Монгол Улсын валютын зах зээлд 2025 оны есдүгээр сарын 25-ны байдлаар ам.долларын ханш өсч, бусад голлох валютуудын ханш харьцангуй тогтвортой байна. Тухайлбал, Монголбанкны зарласан өдрийн хаалтын ханшаар ам.долларын ханш 3592 төгрөгт хүрч, өмнөх өдрөөс 0.70 төгрөгөөр нэмэгджээ.
2025 оны эхнээс хойш ам.долларын ханш аажмаар тав орчим хувиар өсч, 3600 төгрөгийн босгыг давсан нь гадаад худалдааны эрэлтэд шууд нөлөөлж, улмаар эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй байгаа юм.
2025 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг эерэг өсөлтөө хадгалж байгаа ч инфляц болон валютын ханшийн өсөлт тодорхой дарамт үүсгэж байна. Инфляц 8.8 хувьд хүрч, өмнөх сараас өссөн нь эрчим хүч, тээврийн зардал нэмэгдэж, төрийн зарцуулалт өссөнтэй холбоотой хэмээн эдийн засагчид үзэж буй. Энэ нь өрхийн хэрэглээ болон худалдан авах чадварт мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж эхэлсэн.
Ам.долларын ханшийн өсөлт импортын зардлыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг улам хүндрүүлж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээнд хадгалагдаж байгаа нь анзаарагдаж байгаа. Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 5.6 хувиар өсч, аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл наймдугаар сард 27.1 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ өсөлтөд уул уурхайн түүхий эдийн олборлолт, металлын үнэ болон гадаад эрэлт өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн хөдөө аж ахуй болон зарим үйлдвэрлэлийн салбар ч өсөлтөд эерэг хувь нэмэр оруулжээ.
Гэвч цаашид эдийн засгийн өсөлт импортын хамаарлыг дагуулж, валютын ханшийн хэлбэлзэлтэй уялдан зарим салбарын тогтвортой байдалд эрсдэл бий болгож болзошгүй байна. Экспортлогчдын хувьд ам.долларын ханшийн өсөлт орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ч, импортод түшиглэсэн бизнесүүдийн хувьд зардал өсөж, зах зээл дээрх өрсөлдөх чадварыг бууруулах сөрөг талтай.
Төсвийн зардал нэмэгдэхийн хэрээр инфляцын дарамт үүсэх эрсдэлтэй тул санхүүгийн сахилга бат, төсвийн үр ашигтай хяналт, гадаад валютын нөөцийн зохистой менежмент нэн шаардлагатай хэвээр байна.
3,595.72





















































Холбоотой мэдээ