Сэлэнгэ Бодонс — Оддын баг аваргын цомд хүрэх үү?

The League

Сэлэнгэ Бодонс — Оддын баг аваргын цомд хүрэх үү?

Сэлэнгэ Бодонс — Оддын баг аваргын цомд хүрэх үү?

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх улирал өрсөлдөх арван багийн талаарх мэдээллийг цувралаар хүргэе.


#1. СЭЛЭНГЭ БОДОНС

Өнгөрсөн улирал аваргуудын шандсыг сорьж, долоон тоглолтод хязгаарыг нь тулгасан Бодонс өнгөрсөн зун зүгээр суусангүй. Багийн бүрэлдэхүүнээ бараг 80 хувьтай шинэчилж, дасгалжуулагчаа үлдээжээ.

  • Шинээр ирсэн тамирчид: Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Б.Галдан, А.Адъяа /драфтын сонголт/
  • Багаас явуулсан тамирчид: Э.Цэрэнбаатар, Б.Бишрэлт, А.Базаргүр, Б.Мөнхбилэг
  • Легионер тамирчид: Демаркус Казинс/Зөвхөн плей-офф/, Майк Уиллиамс, Ахмад Гилберт

Дээд лигт өөрийн гэсэн өнгө төрх, үзэгчдийн хүрээлэл, байр сууриа цогцлоож буй залуу баг бол Бодонс. Хөгжлийн лигээс кранаар татуулж, лифтээр гэнэтхэн өгсөөд гараад ирсэн тэд хэзээний дээд лигийн баг шиг зангарга гаргаж буй. Үүнийгээ ч өнгөрсөн улирал Демаркус Казинсыг авчирч, плей-оффд BCH Найтсыг буулган авч харуулсан.

Гэнэт гараад ирсэн шигээ гэнэт л богино хугацаанд аварга авахыг тэд хүсч байна. Гэхдээ аварга авах багт мөнгөөр зодож, бэл бэнчингээр авч болдоггүй багийн соёл, тохиромжтой үе гэдэг зүйл бүрэлдэн бий болох хэрэгтэй. Дан ганц Монголд ч гэлтгүй дэлхийн спортод супер багууд бүтэлгүйтэж байсан тохиолдлууд цөөнгүй бий.

Ирэх улирал Бодонс үнэхээр түрүүлэхийг хэн хүнээс хүсч байх шиг. Үүнийгээ нотлох шиг Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг тэр чигээр нь багтаа элсүүлчихлээ. Гэхдээ үүний цаана нь тохироо байгааг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил 3х3 шигшээ багийнхан лигээ өнжиж, дэлхийн аваргадаа бэлдсэн ч амжилтад хүрээгүй. Тиймээс энэ жил лигтээ тоглоно гэхдээ бүгд хамт гэх тохиролцоонд хүрчээ.

Мөн лиг яг ид өрнөж, плей-офф эхэлсэн үед 3х3 сагсан бөмбөгийн улирал эхэлдэг тул багууд тамирчдаа явуулах дургүй байдаг. Харин Бодонсын удирдлагууд 3х3 улирал эхлэх хүртэл тамирчдаа ашиглаж, эхэлсэн хойно нь чөлөөтэй явуулах тохироог 3х3 сагсан бөмбөгийн холбоо, тамирчидтай хийж, багтаа элсүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол плей-офф эхэлтэл Э.Дөлгөөн, А.Ананд тэргүүтэй тамирчид багтаа тоглох аж. Гагцхүү яг плей-оффын үеэр 3х3 тэмцээнтэй байж таарвал тус хүргэж чадахгүй билээ.

ХҮЛЭЭЛТ

Мэдээж өндөр өртгөөр босож буй энэ багаас их зүйл хүлээж байгаа хүн олон биз. Бүрэлдэхүүнийг нь харахад л яахын аргагүй цаасан дээрх хамгийн хүчирхэг баг. Ийм баг дээр Казинс ирнэ гэхээр тоглоом утгагүй болох мэт. Гэхдээ бөмбөг бөөрөнхий.

Өнгөрсөн жил Казинст Н.Батбаяр, О.Тулга хоёроос өөр хань болчих хүн байгаагүй гэхэд буруудахгүй. Бараг "Бүүги" дамжуулахаар болвол энэ хоёр руугаа л дамжуулдаг байлаа. Харин энэ жил өөр байх шинжтэй.

Казинсыг иртэл Бодонсыг хоолтой байлгах үүрэг Майк Уиллиамс гэх шинэ легионер болон "гитарчин" Ахмад Гилберт нарт оноогдсон. Ахмадын тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид эчнээ мэдэх учир түүнээс ямар үзүүлэлт, тоглолт гарахыг мэднэ. Харин Майк Уиллиамс хэрхэх вэ?

1.88 метр өндөртэй, маргааш/2025.09.23/ 29 нас хүрэх тэрбээр сүүлд Болгарын лигт тоглож, 17.5 оноо дунджилжээ. Ерөнхийдөө оноо авагч аж. Довтолгооны хувь нь өндөр, алсын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг нэгэн. Түүнчлэн бөмбөг бага алддаг, бөмбөг таслах чадвартай гэдгийг үзүүлэлтүүд нь харуулж байна.

Энэ зун зүгээр суугаагүй О.Тулга багийнхаа тоглолтыг найруулж, бэртлээсээ эргэн ирсэн Э.Энхсайхан түүний арыг даана. О.Тулгын тоглолт улирлаас улиралд сайжирч, багтаа төдийгүй лигт байр сууриа эзэлчихсэн. Баг бүрийн хүсдэг бөмбөг хуваарилдаг, тоглолт найруулдаг, өндөр, урт гартай холбон тоглогч.

Бодонс багт дутуу зүйл алга. Шидэгч Н.Батбаяр, хар ажил, хамгаалалтад тустай Б.Батзолбоо, Ц.Сэргэлэнбаатар нар байна. Сэлгээнээс хүссэнээр нь тоглуулвал оноо авах чадвартай П.Мөнх-Оргил, Б.Хурцбаатар нар ч бий.

3х3-ынхан бол лигийн сагсан бөмбөгөөр цангачихсан байгаа учир нээлтийн өдрийг хоног тоолон хүлээж байгаа. Багт үзүүлэх нөлөөг нь ярих илүүц биз. А.Ананд, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Д.Дэлгэрням гээд саяхан л тус тусынхаа багт лидер байсан, MVP-д яригдаж байсан тоглогчид. Бүгдийг нь нэг багт багтаана гэдэг цаглашгүй таван чулууг гартаа атгачихсан Танос шиг л санагдана.

Бас үүрэг нь тодорхойгүй ч нөлөө үзүүлэх чадамжтай АНУ-д тоглож байсан Б.Галдан болон оюутны лигээс сонгогдсон А.Адъяа нар байгаа.

Дасгалжуулагч Предраг Стояанчев Монголын лигт багагүй хугацааг өнгөрүүллээ. Металлтай финалд хүрч байсан тэрбээр өнгөрсөн улирал шинэ багаа шаггүй удирдсан. Гэхдээ л плей-оффд өөрийнхөөрөө гэхээсээ илүүтэйгээр Казинст тохирсон арга барилыг ашиглаж байгаа харагдсан. Одоо түүнд хамгаалалт, довтолгооны илүү сонголт, зузаан бүрэлдэхүүн ирлээ. Өнгөрсөн улирал сэлгээгээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй бол одоо түүнд бүхий л хөзөр нь байна. Магадгүй Бодонс хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй бол хамгийн түрүүнд багаас явах хүн нь Предраг биз ээ.

Ирэх улирлын хамгийн анхаарал татаж буй багаар Сэлэнгэ Бодонс багийг нэрлэж байна. Тэдний бүрэлдэхүүн, бий болгосон дүр төрх, удирдлагууд гээд олны анхааралд өртөхгүй байхын аргагүй. Аварга болох амбиц нь талбай дээр хэрхэн биеллээ олохыг харцгаая.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГТ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ

Сэлэнгэ Бодонсын энэ супер гэгдэж буй бүрэлдэхүүнийг дагаад нэг асуудал хөндөгдсөн нь цалингийн цэс. 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн таван тамирчинд тус бүр жилийн 500 сая төгрөг өгнө гэдэг үнэхээр их мөнгө. Нэг талаараа мэргэжлийн спортын тамирчид хөдөлмөр, авьяас чадвараа үнэлүүлж байгаа нь сайн хэрэг ч нөгөө талаараа өрсөлдөөний тэнцвэргүй байдал үүсгэж байна. Хэн мөнгөтэй нь дуугаа захиална гэдэг шиг баян эзэдтэй, том ивээн тэтгэгч байгууллагатай багууд чадварлаг тоглогчдыг мөнгөөр "зодож", баг бий болгодог жишиг тогтох вий.

Өрсөлдөөн байж л лиг үзүүштэй болно, үзэгчдийг татна.

Таван тамирчинд 2.5 тэрбум төгрөг гэдэг бол нэг багийн бүтэн жилийн бүрэлдэхүүний цалин, үйл ажиллагааны зардал. Тиймээс Монголын сагсан бөмбөгт удахгүй NBA шиг цалингийн цэс гэх ойлголт гарч ирж, багуудад хязгаарлалт тавих учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.182.221

Ананд л гай болно доо.

Avatar

З 2025-09-22 59.153.114.119

Ананд маш ур чадвартай тоглогч, багт маш сайн үүрэг гүйцэтгэнэ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж