"Түүнийг зөвөөр ашиглаж чадвал тэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох боломжтой" гэж Барселонагийн дасгалжуулагч асан Шави 2021 онд хэлж байлаа.
2017 онд залуухан, авьяаслаг франц хүү Боруссиа Дортмундаас Барселона руу 135.5 сая еврогоор зарагдаж, олон хүний анхаарлыг татаж байлаа. Олон ч хүн түүнийг Неймарын орыг залгаж, Мессид тус болно гэж итгэсэн, хүлээсэн. Харамсалтай нь, бэртэл гэмтэл, тогтворгүй орон гаран тоглолт, хандлагын асуудлаас болж Дембелегийн Испани дахь замнал бүтэлгүйтсэн.
Бүгд л түүнийг ээлжит бүтэлгүйтэл гэж харж байсан ч ПСЖ 2023 онд багтаа авчирсан нь түүний замналын эргэлтийн цэг байлаа. Өнөөдөр тэр дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн эзэн болоод Месси, Роналдо хоёртой ижилсэж ирэв. Тэгвэл түүний өөрчлөлт хаанаас эхлэлтэй вэ?
МБАППЕГИЙН ДАРААХ ДЕМБЕЛЕ
2023 оны наймдугаар сард ПСЖ клуб Усман Дембелег 43.5 сая еврогоор Барселонагаас худалдан авсан. Франц залуу нутгийн багийнхаа төлөө эхний улиралдаа зургаан гоол оруулж, 14 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй багийнхаа хамтаар Францын лигтээ болон дотоодын цомдоо түрүүлэв. Гэтэл тухайн улирал багийнх нь хамтрагч Мбаппе 44 гоол оруулж гангарсан. Улмаар Мбаппе Реал Мадридыг зорьсон түүхтэй.
Мбаппег алдсан ПСЖ-д шинэ лидер, шилдэг нэгэн хэрэгтэй байв. Дембеле түвшин ахисан. Тэрбээр дараагийн улиралдаа нийт 51 гоолд оролцжээ. Нэг улиралд 35 гоол оруулж, замналынхаа дээд үзүүлэлтийг толилуулав.

Өнгөрсөн зун дасгалжуулагч Луис Энрике Дембелед хандан Мбаппе байхгүй болсон учир илүү "амиа" тоглож, дамжуулалт өгөх гэхээсээ илүүтэйгээр гоол оруулахыг чухалчлахыг хүсчээ.
Мбаппег явсны дараа ПСЖ-ийн дасгалжуулагчид Усман Дембелег шинэ байрлалд тоглуулав. 2023-2024 оны улиралд Дембеле баруун жигүүрт тоглож байсан бол өнгөрсөн улирал төвд тоглож эхэлсэн. Ерөнхийдөө хуурамч есөн номерын байрлал дээр тоглож, бөмбөгт илүү хүрч, довтолгоонд илүү санаачлагатай, эрх чөлөөтэй тоглож эхэлсэн гэх хилсдэхгүй.
БЭРТЭЛ ГЭМТЭЛ, ТОГТВОРГҮЙ ТОГЛОЛТ, ХАНДЛАГА – ЮУ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Мбаппе Реал Мадрид руу явснаар Дембеле гангарсан гэж ойлговол учир дутагдалтай. Ренн, Дортмундад бэртэл, гэмтлийн асуудалд бараг л ордоггүй байсан тэрбээр Барсад очоод 14 удаа булчингийн бэртэл авч, нийт 784 өдөр талбайд гараагүй.
Сахилга бат, мэргэжлийн тамирчны хандлага тааруу Дембелегийн бэртэл гэмтэл Барсагийн удирдлагуудын толгойны өвчин болж, клубын зүгээс түүнд зориулан хувийн тогооч хүртэл гаргаж өгсөн. Яахын аргагүй 135.5 сая евро зарцуулсан тамирчнаа хог дээр гаргахыг хүсээгүй. Гэвч шөнийн цагаар видео тоглоом ихээр тоглож, өглөөний бэлтгэлдээ байнга хоцордог гэх яриа гарч, Барсагийн хамгийн их торгуультай тоглогч хүртэл болж байлаа.

Дембеле ч бэртэл гэмтэлгүй үедээ үнэхээр гангарч, Мессигийн хажууд Барсагийн довтолгоог өөрчилдөг байсан. Түүний тоглолтод багийнх нь фанатууд дуртай байсан ч тогтвортой байж чадаагүй юм.
Тэгвэл юу түүнийг өөрчилсөн бэ?
Дембеле 2021 оны арванхоёрдугаар сард найз бүсгүй Риматайгаа гэрлэж, хүүхэдтэй болсон нь түүний өөрчлөлтийн эхлэл байлаа. Түүнийг найз бүсгүйтэй гэдгийг олон хүн мэдээгүй байсан гэдэг. Ийнхүү хувийн амьдралд нь гарсан өөрчлөлт мэргэжлийн тамирчны замналд нь эерэг нөлөө үзүүлжээ.
Дембеле гэртээ физик эмчилгээний хувийн эмчтэй ажилладаг байсан бөгөөд урьдчилан сэргийлэх тусгай эмчилгээ хийлгэхээр Франц руу байнга явдаг байв. Өрх толгойлж, эцэг болсон Дембеле эрүүл мэнддээ ихээхэн анхаарч эхэлсэн.
Эцэст нь тэрбээр эрүүл зөв хооллолтын ач холбогдлыг ойлгож, сүүлийн хэдэн жил Францын хоол тэжээлийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, формоо хадгалах тал дээрээ анхаарав.
Одоо ПСЖ, Францын шигшээ багийн амжилт, ялалт Мбаппе бус Усман Дембелегээс шалтгаалдаг болсон гэхэд буруудахгүй.

3,593.62






















































Холбоотой мэдээ