Бишрэлт Металл – Шинэ улирал, шинэ дүр, гүйцээгээгүй ганц л зорилго

The League

Бишрэлт Металл – Шинэ улирал, шинэ дүр, гүйцээгээгүй ганц л зорилго

Бишрэлт Металл – Шинэ улирал, шинэ дүр, гүйцээгээгүй ганц л зорилго

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх улирал өрсөлдөх арван багийн талаарх мэдээллийг цувралаар хүргэе.


#3 БИШРЭЛТ МЕТАЛЛ

Дээд лигийн мөнгөн медалиас "залхсан" Металл энэ жил дутуугаа гүйцээх ганц л зорилготой ирнэ. Ялагч баг яаж бүрддэг вэ гэдгийг яруу тодоор харуулж буй тэдний багийн соёл нь гайхалтай. Супер баг бүрдүүлэх гэж хөрөнгө хаясангүй, богино хугацааны амжилт хүссэнгүй. Багийнхаа тоосго бүрийг өрж, босгосоор өдийг хүрэв. Аварга болоход ганц л алхам дутсаар явна. Энэ жил багтаа багагүй салхи оруулжээ.

  • Шинээр ирсэн тамирчид: Ч.Маргад, С.Эрдэнэдалай, Г.Цэлмэг, Ц.Санчир, Б.Энх-Амар/драфтын сонголт/
  • Багаас явуулсан тамирчид: А.Энхбаясгалан, Б.Сүхбат, О.Баянбаатар, С.Дугар-Эрдэнэ
  • Легионер тамирчид: Кристиан Брэдфорд

Өнгөрсөн улирлын финалд барцадтай тоглосон Металл улирал дуусмагц дараагийн алхмуудаа хийж эхэлсэн. Тэд Б.Сүхбатыг Монголианс руу сольж, түүний оронд энэ жилийн драфтын тэргүүн сонголт Б.Энх-Амарыг авсан. Оюутны сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн өсвөр, залуучуудын түвшинд хангалттай өөрийгөө харуулсан Б.Энх-Амарыг авчирсан нь зөв нүүдэл байсан гэлтэй. Б.Сүхбатын хувьд нэг хэсэг лигийн MVP-ийн түвшинд хүртэл яригдаж байсан ч тогтвортой тоглолт үзүүлж чадаагүй билээ.

Металлын хувьд А.Энхбаясгаланг Уурхайчид руу алдсан нь тааруу мэдээ ч Ч.Маргадыг багтаа элсүүлсэн нь хожил байлаа. А.Энхбаясгалан өнгөрсөн улирал багийн хамгаалалтын ноён нуруу байж, эсрэг багийн шилдгүүдийг зогсоож, эсрэг талд довтолгооны гол сонголт байсан. Ийм тоглогчоо алдана гэдэг хүнд ч Ч.Маргад шиг ирээдүйтэй залууг бусдаасаа өрсөн авчрав. АНУ-д сагсан бөмбөг сурсан хүүг монголчууд шигшээ багийн тоглолтоор нь эчнээ мэдэх билээ. Хурц, дайчин, зоримог тоглолттой түүнийг Т.Санчиртай зүйрлэдэг. Зарим нь түүнийг ирэх улирал цахиур хагалах тоглогчдын тоонд хүртэл багтааж, алмайруулна гэж хүлээж байгаа.

Мөн Ц.Санчир, Г.Цэлмэг, С.Эрдэнэдалай гээд Эйпсийн сэлгээний тоглогчдыг хуугаар нь элсүүлэв. Ц.Санчир, Г.Цэлмэг гэсэн өндөр, урт гартай, шидэгчид дээр нэмээд будагтай талбайд шахдаг, зай гарвал шиддэг С.Эрдэнэдалай гэхээр Металлын сэлгээ үнэхээр хүчирхэгжжээ.

Легионерын тухайд одоогоор Кристиан Брэдфорд гэх залууг зарласан. Өдгөө 30 настай, 1.85 метр өндөртэй түүний хувьд өнгөрсөн улирал Грекийн лигт 10.0 оноо дунджилжээ. Шидэлттэй, оноо түүдэг түүний хувьд тоглолт найруулж, холбон тоглогчийн үүрэг давхар гүйцэтгэх боломжтой.

ХҮЛЭЭЛТ

Шинэ улирлын өмнө бусад багууд улам хүчирхэгжсэн учир лиг илүү өрсөлдөөнтэй болох шинжтэй. Бүрэлдэхүүнээ 50 хувьтай шинэчилсэн Металлын арга барил өөрчлөгдөхгүй. Туслах дасгалжуулагч Б.Тамжид явсан ч түүний орлохоор Б.Ганхөлөг эргэн ирсэн.

Түүнчлэн Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр, З.Энхтөр гэсэн суурь бүрэлдэхүүнээ хадгалж чадсан нь олзуурхууштай. Энэ жил Т.Ууганбаяраас их зүйл хүлээж байна. Лигийн холбон тоглогчдын өрсөлдөөн улам ширүүссэн. Энэ дунд түүнийг цойлоосой гэж хүсэгчид олон бий. Олон талт тоглолттой, дайчин түүнээс багийнх нь тоглолт ихээхэн шалтгаална. Саяхан л лигийн шинэ залуу тоглогч байсан тэрбээр одоо хэдийнэ багийнхаа нүүр царай болжээ.

Эвангелос Цепелис гэх грек мэргэжилтэн багийнхаа тэнцвэрийг хэрхэн олох вэ гэдэг басхүү анхаарал татаж байна. Металл ерөнхийдөө шидэлт сайтай, өндөр баг болчихлоо. Гараа, сэлгээний тэнцвэр, довтолгооны сонголт гээд халзан дасгалжуулагчийн ухаан зарах асуудлууд олон бий. Магадгүй улирлын эхлэлийг тааруу тавихыг үгүйсгэхгүй. Бүрэлдэхүүнийхээ талыг нь шинэчилсэн учир хөл, гараа ололцох хугацаа тэдэнд хэрэгтэй.

Ч.Маргад, Б.Энх-Амар нар хүлээлтэд хүрч тогловол Металлын довтолгоо аюул тарина. Хоёр метр гарчихсан өндөртэй, шидэлттэй, будагтай талбай руу дайрдаг гээд орчин цагийн сагсан бөмбөгт шаардлагатай бүх чадвар эдгээр залууст байна. Нэмээд Ц.Санчир, Г.Цэлмэг гэсэн шидэгчдийг авчихлаа. Эгзэгтэй мөчид хэрэгтэй шидэлтийг хийдэг С.Эрдэнэдалай байна.

Энэ дунд Э.Энхтэмүүлэнг ярих хэрэгтэй. Оюутны лигт гангарч, 3х3 сагсан бөмбөгөөр тив дэлхийд өөрийгөө харуулж буй залууг өнгөрсөн улирал Металл бүрэн ашиглаж чадаагүй. Өндөр нуруутай хирнээ холбон тоглогчийн чадвартай түүнд минут өгвөл цойлох нь гарцаагүй.

Металлын арын албаныхан будагтай талбайдаа ямар легионер авчрах вэ гэдэг сонирхол татаж байна. Тэр нүүдэл энэ багийн амжилтад ихээхэн нөлөө үзүүлэх учиртай. Мөн нэг ази тамирчин авчрах боломжтой учир сайтар судалгаа хийж байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж