Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх улирал өрсөлдөх арван багийн талаарх мэдээллийг цувралаар хүргэе.
#2 ДАРХАН ЮНАЙТЕД
Литви мэргэжилтэн Андрюс Мазутисын залуус өнгөрсөн улирал л лигийн хамгийн үзүүштэй багуудын нэг гэдгээ харуулсан. Дан залуучуудаар багийнхаа цөмийг бүрдүүлж, хурдтай довтолгоо, нягт хамгаалалтыг нутагшуулж буй энэ багаас ирэх улирал их зүйлийг хүлээж болно.
- Шинээр ирсэн тамирчид: Б.Барсболд, Б.Цэнд-Аюуш/драфтын сонголт/, Н.Пүрэвсүрэн/драфтын сонголт/, И.Эрхэмбилэг
- Багаас явуулсан тамирчид: А.Энхтүвшин, М.Ивээлт, О.Нямбаяр, Т.Цогбадрах, М.Ивээлт
- Легионер тамирчид: Масахарү Катаока, Марлон Жонсон
Лигийн дебют тоглолтдоо гангарч, өндөр хүлээлт үүсгээд байсан М.Ивээлтийн тухайд Япон улс руу суралцахаар явсан билээ.
Ус, тосоор ялгарна гэдэг шиг Дархан Юнайтед хашир туршлагатай тамирчдаа үдэн явуулж, залуучуудаа хадгалж үлдээв. Юнайтедын залуусын хөгжил гайхалтай байгаа. Мазутис ч тэднийг зөв тийш нь чиглүүлж, сайн удирдаж буй.

Өнгөрсөн улирал О.Содонжамц, У.Дөлгөөн, Б.Даш-Очир, М.Мөнхзолбоо, Д.Билгүүндаръяа, Г.Балжинням тэргүүтэй тоглогчдын лигт дасах, идээших жил байсан. Хоосон ч үгүй плей-оффд Хасын Хүлэгүүдийн эсрэг харамсахааргүй тоглолт үзүүлсэн. Хортой, шартай залуучууд аваргуудад хожигдоод нулимстай талбайг орхихыг харахад л энэ улирал илүү өлсгөлөн, амжилтаар цангасан орж ирэх нь ойлгомжтой гэмээр.
Энэ жил лигийн дүрмэнд өөрчлөлт орон багууд ази тоглогч элсүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр нийт гурван легионер тамирчинтай байж болохоор болсон.
Дархан Юнайтед ч энэ боломжоо ашиглан Японоос холбон тоглогч Масахарү Катаокаг нэгтгэв. Өдгөө 39 настай тэрбээр нутгийнхаа Сэндай 89ers багт өнгөрсөн улирал тоглохдоо 2.1 оноо дунджилжээ. Ид үедээ буюу 2012-2013 оны улиралд Леванга Хоккайдо багт байхдаа 10.0 оноо дунджилдаг байсан аж. Мэдээж олон жил мэргэжлийн түвшинд тоглосон түүнд цаасан дээр бичигддэггүй олон давуу тал бий. Юнайтед шиг залуу багт ментор хэрэгтэй.

Тэдний хоёр дахь легионер нь Марлон Жонсон. Төвийн байрлалд тоглодог тэрбээр сүүлд Венесуэлийн лигт 12.6 оноо, 5.4 самбар дунджилжээ. Хамгийн гол нь 2.08 метр өндөртэй түүний алсын зайн шидэлтийн хувь өндөр аж. Тэгэхээр өндөр атлаа шидэлттэй нэгэн төвийн тоглогч Монголд иржээ.
Энэ жил Дархан Юнайтед олон багийн толгойны өвчин, шүдний хорхой болно. Үүнийгээ өнгөрсөн улирал хангалттай харуулж, лигийн фаворитуудыг олон ч сандаргасан. Залуу баг нэг хэмнэлээ олчихвол тун аюултай. Харин тоглолтыг сул эхлүүлчихвэл хэмнэлээ олох гэж уддаг талтай.
ХҮЛЭЭЛТ
Өнгөрсөн улирал плей-оффд орох эсэхээ сүүлийн тойрогт шийдсэн Дархан Юнайтед энэ жил хүснэгтийн дундуур дайрах боломжтой. Гагцхүү залуучууд нь энэ зун ямар хэмжээнд бэлтгэл хийсэн бэ гэдгээс шалтгаална.
Г.Балжинням гэж хүү сургуулийн формтойгоо дээд лигийн тамирчин болсон. Андрюс Мазутис дасгалжуулагч ч өндөр хүүг байрлал бүр дээр туршиж, тал талын чадвар суулгаж буй. Энэ улирал түвшин ахиж, тоглох ёстой.
Мэдээж Э.Сумъяабазар, Б.Даш-Очир, Д.Билгүүндаръяа гээд асуудалгүй оноо түүгчид байна. Будагтай талбай, самбарт нь О.Содонжамц бий. Урд шугаманд нь М.Мөнхзолбоо, У.Дөлгөөн нар зогсоно гээд байрлал бүрээр харахаар Юнайтед бол үнэхээр үзүүштэй баг.
Дарханы сагсан бөмбөгийн амьд домог болсон Г.Ихбаярын хүү И.Эрхэмбилэг энэ улирал Юнайтедын бүрэлдэхүүнд тоглоно.

Завхан Бродерс багт өөрийгөө харуулах боломж нь төдийлөн олдоогүй Б.Барсболд энэ багт ирсэн. Шижигнэсэн залуусын баг доторх байрлалын төлөөх тэмцэл ч бие биенээ улам хурцална. Төмөр төмрөө хурцална гэдэг шиг баг доторх өрсөлдөөнийг хэрхэн зөв чиглүүлж, удирдахаа Мазутис болон түүний туслах Ц.Азбаяр нар сайн мэдэх хүмүүс.
Мазутис, Ц.Азбаяр нарын суулгасан систем энэ улирал л хэрэгжих учиртай. Хоёр жил туршиж, сайжруулж, зассан гэхэд буруудахгүй. Хувилбар, хамгаалалт, зохион байгуулалт, эмх цэгц гэдэг зүйл энэ багаас гардаг. Гэхдээ энэ бүхэн амжилт үзүүлэхэд хангалттай юу?
Магадгүй Дархан Юнайтед энэ жил багтаа том нэр авчрах боломж байсан ч Мазутис хүсээгүй байх. Тэрбээр яг өөрийн систем, арга барилаар бэлдсэн багаа зүтгүүлэхийг зорьсон биз. Угаасаа Европ сагсан бөмбөг өөрөө тоглогч төвтэй бус баг, систем төвтэй байдаг. Хэн нь ч талбайд гараад нөгөөгөө орлох боломжийг бүрдүүлдэг.
Дархан бол сагсан бөмбөгийн үүх түүхтэй, тамирчдаараа алдартай, баян нутаг. Энэ нутгийн иргэд ч сагсан бөмбөгийг сайн ойлгодог, дэмждэг улс. Арыг нь даадаг нутагтай ийм баг дээд лигт хэрхэн тоглохыг харахад хэдхэн хоног үлдлээ.

3,595.72






















































Холбоотой мэдээ