Шатрын оюутны ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Шатрын оюутны ДАШТ үргэлжилж байна

Швейцарийн Цюрих хотноо шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр шатарчдын хувьд амралтын өдөр бөгөөд маргааш тэмцээний долдугаар өргийн тоглолтууд болох юм. Долдугаар тавилд манай шатарчдаас Б.Гүндаваа Английн Петер Пуубаласингамтай, Г.Эрдэнэ Шведийн Оливер Курманнтай, Г.Мөнхгал Португалийн Вьела Фольатай, харин Г.Оргил Израйлийн шатарчин Михаиль Ботвиниктэй тус тоглох юм. Харин эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хоорондоо тоглох бол Д.Янжиндулам Гүржийн Тамар Церетелитай, харин У.Лхамсүрэн Ираны Мона Махини Салмантай тус тус тоглох ажээ.

Тэмцээний зургаан өргийн дараах байдлаар эмэгтэй шатарчид амжилттай тоглож байна. Т.Батчимэг 4,5 оноотой гуравдугаарт, Д.Янжиндулам 4 оноотой долдугаар, Б.Мөнгөнтуул мөн 4 оноотой есдүгээрт, харин У.Лхамсүрэн 3,5 оноотой 13-р байрт тус тус бичигдээд байна.

Эрэгтэй шатарчдын тухайд Б.Гүндаваа 3,5 оноотой 17-рт, Г.Эрдэнэ 3 оноотой 30-рт, Г.Мөнхгал 2,5 оноотой 41-рт, Г.Оргил 2 оноотой 50-р байрт тус тус бичигдээд байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж