Японы Либерал ардчилсан намын тэргүүний төлөөх өрсөлдөөн таван нэр дэвшигчтэйгээр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. “Өөрчлөлт, Либерал ардчилсан нам” уриатай уг сунгаанд дараах таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Өмнө нь нэр дэвших өндөр магадлалтай гэж таамаглаж байсан зарим нэр дэвшигч хасагдаж, Тошимицү Мотэги, Такаюки Кобаяаши гэх хоёр улстөрч шинээр нэмэгджээ.
Либерал ардчилсан намын даргаар сонгогдсон улстөрч нь Шигэрү Ишибагийн орыг залгамжилж, Японы дараагийн ерөнхий сайд болох юм.
Шинжиро Коизүми, 44 настай.
Бүтэн зуунаас ч урт хугацаанд Японыг удирдсан удмын залгамжлагч Шинжиро Коизүми орчин цагийн Японы хамгийн залуу ерөнхий сайд болох магадлалтай. Өнгөрсөн жил сонгуульд өрсөлдөхдөө тэрбээр Либерал ардчилсан намын олон нийтийн дундах нэр хүндийг сэргээж чадах шинэчлэгч нэгэн гэдгээ харуулсан. Колумбын их сургуулийг төгссөн Коизүми өдгөө Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байна. Тэрбээр 2019 онд Байгаль орчны сайд байхдаа Япон улсыг цөмийн реактороос ангижруулах хэрэгтэй гэж хэлж байв.
Санаэ Такаичи, 64 настай.
Хэрвээ Санаэ Такаичи сонгогдвол тэрбээр Японы хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болох юм. Либерал ардчилсан намын ахмад гишүүн тэрбээр Эдийн засгийн аюулгүй байдал, Дотоод хэрэг хариуцсан сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр өнгөрсөн жил намын даргын сунгаанд Ишибад ялагдсан. Консерватив байр сууриараа алдартай Такаичи дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр Ясүкүни сүмд байнга зочилдог. Үүнийг нь Азийн зарим удирдагч өнгөрсөн үеийн милитаризмын бэлгэдэл гэж үздэг. Эдийн засгийн бодлогын хувьд тэрбээр Японы Төв банкийг бодлогын хүүгээ өсгөхийг эрс эсэргүүцдэг.
Ёшимаса Хаяаши, 64 настай.
Тэрбээр 2023 оны арванхоёрдугаар сараас хойш Фүмио Кишида, Шигэрү Ишиба нарын удирдлага дор засгийн газрын тэргүүн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Мөн Батлан хамгаалах, Гадаад харилцаа, Хөдөө аж ахуйн яамны сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Харвардын Кеннедигийн сургуулийг төгссөн, ус цас англи хэлтэй тэрбээр АНУ-ын төлөөлөгч Стефен Нейл, сенатор Виллиам Рот Жр нарын удирдлага дор ажиллаж байв. Тэрбээр 2012, 2024 онуудад Либерал ардчилсан намын даргын суудлын төлөө өрсөлдөж байжээ.
Тошимицү Мотэги, 69 настай.
Харвардын төгсөгч тэрбээр Гадаад хэрэг, Худалдааны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд худалдааны хэлэлцээчээр ажиллаж байсан нэгэн. АНУ-Японы холбоо харилцаа нь Токиогийн дипломат бодлогын гол түлхүүр гэдгийг тэр хэлдэг.
Такаюки Кобаяаши, 50 настай.
Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан тэрбээр өсөлт, батлан хамгаалах чадавх, үндэсний эв нэгдлийг амлаж буй. Түүнийг Санаэ Такаичитэй өрсөлдөж, санал хувааж магадгүй гэж үзэж байна. Коба шонхор хочит тэрбээр гадаадын ажилтнуудад илүү хатуу хязгаарлалт тавина гэж амласан. Мөн батлан хамгаалахын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүүлэх гэдэг зорилтыг хангалтгүй гэж үздэг нэгэн.
3,593.62




















































Холбоотой мэдээ