"Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй"

"Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй"

"Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй"

Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудад төрийн хувь эзэмшил тогтоох тухай асуудлаар өнөөдөр /2025.09.22/ мэдээлэл хийлээ.


 Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

-Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалтад 2024 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг яриа хэлэлцээнд урьж, анхны уулзалтаа 2025 оны есдүгээр сарын 19, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Стратегийн ач холбогдол бүхий ордын ойлголтыг анх 2006 онд Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлж, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг анх стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан нь 2015 онд нэгээр нэмэгдэж, 16 орд болсон бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр нийт 39 ордын асуудлыг Засгийн газарт даалгаснаас хойш 18 жил өнгөрсөн байна.

Үндсэн хуульд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Гэвч уг заалтын хэрэгжилтийг хэрхэн хангах, ямар хувилбар нь илүү бодитой, илүү оновчтой байх талаар нэгдсэн ойлголт бий болж чадаагүй, хууль эрх зүйн орчин тодорхой бус хэвээр байгаа тул Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс салбарынхаа нийтлэг эрх ашгийн үүднээс үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг хүчээр тулган шийдэх бус, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай харилцан зөвшилцөлд хүрэх замаар шийдвэрлэх хэлэлцээ нь зөвхөн төрийн эрх ашигт нийцэхээс гадна хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой.

Хэлэлцээрийн ширээний ард сууж, хоёр талдаа тэгш эрхтэйгээр байр сууриа илэрхийлж, тодорхой зарчим, урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдэлд хүрэх нь стратегийн ордуудын ашиглалтад тогтвортой байдлыг бий болгоно. Энэ нь нэг талаас улсын төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг баталгаажуулах, нөгөө талаас компаниудын бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд компанийн эрх ашгийг харгалзан үзэхийн зэрэгцээ салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн үр өгөөжийг бодитой нэмэгдүүлэх, цаашлаад улсын төсвийн тогтвортой байдлыг хангах нь стратегийн ордуудыг зохистой ашиглах бодлогын үндсэн зорилт байх ёстой юм.

Өнөөгийн байдлаар төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

Сангийн яамнаас нийт 339 аж ахуйн нэгж, Үндэсний аудитын газраас 537, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 642 аж ахуйн нэгж байна гэж мэдээлсэн нь үүнийг баталж байна. Иймд төрийн өмчит компанийн менежментийн үр бүтээмжгүй байдлаас харвал стратегийн ордуудад ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгжид төр хувь хувьцаатай болсноор Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ гэх үндэслэл хангалтгүй байна. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн ордуудад Ашигт малтмалын тухай хуулийн 2024 оны өөрчлөлтийн дагуу дахин төрийн эзэмшил тогтоох асуудал хөндөж байгаа нь оновчтой хувилбар биш юм. Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бусдын хувийн өмчийг үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд авах агуулга огт байгаагүй. Хэрэв хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр авдаг хувьцааг төр үнэ төлбөргүйгээр авах тохиолдолд энэ нь 13-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн баталгааг үгүй хийх юм. Ингэснээр тус хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглосонтой зөрчил үүснэ.

Шинэ хууль батлах, хуулиа байнга өөрчлөх, шинэчлэх явц нь бүх салбарын бодит үйл ажиллагааг тасралтгүй доголдуулж, дунд болон урт хугацаанд сөрөг үр дагавар авчирч байна. Шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохыг зогсоосон зэрэг үйл явц бүрд уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаа тасалдсаар ирсэн.

Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил нь зөвхөн нэг талын хүчин чармайлтаар бус, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт зэрэг бүх талын хамтын ажиллагааны үр дүн юм.

Үүний тулд төрийн бодлого тогтвортой байх, төрийн бүх шатны байгууллага гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг бодитоор хангах нь зайлшгүй шаардлагатай байна. Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөлд хүний нөөцийн хомсдол, олон нийтийн ойлголт, дэмжлэг зэрэг тулгамдсан асуудлууд олон байна. Хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангахын төлөө бодлогын түвшинд талууд хамтран ажиллах, арагшаа ухарсан биш, урагшаа харсан шийдвэрүүд хэрэгтэй. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын зүгээс уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хувийн өмчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсэж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.191.174

Төрд авах нь зөв.

Avatar

Зочин 2025-09-22 83.10.142.16

газрын баялаг бол хувийн өмч биш.Ассациац олигархийн эрх ашгийг хамгаалж төрийн бодлогын эсрэг мэдэгдэл хийдгээ болих хэрэгтэй

Avatar

Зочин 2025-09-22 66.181.184.146

анхнаасаа лицензээ тэр үёд хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн дагуу өгчихөөд лиценз эзэмшигч хувийн хөрөнгөө зарцуулаад хайгуул олборлолтын ажил хийчихсэн хойно стра8тёгийн ордод оруулаад хуулийг буцааж үйлчлүүлэх гээд бөөн хуулийн зөрчил үүсч байгаа юм даа. Стратегийн орд хамруулсан тэр цагаас хойш шинээр лиценз олгохдоо анхаарах ёстой юм. уг нь нөөц ашигласны төлбөр бол нөөц баялгийг ард түмэнд хүртээж буй татвар юм байгаа юм. Стратегийн ордоос бусад нь ард түмний мэдлийх биш юм шиг ингэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж