“Хан мөрний гайхамшиг”-т дахин нэг гайхамшиг хэрэгтэй юу?

“Хан мөрний гайхамшиг”-т дахин нэг гайхамшиг хэрэгтэй юу?

“Хан мөрний гайхамшиг”-т дахин нэг гайхамшиг хэрэгтэй юу?

Өмнөд Солонгос улс хүн амын томоохон асуудалтай тулгарч байна. Дайны дараахан эдийн засгаа хурдацтай өсгөсөн “Азийн дөрвөн бар”-ын нэгээр нэрлэгдэж байсан энэ улс өдгөө төрөлтийн бууралтаас болж хүн амын өсөлт саарах эрсдэлтэй тулгарсан. Өмнөд Солонгосын Төв банк 2024 онд төрөлт маш бага байгаа нь 2040-өөд он гэхэд эдийн засгийг урт хугацаанд уналтад оруулах магадлалтай гэж анхааруулж байжээ.

Мөн тус улсын Хөгжлийн хүрээлэнгийн өөр нэгэн судалгаанд ​​популяцийн статистик буурч байгаа нь эдийн засгийн өсөлтийг улам бууруулж, 2041-2047 он гэхэд огцом муудах эрсдэлтэй гэжээ.

2024 онд Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин нэг эмэгтэйд дунджаар 0.748 хүүхэд байсан нь 2023 онд бүртгэгдсэн 0.721-ээс бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Харин хөгжингүй орнуудын (OECD) дундаж нь 2023 онд 1.43 байсан. Олон улсын судалгаагаар хүн амын тоо тогтвортой байхын тулд шаардлагатай “сэлбэх түвшин” 2.1 байдаг. Энгийнээр хэлбэл, өнөөгийн түвшнээр 100 солонгос хүн ердөө 36 хүүхэд төрүүлж байна гэсэн үг. Ингэснээр ажиллах хүчин үе дамжих бүрт улам багасаж, бүтээмж буурч, эдийн засгийн өсөлт саарах аюултай гэж шинжээчид хэлж байна.

“ХАН МӨРНИЙ ГАЙХАМШИГ”-Т ДАХИН НЭГ ГАЙХАМШИГ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хэрэв технологийн хөгжил хүн амын бууралтыг нөхөж чадахгүй бол Өмнөд Солонгос урт хугацааны эдийн засгийн удаашралтай тулгарна гэж Солонгосын Хойгийн Ирээдүйн Хүн амын хүрээлэнгийн захирал Ли Ин Сил хэлжээ. Гэхдээ хүн амын бууралтыг тус улсын засгийн газар үл тоогоогүй. Сүүлийн жилүүдэд шинээр гэрлэсэн хосуудыг хүүхэдтэй болоход туслах, урамшуулах журмаар төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж иржээ. Үүнд хүүхдийн мөнгө, бэлэн мөнгөний шагнал зэрэг багтдаг.

Судалгаанд дурдсанаар, зөвхөн сүүлийн 16 жилд засгийн газраас төрөлт нэмэгдүүлэхэд 270 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Үүнээс гадна, 2023 онд гурваас дээш хүүхэдтэй болсон 30-аас доош насны эрчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх санал ч гарч байсан.Гэвч эдгээр арга хэмжээнүүд төдийлөн үр дүнд хүрээгүй. Дайны дараахан хурдацтай хөгжил гаргаж “Хан мөрний гайхамшиг” хэмээн алдаршсан улс өнөөдөр төрөлтийн асуудлаа шийдэж чадахгүй хэвээр байна.

АНУ-ын Эдийн засгийн хүрээлэнгийн улс төрийн эдийн засагч Николас Эберстадт хэлэхдээ “Өмнөд Солонгост ямар ч бодлого төрөлтийн түвшнийг бодитойгоор нэмэгдүүлж чадахгүй” гэсэн байна. Тэрбээр төрөлтийн түвшин 2024 онд бага зэрэг өссөн ч 2.1 гэсэн “сэлбэх түвшин”-ээс доогуур хэвээр байгаа гэдгийг онцолсон юм. Мөн ихэнх солонгосчууд төдийлөн хоёр хүүхэдтэй болох сонирхолгүй байгаа нь төрөлтийн түвшин тогтвортойгоор буурахад нөлөөлж байна.

ТЭТГЭВРИЙН НӨЛӨӨ

Ажиллах хүч багасах нь тэтгэврийн тогтолцоонд ч дарамт учруулдаг. Өмнөд Солонгос энэ оны гуравдугаар сард сүүлийн 18 жил өөрчлөөгүй тэтгэврийн сандаа шинэчлэлт оруулж, улсын тэтгэврийн сангийн дуусах хугацааг 15 жилээр сунган 2071 он болгосон байна. Ли Ин Силийн хэлснээр, Өмнөд Солонгосын тэтгэврийн сан дөрвөн төрөлд хуваагддаг бөгөөд энэ нь цэргийн, хувийн сургуулийн ажиллах хүч, төрийн албан хаагч, үндэсний тэтгэврийн сан юм. Гэвч цэргийн болон төрийн албан хаагчдын тэтгэврийн сан аль хэдийнэ дууссан байна.

