Хэрэв та Хятад улсад төөрч, паспорт зэрэг чухал эд зүйлсээ алдвал 12345 утас руу залгаарай. Энгийн нэг зөвлөгөө мэт сонсогдох ч үүний цаана ард бүхэл бүтэн 22 гаруй сая хүн амтай хотын амьдралын хэмнэлийг уялдуулж байдаг томоохон сүлжээ байдгыг мэдвэл та лав гайхах биз ээ. Бээжингийн “12345 Иргэдийн Шуурхай утасны үйлчилгээний төв” зөвхөн төөрсөн хүнийг замчлах бус, хотын иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг бүхий л асуудлыг шийдвэрлэдэг аж.
НИЙГМИЙН ЗАСАГЛАЛЫН ШИНЭ ЗАГВАР
"12345 Иргэдийн Шуурхай утасны үйлчилгээний төв”-өөр зочлоход хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол тухтай уур амьсгал байлаа.
Асар том танхимд эгнүүлэн байрлуулсан ширээнүүдийн ард чихэвч зүүсэн операторууд сууж, өрөөний гэрэлтүүлэг, орчны зөөлөн өнгө нь ажлын хэмнэлийг илүү тайван болгожээ.
Ханын дагуу байрлуулсан самбар дээр иргэдийн талархлын захидал, зураг өлгөөтэй. “Асуудлыг минь шийдэж өгсөнд баярлалаа”, “Таны дуу хоолой намайг тайвшруулсан” гэх үгс тэндээс уншигдана. Энэ бол ажилтнуудад хамгийн том урам өгдөг зүйл.
Тус төвд нийт 750 гаруй ажилтан ээлжээр ажиллаж, 24 цагийн турш тасралтгүй дуудлага авдаг. Нэг оператор өдөрт дунджаар 300 орчим дуудлага хүлээн авч, системд бүртгэн, холбогдох байгууллага руу дамжуулдаг.
Өдөр бүрийн нийт дуудлага 50 мянга орчим. Үүний 70 хувь нь мэдээлэл лавлах, үлдсэн нь санал, гомдол, заримдаа талархлын дуудлага байдаг аж. Дуудлагын 80 гаруй хувь нь долоо хоногийн дотор шийдвэрлэгдэж, онцгой тохиолдолд шууд газар дээр нь очиж ажилладаг баг хүртэл бий гэнэ.












Бээжин хотын 22 сая гаруй иргэн өдөр бүр ажил амьдралдаа бэрхшээлтэй тулгардаг. Автобусны хуваарь хоцрох, хог тээвэрлэлт удаашрах, хөршийн маргаан гарах зэрэг жижиг мэт боловч олон хүний амьдралд хүндээр нөлөөлөх асуудлууд бий. Ийм үед хүмүүс хамгийн түрүүнд санаж, итгэж залгадаг нь “12345” утас.
Нөгөөтэйгүүр, операторууд зөвхөн утсаар ярьдаггүй. Жил бүр тодорхой хугацаанд тэднийг дүүрэг, хорооны газарт ажиллуулж, бодит нөхцөл байдлыг ойлгуулдаг нь ажилдаа бодитой хандахад тус болдог аж.
ЖУУЛЧДЫН НАЙДВАРТАЙ "ТУСЛАГЧ"
"12345" дугаар зөвхөн дотоодын иргэдэд бус, жуулчдад ч найдвартай туслагч нь болдог. Паспорт, түрийвчээ гээсэн, эмнэлгийн тусламж хайсан олон жуулчин энэ төвд ханддаг.
Тус төвийн оператор хэлэхдээ:
“Нэг удаа Европоос ирсэн жуулчин паспортоо алга болгосон тухай дуудлага хийсэн. Маш их сандарсан байсан. Бид эхлээд тайвшруулж, дараа нь цагдаагийн газар, улмаар Элчин сайдын яамтай холбон, түр үнэмлэх авахад нь тусалсан. Хэдхэн цагийн дотор бүх зүйл шийдэгдсэн” гэв.
Өнгөрсөн онд л гэхэд тус төвд гадаадын жуулчдаас 30 мянга гаруй дуудлага иржээ. Энэ тоо Бээжин хот олон улсын жуулчдад хэр найрсаг хандаж байгаагийн илрэл юм.
"12345" төвийн ажилтан зөвхөн дуудлага бүртгэх биш, өдөр бүр бухимдсан, уурласан иргэдийн яриаг сонсож, тэднийг тайвшруулж, боломжит шийдлийг санал болгох ёстой.
Өөр нэг оператор хэлэхдээ:
“Зарим хүн ярихдаа ууртай, бүр чанга хашгирдаг. Бидний хамгийн түрүүнд хийх зүйл бол тэднийг сонсох. Асуудлаа ярьж дууссан уу, одоо хамтдаа шийдье гэж хэлэхэд хүмүүсийн уур намддаг" гэлээ.
"12345" төв нь Хятадын төрөөс хэрэгжүүлж буй анхан шатны нийгмийн засаглалын нэг хэсэг. Өмнө нь нэг асуудлаа шийдүүлэхийн тулд олон байгууллагаар гүйдэг байсан бол одоо ганц дуудлагаар бүх шатны байгууллагад хүргэж чаддаг болжээ.
2022 онд гэхэд нийт 18 сая гаруй дуудлага бүртгэгдэж, түүний 90 хувь бүрэн шийдвэрлэгдсэн байна. Иргэдийн сэтгэл ханамжийн түвшин 85 хувиас дээш гарсан нь энэ тогтолцооны үр дүнг тодорхой харуулж буй юм.
Энэ бол Бээжингийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж буй, дэлхийд жишиг болохуйц үйлчилгээний тогтолцоо юм.








3,593.62




















































Холбоотой мэдээ