Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилсангүй. Харин ирэх өвлөөс дахин өөр түлш туршина гэдгийг сайд, дарга нар мэдээлсэн. Нэг нь жигнэсэн нүүрс буюу хөх нүүрс бол нөгөөх нь хийн халаагуур. Хоёуланг нь анх удаа хэрэглээнд нэвтрүүлж буй. Албаныхан шинэ түлш хэрэглэснээр хотын утаа хэд дахин буурч, төсвийн хэмнэлт хийнэ гэдгийг онцолж байгаа юм.
Нийслэл хот ирэх өвөл БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна. Ингэснээр "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоог гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ.
Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025 оны долдугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчны сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж батлагдсан. Уг захирамжид дурдсанаар ногоон бүсэд 103.090 өрх, шар бүсэд 67.765 айл өрх хамрагдаж, түүхий нүүрс түлэхгүй гэжээ.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр /2025.09. 19/өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхдөө "Утааны асуудал олон жил болж байна. Нийслэлийн зүгээс нүүрс түлэхээс аль болох татгалзаж, энэ жилээс газны хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Гандан, Зурагт, Дэнжийн мянга зэрэг газруудад нийт 5000 өрхийн дулаалгыг хийж, газ руу холбоно. Нийт 22 цэг ажиллана. Айл өрхүүд хоосон баллоноо цэгүүдэд очиж цэнэглэх юм уу цэнэглэсэн баллоноор сольж авна. Ингэснээр тухайн бүсийн агаарын бохирдол 10-20 хувь буурна гэж тооцоолж байгаа. Бид дараа жилээс гэр хорооллын 50 мянган айлыг газны хэрэглээнд шилжүүлж, 2027-2028 онд 65 мянган айлыг шилжүүлнэ. Харин 2027-2028 онд нийт 105 мянган айл газны хэрэглээнд нэвтэрч, Улаанбаатар хотын утааны асуудал бүрэн шийдэгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 172 мянган айл нүүрс түлш түлж байна.
Мөн энэ хугацаанд хагас коксжсон нүүрсийг түлнэ. Учир нь 2025 оны дөрөвдүгээр сараас "Энержи ресурс" компаниас мидлингээ үнэ төлбөргүй авахаа болж байгаа. Гадаадаас оруулж ирж байгаа хагас кокс нүүрсний нэг тонныг 600 мянган төгрөгөөр оруулж ирнэ. Тэгсэн мөртлөө мидлингтэй харьцуулахад агаарын бохирдлыг 45-50 хувь бууруулж чадна. Бид энэ жил дахин сайжруулсан шахмал түлшээ түлвэл илүү өртөгтэйгөөр худалдаж авах ёстой болно. Тиймээс бид хямд өртөгтэй, нүүрсний боловсруулсан хамгийн эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Яг одоо хагас коксны үйлдвэрийг барьж байгуулаад уурын зуух болон ахуйн хэрэглээндээ хэрэглэж байгаад түүхийн нүүрс хэрэглэж байгаа таван цахилгаан станцууд дээрээ хэрэглэх боломжтой. Бид лабораторийн шинжилгээг энэ оны гуравдугаар сараас эхлүүлж, Шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэнгээс дүгнэлтээ гаргаж өгсөн. Утаа буурахаас гадна тоосонцорын хэмжээ 70-80 хувь буурна. Энэ өвөл нүдэнд харагдах тоос, утаа, харагддагүй бичил тоосонцор тэр хэмжээгээр буурах юм. Бид аравдугаар сарын 1-нээс хагас коксоо гэр хорооллын айлуудад нийлүүлж эхэлнэ. Харин ирэх арваннэгдүгээр сараас айлуудад БНХАУ-ын хоёр брэндийн хийн зуухаа тарааж эхэлнэ" гэсэн юм.
3,595.72






















































Холбоотой мэдээ