Улмаар тэтгэврийн сангийн тогтолцоог шинэчилснээр залуу ажиллах хүч илүү өндөр шимтгэл төлөх боловч бага тэтгэвэр авах бүтэц рүү шилжиж байна. Энэ нь хойч үеийнхэнд илүү их дарамт үзүүлж байна гэж шүүмжлэл дагуулж байгаа юм.

Мөн цэргийн албанд татагдах хүний тоо цөөрөх нь батлан хамгаалалтын асуудал дагуулж байна. Өмнөд Солонгосын идэвхтэй алба хаагчдын тоо 2019 онд 690 мянга байсан бол одоо 20 хувиар буурч, 450 мянга орчим болжээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчинд АНУ-ын 28,500 цэрэг нэмэгдэж оролцдог бөгөөд Сөүл нь Вашингтонтой харилцан хамгаалах гэрээтэй юм. Түүнчлэн Өмнөд Солонгос улс албан ёсоор Хойд Солонгостой дайны бэлэн байдалд хэвээр байгаа. Учир нь 1953 оны Солонгосын дайн гал зогсоох гэрээгээр дууссан ч энхийн гэрээ байгуулаагүй билээ. Харин Хойд Солонгос ойролцоогоор 1.23 сая албан хаагчтай, дэлхийн хамгийн том байнгын армийн нэгийг эзэмшдэг.

ХЭТЭРХИЙ СӨРГӨӨР ДҮГНЭХ ХЭРЭГГҮЙ

Азийн дөрөв дэх том эдийн засгийн ирээдүй бараан харагдаж байгаа ч зарим шинжээчид хэтэрхий гутранги хандахгүй байхыг зөвлөж байна. Үндэсний статистикийн газрын ерөнхий захирлаар ажиллаж байсан Ли Ин Сил хэлэхдээ, ямар ч эдийн засаг өөрийгөө зохицуулах арга замыг олдог гэжээ.

“Эдийн засаг уналтад орвол ихэвчлэн технологийн шинэчлэл, цагаачлалын бодлого болон бусад арга хэмжээгээр бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашдын уналтаас сэргийлэх оролдлого хийдэг” гэж тэрбээр тайлбарласан байна.

"AEI"-ийн Эберстадт мөн Өмнөд Солонгос хөгширч, хүн ам нь цөөрсөн ч чинээлэг байдлаа хадгалж, бүр нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Тэрбээр 1970-аад онд дэлхийн хүн ам эрс өсөж, нөөц дуусна гэсэн айдас газар авч, хүн төрөлхтөн өөрийгөө тэжээж чадах эсэхэд эргэлзэж байсан цаг үеийг дурдсан юм.

Стэнфордын их сургуулийн профессор асан Пол Эрлих болон судлаач Анн Эрлих нар хамтран 1968 онд бичсэн "The Population Bomb" номд хүн ам нэмэгдэхийн хэрээр дэлхий даяар өлсгөлөн нүүрлэж, нас баралт өснө гэж зөгнөсөн байдаг.

Гэсэн хэдий ч уг ном гарснаас 50 жилийн дараа дэлхий өмнөхөөсөө илүү баян, боловсролтой, хангалуун, хөгжин цэцэглэсэн, туйлын ядуурал багассан байгааг Эберстадт онцолжээ. Ли Ин Сил мөн сүүлийн жилүүдэд Солонгосын засгийн газар бодлогоо хурдтай өөрчилж, олон нийтийн ухамсар хөгжиж буйг харгалзан үзвэл шинэ гарц, шийдэл олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “1953 онд Солонгосын дайн зогсох үед Өмнөд Солонгос өнөөдрийн түвшинд хүрнэ гэж цөөхөн хүн л төсөөлж байсан” гэж Эберстадт хэлээд “Хүн төрөлхтөн бол онцгой дасан зохицох чадвартай. Энэ бол өөр төрлийн сорилт хэдий ч сүүлийн үеийн түүхийг харахад Өмнөд Солонгосын хүн амыг дутуу үнэлэх нь ухаалаг хэрэг биш” гэж гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-30 59.153.115.116

Капиталист нийгэмд хүн амыг өсгөх, төрөлтийг нэмэгдүүлэхэд нэлээд олон талын бодлого хэрэгтэй байх. Ер нь ямар ч амьтан таатай орчинд л өсөж үрждэг гэдэг

Avatar

Нэргүй 2025-09-30 202.126.89.107

Хоцрогдсон хойд солонгосоос дүрвэж ирсэн дүрвэгчдийн яриагаар бол өмнөдөд хөл тавихад л өөр цаг үед өөр зуунд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг гэж байгаа

Avatar

Нэргүй 2025-09-30 202.70.43.34

Дэлхийн хүн ам хэт өсөлтөөс үүдэлтэй Ковид цар тахал гарсан. ЭНэ эх дэлхий угаас 6 тэрбум хүн багтаах багтаамжтай гэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж