BCH Найтс – Гарьдын суурин дээр дахин төрсөн баатрууд

The League

BCH Найтс – Гарьдын суурин дээр дахин төрсөн баатрууд

BCH Найтс – Гарьдын суурин дээр дахин төрсөн баатрууд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх улирал өрсөлдөх арван багийн талаарх мэдээллийг цувралаар хүргэе.


#4 BCH НАЙТС

Өнгөрсөн улирал эхлэхээс өмнө цаасан дээрх хамгийн хүчирхэг баг нь хуучны Гарьд буюу Найтс байв. Харамсалтай нь санасан бүхэн нь саадгүй биелсэнгүй. Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар 3х3 сагсан бөмбөгөө хөөж тоглоогүй бол Пендарвис Уиллиамс Уурхайчид багт байсан шигээ үр нөлөө үзүүлээгүй эсвэл түүнийг ашиглаж чадаагүй. Улирлын төгсгөлд О.Эрдэнэцогт "Тэргүүн тоглогч"-оо алдав. Ер нь л Найтс багийнхан болон дэмжигчдийнх нь хувьд мартмаар улирал болсон.

  • Шинээр ирсэн тамирчид: М.Чинхутаг, Б.Ган-Эрдэнэ, Э.Сугар-Очир, Б.Энх-Амгалан, Н.Ганбаатар, А.Базаргүр, Т.Гүен/драфтын сонголт/
  • Багаас явуулсан тамирчид: Г.Билгүүн, Ө.Тэмүүжин, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Ж.Жамсрандорж, Г.Лхагвацэнд
  • Легионер тамирчид: Жордан Толберт, Давион Уоррен

Найтс багт ирсэн шинэ тамирчдыг харахаар өшөө авагчид ч юм шиг. Доод лиг рүү унасан ТЛЖ-ээс М.Чинхутаг, Б.Ган-Эрдэнэ, шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнд дуудагдсан ч үндсэн багт багтаж чадаагүй Э.Сугар-Очир, Эйпст бүрэн үнэлэгдээгүй Н.Ганбаатар, Бодонсын "тоглоом" болсон А.Базаргүр, Бродерсын ахлагч асан Б.Энх-Амгалан гээд дандаа ирэх улирал өөрсдийгөө батлан харуулах хүсэлтэй, "шартай" тоглогчид энд чуулжээ.

Дээрээс нь нэмэгдээд "Тэргүүн тоглогч"-ийн шагналаа гуйж биш гуядаж авахаар дахин зорьж буй О.Эрдэнэцогт гээд ер нь л өлсгөлөн, цангасан бүрэлдэхүүн лигт бэлэн болсон аж.

Эхлээд тэд Жордан Толбертыг зарласан. Өнгөрсөн жил Хасын Хүлэгүүд баг Монголдоо төдийгүй Азидаа амжилт гаргахад Толбертын үр нөлөө үлэмж байсан нь нууц биш. Монголын лигт хэдийнэ дасал болсон шилдэг тоглогчийг Найтс нэгтгэв. Гэхдээ өнгөрсөн жилийн туршлагаа харвал "айлын" тоглогч багт нь ирээд гялалзаагүй түүх бий. Толберт Пендарвис шиг байх эсэхийг харцгаая.

Сүүлд Давион Уоррен гэх 26 настай, 198 см өндөр холбон тоглогчийг танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн улирал Хятадын лигт 18.6 оноо, 5.3 самбар, 4.2 ашигтай дамжуулалт дунджилжээ. Түүний хувьд шидэлттэй, хамгаалалт сайтай гэж үнэлэгдсэн аж.

Бүрэлдэхүүнийг харахад хуучны Гарьдаас үлдэж байгаа нь л О.Эрдэнэцогт гэлтэй. Ерөнхийдөө Найтс бол Гарьдын үргэлжлэл биш гэдгийг ойлгох цаг иржээ. Харин Гарьдын үргэлжлэл нь энэ жил М Хөгжлийн лигт өрсөлдөх Барууны Дайчид мэт. Ө.Тэмүүжин, Г.Билгүүн, Б.Болдбаатар, Б.Мөнхболд, О.Ууганбаяр нар саяхан бүгд Бүх ард түмний спартакиадад Баруун Дайчид багийн өмсгөлтэй оролцсон.

ХҮЛЭЭЛТ

Өнгөрсөн плей-оффд О.Эрдэнэцогт, Пендарвис Уиллиамс хоёроос өөр найдвартай довтолгооны сонголт Найтс багт байгаагүй. Улиралд л сэлгээгээ сайн хөгжүүлж, боломж олгоогүй санагдсан. Ингээд плей-оффд орохоор ашиглах хөзөр олдоогүй. Гэтэл энэ бүрэлдэхүүнийг харахад довтолгоо нь илт сайжирсан гэлтэй.

Шинэ тоглогчдоос гадна Д.Дөлгөөнмөрөн, А.Батхуяг, Х.Мөнхтөр, Б.Төгөлдөр гээд залуус нь бий.

Найтсыг ирэх улирал Журис Валилевс гэх латви залуу дасгалжуулагч удирдана. Латвидаа залуучуудын баг удирдаж үнэлэгдсэн тэрбээр сүүлд Казахстаны лигт туслах дасгалжуулагчаар ажиллажээ. Залуу тамирчдыг хөгжүүлэх тал дээрээ түүний хувьд Латвидаа танигдсан нэгэн гэнэ. Найтс ч цус сэлбэж, олон залуучуудтай болсон учир энэ нүүдэл зөв байж болох юм.

Ийм залуу, өлсгөлөн, манлайлагчтай багийг удирдаж чадвал амжилт үзүүлэх нь гарцаагүй.

О.Эрдэнэцогтын залуус ирэх улирал зангарга харуулж, хүснэгтийг тэргүүлэхийг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж