Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Доктор, профессор. А.Энхбаттай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас нэгдсэн төсвийн нийт орлогыг 2026 онд 34.9 их наяд төгрөгт, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөгт тус тус хүрэхээр тооцож, УИХ-д өргөн бариад байна. Юуны өмнө ирэх оны орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?
-Засгийн газраас УИХ-д 2026 оны Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний дараагийн хоёр жилийн төсвийн төсөөллийг ирэх оны төсвийн төслийн хамт хуулинд заасны дагуу есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсвийн төслийн орлого, зарлагыг хэрхэн бодитой тооцоолж төлөвлөсөн бэ? гэдгийг хэлэхээс өмнө өнгөрсөн онуудын эдийн засгийн нөхцөл ямар байв, өнөөдрийн байдлаар манай улсын макро орчны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцах нь зөв байх. Энэ байдлаасаа хамаарч ирэх оны болон ирэх жилүүдийн төсөв, санхүүгийн төсөөлөл, төлөвлөлтийн талаар ярья.
Үндсэндээ Монгол Улсын эдийн засгийг 2004 оноос хойш уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэс, алтны олборлолт, борлуулалтаас орж ирж байгаа валютын орлого тодорхойлж, түүнээс л шалтгаалж ирсэн. Эдгээр бүтээгдэхүүний экспортын орлогын хэлбэлзэл нь дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнэ болон экспортын биет хэмжээнээс шууд шалтгаалж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадаагүй явж ирсэн, үүний гол шалтгаан нь дэлхийн зах зээлд манай гол түүхий эдийн үнэ өсөх үед бий болж байсан их хэмжээний орлогыг нийгмийн халамж хэлбэрээр болон улс төр, сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх зорилготойгоор хуваарилж, зарцуулж ирсэн. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ их хэмжээний орлогыг ашиглан нэмүү өртөг шингээсэн нэгээхэн ч үйлдвэр баригдаагүй, одоогийн Засгийн газрын ярьж хэлж байгаа 14 мега төслүүдэд тусгагдсан тэр Гангийн үйлдвэр, Зэс баяжуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийг бий болгох боломж бүрэн байсан боловч, улс төр, сонгууль, хэдэн эрх ашиг бүхий улс төр, бизнесийн бүлэг фракцуудын баялгийн хуваарилалт голлон явж ирсэн. Эцсийн үр дүн нь жил бүр хоёр орон тоотой инфляцитай, иргэдийн худалдан авах чадвар буурсан, ажилгүйдэл, ядуурал хүн амынхан дийлэнх хувийг эзэлсэн, баян хоосны ялгаа маш ихтэй, эрүүл, мэнд, боловсролын салбарын доройтол, цалин, мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн асуудлууд хуримтлагдсан ийм л ядуу хөгжиж байгаа орнуудын нэг хэвээр үлдсэн.
Үндсэндээ энэ улс орны өнөөгийн нөхцөл байдлыг үе үеийн улстөрчид бий болгосон. Тэд үүнд хариуцлага хүлээх ёстой, хатуу ч хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд өмнө хэлсэнчлэн төсвийн орлого их хэмжээгээр бүрдэх үед түүнийгээ дагаад зарлагаа нэмэгдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл эдийн засагч бид нарын хэлж ярьж анхааруулж ирсний яг эсрэгээр эдийн засгийн мөчлөг дагасан макро эдийн засгийн бодлогууд тэр дотроо төсвийн бодлого явж ирсэн.
Тоо баримтууд хангалттай байгаа. Бүр зарим жилд Засгийн газрын төсвийн зарлага, санхүүжилт ДНБ-ний 40 гаран хувьд хүрсэн.
-Засгийн газрын зарлага хэрээс хэтэрсэн гэдэгтэй санал нийлж байна. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд улсын төсвийн зарлага огцом нэмэгдсэн. Үүнийгээ том бүтээн байгуулалттай холбож ирсэн нь худлаа биш?
-Энэ нь эцсийн дүндээ эдийн засаг агшсан үед зарлагаа бууруулахад хүндрэлтэй байдалд хүрч, өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн өндөр өртөг бүхий хөтөлбөрүүд, цалин тэтгэвэр тэтгэмжийн өсөлтүүд, үр ашиггүй хөрөнгө оруулалтын дуусаагүй барилга төслүүдийг зогсоох, царцаах боломжгүй байдалд хүрдэг. Өнгөрсөн хугацаанд ийм байдалтай явж ирсэн. Зүй нь эдийн засгийн мөчлөгийн үед Засгийн газар илүү их орлого төсөвт бий болох үед хуримтлуулах, түүнийг тогтворжуулалтын сандаа хуримтлуулах, төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлж, харин эдийн засаг агшсан, мөчлөг сөрсөн төсвийн бодлого буюу төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Энэ бодлого ялангуяа газрын доор эрдэс баялаг, ашигт малтмал ихтэй улс орнуудад зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээ болдог.
Ингэж хэрэгжүүлээгүй улс орнуудад Баялагийн хараал, Голланд өвчин гэх мэт эдийн засгийн хүндрэл бэрхшээл, сорилтуудыг бий болгодог. Ойрхи дорнод, Африкийн ядуу, буурай улс орнуудад энэ нөхцөл байдал 1960-1980 онуудад их тохиолдож байсан. Өнөөдөр ч гэсэн тэдгээр улс орнууд ядуу буурай, нэн их өртэй улсууд хэвээр байна. Тэгэхээр эдгээр улс орнуудын туулсан зам, замнал, улс төр, эдийн засгийн орчныг судлаад үзэхэд одоогийн манай улсын дүр төрх харагддаг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын компанид гол баялаг уул уурхайгаа өгчихсөн, түүнийхээ төлөө өрөнд орчихсон байдаг. Үүнийг засах, засварлахын тулд баялгийн дахин хуваарилалт буюу төсвийн зүй зохистой бодлогыг хэрэгжүүлэх, улс төрийн орчинд ёс суртахуун, этикийн асуудлыг чухал болгож, нийтийн санхүү, төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, хариуцлагыг хуулиар хатуу өгдөг санкцтай болгох, ил тод, нээлттэй, иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг ийм тогтолцоог бий болгосон байх учиртай.
Нөгөө талаар улс орны хөгжлийг хувийн хэвшил, хувийн сектор авч явдаг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс төр эдийн засагт оролцох оролцоо хэдий хэмжээгээр их байна, тэр хэмжээгээр үр ашиггүй тогтолцоо, хүнд суртал, авилга байсаар байна. Улс орны хөгжилд чөдөр, тушаа болж л ирнэ.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн хэт тэлэлтийг багасгах, ахиу орлого олсон үедээ хуримтлуулах гэх мэт зөвлөмжүүд хүргүүлсээр ирсэн. Хамгийн гол нь зөвлөмжийг бодитоор хүлээж авах, бодлого шийдвэртээ тусгах нь чухал байна л даа. Энэ тал дээр ахиц дэвшил харагдаж байна уу?
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэнд “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл нь 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр ТТБТ хуульд орсон өөрчлөлтийн дагуу төсвийн орлого, зарлагыг бууруулсан төдийгүй 2018 онд төсвийн нийт зарлага ДНБ-ий 29 хувьтай тэнцэж байсан бол 2024 онд 38.3 хувь болж даруй 9.3 нэгжээр өссөн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, төсвийн хэт тэлэлтийг зогсооход чиглэсэн эхлэл болж байгаа нь эерэг хандлага” гэж дурьдсан. Тиймээс Засгийн газар нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцсэн ирэх оны төсвийн төслийг оруулж иржээ гэж харж байгаа. Ийм байхаас өөр арга алга байна. Тухайлбал энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буюу алдагдал -1.2 их наяд хүрлээ. Цаашдаа ч оны төгсгөл рүүгээ төсвийн алдагдал нэмэгдэх хандлага байгаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төлбөрийн тэнцэл нь -450 сая долларын алдагдалтай, тэр дотроо урсгал тэнцлийн алдагдал -1.7 тэрбум долларын алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, төсөв нь алдагдалтай, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл нь алдагдалтай байна. Үүнийг бид эдийн засгийн ихэр буюу хос алдагдал гэж нэрлэн тухайн эдийн засаг хямралтай байгааг харуулдаг.Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа ДНБ-нд харьцуулсан хувиар авч үзэхэд орлогоо бууруулж, түүнийг дагаад зарлагаа бууруулсан нь зөв зүйтэй эхлэл гэж харж байгаа боловч ТТБЗ-өөс энэхүү төсвийн төслийг сайн төсөв болсон гэж дүгнээгүй, харин бидний дүгнэлтэнд төсвийн төсөлд анхаарах асуудал олноор дурдсан байгааг анзаарах хэрэгтэй. Эрсдлийг олноор дагуулсан төсвийн төсөл боловсруулсан байна гэж харж байгаа.
ЯРИХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОЁР ТЭНГЭР ГАЗАР ШИГ ӨӨР ӨӨР ЯВЖ БАЙНА
-Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болох уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортод гаргах хувь хэмжээг бодитой тооцоолох нь төсвийн төлөвлөлтөд чухал үүрэгтэй байх. Энэ онд 85 сая тонн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөндөө хүрэх эсэх нь эргэлзээ дагуулж буй. Тэгвэл ирэх онд 90 сая тонн нүүрс экспортод гаргах дэд бүтэц бүрдэж чадсан байна уу?
-Тийм ээ, үнэхээр төсвийн орлого нь уул уурхайн салбарын орлогоос ихээхэн хамааралтай явж ирсэн. Ингэхээс ч өөр арга алга, бусад салбарын хөгжил, үйлдвэрлэл нь ДНБ -нд эзэлж байгаа жингээрээ бага хувийг эзэлж байна. Нөгөө талаар уул уурхайн салбарын орлогоос тээвэр, барилга зэрэг салбаруудын хөгжил хамааралтай явж байна. Өнгөрсөн жилүүдэд буюу 2023, 2024 онд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Нүүрсний экспортын хэмжээ 2022 онд 28.2 сая тонн байсан бол 2023 онд 61.7 сая, 2024 онд 76.9 сая тонн болсон. Өнөөдрийн байдлаар гаалийн статистик мэдээллээр нүүрсний нийт экспортын хэмжээ 56 сая тонныг гаргасан гэсэн мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл үлдэж байгаа 3 сарын хугацаанд 30 гаруй сая тонн нүүрс экспортолж байж тавьсан зорилтондоо хүрэх бололцоотой. Тэгэхээр сардаа 10 сая тонн буюу нэг долоо хоногтоо 2.5 сая тонн нүүрс экспортолсон байх ёстой. Ингэхийн тулд нөгөө тээвэр, ложистик, төмөр зам, авто замаар нэвтрүүлэх гаалийн боомтын хүчин чадал бүрэн гүйцэт тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхээс хамаарна. Тэгэхээр 85 сая тонн нүүрсийг экспортлох зорилт бол боломжгүй зүйл биш, харин Хятадын талаас манай нүүрсийг хүлээн авах эрэлт болон үнийн түвшин, хил гаалийн боомтын хүчин чадал зэргээс л шалтгаална.
Одоо байгаа мэдээллээр Монгол Улс ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлоход шаардлагатай дэд бүтэцтэй болсон уу гэдэг нь эргэлзээтэй. Хил боомтуудын хүчин чадал,нүүрс тээвэр, ложистик тал дээр зарим төрлийн дэд бүтцийн шинэчлэл сайжруулалт хийгдэж байна. Тухайлбал, Гашуун сухайт-Ганц боомтын төмөр замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдсөний дагуу 2027 онд дуусах учраас 2026 оны нүүрсний экспортын хэмжээнд төдийлөн нөлөөлж чадахгүй. Тэгэхээр бусад боомтуудын хувьд Шивээ хүрэн, Замын үүд зэрэг нүүрс экспортлох хүчин чадлаас ихээхэн хамааралтай байна. Нөгөө талаар дэд бүтэц байх боловч хятадын талын нүүрс авах эрэлт байх уу үгүй юу гэдэг асуудал сорилт болно.
-Төсвийн бодлого, төлөвлөлт зөв байхын хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүртэх үр өгөөж нэмэгддэг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах болоод аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн өөрчлөлтүүд юу байна?
-Би дээр ярьсан, өнгөрсөн хугацаанд манай улсын төсвийн бодлого нь үндсэндээ эдийн засгийн мөчлөг дагасан, нийгмийн халамжийг дэмжсэн, улстөрчдийн хүсэл, зорилгыг гүйцэлдүүлэх шинжтэй л явж ирсэн. Төсвийн бодлогогүй явж ирсэн гэвэл үгүй, харин ч зорилготой төсвийн бодлоготой явж байсан. Харин эдийн засгийн өсөлтийг бий болгоход болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд, хувийн хэвшлийг дэмжсэн, иргэдийн орлогыг хамгаалсан, улс орны ирээдүнй хөгжлийг бий болгох бодлогын чиглэлд нийцсэн, ядуурлыг бууруулах, иргэний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын, нийгмийн даатгалын зөв зүйтэй цогц тогтолцолцоог бүрдүүлэх чиглэлд байсан уу гэвэл үгүй. Нэг зүйлийг л төр, засаг ойлгохгүй явж ирсэн, тэр нь юу бэ гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийн орлого болон баялагаас бий болсон орлогыг улс орны хөгжилд, иргэдийн амьдралыг сайжруулахад зориулах ёстой гэдгийг мэдсэн ч түүнийг эсрэг үйлдэл хийж ирсэн. Нөгөө талаар улс орны дунд хугацааны төсвийн мэдэгдэл, жилийн төсвөөр дамжуулан иргэд, хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн бизнес, санхүүгийн стратеги төлөвлөлтийг уялдуулж явдаг. Ирэх оны болон түүний 2-3 жилийн улс орны эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, төсвийн орлого, зарлага, тэнцэл, өр төлбөрийн хэмжээний төсөөлөл, тооцооллоос тодорхой мэдээллийг авч хувийн сектор үйл ажиллагаагаа уялдуулдаг. Татварын ачааллын зохистой хэмжээ, нийгмийн даатгалын зөв тогтолцоо, шимтгэлийн хэмжээ нь төсвийн бодлогыг тодорхойлж, тэр нь хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулахад саад тотгор болохгүй, харин ч эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хөшүүрэг нөлөөлөл болох ёстой.
Өнөөдрийн байдлаар татварын ачаалал бусад улс оронтой харьцуулахад хамгийн бага байгаа гэж хэлж ярьдаг мөртлөө бодит байдалд татварын дарамт, татварын өр, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн өндөр хувь хэмжээ нь хувийн секторт хуримтлал үүсгэх боломжийг хааж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхгүй байна.
Энэ тохиолдолд татварын орчин сайн байгаа гэж дүгнэхэд учир дутагдалтай. Тийм учраас дотоодын хөрөнгө оруулалт байхгүй үед ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг багасгах гэсэн асуудал ярихад төвөгтэй юм. Ирэх оны төсвийн төсөлд НӨАТ буцаан олголт болон тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэхээс өөрөөр улс орны нийтийн санхүү, төсөвт томоохон шинэчлэлт өөрчлөлт хийгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Миний бодлоор шинэ Засгийн газар шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлнэ гэж ярьж байгаа ч зарлага, татвар, тэтгэвэр, нийгмийн даатгал, эрүүл мэнд, боловсрол салбарт явуулах зоригтой реформ зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ирэх оны төсөвт тусгаагүй байна.
-Өмнөх жилүүдэд Засгийн газраас 14 мега төсөв хэрэгжүүлэхээ зарлаж байсан. Ирэх оны төсөв бол шинэ Засгийн газраас өргөн барьсан төсөв гэдгээрээ онцлог. Хамгийн гол нь УИХ-аас баталсан 2026-2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг залгамж чанарыг хадгалж чадсан болов уу?
-Өмнөх Засгийн газар буюу 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газрын гол бодлого зорилт нь 14 мега төсөл байсан. Энэ ч утгаараа өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөлд тусгалаа олж батлагдсан байдаг. Гэтэл хагас жил ч хүрэхгүй хугацаанд өмнөх Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар бүрэлдэн төсөвт тодотгол хийгдэж, 2026 оны төсвийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Энд нөгөө 14 мега төсөл зүсээ хувирган ХҮН МЕГА төсөл нэртэйгээр өөрчлөгдөн орж ирсэн байна. Төрийн бодлого залгамж чанартай, уламжлалтай, аль ч улс төрийн нам Засгийн эрх барьсан ч үндэсний эрх ашиг, зорилго нэгдүгээрт тавигдах ёстой. Үүнийг улстөрчид илүү их ярьдаг, тунхагладаг. Гэхдээ ярих, хэрэгжүүлэх хоёр тэнгэр газар шиг өөр өөр явж байна. Монгол Улсын ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байхад Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, тэр хүрээнд төсвийн орлого, зарлага, тэнцлийн талаархи 2-3 жилийн төлөвлөгөөг ярьж байна.Хэрвээ ирэх оны төсвийн төсөлд өгсөн бидний дүгнэлтийг сайн анзаарвал “Энэ удаагийн төсвийн төсөл нь Монгол Улсыг хөгжүүлэх 2026-2030 оны 5 жилийн үндсэн чиглэл батлагдаагүй байхад 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.7, Төсвийн тухай хуулийн 6.2.7, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.2.3 заалтуудын хэрэгжилтийг сулруулах нөхцөлийг бий болгож байна.” гэж дүгнэсэн байгаа.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн “4.1.6. “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, нөөцөд суурилан боловсруулсан төсөл, арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг;” гэж заасан байдаг.
-Ирэх оны төсвийг иргэдийн төсөв гэж онцлоод буй. Үнэхээр иргэд олон нийтээс гаргасан саналуудыг тусгасан иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж чадсан болов уу?
-Иргэдийн оролцоотой төсөв болсон эсэх тухай ярихын өмнө төсвийн 4 үе шатанд буюу төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, хэрэгжүүлэх, тайлагнах үе шат бүхэнд иргэд оролцож чадаж байгаа юу гэдэг асуудлыг ярих ёстой. Эдгээр бүх үе шатанд иргэд оролцож саналаа хэлж тэр саналууд нь тодорхой хэмжээгээр төсөвт тусгагдан батлагдаж, хэрэгжиж, улмаар ил тод мэдээлэгдэн тайлагнаж байвал бид түүнийг иргэдийн оролцоотой төлөвлөлттэй, хэрэгжилттэй, иргэдийн төсөв болсон гэж хэлж болно. Түүнээс биш төсөв нэгтгээд дууссан үед, аль хэдийн боловсруулагдсан байсан төсвийн төсөл дээр иргэдийн санал авах нэртэйгээр компанит ажил зохион байгуулж, түүнийгээ иргэдийн оролцоотой, иргэдийн төсөв болсон гэвэл учир дутагдалтай. Энэ жилийн хувьд дүр эсгэсэн ийм л процесс болсон. Өмнөх Засгийн газар, Сангийн яам хэрвээ Төсвийн тухай хуулинд тусгагдсан заалтуудаа хэрэгжүүлдэг байсан бол ийм зүйл гарахгүй байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн тэргүүн хэн болсноос шалтгаалан хуулийн заалтыг хэрэгжүүлдэг ийм гажуудсан тогтолцооноос салах цаг болжээ. Одоо орон нутгийн төсөв ИТХ хэлэлцэх гэж хүлээж байна. Нөгөө орон нутгийн иргэдийн саналыг авах процесс явагдах уу? Харин өдийд бүр сайн хэлэлцэгдсэн байх ёстой бус уу? Иргэдийн саналыг тусгаж иргэдийн бодит орлого нэмэгдэх нөхцөл боломж энэ төсвийн төсөлд тусгагдаагүй.
ЭНЭ ТОХИОЛДОЛД АЛДАГДАЛГҮЙ ТӨСВИЙН ТАЛААР ЯРИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
-Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв гэдгийг тодотгосон. Татварын дарамтыг бууруулж чадсан уу?
-Татварын шинэчлэлт, өөрчлөлт үе үеийн Засгийн газрын төсөв, санхүүгийн бодлогын нэг сорилт байсаар байсан. Тэдгээр бодлогын үр дүнд иргэдийн орлогод ногдох татварын хувь хэмжээ буурч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явууулж, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадаж байсан уу гэдэг өөр нэг асуудал. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсвийн орлогод орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого дийлэнх хувийг эзэлж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг ДНБ-д харьцуулсан харьцаагаар авч үзвэл 2018 онд 29.1 хувь, улмаар 2021 оноос 2024 оны хугацаанд 30.2 хувиас 37.1 хувийг тус тус эзэлж байсан бол 2025 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 33.6 хувь, 2026 оны төсвийн төсөлд 30.9 хувь тус тус байхаар төлөвлөсөн байсан. Татварын орлого 29.7 их наяд төгрөг байхаар буюу 2025 оны тодотголоор батлагдсан төсвөөс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон байгаа бөгөөд үүнээс орлогын албан татвараас орох орлого 9.2 их наяд төгрөгөөр буюу энэ оноос 626.4 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын шимтгэл, хураамжаас орох орлого 6.7 их наяд төгрөг буюу энэ оноос 705.5 тэрбум төгрөгөөр, Нэмэгдсэн өртгийн албан татвараас орох орлого 7.0 их наяд төгрөг буюу 386.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, нийт дүнгээр татварын орлогын 77.4 хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад ойрын жилүүдэд татварын орлого төсвийн орлогод голлох хувийг эзлэх, тэр дундаа уул уурхайн салбараас олж байгаа татварын орлого зонхилох нь тодорхой байгаа.
Уул уурхайн салбарын мөчлөгөөс хамааралтайгаар төсвийн орлогын эмзэг байдал өндөр хэвээр байгаа өнөөгийн нөхцөлд уул уурхайн бус салбараас төсөвт орох орлогыг нэмэгдүүлэхэд татварын бодлогыг чиглүүлэх, уул уурхайн бус салбарын үйлдвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйлдвэрлэл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх замаар төсвийн тогтвортой орлогыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд одоогийн боловсруулан иргэдээс санал авч байгаа Татварын багц хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зэрэг хууль, тогтоомжийн төслүүдийг их сайн хянан үзэж, иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, зарим тохиолдолд түр хугацаанд хэрэгжүүлж, туршиж үзэх замаар нөлөөллийг тогтоох, эрсдлүүдийг тодорхойлох зэрэг асуудлуудыг олон талаас авч үзэж байж батлах хэрэгтэй. Эцсийн үр дүн татварын бодлого, тогтолцоо эрс шинэчилэгдсэн байх ёстой, төсвийн орлого бүрдүүлэх зорилго өөрчлөгдөх ёстой.
-Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж ямартай ч алдагдалгүй төсөв баталсан. Тухайн үед цаашдаа ч алдалгүй төсөв баталж байх үндэс суурийг тавьсан гэж онцолж байсан. Ирэх оны төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалгүй батлах боломж харагдаж байна уу?
-УИХ-аар 2025 оны улсын төсвийг хэлэлцэж батлахдаа алдагдалгүй байхаар баталсан. Одоо энэ бол хууль болж цаасан дээр түүх болж тэмдэглэгдэн үлдэнэ. Бид үүнээс сургамж авах ёстой. Алдагдалгүй төсөв батласнаар улс орны эдийн засгийн өсөлт бий болоод, иргэдийн орлого сайжраад, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэгддэг гэвэл тэр нь шиг худлаа зүйл байхгүй. Хэрвээ 2025 оны төсөвтөө тодотгол хийгээгүй бол бид ДНБ -ний бүтээгдэхүүн эзлэх дүнгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд заасан тусгай шаардлагыг хангалттай зөрчих хэмжээнд очих байсан. Өнөөдрийн байдлаар өмнө хэлсэнчлэн төсвийн алдагдал -1,2 их наяд байна. Цаашид энэ алдагдал нэмэгдэх эрсдэл бий. Ийм тохиолдолд бид ирэх оны төсвийг алдагдалгүй батлах боломж байхгүй. Улсын төсөв 2018 онд болон 2023 онд төсөв ашигтай гарч байсан гүйцэтгэлээр. Тухайн 2018 онд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, төсвийн зарлагаа бууруулсны нөлөөлөл, 2023 онд Ковид цар тахлын дараагаа эдийн засгийн идэвхижил, уул уурхайн салбар өсөлт, орлогоос л шалтгаалж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр, нүүрсний үнэ унасан, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал, Хятадын эдийн засаг, үл хөдлөх салбар, гангийн үйлдвэрлэл, нүүрсний эрэлт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ байж чадах уу гэсэн эрсдэл байсаар байна. Энэ тохиолдолд бид алдагдалгүй төсвийн талаар ярих ямар ч бололцоогүй. Нөгөө талаар төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-нд эзлэх хувиар хэд байх уу гэдгийг анхаарч, харин алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрээ зөв тодорхойлон эдийн засгийн өсөлтийг хангах бий болгох зорилготой хөрөнгө орууллатын бодлогыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
МОНГОЛЫН ТӨР НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛЛЫН ТӨР БОЛЧИХООД БАЙНА
-Сүүлийн жилүүдэд гадаад өрийн хувь хэмжээ төдийлөн буурахгүй байгаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед өр, зээлийн хэмжээгээ нэмэхгүй байх, цаашлаад бууруулах тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?
-Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байгаа боловч өрийн нийт дүнд гадаад өрийн эзлэх хувь өндөр хэвээр байгаа нь дунд болон урт хугацаанд төсөвт үзүүлэх өрийн эрсдэл хэвээр байгааг илтгэнэ. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар 35.5 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 44.5 хувь, 2026 оны төсөөллөөр 43.8 хувьтай тэнцэхээр байна. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл буурч, төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад өрийн үндсэн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж, энэ нь Засгийн газрын өрийн тогтвортой байхад чухал нөлөө үзүүлж байсан боловч өнөөгийн гадаад эдийн засгийн орчны тодорхойгүй байдал буюу гадаад шок, гадаад валютын хэлбэлзэл (Засгийн газрын гадаад зээлийн өрийн үлдэгдлийн 53.7 хувь нь ам.доллараар) , төсвийн орлогын бууралт, төсвийн алдагдал, төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, орон нутгийн гадаад үнэт цаасны үлдэгдэл, Хөгжлийн банкны өр, их хэмжээний болзошгүй өр төлбөрүүд нь дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүдийг дагуулж байна.
Засгийн газрын гадаад өрд эзлэх гадаад үнэт цаас болон гадаад зээл, өрийн баталгааны дүнгийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь Засгийн газрын өрийн үлдэгдэл өсөхөд нөлөөлж, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангахад эрсдэлийг дагуулж байна. Засгийн газрын бусад өр 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг байгаа бол 2026 оны төсвийн төслөөр 10.3 их наяд төгрөг болохоор байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь Засгийн газрын өрийн баталгаа 3.9 их наядаар нэмэгдэж байгаатай холбоотой байна. БНХАУ-ын Хөгжлийн банкнаас Монгол Улсын Хөгжлийн банкны авч ашигласан 352.7 сая юаны зээл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам. долларын үнэт цааснууд нь Засгийн газрын баталгаа цаашид эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл болно.
-Засгийн газрын өрийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Засгийн газрын өрийн үйлчилгээ ирэх жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа нь Засгийн газрын төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгож болзошгүй байна. Засгийн газрын өрийн үйлчилгээ буюу гадаад, дотоод бонд, гадаад зээлийн үндсэн өрийн хүүгийн төлбөрийн дүн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөг байгаа бөгөөд 2026 онд 879 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,748.8 тэрбум төгрөг болохоор төсвийн төсөлд тусгагдсан байна.
Ирэх онд зөвхөн гадаад зээлийн үндсэн өрийн төлбөрт 1.4 их наяд төгрөг, гадаад бондын үндсэн өрийн төлбөрт 656.6 тэрбум төгрөг, гадаад зээлийн хүүгийн төлбөрт 671.8 тэрбум төгрөг, гадаад бондын хүүгийн төлбөрт 560.2 тэрбум төгрөг, нийт 3.3 их наяд төгрөг төлөхөөр байгаа нь улсын төсвийн зарлагын 10.2 хувь, ДНБ-ний 3.2 хувьтай тус тус тэнцэж байна.
Эндээс харахад зөвхөн гадаад бондын үндсэн өр болон хүүгийн төлбөрт ирэх онд 1.2 их наяд төгрөг хүлээгдэж байгаа нь төсвийн орлого буурах тохиолдолд төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөхөөр байна. Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад үнэт цаасны үлдэгдэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар буюу 9.0 их наяд төгрөг байгаа нь Засгийн газрын нийт гадаад өрийн 38.5 хувийг арилжааны гадаад үнэт цаасны үлдэгдэл эзэлж байгааг харуулж байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээл болон гадаад зах зээлээс бүрдүүлсэн үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр ашгийг нарийвчлан дахин хянан тухайн төслийг хэрэгжүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хийгдсэн дамжуулан зээлдүүлэх гэрээний төлбөрийг төсөвт дарамт учруулахгүй байдлаар гүйцэтгэж валютын ханшны ашиг/алдагдлыг тухай бүр тооцож байх шаардлагатай. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтөөр 2026 оны төсвийн жилд нийт 564.3 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр байгаа хэдий ч улсын төсвөөс гадаад зээлийн өрийн үйлчилгээний төлбөрт 3.3 их наяд төгрөг, үүнээс зөвхөн гадаад зээлийн хүүгийн төлбөрт 671.8 тэрбум төгрөг төлөхөөр байна.
Тийм учраас Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу гадаад зээл авсан аж ахуйн нэгж байгууллагуудын төсөвт төлөх төлбөр, өрийг барагдуулах, хариуцлагыг чангатгах, валютын ханшны зөрүүг татвар төлөгчдийн хөрөнгө буюу төсвөөр шийддэг байдлыг бүрмөсөн хаах хэрэгтэй.
Ер нь дахин санхүүжилт нэрийн дор арилжааны хүнд нөхцөлтэй гадаад үнэт цаасаар дамжуулан зээл авдаг, өрийг өрөөр санхүүжүүлдэг тогтолцооноос аль болох зайлсхийх, орон нутгийн зүгээс гаргасан Засгийн газрын баталгаатай гадаад бондын эрсдлийг тооцох, Засгийн газрын төлбөрийн чадварыг тооцоолж эрсдлээс хамгаалах арга хэрэгслийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн зарлагын бүтцэд урсгал зардал давамгайлж, хөрөнгө оруулалтын үр ашиг сул байгааг дурдсан байсан?
-Нэгдсэн төсвийн 2026 оны нийт зарлагад Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлын эзлэх хувийг тооцож үзэхэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зардал 28.4 хувь, Эрүүл мэндийн сайдын зардал 10.3 хувь, Боловсролын сайдын зардал 10.9 хувь, Сангийн сайдын зардал 10.5 хувь, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал 19.0 хувь буюу нийт зарлагын 79.2 хувийг эзэлж байна. Төсвийн урсгал зардлын 82.0 хувийг мөн эдгээр ТЕЗ нарын зардалд зарцуулж байгаа юм. Энэ нь дэвшүүлж буй төсвийн бодлогын зорилт нь төсвийн зарлагад тусгалаа олж буй хэдий ч Монгол Улсын төр нь нийгмийн халамж, хамгааллын төр болсныг харуулж байна.Нэгдсэн төсвийн 2018-2025 оны нийт зарлагын дунджаар 76 хувийг урсгал зардал эзэлдэг байсан бол 2023 оноос эхлэн буурч 2026 онд 74.4 хувьд хүрэхээр тооцжээ. Урсгал зардлын дүнд бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь сүүлийн 3 жилд буурч байгаа хэдий ч цалин хөлсний зардлын эзлэх хувь өсөж байгаа юм. Энэ нь цаашид төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бусад зардлыг нэмэх орон зайг хязгаарлаж байна. Урсгал зардал зээлийн үйлчилгээний төлбөрийн эзлэх хувь өөрчлөлт багатай байгаа бол урсгал зардалд татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувь бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувиас 10 гаруй хувиар өндөр болж, 51.3-54.8 хувьд хүрч нэмэгдэж буй нь анхаарах татах асуудал болоод байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцааг сүүлийн 5 жилд авч үзвэл 3-5 хувийн хооронд хэлбэлзэж байгаа нь хөгжиж байгаа орнуудын 4-8 хувийн түвшинтэй ойролцоо байна. Манай орны хувьд төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ хэвийн түвшинд байгаа боловч төсвийн хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр ашгийг авч үзэхэд хөрөнгө оруулалтын төслүүд анх ашиглалтад орох төлөвлөсөн хугацаанаас ихээхэн хоцордог, анхны төсөвт өртөг их хэмжээгээр нэмэгддэг, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг эрэмбэлэх тал дээр учир дутагдалтай байх гэх мэт асуудлууд байгааг анхаарах нь зүйтэй.
3,593.62






















































Зөв 2025-09-22 66.181.176.26
Бүгд дуу хоолойгоо нэгтгэж байж завхралыг засна.. Яагаад ийм их баялагтай, их малтай, хүн ам цөөтэй орны иргэд ядуу амьдарч бна вэ. Үүнд үе үе ийн удирдлагуудыг шүүх хэрэгтэй. Энэ муухай арга барилыг тас зогсоох цаг нь болсон
Гэрэлтэй 2025-09-22 66.181.161.165
монголыг ядуурууласан улсыг непальд
Баяраа 2025-09-22 124.158.107.147
авгай, хүүхэд,найз нарыг нь бүгдийг нь бандаштай нь л үлдээгээд л болооошдээ
бөбөа 2025-09-22 202.131.241.34
Хэн сайн орилж, доромжилж, хэн ёс зүйгүй өнгөн дээрээ эх оронч дүр эсгэсэн нь ард түмний жинхэнэ дуу хоолой болж байгаа мэт итгэл үнэмшлийг төрүүлдэг
Зочин 2025-09-22 202.9.47.48
Чавганцаас дор бодлого эз.тай монголын ядуучууд халамжийхан цаашдаа яанадаа?
Нэргүй 2025-09-22 66.181.178.215
Зөв шүү бүгд ил байгаа Хүрэлсүх л айгаад байна тэднээс.
Нэргүй 2025-09-22 202.55.188.118
Хэн ч мэдэх юмыг дэмий чалчихаас өөр юү ч хийж чадахвэдээ худлаа цэцэрхсэн гарууд л байх юм
Иргэн 2025-09-22 103.57.95.52
Юуун хариуцлага саяын Хятадад болсон ялалтын баярт хулих Хурандаа Хүрэлсүх МАН-АН-Н мафиуудыг дагуулчихсан бахархалтай явж харагдсан!!! Хүрэлсүх дүүжлэгдэж байж бусадыг нь дүүжилнэ!
Иргэн 2025-09-22 202.179.15.218
Монголыг ядууралд хүргэхэд оролцсон төр, засаг, тэний бүрдэлил, далд мафын бүлэглэл, урвагч нар бүгдийг монголын ард түмэн цаазын ял өгсөн, харин тэдгээрийг хамгаалдаг монголын төрийн нэрийг барьсан мафын болон гадны засаглалын төр хулгайч, луйварчидыг хамгаалж элдэв янзын, дүрэм журам, хууль нэртэй луйварын дүрэм зохиож хугацаа үрж байгаадаа. Монголын ард түмэн МАН, Ан нэрийн дор нуугдсан гадны үйл хэрэг зааврыг гүйцэтгэдэг, төрийн нэр барьсан луйварчдаас салах сайн цаг ирэх болтугай.
Нэргүй 2025-09-22 122.201.31.173
2-3 урвагч авилгалч луйварчидыг буудчихвал бусад нь бууж өгнө
Zochin 2025-09-22 202.126.91.157
ene tom darga said nar uuniig unschaaschee , yagaad gevel tanaraas bolj jiriin ard irged chin ovchin chagachal ,yduurald arai chiij amidarch bna.
Нэргүй 2025-09-22 43.242.242.59
Элбэгдорж, Баттулга, Сайханбилэг, Баярцогт, Оюун-Эрдэнэ гэх мэт хүмүүс байна даа
Нэргүй 2025-09-22 202.126.89.82
маш зөв
Нэргүй 2025-09-22 103.168.34.240
бид. олог. юм. хүсдэггүй. хууль. жигд. үйлчлээд. хулгай. хийхгүй. дарга. нар. нь. шатлалтай. өгсөж. байвал. төрд. ажилласан. хүмүүсээс. тэрбумтан. төрөх. хуулиар. бол. тийм. боломжгүй. гэтэл. ёрөнхийлөгч. ёрөнхий. сайд. их. хурлын. гишүүдийн. 80. хувь. нь. тэрбумтантөрсөн. байна үр. сад. нь.
Нэргүй 2025-09-22 66.181.179.33
Монгол улс жилд 250 сая тн нүүрс экспортлох боломжтой төмөр замаа хурдан холбоорой Хамгийн дөт хямдаар нийлүүлэх манай нүүрсийг Хятадууд авч таараа
Нэргүй 2025-09-22 66.181.164.23
Ахмадуудын тэтгэвэрийг нэмэх хангалттай мөнгө МАНы 1 хулгайчын нүхтэд байгаа хаусаны сейфэнд доллараар байгаа гээд боддоо, МАН хэдэн хулгайчтай билээ. Нүхт Зайсан жаргаландын амуудаархи хауснуудыг нэгжвэл хэдэн зуун их наяд триллоны хулгай байгаа шүү. За тэгээд МАН-ыг хамгийн эхэнд очиж сонгодог ахмадууд маань та нар өөрсдөө шүү, өөрсөддөө л гомд доо
Нэргүй 2025-09-22 66.181.190.170
Амарбаясгалангаас эхлээд хатуу хариуцлагаа тооцож эхэлмээр байна
сдө 2025-09-22 66.181.161.62
Ууганбаатар математикчийн дэргэд жинхэнэ эдийн засагч байгаа юм даа
Нэргүй 2025-09-22 192.82.65.88
Яг энэ байр сууринаас хандаж, сүүлийн 30 жил улс орныг удирдсан нам бүлэглэл, хүмүүст хариуцлага тооцож, намуудыг тарааж, хүмүүст хариуцалаг хүлээлгэвэл зүйтэй.
сонгогч 2025-09-22 202.9.47.65
ЭЗЭНГҮЙ МОНГОЛД ХҮН БҮХЭН ДУРААРАА ДУРГИЖ УЛС ОРНОО СҮЙРҮҮЛДЭГ.
Иргэн 2025-09-22 59.153.113.247
ард түмний санах ой муутай хууртдаг байдлыг ашиглагчид хулгайч нараа чаддаг бол шийтгэмээр л байна
Нэргүй 2025-09-22 103.168.34.42
Төсөв захиран зарцуулах эрхтэй хурган ба хуцан дарга нар, эрх мэдэлтэнгүүд ,нам дагасан цүнх баригчид, баяжаад том том жип унасан хаусанд амьдардаг бүхэл бүтэн давхрага бий болж байна даа Ийм байхад улс орон хөгжиж,ядуурал буурах уу даа
зочин 2025-09-22 192.82.92.204
маш зөв, элс орныг сүйрүүлэгч нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
Нэргүй 2025-09-22 103.229.122.234
90оноос хойших бүх улс төрчид гишүүд сайд дарга гээд бүгд л монголыг Самарч чадсан уруудуулж доройтуулж чадсан
зочин 2025-09-22 66.181.181.80
Тэгээд ардчилал хүний эрх гэж хоосон чалчсан,чам мэт хулгайч луйварчид монголыг сэргээж сэхээх юм уу, Та нар бүхнийг сүйрүүлж,идэж ууж, ядууруулдаг, Төрийн эрх булаах гэж худал ярьж ,эх орончид болж жүжиглэж нийгмийг хуурдаг ,Харин МАН-ын нөхөд л төрд гараад сүйрсэн баларсан бүхнийг засч, хэвийн байдалд оруулж ,иргэдийн амьдралыг сайжруулах, нийгмийг тогтворжуулж урагшлуулах гэж зүтгэдэг,Улс оронд хүндрэл үүссэнийг ашиглан одоо ч та нар нийгмийг хуурах гэж оролдож байна
Нэргүй 2025-09-22 103.212.162.38
Ердийн судлаач, эрдэмтэн багш хүнийг чи зүхээд яахав дээ
Нэргүй 2025-09-22 59.153.114.13
Маш зөв ярьжээ
Нэргүй 2025-09-22 103.212.119.194
3.5 хан сая хүнтэй улсын 1.2 хон сая хүнтэй хотоо харахад гутдаг даа. Ямарч ажил хийх боломжгүй ганц ажил хөөцөлдөөд түгжирч өдөр өнгөрөөнө. Ганц хүүхэд төрүүлээд сургууль цэцэрлэг бөөн проблем… Төрийн алба нь там шиг хүнд сурталтай. Яаж ийгээд төрийн мөнгө идчихье л гэмэн дарга нартай ….
зочин 2025-09-22 66.181.181.80
Дэлхий даяар ямар их өөрчлөлт гарч байна, Манай хоёр хөрш гүрэн ямар их агуу болж байна Улс орон, төр засаг нь тогтвортой,зөвхөн бүтээн байгуулалт,улс орноо хүчирхэгжүүлэх иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлээр л бүгд санаа шулуудан нэгдэн ажиллаж байна, Гэтэл бид хэдэн нам дагаж бутарсан Бие биенээ үзэн ядсан, Төрийн эрх булаацалдсан, Эх оронч болж жүжиглэн нийгмийг хуурсан, Хоосон амласан, Улс орон маань уруудаж доройтсон, Бид хэзээ хэвийн байдалд орж,бусад орон шиг урагшлах юм бол оо
Хүний Хөгжил 2025-09-22 202.70.43.34
1990 оноос хойш Шинэ Монгол улс туулах ёстойгоо туулаад явж бна, мэдээж бүхэнд ТӨР засаг буюу Улс төрчид буруутай гэхдээ Ард Иргэд бид Мэдлэг Боловсрол нимгэнтэй, ямар ч ажлын ур чадвар гүйцэтгэл муу, хөгжөөгүй байгаа тул нийтээр ядуу байгаа нь үнэн. Тэгэхээр Монгол улс Бүх Хүмүүсээ Хөгжүүлэх шаардлагатай бна. Барилга дээр ” Ямар ч Мэргэжилгүй” хүн “хяналтын инженер” гээд баллаад сууж байгаа цагт бид Сайхан зам харгуй, гоё боржуур, Гоё барилга байшин сав мөрөөдөөд ч бүтэхгүй шүүдээ.
Нэргүй 2025-09-22 66.181.160.121
Бразилийн Дээд шүүх Ерөнхийлөгч асан Болсонаруд 27 жил хорих ял оноожээ?! Гэтэл манайх Н.Энхбаярын оймсыг гозолзуулснаас хэтрээгүй, улсаасаа баян болтол авлигадсаныг нь огт шалгаагүй, Элбэгдорж худлаа улс төрийн шоу болгоод өнгөрсөн!!!
зочин 2025-09-22 66.181.181.80
Манайх шиг ядуу буурай оронд, зах зээл, жинхэнэ луйвар хулгай авилга ядуурал гуйланчлалыг чирч ирдэг юм биш үү, Хэдхэн хүн баяжиж олонх ядуурч жинхэнэ мөлжлөг үүсдэг юм биш үү, Ардчилал нэрийн дор жинхэнэ эмх цэгцгүй дур зоргийн самуун байдал үүсч улс орон иргэд хохирдог юм биш үү, Одоо бүр улс оронд үүссэн хүндрэлийг ашиглан нацист фашист маягийн этгээдүүд толгой өндийлгөн, хатуу дэг журам,шорон гяндан, хэлмэгдүүлэл, цааз ял ярих болов-Ийм хулгайч луйварчид төрд гарвал юу болох вэ, Бодцогоо
Нэргүй 2025-09-22 66.181.181.13
Хатуу шийтгэл хэрэгтэй. Доороос эхлээд дээш хүртэл нь.
Яасан өмхий бөөрөнхий пяздрук вэ 2025-09-22 202.9.46.241
Үе үеийн гээд байх юм байхгүй, зүгээр гэлдэрч байсан төсөв сан. ОюунЭрдэнэ 2 дараалан ЕС гэгдэж балайтаж явахдаа л хэт өөдрөг, данхайсан үрэлгэн самуун дампуу явж байж л улсын төсөв санхүүг самраад улайлгаад хаясан даг.