Японы хаан ширээний ирээдүй ХИСАХИТО

ХҮМҮҮС

Японы хаан ширээний ирээдүй ХИСАХИТО

Японы хаан ширээний ирээдүй ХИСАХИТО

Сүүлийн 40 жилийн хугацаанд Японы ханхүү Хисахито нас биед хүрсэн цорын ганц эрэгтэй хааны удмын хүн гэгдэж байна. Гэхдээ хааны гэр бүлээс түүнийг сүүлчийн ханхүү эсвэл хаан болж магадгүй гэж зарим хүмүүс үздэг байна. Ханхүү Хисахито энэ сарын эхээр 19 настайдаа албан ёсоор нас биед хүрснийг зарлах ёслолоо хийсэн юм. Тэгвэл "NEWS" агентлагийн "Хүмүүс" буландаа Японы хаан ширээг залгамжлах дарааллын хоёрдугаарт байдаг ханхүү Хисахитог онцолж байна.


Японы заншил ёсоор 18 нас хүрсэн тохиолдолд нас биед хүрсэн гэж үзэж, онцгойлон тэмдэглэж, ёслол үйлддэг билээ. Гэхдээ ханхүү Хисахито 19 настайдаа уг ёслолоо хийсэн байна. Учир нь тэрбээр өнгөрсөн жил их сургуулийн шалгалтдаа анхаарахыг хүссэн бөгөөд тус шалгалтаа ч амжилттай өгчээ.

Хисахито энэ жил Токио хотын ойролцоох Цукуба их сургуульд элсэн орж, биологийн шинжлэх ухаан судлах болсон. Түүний хувьд тэмээлзгэнэ болон бусад шавжийг судлах дуртай учир биологийн салбарыг сонгосон аж. Хисахито энэ оны гуравдугаар сард анх удаа албан ёсны хэвлэлийн бага хуралд орсон бөгөөд эл үеэрээ хортон шавжийн талаар илүү ихийг мэдэж авч, хот суурин газарт хэрхэн хамгаалах талаар судлахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Залуу ханхүү Хисахито 2006 оны есдүгээр сарын 6-нд Токио хотод төрсөн. Тэрбээр эзэн хаан Нарухитогийн дүү угсаа залгамжлах хунтайж Акишино болон угсаа залгамжлах гүнж Кико нарын бага хүү юм. Хисахито дээрээ хоёр эгчтэй ч угсаа залгамжлах дарааллын хоёрт ордог. Учир нь тус улсын хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн залгамжлах ёстой байдаг. Улмаар түүнийг сүүлчийн ханхүү гэгдэх болсон юм.

ХИСАХИТО СҮҮЛЧИЙН ХААН БОЛЖ МАГАДГҮЙ

Эзэн хаан Нарухито ганц охинтой. Улмаар эзэн хаан охиндоо 19 дүгээр зуунаас эхлэн мөрдөгдөж ирсэн хаан ширээг өвлүүлэх хуулийн дагуу охиноо хатан болгох боломжгүй юм. Угсаа залгамжлах ханхүү Акашино 1985 онд нас биед хүрсэн ёслолоо хийж байсан. Хэдийгээр Японы эзэн хааны гэр бүл 16 гишүүнтэй ч хаан ширээг өвлөх боломжтой нь Акашино болон Хисахито билээ. Мөн Нарухито хааны эцэг эзэн хаан Акихитогийн бага дүү ханхүү Хитачи хаан ширээг залгамжлах дарааллаараа гуравт байдаг. Гэвч ханхүү Хитачи өдгөө 89 настай. Улмаар тус улсын хаан ширээг залгамжлах боломжтой эрэгтэйчүүдийн тоо харьцангуй бага байгаа нь 1500 жил үргэлжилсэн хаант засаглалын цаашдын ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэж байна. Мөн энэ нь Японы хүн амын бууралттай холбоотой гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Японд заншил ёсоор эрэгтэй хүн хаан болдог ч эмэгтэй хүн мөн адил хаан ширээг залгамжилж байсан үе бий. Тухайлбал, найман хатан хаан байсан бөгөөд хамгийн сүүлд хатан Госакурамачи 1762-1770 оны хооронд эзэнт улсаа удирдаж байжээ. Гэхдээ эдгээр хатад хэзээ ч угсаа залгамжлагч төрүүлээгүй аж. Дараа нь 1889 онд дайны өмнөх Үндсэн хуулийн дагуу анх удаа өв залгамжлах эрхийг хуулиар хязгаарласан байна. Харин дайны дараах буюу 1947 оны Эзэн хааны ордны тухай хуульд зөвхөн эрэгтэйчүүдийг залгамжлахыг зөвшөөрдөг болжээ. Зарим мэргэжилтнүүд уг хуулийн тогтолцоо нь бүтцийн хувьд алдаатай гэж үзэж байна. Учир нь 100 гаруй жилийн өмнө эзэн хаан татвар эмстэй байсан тул олон хүүхэдтэй байсан.

