Чуулган: Гүйцэтгэх ажиллагаа явуулсныг эсэргүүцэж, АН-ын бүлгээс завсарлага авлаа

LiveЧуулган: Гүйцэтгэх ажиллагаа явуулсныг эсэргүүцэж, АН-ын бүлгээс завсарлага авлаа

Чуулган: Гүйцэтгэх ажиллагаа явуулсныг эсэргүүцэж, АН-ын бүлгээс завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.19/ 10.00 цагт эхэллээ.


 

18 : 10
2025-9-19

"АН-ын бүлгээс чуулганыг 3 хоногоор сунгаж завсарлага авлаа"

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Өнөөдөр нэг ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр 15.30 цагийн орчимд АТГ-ын н.Балдандорж, н.Батмөнх нарын хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаагийн нэвтрэх зөвшөөрөл авч, орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж орж ирээд, гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа.

Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж, цаашид Үндсэн хуулиар баталгаажсан засаглал хооронд хяналт тэнцлийг хангах, парламентын дархлаагаа бэхжүүлэх асуудал энэ УИХ-ын бүрэлдэхүүний хувьд нэн чухал гэж үзэж байгаа учраас 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна. Ялангуяа төсөв хэлэлцэж байгаа энэ үед цөөнхийн бүлгийн гишүүнийг онилсон АТГ болон хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн цөөнх гэлтгүй парламентын дархлааг сулруулах маш ноцтой үр дагавар гаргаж байгаа учраас завсарлагыг Дэгийн тухай хуульд заасны дагуу сунгахыг хүсч байна. Энэ дагуу Даваа гаригт бүлгийн хурал дээр хэлэлцэнэ. Энэ асуудалд анхаарч арга хэмжээ авах юм уу. Өмнө нь хоёр хоног авсан завсарлагыг гурав хоногоор сунгаж өгнө үү. 

УИХ-ын чуулганы хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу гурваас илүүгүй өдрөөр сунгаж, тав хоногийн хугацаатайгаар завсарлага өглөө. Таван УИХ-ын гишүүн үг хэлэх дутуу байсан бөгөөд завсарлага дуусахаар үгээ хэлэхээр тогтов.  

14 : 52
2025-9-19

Чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан 14.00 цагаас үргэлжилж байна.


Улсын төсөвтэй холбоотойгоор үг хэлэх 13 УИХ-ын гишүүн үлдсэн байна. 

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Бид бүсчилсэн хөгжлийн тухай ярьж, сонгуулиа бүсчилж явуулсан. Ирэх жилийн төсөвт бүсийн хэмжээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бага байна гэж харж байна.Тийм учраас бид цаашдаа бүсээрээ хөгжих юм уу. Яаж явах юм бэ. Энэ жил мах, ноолуурын экспорт ямар байна вэ?

Сангийн яамны ажлын хэсэг:

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал 2024 оны 64 дүгээр тогтоолоор УИХ-аар батлагдсан. Нийт 6 бүсэд 149 томоохон төслийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 2025 онд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ төсөл 2026 онд үргэлжлэн хэрэгжиж, 2027 онд эхнээсээ ашиглалтад орно. Ирэх онд тэргүүн эрэмбийн 6 зам, эрчим хүчний 6 шинэ төсөл, бусад дэд бүтцийн төслийг тусгасан. 

Зарим аймгуудын хувьд улсаас татаас авч байгаа бол зарим нь төвлөрүүлж байгаа. Татаас авч байгаа гэдэг нь төрийн үйлчилгээг үзүүлэх зардал нь олж байгаа орлогодоо хүрэхгүй байгаа учраас зөрүүг нь улсаас татаас байдлаар олгож байна. Төсвийн хуулиараа бид 70/30 буюу ашгийнх нь 70 хувийг аймагтаа үлдээж, асуудлаа шийдэж, хөрөнгө оруулалт хийх боломжийг болгож байгаа. Мөн улсад гурван жил дарааллан орлого төвлөрүүлсэн бол аймгууд бонд гаргах эрх нээгдэж байгаа. Ирэх жилээс Өмнөговь аймаг бонд гаргахаар төлөвлөж байна. Засгийн газар, УИХ-аас орлогын хуваарилалтыг нэг удаа өөрчилж, аймгийн түвшинг цалингийн орлогыг өгдөг байсан бол сумын түвшинд өгсөн гэсэн үг. Харамсалтай нь 330 сумаас 30 гаруй хувь нь орлого нь зарлагаасаа давсан байна. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг аймагт нь үлдээдэг болсон. 

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэг өдрийн зардлыг 4000 улсын төсвөөс 3000, эцэг эхээс 1000 төгрөгийг хариуцаж, хамтын санхүүжилтын тогтолцоог бүрдүүлснээр шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхэд өдөр бүр нэг аяга сүү уух хөтөлбөрийн аудитын дүгнэлт дээр тусад нь бие даасан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн. Бид тооцоо хийж үзэхэд, Үдийн хоолны зардал дээр сүү хэлбэрээрээ тусгаагүй тусдаа хөтөлбөр хэрэгжүүлбэл, бага ангийн 1-5 ангий 342.296 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдэнд 200 мл-ээр сүү өгнө гэж үзвэл 7 хоногт гурван өдрөөр 30 тэрбум төгрөг шинээр шаардлагатай. Дунд анги буюу 6-9 ангид 249.712 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 32.3 тэрбум төгрөг хэрэгтэй. Нийлээд 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно. Анх Дундговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Нийслэлийн төсөв хэлэлцүүлэх үеэрээ 1-6 дугаар ангийн сурагчдад "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна лээ. Дунд ангид орон нутгийн төсвийн санхүүжилтээр "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 80.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Өмнө нь 7 хоногийн таван хоногийн нэг нэг өдрийн эцэг, эх болон аймгаас сүү олгож байсан юм билээ. 

14 : 11
2025-9-19

"2026 оны төсөв дээр эрчим хүчний салбарт анхаарал хандуулаагүй байна"

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-2026 оны улсын төсөв дээр эрчим хүчний салбарт анхаарал хандуулаагүй байна. Яагаад гэхээр эрчим хүчний салбар нь зам тээврийн салбараасаа бага төсөвтэй хэвээрээ. Эрчим хүчний салбарт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв зам тээврийнх нь нэг тэрбумын төсөвтэй. Гэтэл эрчим хүчний салбар улс орны нийгэм эдийн засгийг боомилсон ганц салбар. Хүн болгон үүнийг мэдэрч ярьж байна. Ард түмнийхээ захиасыг тусгаагүй байж, асуулаа гэж шоудах ямар хэрэгтэй юм бэ. Төсөв дээрээ олигтой мөнгө тусгаагүй байж, ирэх онд 3.9 их наяд төгрөгийг зарцуулж, хамаг асуудлыг шийднэ гэж худал мэдээлэл тарааж байна. Тэр мөнгө бол өмнөх онуудад хэрэгжүүлж эхэлсэн бүхий л зээл тусламжийг хамж, хувийн хэвшлийн барьж байгаа 2.5 тэрбумын станцын мөнгийг оруулаад сайхан болгоно гэж хуурч байна. Бид ард түмэндээ үнэнг хэлэх ёстой. Яамнаас нь энэ ажлуудыг хийхгүй бол болохгүй гэхээр Сангийн яам нь зургаахан төслийг баталдаг. Ийм байхад энэ салбар үй түмэн асуудлаа шийдэх юм бэ?
 
Сангийн сайд Б.Жавхлан:
-Манай Б.Чойжилсүрэн сайд асуултыг нь бэлдэж өгсөн юм шиг байна. Бүх сайд дээр төсөв нь хасагдсан. Бид энэ хязгаар дотроо багтаж амьдарна. УИХ-аас төлөвлөгөө гаргаж 24 хувьдаа багтаа гэсэн. Нийт 28 хувь байсныг 24 болгосон. Бүгд л хасагдсан байгаа. 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Манай салбарын хүн учраас бодит байдлыг сайн мэдэж байгаа юм. Шүүмжлэл нь ч ортой. Аргагүй хүндэрсэн нөхцөл байдалд байгаа. Манай эрчим хүчний салбарын хуулийг УИХ-д шинээр бичих ажлын хэсгийн ахлагч хийж байгаа. Байгаа орон зай боломж нь л энэ. 
 
Бид Сангийн яаманд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 104 тэрбум төгрөгний татаас гаргах танилцуулгыг гаргасан. Төсвийн боломж маань бага учраас 81 тэрбум төгрөгт хянасан. Цаад үлдэж байгаа 30 тэрбум төгрөг шийдэлгүй байгаа. Эсвэл тариф нэмэх асуудал бий. Энэ оныг дуустал цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэсэн учраас оны төгсгөлд энэ асуудлыг ярих байх.
 
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Энхбаяр:
-Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд отрын бүс нутаг гэж тусгаарласан газрууд байдаг. Тэнд малын зусланг хязгаарлаж, бэлчээрийг байгалиар нь сэргээн цаг үе хүндэрсэн үед орон нутгийн захиалга дээр мал оторлуулдаг. Нийт даац нь 950 орчим буюу нэг сая малыг отрын бүс нутагт зохион байгуулалттайгаар өвөлжүүлэх боломж байдаг. Тэр хэмжээндээ ашиглана. Нөгөө талаас хилийн бүс нутаг болон тусгай хамгаалалттай газар байдаг. Энэ дээр орон нутгууд захиалгаа өгдөг. Энэ жилийн тухайд баруун аймгууд дээр өвөлжилт хүндрэх эрсдэлтэй бөгөөд бусад аймгууд дээр харьцангуй бага байна. 
 
УИХ-ын гишүүн М.Мандхай: 
-Отор дээр анхаарч байгаа төсөв бол 10-хан сая төгрөг шүү. Нийт хэдэн мал оторлуулах төлөвлөгөө байгаа вэ. Ирэх жилийн мал хорогдлын тоо хэд байхаар тооцоолж байна вэ?
 
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сая улсын төсвийн тодотгод дээр нэмье гэсэн чинь УИХ дээр хасаад хаячихсан. Хөдөө аж ахуйд зориулсан Засгийн газрын нөөц гэж байхгүй. Шаардлага гарвал юунд ч зориулж болно. Болж өгвөл  бүтэн аваад гарчихвал нэмэртэй учраас хамгаалж дэмжиж өгөөрэй. 
 
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Төр буй дор татвар буй гэдэг. Сангийн сайд энэ үгийг маш сайн биелүүлж байна. Татварын орлого 85 хувь, татварын бус орлого 5.4 хувь буюу 1.8 их наяд төгрөг байна. Энэ 1.8 их наяд төгрөгөөс 365 тэрбум нь гадаадын тусламж. 2018 оноос хойш татварын орлого 5.5 дахин, татварын бус орлого 1.1-1.8 их наяд буюу 4.8 хувийн жилийн дундаж өсөлттэй явсан байна. Энэ маань өөрөө инфляцитайгаа харьцуулахад татварын бус орлого буурсан гэсэн үг. Олон улсын жишиг дээр төсвийн орлого дээр татварын эзлэх хувь 80-90 хувьтай байх ёстой. Татварын бус орлого буурахаар уул уурхайн бүтээгдэхүүний мөчлөгийн савлалтад эмзэг болж байна. Үүний том шалтгаан нь төрийн өмчийн компаниудын засаглал үр өгөөжийн асуудал. Төрийн өмчид компаниудын хөрөнгийн өгөөжийг 1.02-1.5 болгон өсгөнө гэжээ. Төр энэ үр ашиггүй өгөөжөөс салах ёстой юм биш үү?
 
 
Үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлаж, 14.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.
 
13 : 08
2025-9-19

Ирээдүйн өв санд 1.2 тэрбум ам.долларыг хуулиараа гадаад байршуулна гэж заасан

Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Үндэсний баялгийн сангийн үзэл санааг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд санаачилж оруулсан. Норвегийн Үндсэн хуулиас жишээ авч байгалийн баялгийн үр өгөөжийг нийтэд үр өгөөжтэй байлгах зорилгоор Үндэсний баялгийн сангийн эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэж хуульчилсан. Норвеги бол бүх асуудлаа шийдсэн улс. Ирээдүйдээ үлдээх зорилготой сангийн хуулийг нь түрүүлээд баталсан учраас  одоо ба ирээдүйн ирэн бүрдээ хүртээмжтэй байхаар Үндсэн хуульд оруулсан. Гэтэл Ирээдүйн өв сан маань өөрөө 1.2 тэрбум ам.долларыг хуулиараа гадаад байршуулна гэж заасан учраас саяны 4 их наяд төгрөг чинь бага хүүтэй байршаад байгааг илүү үр өгөөжтэй болгож, засч залруулах шаардлагатай байна. Ирэх жил 5, 6 их наяд төгрөгт хүргэнэ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд хууль санаачилж ажиллаач ээ. Ингэж байж орон сууцжуулалт, хуримтлалын сан, хөгжлийн сангууд амилна. Манай сангийн менежмент маань илүү үр дүнтэй, ил тод, шударга хамгийн гол нь ард түмэндээ өгөөжтэй байх зарчмыг баримтлах хэрэгтэй. 
 
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Би ийм асуулт тавьсан юм. Өнгөрсөн хоёрдугаар байгуулсан Баялгийн сан, Чингис хаан компани яагаад "Эрдэнэс Монгол" компанийн охин компани болж байгуулсан бэ. Хөрөнгө төвлөрүүлэлтийг энэ компани хийх нь ойлгомжтой. Гэтэл бодлогоо хийж байх толгой компани нь төвлөрүүлэх компанийнхаа доор орчихсон яваад байна. Энэ чинь бодлого, удирдлагын уялдаа холбоо нь зөрж байна уу гэсэн асуулт асууж байна. Энэ сан сайн явж байгаад баяртай байна. Өмнө нь олон сан байгуулсан ч амжилттай явж байгаагүй. Бодлогын удирдлагатай нь тусад нь байлгаж байж ахиц гарах юм биш үү. Үүнийг өөрчлөх боломжтой юу?
 
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Үндэсний баялгийн сангийн зохицуулалт менежмент нь Үндэсний баялгийн сангаар явж байгаа. Ирээдүйн өв сангийн удирдлагыг Монголбанк хэрэгжүүлдэг. Ер нь Норвеги болон олон улсын жишиг хараат бус мэргэжлийн удирдлагаар удирдуулах чиг заалттай. Тийм учраас Үндэсний баялгийн сангийн хуулийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор "Эрдэнэс Монгол" компани өөрөө Үндэсний баялгийн сангийн менежмент нь болж хувирах ёстой. Хөрөнгийн менежментийг нь Монголбанкны бодлогын хүүгээс дээгүүр үр өгөөжтэй байхаар хуульчилсан. Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагууд байна. Тэр чиглэлээр гишүүдтэйгээ хамтран ажиллая. Учир нь гурван сангийн менежмент нь тусдаа уялдаагүй, зохион байгуулалтгүй байна. 
 
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-2026 оны төсвийн орлого тал дээр төвлөрч асуулт асууя. 2026 оны улсын төсөв алдагдалтай орж ирж байгаа. Бидний би болгох орлого зарлагаа гүйцэхгүй, дутаж байгаа мөнгөө төсвийн танилцуулга дээрээ Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр зохицуулна гэсэн. Ирэх оныхоо орлогыг нарийвлан харвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамгийн их жин эзэлж, аж ахуйн нэгжийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар гээд бусад албан татварууд орж байна. Сангийн яамнаас нүүрсний экспортыг нэмж 90 сая тоннд хүргэнэ гэсэн бол дараагаар нь татварт хамрагдах түвшинг нэмж, зах худалдааны төвүүд цахим худалдаа эрхлэгчдийн төлбөрийн баримтыг хялбаршуулж, бүртгэлийг сайжруулах замаар татварын суурийг өргөжүүлнэ гэжээ. Хамрагддаггүй хэдэн аж ахуйн нэгж байдаг юм бэ. Бид яаж орлогоо нэмэх юм бэ. Ирэх онд шатахууны нийлүүлэлт хэвийн байх уу?
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Манай салбарт ажиллаж байсан хүн. Намар болж улирлын шилжилтээр түлшний асуудал гардаг. Зөвхөн наймдугаар сард гэхэд Монгол Улсын шатахууны гол ханган нийлүүлэгч улс болох ОХУ-д 12 нефть боловсруулах үйлдвэр халдлагад өртсөн байна. Тус улсын шатахууны хүчин чадлын 17-20 орчим хувийг байхгүй болгосон гэсэн үг. Мөн энэ хэвээр 4-5 газар ложистикийн төмөр замууд халдлагад өртсөн. Тиймээс ОХУ-д 8, 9 дүгээр сард бүтэн дотооддоо АИ-92 бинзений хязгаарлалтыг хийж, гэрээтэй орнууддаа өгч байна. Гэхдээ бид цаашдаа энэ маягаар явахад тун хүнд болно. Бид сав барихаас өөр аргагүй болно. Өнөөдрийн байдлаар 210 орчим мянган тонн буюу 27 хоногийн шатахууны нөөцөө хадгалж чаддаг. Энэ саваа нэмье гэхээр хувийн хэвшлийнхэн санхүүгийн боломжгүй байдаг. Бид хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж байж ядаж нэг сарын нөөцөө хадгалах савтай болох тухай асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын нөөцөө хадгалахаар тусгасан. Ирэх 2027 онд Алтанширээд баригдаж байгаа үйлдвэр ашиглалтад орохоор төлөвлөсөн. Гэхдээ бид нөөцөө бэлдэхээс өөр аргагүй. ОХУ-аас зах хязгаар нутгууддаа тээврийг нь татаасаар хийдэг байсан бол цуцалсан. Манай хилийн ойролцоо ирэх шатахууны үнэ өсч байна гэсэн үг. Бид АИ-92 бинзенийг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээтэй. Энэ гэрээгээ сунгах ажлыг сунгахаар ажлын хэсэг ОХУ руу явах гэж байна. Цаашдаа АИ-92 шатахууны үнэ өсөх магадлал байна.
 
Манай гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унаж байгаа. Биет хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол дизель түлшний хэрэглээ өснө гэсэн үг. Энэ хэрээр уул уурхайн салбарын шатахууны хэрэглээ өсч бид нөөцийн саваа барихаас өөр гарцгүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны есдүгээр сарын айлчлалын үеэр хийсэн Засгийн газрын хоорондын газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр болон агаарын тээврийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг яаралтай эцэслэхгүй бол ажиллахад хүнд байгааг сая өгсөн. Улсын төсвийн дундуур УИХ-д оруулахаар бэлдэж байна. 
 
Сангийн сайд Б.Жавхлан:
-Бид татварын томоохон шинэчлэлийг бэлдсэн байгаа. 2026-2028 онуудад үе шаттай төсөвт шингээгээд явна. Эцсийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгж дээр очиж байгаа татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн идэвхижлийг дэмжих, татварын суурь баазыг тэлэх юм. Бид хамгийн эхэнд татварын урамшууллыг 2-5 хувь буюу нэг сая төгрөгт хүргэнэ. НӨАТ-ын суурийг нэлээд хөдөлгөнө. Өөрөөр хэлбэл татварт бүртгэгдэхгүй байгаа бүртгэлийг сайжруулна. 
 
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн:
-Улсын хэмжээнд татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо 256 мянга бий. Идэвхтэй үйл ажиллагаатай 172 мянга байна. Иргэний хувьд 2.5 сая бүртгэлтэй, оролцоотой байгаа. Ирэх оны төсвийн хуулийг дагасан НӨАТ-ын хуульд 2 хувийг 5 хувь болгож байгаагаас гадна татвар төлөгч баазыг нэмэхээр ажиллаж байна. Цаашдаа цаасгүй төлбөрийн баримтыг автоматаар бүрдүүлдэг асуудлыг холбогдох байгууллагуудтай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. ТЕГ дээр өөрсдийгөө татвар төлөгчөө таньж мэдэх, зөвлөн туслах байршилд суурилсан баазыг нэмэхээр утасны аппликейшныг хийж, эхний ээлжид бүх байцаагч нар зах худалдааны төвүүд дээр ажиллана. Бүрэн судалгааг хийснээр татвар төлөгчийн и -баримт бүрдэлт олгож байгаа эсэхийг автоматаар бүртгээд явна. Ингэснээр одоогийн и-баримт бүрдүүлэлтийг 94 хувь болгох боломжтой. 
 
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:
-Ирэх долоо хоногоос и-баримтыг автоматаар картаар нь бүртгэдэг болж байгаа. Жишээлбэл, авто зогсоол зогссон 500 төгрөгийн төлбөрийг нийт и-баримт бүртгүүлэгчдийн 50 хувь нь уншуулдаггүй юм билээ. Зарим нь бүдэг хэвлэсэн байдаг. Тэгэхээр иргэд банкны аппликейшн руугаа ороод аль банкны карт ашигласнаа сонгож, автоматаар и-баримтаа бүртгэгдэж, цаас хэмнэнэ. Ирэх долоо хоногт гурван банк ийм системд холбогдож байгаа. Цаашдаа бүх банк хамрагдах болно. 
 
10 : 29
2025-9-19

Нийт 66 гишүүн бүртгэгдэж, ирц 52.4 хувьтай байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
 
-Нийт 66 гишүүн бүртгэгдэж, ирц 52.4 хувьтай байна. УИХ-ын гишүүд асуулт асуухаар нэр өгсөн дарааллын дагуу асуулт асууна. 
 
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-УИХ-ын баталж өгсөн 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөний дагуу гэж өчигдөр ярьж байна лээ. Тэрийг Засгийн газар өргөн барьж, УИХ хэлэлцэж баталсан. Би тэр үед төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгох асуудалд эсрэг байр суурь илэрхийлж, тэмдэглэлд үгээ үлдээж байсан. Яагаад гэхээр албан хаагчдыг цомхотгох аргачлал чинь байхгүй байна. Дахин инженерчлэл чинь яаж уялдах юм бэ баахан квот өгөөд явах юм биш үү гэсэн. Өнөөдөр баахан квот авсан байгууллагууд хаа сайгүй байна. Төсөвт хэмнэлт гарна гэж үзээд ингэж байгаа юм байна. Энийг дагаад 7000 хүн тэтгэвэрт гаргахаар хүсэлтээ өгч, 375 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай. Нэг жилийн хугацаанд олгох боломжгүй учраас хоёр хуваана гэсэн. Үүний аргачлал нь юу вэ. Хүнээ хоёр хуваах юм уу, мөнгөө хуваах юм уу. Хүнийг нь хоёр хуваалаа гэхэд дараа жил нь ажлаа хийж байхдаа цомхотголд орвол яах вэ. Төр ямар баталгаа гаргаж өгөх вэ. Жилд 14 мянган хүн тэтгэвэрт гардаг байсан бол одоо 20 гаруй мянга болж байна. Цаашдаа тэтгэврийн данс чинь дийлэх юм уу. Ажилгүйдлын сан чинь дийлэх юм уу. Төсөв хэмнэх гэсэн биш хэсэг хугацааны дараа дарамт болох юм биш үү. Мөн ядуурлыг бууруулж 22 хувь болгоно гэсэн. Төсөв дээр энэ хувийг бууруулах ямар ажил хийх вэ?
 
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
-Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг УИХ-аас баталсан. Тухайн үед улсын хөгжлийн алсын хараа, дунд хугацааны бодлого дээр суурилж оруулж ирсэн. Жилийн төлөвлөгөөнд есөн хувийн хэмнэлт хийнэ гэдэг зорилт орж ирсэн. Энэ зорилтыг хангуулахад чиг үүргийн шинжилгээ, дахин инженерчлэл хийх ёстой. Сүүлийн 10 жилд төрийн албан хаагчдын тоо 39.3 хувиар өссөн. Төрийн үйлчилгээний захиргааны тусгай дөрвөн төрлийн албан хаагчдыг бүгдийг нь төрийн алба гэж үзэхээр эмнэлэг, сургуулийн тоогоор багш, ажилчдын тоо өсдөг. Ийм байдлаар явж ирсэн учраас энэ тоо өсчээ. Бид чиг үүргийн давхардал арилгах ажлыг хийж, зарим үйлчилгээг цахимд шилжүүлж, нэгтгэхээр 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн. Ингэснээр төр хэмнэлт хийсний үр дүнд эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд тооцох боломж бүрдсэн. Тэгээд бүх түвшинд тэгшитгээд есөн хувийн цомхотгол хийнэ гэсэн үг биш. Салбар дотроо чиг үүргийн давхардлаа арилгаж байна. Ерөнхий сайдын санаачлагаар Засгийн газар Мэдээлэл технологийн виртуал бүсийг байгуулж, компаниа онлайнаар байгуулж, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг амилуулах журмыг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь байсан. Ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914.2 мянган хүн байсан. Эдгээр асуудлыг шийдэхээр хувийн хэвлийг дэмжиж, бизнесийн орчинг сайжруулах хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, Тендерийн хуулийг аравдугаар сард өргөн мэдүүлэх гэж байна. 
 
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Яг дунд шатандаа очихоор арай өөр байдал ажиглагдаж байна. Олон төрийн албан хаагчтай уулзаж байна. Би сая нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн асуудлыг ярилаа. Энэ бол төрд итгэх итгэлийг асар их сулруулж байна. Тэдний эрх зүйн байдал дордож байна. Мөн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн төсөв дээр 400 сая төгрөг тусгаж, нэг ч гэсэн хүний амь насыг аврахад хэрэгтэй юм болов уу. 
 
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Би Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас асуулт асууя. Ахмад настны асуудлаар 2025 оны нэгдүгээр сард чуулган зохион байгуулж, яамныхан олон амлалтыг өгч, өргөө болон сэргээн засах төвүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн. Гэтэл тэтгэврийг 6 хувиар нэмнэ гэснээс өөр юм алга. Мөн ахмад настны нийгмийн оролцоо ажлын байраар хангахад ямар төсөв тусгасан бэ?
 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир :
-Салбарын төсөвт ахмад настнуудад нийт 270.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Нийгмийн халамжийн сангаас 543 мянган ахмад настанд 250.5 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 2065 ахмад настанг хамруулж, 11.7 тэрбум төгрөг, улсын асрамжийн үйлчилгээнд 8.7 тэрбумыг тусгасан. Манай салбарт хувийн хэвшилтэй хамтарсан маш олон сувилал ажиллаж, хувьсах зардлыг нь өгдөг. Ахмадын холбооноос долоон төрлийн шаардлага хүргүүлсэн байна лээ. Таны дурдсан асуудал тэтгэврийн асуудлыг оруулсан байна лээ. Та тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэж мэдээлсэн. Салбар яамнаас улсын төсөв, инфляцийн байдалтай уялдуулан тэтгэврийг 10.3 орчим хувиар нэмэх шаардлагатай гэдэг тооцооллыг гаргаж, Сангийн яамнаас зургаан хувь гэдэг санал гаргасан. Мэдээж хэлэлцүүлгийн явцад орон зай гарвал тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа.
 
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газраас өргөн барьсан шийдвэр дотроос өөр өөрсдийн салбарын бодлогоо салгаад явна гэвэл тэрийгээ эрт хэлээрэй. Засгийн газар төсвөө өргөн барьчихсан шүү. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-19 174.94.62.24

НҮҮРСНИЙ ГЭРЭЭГЭЭ ЯААРАЛТАЙ ЯРЬИАРАЙ ИЛ ТОД БОЛГООРОЙ!!!

Avatar

Нэргүй 2025-09-19 59.153.112.172

АНн-ЫН БҮЛЭГ УЛС ТӨР ХИЙХ ШАЛТГААНАА ЗӨВ ОЛ. ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА БУС ЗӨВХӨН ЗАРЛАН ДУУДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН БАЙСАН. ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ХАМГААЛАХ БАМБАЙ ОГТ БИШ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.177.96

АН-ын алхам тутмыг АНУ зааварчилж хэлж өгдөг тул АН-д өөрийн толгой байхгүй.

Avatar

Иргэн 2025-09-19 202.126.89.83

УИХ-ын төсвийг яаггаад танаж хасдаггүй юм бээ? Доонуураа төрийн байгууллагууд бүгд зардлаа тануулж, дөнгөн данган цалингийн сантайгаа үлдсэн байхад.. УИХ д ийм дабль стандарт байж болох юм уу? УИХ-н гишүүн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол шалгаж болно ш дээ. УИХ хулгайчдын оромж уу?

Avatar

Иргэн 2025-09-19 202.126.89.83

Заа худлаа улстөр хийж поопрохоо л больчих. Нэг л их хрд түмэндээ хайртай хүмүүс.Бүх салбарыг дампууруулж, төмвийн мөнгийг ёроолгүй болтол нь хэрэгтэй хэрэггүй юманд цацчихаад.. Ьа нарын явуулж байгаа бодлого, гаргасан шийдвэр чинь л энэ ш дээ.ккк. Оюук, Амар 2 өөрсдөө буруутай! Мега төсөл гэж хоосон мөрөөдөлд мөнгө цаццсан. УИХ өөрийнхөө төсвийг тана! Тамгын газрын орон тоо хэд болсон бээ? Яагаад УИХТГ-ын ажилтнууд ТҮ-гээс 3-4 дахин их цалин авах ёстой юм? Төгрөгийн ханш яагаад унав УИХ, МБ?

Avatar

Нэргүй 2025-09-19 27.123.212.86

Хууль зөрчсөн бол хаана ч байсан, хэн ч байсан хууль хэрэгжүүлэх шаардлагыг үг дуугүй, өгдөг байх хэрэгтэй. Хөгжлийн бодлогоо томоор хараад улсын эдийн засагт нэн чухал шаардлагатайгаар нь эрэмбэлж байгаад төсвийн асуудлаа яримаар юм.

Avatar

Нэргүй 2025-09-19 103.57.95.84

АН хэмээгчдийн улс төр бишүү. Ганбаатар прокурорын мэдэгдлийг хүлээж аваагүй болохоор яах юм. Ирж авахыг хүсэхэд аваагүй гэсэн. Гэр рүү нь очиход бас болоогүй. Ингээд ажил дээр нь очихоос өөр яахав

Avatar

Зочин 2025-09-19 66.181.186.163

Дархан халдашгүй эрхийг авч хаях хэрэгтэй, гэмт хэрэг хийгээд шалгуулахгүй суухад ашиглахад зориулагдсан эд үү

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.182.139

хүүк монголын хаан болохоор улайрч байх шив. хүүк төрийн эргэлт хийх гээд байна уу. монголчууд болгоомжтой анхааралтай байхгүй бол арай дэндэж байна шүү. хүүк монголын хаан болохгүй л юм бол еөкөөс буугаад шууд шоронд морилох нь тодорхой юм. яагаад гэвэл муужруулдаг түлш, нефтийн үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой тэрбум мод гээд хүүкийн нэрийн төслүүдэд маш их хулгай байна гэж нийгэм жиг жуг хийгээд удаж байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.41.13

УИХ-ын бүрэн эрх гэдэг юмаа цуцал! гэмт хэрэгтэн нь тодорхой байхад шалгахгүй яахын Ганбаатар шоронд байх л этгээд1!!

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.180.62

Монгол шиг жижигхээн улсад парламент бараг л хэрэггүй. Парламентад дэг жаяг тэриөөр бусад улсдаа л хэрэгтэй байх. Улсын тэн хагас нь ядуу амьдралтай, тэгээд цалингүй шахуу ажил хийнэ, авч байгаа цалингаасаа 126 хулгайч болон түүний үр хүүхдүүдийг тудтал нь тэжээнэ. Нөгөөдүүл нь ядаж ханаж цадахгүй

Avatar

** 2025-09-19 202.9.47.9

Өмхий, сөнө!

Avatar

Зочиншт 2025-09-19 202.55.188.45

зЗарлага нь орлогоосоо давсан блгүй дээ. засаачээ..мэдээлэлийн сайтын редактор энэ тэр гэж ажлаа хийдгүймуу

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ТЭМҮҮЖИН МАШ ҮНЭНИЙГ ХЭЛЛЭЭ 2025-09-19 103.229.121.64

ТЭМҮҮЖИН ӨНӨӨДӨР МАШ ЧУХАЛ МЭДЭГДЭЛ ӨГЛӨӨ.МАНАЙХААС НҮҮРС АВДАГ ХЯТАДЫН 5 КОМПАНИЙ ҮНЭЭР ТАНАЙ НҮҮРСИЙГ АВЪЯ ГЭЖ ХЯТАДЫН ТАЛ МАНАЙД САНАЛ ТАВЬСАН ЮМ БАЙНА. ТЭГЖ ОЙЛГООД УИХ ШИЙДВЭР ГАРГАСАН. ГЭТЭЛ ОДОО ЗАРИМ ХҮМҮҮС ТОМ ХУЛГАЙ БОЛЛОО ГЭЭД БАЙХ ЮМ. ХЭРЭВ ЭНЭ ГЭРЭЭГ ХУЛГАЙ ГЭВЭЛ ОДОО МАНАЙХ ХЯТАДЫН 5 КОМПАНИД МӨН ХУЛГАЙГААР НҮҮРС ӨГЧ БАЙГАА БОЛЖ ТААРНА. МАН НАМ ДОТОРХ ЗОДООНОО БИТГИЙ УИХ РУУ ОРУУЛЖ ИРЭЭД БАЙ ГЭЖ ХЭЛНЭ Л ЭЭ.ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮД Ч БИШ ИРГЭД Ч ИНГЭЖ ОЙЛГООД НЭГ ИХ ЮМ ЯРИХГҮ БАЙГАА ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.160.101

Орлого нь зарлагаас давахаар яагаад харамсалтай байдаг билээ???

Avatar

Нэргүй 2025-09-19 124.158.106.84

Бор Тээгийн хулгайч Амарбаясгалан төрөөс зайлах ёстой.

Avatar

Ганаа 2025-09-19 202.126.90.116

ИРЭЭДҮЙН ӨВ САНД ОРСОН ХӨРӨНГИЙГ ХЭН ГАДААДАД БАЙРШУУЛНА ГЭЖ ХУУЛЬ ГАРГАСАН ЮМ БЭ НЭР НЬ ХЭРЭГТЭЫ БАЙНАА

Avatar

zochin 2025-09-19 202.70.41.2

tulsun mungu ni haachsiin. tusuv yamar hamaatai yum be

Avatar

Нэргүй 2025-09-19 122.201.23.84

Оронд нь хүнбүү ав.Энэ бол хэмнэлт.

Avatar

Нэргүй 2025-09-19 188.162.254.14

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

иргэн 2025-09-19 192.82.66.11

126 гишүүнтэй тал нь байхгүй болохоор хэрэг алга хуучинаар 76 байсан нь дээр юм.

Avatar

。BBC 2025-09-19 66.181.182.181

нийгмийн даатгалд төлсөн мөнгөө буцааж авч байна төсөв ямар хамаа байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж