УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.29/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас төрийн байгууллагуудад есөн хувийн цомхотгол хийхийг үүрэг болгосон. Энэ ажил хуулийн байгууллагад хүндрэл үүсгэх эсэх талаар гишүүд тодруулж, холбогдох албаныхан хариулт өглөө. Цомхотголоос гадна хөрөнгө оруулалтын төсвөөс их хэмжээгээр танасан асуудал ч байгаа аж. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын тайлбараар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтын төсвөөс 260 тэрбум, Хүний эрхийн үндэсний комиссын хөрөнгө оруулалтын төсвөөс 25 тэрбум төгрөг хасагдсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Ирэх жил төрийн албан хаагчдыг есөн хувиар цомхотгоход ямар хүндрэл гарахаар байна вэ. Цагдаа, шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд энэ цомхотголыг хэрхэн хийх гэж байна вэ?
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд:
-Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн байгууллагаас есөн хувийн орон тоо хассан. Бүх л нэгжүүдээсээ хассан. Гудамжинд эргүүл хийж байгаа цагдаа, хэсгийн байцаагч ,хэсгийн эргүүл, хэсгийн төлөөлөгч нарыг хасаагүй. Мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байгаа, хүний эрхтэй холбоотой ажиллаж байгаа, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр ажиллаж байгаа алба хаагч нарыг хасаагүй. Бусад жолооч, захиргааны ажилтан, хамгаалалтын ажилтан зэрэг бүх нэгжээс орон тоог есөн хувиар хассан.
Гэтэл бид нарт 2026 онд Засгийн газрын тогтоолтой, шинээр бий болж байгаа шүүхүүдтэй холбоотой орон тоо бий болгох шаардлага гарч байна. Жишээлбэл, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой орон тоо нэмэгдэхээр байгаа. Зарим аймгуудын усны хамгаалалтыг ав гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Энэнтэй холбогдуулаад 843 орон тоо хэрэгтэй байгаа. Энэ орон тоо батлагдахгүй бол 2026 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, усны эх үүсвэрийг хамгаалах, Гэр бүлийн шүүхтэй холбоотой хамгаалалт зохицуулалт хийх боломжгүй.
Улсын ерөнхий прокурорын газар н. Гансэлэм:
– Есөн хувийн цомхотгол прокурорын байгууллага дээр орж ирсэн. Улсын хэмжээнд 709 прокурор ажилладаг, мөн 793 ажилтантай. Нийт 1502 хүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Эндээсээ есөн хувийн цомхотгол хийхээр 132 орон тоо хасагдах болж байгаа. Прокурорууд зургаан өдөр ажиллаж байж тухайн өдрийнхөө ажлыг нугалдаг. Одоо эндээс есөн хувиар цомхотгол хийхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгааг харгалзан үзэх шаардлагатай. Гэр бүлийн шүүх байгуулагдахаар прокурорыг мэргэшүүлэх, орон нутагт томилох шаардлага байгааг харгалзан үзэхийг хүсье.
Авлигатай тэмцэх газар:
-Орон тооны есөн хувийн цомхотгол хүндрэл бий болгож байгаа. Батлагдсан төсвийнхөө хүрээнд ажиллахаас аргагүй. Жирэмсэн блон сургалтын чөлөөтэй албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх, захиргааны болон аж ахуй чиглэлийн орон тоон дээр томилгоо хийхгүй байхаар төлөвлөж байна. Илүү цагаар ажиллаж ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн:
-Одоо томилогдоогүй байгаа орон тоог зогсоож, энэ жил тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийнхээ оронд шинээр хүн томилохгүй. Энэ жил болон ирэх жил хийх технологийн шинэчлэлийн хүрээнд хүний хүчийг хэмнэнэ гэсэн тооцоололтойгоор ажлаа зохицуулна. Ирэх онд хүндэрч болзошгүй асуудал нь албан хаагчийн таван жилийн урамшуулал, тэтгэвэртээ гарахад авдаг 36 сарын тэтгэмжийн асуудал хүндрэл учруулж болзошгүй байгаа. Энэ нь албан хаагчдын нөхөн хангалтад сөргөөр нөлөөлж болзошгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар:
-Манай байгууллага дээр 2000 орчим орон тоо дутуу байгаа. Хуулиар шинээр ирсэн чиг үүрэг бий. Тухайлбал, баривчлах шийтгэлийг эдлүүлэх чиг үүрэг манай байгууллага дээр ирсэн. Орон нутагт баривчлах байрыг хүлээн авах ажил удаашралтай байна. Зорчих эрхийг хасах ялд манай байгууллага хяналт тавьдаг, энэ нь давхар ачаалал үүсгэж байгаа. Тэгэхээр есөн хувийн цомхотгол хүндрэлтэй тулж байгаа.
-Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-Есөн хувийн цомхотголыг хийхдээ эхлээд чиг үүргийн шинжилгээ хийх. Түүндээ үндэслээд хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой орон тоог хасах, нягтруулах боломжтой чиг үүгээ гаргаж ирээд есөн хувийн цомхотгол хийх чиглэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төсвийн ерөнхийлөн заирагч нарт чиглэл өгсөн. Гэхдээ энэ удаад тулгамдуу орсон учраас чиг үүргийн шинжилгээ хийсэн байгууллага ховор. Чиг үүргийн шинжилгээ хийгээгүй учраас байгууллагууд тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр нэмж хүн авахгүй байхаар зохицуулж байна.
Сангийн яамны хувьд яам, агентлаг заавал есөн хувийн цомхотгол хий, түүнээсээ доошоо нийт есөн хувийн цомхотгол хий гэдэг боломж олгож байгаа.
Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр гишүүд ирэх онд хөрөнгө оруулалтын зардыг оновчтой төлөвлөж чадсан эсэх талаар тодруулав.
Хөрөнгө оруулалтын зардлын эрэмбийн талаарх асуултад Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хариулахдаа “Ирэх жилийн төсөвт он дамнасан есөн барилгыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтад 13.7 тэрбум төгрөг, шинээр эхлэх 12 төсөлд 27.7 тэрбум төгрөг, их засварт 2.5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Он дамнан шилжиж буй барилгуудыг дуусгах бодлого баримталж байна. Шинээр хэрэгжих төслүүд нэн тэргүүнд Сангийн яамнаас тавьж буй шаардлагыг хангасан эсэх, орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэхийн сацуу байгууллагаас нь эрэмбэлэн ирүүлсэн үндэслэл, шаардлагатай яам танилцсан” гэлээ.
Хуулийн салбарын ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох шаардлага, нөхцөл байдлын талаарх асуултад сайд хариулахдаа “Сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. УИХ-аас байгуулагдсан холбогдох ажлын хэсэгтэй салбарын хэмжээнд нягт хамтран ажиллах болно” гэсэн. Л.Мөнхбаатар сайд, салбарын хэмжээнд төсвийг хүртээмжтэй төлөвлөж, үр ашигтай зарцуулахын тулд байгууллага бүр дээр процессын дахин инженерчлэл хийхээр төлөвлөж, цагдаагийг байгууллагуудад хийсэн талаараа дурдаж байсане Хүний эрхийн Үндэсний Комиссын төсөв төсөлд өнгөрсөн оныхоос буурч төлөвлөгдөж байгаагийн үр дагаварын талаар Комиссын дарга Д.Сүнжид хариулт өгөв. Тус Комиссын урсгал зардлын төсөв 12.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бол 2026 оны төсвийн төсөлд үүнээс 2.6 тэрбум төгрөгөөр буурч тусгагдсан байгаа аж. Үүний улмаас судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт нөлөөллийн ажлыг гүйцэтгэх төсөвгүй болж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Түүнчлэн томилолтын зардал буурах, эд хогшил, байрны түрээсийн зардалд өр үүсэх тооцооллыг мөн тайлбарласан. Хүний эрхийн үндэсний комисс нь долоон хуулиар, 20 төрлийн чиг үүрэг хүлээсэн байдгаас дээрх хэмжээгээр урсгал зардлыг бууруулах тохиолдолд дээрх гурван төрлийн чиг үүргийн гүйцэтгэлд доголдол үүснэ гэлээ.
Г.ХОРОЛ
3,602.33





















































Холбоотой мэдээ