Гэхдээ өдгөө эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарын цорын ганц охин, хайр сэтгэлээ сонгосон гэдгээрээ алдартай гүнж Айко эцгийнхээ залгамжлагч байж чадахгүй. Учир нь тэрбээр эгэл жирийн залуутай гэр бүл болсон.

ЗАЛГАМЖ ХАЛААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААН 

Хаан ширээг залгамжлах асуудлаар 2005 онд тухайн үеийн засгийн газар Эзэн хааны ордны тухай хуульд өөрчлөлт оруулах санал тавьсан. Гэхдээ Хисахито төрсөн нь энэ саналыг хүчингүй болгоход хүргэсэн. Учир нь зарим үндсэрхэг үзэлтнүүд зөвхөн эрэгтэй хүн хаан ширээг залгамжлах ёстой гэх байр сууринаас хөдлөөгүй бөгөөд маргаан дагуулжээ. Дараа нь 2022 оны нэгдүгээр сард нэгэн консерватив шинжээчдийн бүлэг зөвхөн хааны удмын эрэгтэй хүн хаан болох дүрмийг хэвээр үлдээхийг санал болгосон. Түүнчлэн гүнж нар гэрлэснийхээ дараа ч хааны удмын гишүүн хэвээр үлдэж, албан ёсны үүргээ гүйцэтгэх боломжтой байх ёстой гэж санал тавьсан байна. Харин хаан ширээг залгамжлагч байхгүй тохиолдолд хааны удмын холын хамаатныг эзэн хаан болгох ёстой гэж үзжээ. Гэвч урьдын адил энэ саналыг хэлэлцэж, шийдвэрт хүрээгүй байна. Учир нь гүнжтэй гэрлэсэн эрчүүд болон тэдний хүүхдүүдэд хааны удмын гишүүний статус өгөх эсэх дээр санал нэгдээгүй юм.

Ингэснээр хааны гэр бүлийн ирээдүй бүхэлдээ ханхүү Хисахитогоос шалтгаална гэж эзэн хааны ордны агентлагийн хуучин тэргүүн Шинго Хакэта онцолсон юм.

Тэрбээр асуудлын гол нь эрэгтэй эсвэл эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрөх эсэх биш, харин хаант засгийг хэрхэн авч үлдэх вэ гэдэгт оршино гэж мэдэгджээ. Консерватив Ёмиури сонин тавдугаар сард Хааны удмын тухай хуулийг яаралтай өөрчлөхийг уриалсан. Тодруулбал, гүнжийн нөхөр, хүүхдүүдэд хааны удмын статус өгөх, мөн эмэгтэйчүүдийг хаан ширээнд залрахыг зөвшөөрөхийг санал болгожээ. Мөн парламент хаант засгийн ирээдүйг тойрсон энэ хямралын талаар хариуцлагатай шийдвэр гаргах ёстой гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2025-09-25 66.181.180.162

Хисахито хаан болоод эрэгтэй хүүхдүүдтэй болоод явчихад ямар ч асуудал байхгүй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж