаарх мэдээллийг авч буй тухайн цахим орчин дахь мэдээ мэдээллийн эерэг болон сөрөг агуулгаас харах боломжтой. Хоёр дахь нь өдөр тутмын үйлчилгээ, нийтийн тээвэр зэрэг нийгмийн харилцаанаас. Гурав дахь нь бидний өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг гэр бүл болон ажлын орчин дахь харилцаа уур амьсгалаас харах боломжтой.
–Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ бухимдлыг дэвэргэж байна уу, эсвэл ил гаргах боломж олгож байна уу?
-Хүн өөрийн уур бухимдлыг гадагшлуулахгүй удвал эргээд сэтгэл зүйн асуудлын шалтгаан болдог. Сүүлийн жилүүдэд “social media” хөгжихийн хэрээр иргэд сошиалаар дамжуулж уур бухимдлаа илэрхийлдэг болсон. Ингэхдээ нийгмийн болохгүй байгааг шүүмжилж лайв хийх, пост, коммент бичдэг. Гэхдээ энэ нь тухайн хүнийг тайвшруулах бус сэтгэл санааг нь улам тогтворгүй болгож уур бухимдлыг илүү нэмэгдүүлдэг гэсэн судалгааны үр дүн бий. Нөгөө талаас бусад хүмүүст энэ нь бас сөрөг нөлөө үзүүлдэг.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэмт хэргийг нарийн мэдээлдэг болсон нь бас нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэг дахин гарах сэдэл болдог байх нь тийм үү.
-Гэлээ гээд хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байгаа. Үүнийг буруутгахын аргагүй. Гэхдээ үүнд сөрөг тал бас бий. Ялангуяа гэмт хэргийн талаар ямар ч мэдээллийн хяналтгүй, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиалаар хэт их мэдээлснээр, иргэдийн дунд айдас төрүүлэхээс гадна сөрөг мэдээллийг байнга түгээснээр үүнд дасч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгэмд гарч буй эдгээр гэмт хэрэг нь байдаг хэвийн зүйл мэт хүлээж авдаг. Үүнийг дагаад нийгмийн эрх зүйн ухамсар гэдэг ойлголт буурдаг. Мөн нийгмийн суралцахуйн онол талаас нь авч үзвэл, ямар нэгэн гэмт хэргийн талаар хэт их мэдээллэх нь сөрөг зан үйлийг даган дуурайх болон шууд биш ч гэсэн ийм зүйл байж болно гэх зэрэг хүлээн зөвшөөрөх байдлыг бий болгох эрсдэлтэй.
-Төр, засгийн буруу бодлого шийдвэр иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Энэ их бухимдлаас өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
– Уур бухимдал бол хүний харилцааны явцад илэрч болох хэвийн сэтгэл хөдлөл. Гэвч илэрхийлэхгүй удвал түрэмгийлэл болон гарч ирдэг. Тиймээс хувь хүн өөрийн сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй. Юуны өмнө бухимдал нь өөрөөс тань хамаарч байна уу, эсвэл гаднын хүчин зүйлээс хамаарч байна уу гэдгийг ялгах шаардлагатай. Хэрэв өөрөөс хамаарч байгаа бол удирдах боломжтой. Харин гаднын хүчин зүйлээс үүдэж буй бухимдлыг та өөрөө шууд өөрчлөх боломжгүй ч үзэл бодлоо илэрхийлж, нийгмийн оролцоогоор дамжуулан нөлөөлж болно.
Жишээ нь, Дэлхийн 197 орныг хамруулсан “Emotional Report” судалгаагаар Монгол Улс стрессийн түвшнээр 106 дугаар байранд жагссан нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байв. Үүнд түгжрэл, утаа, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, боловсролын хүртээмж, төрийн бодлогын алдаа зэрэг хувь хүнээс үл хамаарах хүчин зүйлс голлон нөлөөлжээ. Иймд иргэд бухимдаж уурласнаар энэ асуудлууд шууд шийдэгдэхгүй ч үзэл бодлоо зөв илэрхийлэх нь нөлөөлөх боломж юм.
Төр, засаг иргэдийн бухимдлыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
– Энэ тухайд бол төр засгийн зүгээс иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх эсвэл иргэдийн уур бухимдлаа зөв тайлах аргад сургах нь үнэндээ асуудлын гарц гаргалгаа биш 2024 онд хийсэн судалгааны үр дүнгээр, Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаар байранд жагсаж, 10 онооноос 5.7 оноо авсан. Энэ нь өмнөх оноосоо буурсан үзүүлэлт юм. Аз жаргалын индексийг тухайн оронд амьдарч буй иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжийн байдлаар тодорхойлдог. Монголчуудын аз жаргалын индексийн оноо буурч байгаа нь төрийн тогтворгүй бодлого, агаарын бохирдол, амьдрах орчны эрүүл, аюулгүй байдал хангагдахгүй байгаатай холбоотой гэж мэдээлсэн.
Тиймээс төр, засаг иргэдийн бухимдлыг бууруулахын тулд юуны өмнө эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох суурь хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүн дээр ил тод байдал, шударга ёсыг бэхжүүлэх нь иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамж, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх болно.
3,593.62






















































Холбоотой мэдээ